| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0075/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2020-03-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0075/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогч Х.М,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох 203900...............дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 9-6 тоотод өөрийн гэртээ иргэн Х.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний толгойд шилээр цохиж, зүүн гарын сарвуунд сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны шөнө согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-6 тоотод өөрийн гэртээ иргэн Х.Мтай маргалдаж түүний толгойг шилээр цохиж, зүүн гарын сарвуунд сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Х.Мы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим С.Б ахын гэрээр орсон.
С.Б ах гэртээ байсан. Мөн Ванчинхүү ах байсан. Бас нэг танихгүй ах байсан. Нэрийг нь санахгүй байна. Намайг очиход тэд нар архи уугаад сууж байсан. Бид нар 2 шил архи хувааж уусан. Ванчинхүү ах яваад өгсөн. Би тэгээд унтаад өгсөн. Намайг С.Б ах шөнө унтаж байхад сэрээсэн. Намайг сэрэхэд С.Б ах ганцаараа байсан. Нөгөө нэг танихгүй залуу яваад өгсөн байсан. С.Б ах надад уурласан. Би яагаад С.Б ах уурласан гэдгийг мэдэхгүй байна. С.Б ширээн дээр байсан барианы шил аваад миний толгойн дагз хэсэгт цохисон, шил хагарсан. Миний толгой хагарсан цус гарсан. Би тэгэхээр нь та одоо яагаад байгаа юм гээд гэрийн баруун орон дээр нь С.Б ахыг хэвтүүлсэн чинь босож ирээд орны хажууд байсан сэрээ аваад миний зүүн гарны царвууны ар хэсэгт сэрээ зоогоод татсан. Миний гарын ар хэсэг зүсэгдэж цус гарсан. Бас миний уруул хэсэгт цохисон. Тэгээд С.Б ах намайг аргадаад би цусаа угаасан. Тэгээд бид хоёр унтаад өгсөн. С.Б ах миний гар утсыг өгөхгүй байсан. С.Б ах намайг цагдаад дуудлага өгчих байх гээд миний утсыг өгөхгүй байсан байх. Би шөнө С.Б ахын гэрээс гараад явахад миний араас гүйж гарч ирээд намайг татаж гэртээ оруулсан. Би тэгээд хэрүүл хийгээд яахав гээд С.Б ахын гэрт амарсан. С.Б ах бол шөнө намайг дарамтлаад байсан. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө босоод гар утсаа авах гэсэн чинь С.Б ах миний гар утсыг өгөхгүй байсан. Би С.Б ахын гар утсаар өөрийнхөө гар утас руу залгахад миний гар утас С.Б ахын орны гудсан доор дуугарч байсан. Тэгээд С.Б ах миний гар утсыг өгсөн. Би тэгээд эгчийндээ очсон. Дараа нь Далай гэх ахынд очсон. Далай ахын гэрт байхад Ванчинхүү ах орж ирсэн. Тэгээд Ванчинхүү ах цагдаад дуудлага өгсөн. ... Зүүн гарын царвууны ар хэсэгт зүсэгдсэн, толгойн ар хэсэг дагз зүүн талдаа хуйх зүсэгдэж ярагдсан, доод уруул язарч сэтэрсэн нуруу хөхөрсөн. ... Эмчилгээний мөнгө төгрөг зардал гарвал нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
2. Гэрч Р.Ванчинхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өөрийн эгч Р.Ганчимэгийн хүү болох Г.Сосорбарамынд байдаг юм. 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчим өөрийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-6 тоотод байдаг хашаа байшингаа эргэнгээ хашаандаа буулгасан С.Б гэх залуугийн гэрээр ороход С.Б хоёр залуутай архи уугаад сууж байсан. Нэг залуу нь хэдэн жилийн өмнө 5 дугаар багийн төвд ажилладаг байсан М гэх залуу байсан. Харин нөгөө залуу нь миний танихгүй хүн байсан. Би хэн юм гэж С.Боос асуухад надтай шоронд цуг байсан юм. Батноров сумын залуу гэж хэлсэн. Жижигхэн бор залуу байсан. Би тэнд байж байгаад өгсөн архинаас нь гурван удаа уугаад гарсан. Гэртээ харих замдаа би цагдаагийн 7056102 дугаарт манай гэр болох Саригийн 9-6 тоотод хүмүүс архи уугаад байна. Манай хашааг эргээрээ гэж дуудлага өгсөн. Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн орчим манай гэрээс хойшоо байдаг Цагаандалай гэх айлынд очиход 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой С.Бынд архи уугаад байж байсан М гэх залуу цустай цамцаа барьчихсан зодуулсан байдалтай сууж байсан. Чи яасан бэ гэж асуухад таныг явсаны дараа цагдаа ирээд явсан чинь чи цагдаа дууддаг хэн бэ гээд намайг С.Б зодсон. Би цагдаа дуудах гэсэн чинь миний утсыг авчихаад өгөхгүй байсан. Миний хувцасыг тайлж унтуулаад өглөө миний цусыг угаагаад утсыг маань өгөөд явуулсан гэж хэлсэн. Би утас нэгжгүй байсан болохоор дүү Сосорбарамыг гэрээс нь дуудсан. Сосорбарам ирээд Мы аавд нь хүү чинь зодуулсан байна гэж утсаар хэлсэн. Мөн цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би М, Сосорбарам нарын хамт С.Бынд ирээд байж байтал цагдаа нар ирсэн. ... Миний таньдаг Баянхутаг сумын Буурчаа гэх эмэгтэй байдаг юм. Тэр хүн чи С.Б гэдэг залууг хашаандаа буулгачих. Тохитой, ганц бие залуу байдаг юм гэж хэлсэн. Тэгээд би хашаандаа манай хашаа байшинг харж байгаарай гэж буулгасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
3. Шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гудамжинд нэг залуутай тааралдаж архи уусан. Би тэгээд тэр залуугийн хамт гэртээ ирсэн. Би тэр залуугийн нэрийг мэдэхгүй байна. Уг нь надад нэрээ хэлж байсан. Би нэрийг нь мартчихаад байна. Манайд оройхон М манай гэрт ганцаараа ирсэн. Дараа нь Ванчинхүү ганцаараа ирсэн. Би нэг шил архи худалдаж авч уусан санагдаж байна. М хэсэг зуур унтаж байсан. Тэгээд би согтсон байсан. Хоол хийж идэж байснаа санаж байна. Ванчинхүүг чи явж амар гэж хэлсэн. Ванчинхүү за гээд гараад явсан. Ванчинхүү яваад удаагүй байхад 2 цагдаа орж ирсэн. Цагдаа дуудлагаар явж байна гэсэн. Бид нар дуудлага өгөөгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр хоёр цагдаа яваад өгсөн. Бид тэгээд Ванчинхүүг дуудлага өгсөн байна гэж ярилцсан. Тэгээд нэг мэдэхэд М бид хоёр хэрэлдэж байснаа санаж байна. Нөгөө танихгүй залуу гараад явчихсан байсан. Би сахар хийсэн шилийг аваад Мы толгой руу шидсэн тэгээд бид хоёр зууралдаад гэрийн дотор баруун хойд талд унаж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд цус тогтохгүй байна гээд би саван дотор ус хийгээд М гараа угааж байсныг санаж байна. М гаднаас орж ирснийг санаж байна. Би гэхдээ Мыг гарч явсныг санахгүй байна. М орж ирээд танай зүүн талын айлын нохой дайрч байна. Виза картаа хаячихлаа. Та надтай гарч хайгаач гэж хэлсэн. Би тэгээд зүүн айлынхаа хашааны урд талаар Мы виза картыг хайсан. Тэгээд буцаж гэртээ орж ирээд виза картыг хайлаа байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд М бид хоёр унтаж амарсан. М манай гэрийн хаалгыг дотор талаас нь түгжиж байсан. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өглөө дуу чимээ гарахад сэрсэн. М босоод ус ууж байсан. Миний гар утсыг аваад М өөрийнхөө гар утас руу залгасан. Мы гар утас миний дэрэн доор дуугарсан. Тэгээд М гар утсаа аваад цэнэглэсэн. Тэгээд бид хоёр буцаж хэсэг унтаж байгаад сэрсэн. М ганц шил архи авч ууж шараа тайлмаар байна би гарчихаад ирье гээд явсан. Тэгээд намайг гэртээ байхад Ванчинхүү, М нар буцаж ирсэн. Дараа нь цагдаа ирсэн. ... Мэдэхгүй байна. Уг нь бид хоёрт маргалдах шалтгаан байхгүй. ... Миний уруул бага зэрэг хавдсан байна. Нуруу бага зэрэг өвдөж байна. Зүүн гарын царвуу бага зэрэг хөндүүр байна. ... Би одоо сэрээгээр хатгаагүй байх гэж бодож байна. Би уг нь хутга, шөвөг, сэрээ бариж байсан удаа байхгүй. ... Би Ванчинхүүгийн хашаанд байдаг юм. Ванчинхүү согтуу 2020 оны 02 дугаар сарын 12-ны орой шорон яриад. Надад шоронгийн хуягууд байна. Надад танидаг цагдаа байна гээд байсан. М та хоёр сайн ах дүү хоёр болжээ гэсэн. 2020 оны 03 дугаар сараас би хашаандаа өөр айл буулгах гэж байгаа гэх утгатай юм яриад байсан. Би тэгээд Ванчинхүүтэй яриа нийлэхгүй байхаар нь явж амар гэж хэлсэн. Ванчинхүү тэгээд гэрээс гараад цагдаад дуудлага өгсөн байх гэж бодож байна. Цагдааг ирэхэд манай гэрт ямар нэг хэрүүл маргаан болоогүй байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/
4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №94 дугаартай:
“... 1. Х.Мы биед зүүн гарын 2, 3 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, дагз, доод уруулын дотор салст, зүүн гарт язарсан шарх, зүүн дал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх зүүн гарын сарвуунд язарсан шарх, 2, 3 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл нь ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Мы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч С.Боос эмчилгээний зардалд 800.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр тохиролцож нотариатаар баталгаажуулсан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин шүүгдэгч нь уг хохирлоос 300.000 төгрөгийг барагдуулсан тул үлдэх 500.000 төгрөгийг шүүгдэгч С.Боос гаргуулж хохирогч Х.Мд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгаа бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин, хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хагархай шил, 3 ширхэг сэрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Мд олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ