| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0102/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0102/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У-д холбогдох 203900..........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, О.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.У нь иргэн Д.О-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хийсэн төлбөр тооцооны алдуурсан бэлэн бус гүйлгээ болох 1.700.000 төгрөгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.У нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.О-ийн алдаатай хийсэн бэлэн бус гүйлгээ болох 1.700.000 төгрөгийг мэдсээр байж завшсан болох нь:
1. Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би О.У гэх хүний 5006577893 дугаартай хаан банкны дансанд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 13 минутад 1.700.000 төгрөг андуурч шилжүүлсэн. О.У гэх хүнд 1.700.000 өгөх ёстой байсан. Энэ мөнгийг манай нөхөр Зоригтбаатар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 31 минутад шилжүүлсэн байсан. Би харин нөхөр Зоригтбаатарыг мөнгө шилжүүлсэн гэдгийг мэдэлгүй дахин нэмж мөнгө шилжүүлсэн байсан. Энэ талаар О.У гэх хүнд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 88528722 дугаартай гар утас руу залгаж хэлэхэд О.У нь миний дансанд мөнгө ороогүй шалгадаг хүнээр нь шалгуул гэж хэлээд алга болсон. ... О.У над руу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрөө залгаад намайг дансаа өгчих эхлээд 1.200.000 төгрөг шилжүүлье үлдсэн мөнгийг удаахгүй өгнө гэж хэлсэн. ... Би өөрийн андуурч хийсэн 1.700.000 төгрөгөө О.Уаас нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/
Хохирогч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би хувиараа мал мах авдаг юм. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр О.У гэх хүн хүргэн Дамдинсүрэнгийн хамт ирж надад 3 адууны мах зарсан. 3 адууны мах 1774000 төгрөг болсон. Манай нөхөр 74000 төгрөгийг бэлнээр О.Ут өгсөн. Үлдсэн мөнгийг дансаар шилжүүлнэ гээд О.Уын хаан банкны дансыг авч үлдсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 13 минутад өөрийн 5935203901 дугаартай хаан банкны данснаас О.Уын данс руу махны мөнгө 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Би тэгээд орой тооцоогүй хийсэн чинь мөнгө дутаад байсан. Тэгээд нөхөр Зоригтбаатараас асуухад адууны махны мөнгийг О.Ут би Түшигийн данснаас шилжүүлсэн гэж хэлсэн. Би тэгээд гүйлгээг нь харахад Түшигийн хаан банкны 5018137076 данснаас О.Уын 5006577893 тооот данс руу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 31 минутад гүйлгээний утга Зоригоо гэж бичиж 1.700.000 шилжүүлсэн байсан. Би үүнийг нь мэдэлгүй дахин дараа нь О.Уын дээрх данс руу мөн 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Би тэгээд О.Уын хамт ирсэн Дамдинсүрэнгийн гар утас руу залгахад О.У надтай хамт байхгүй байна гээд надад О.Уын 88528722 гэсэн дугаар өгсөн. О.Уыг согтуу явж байгаа гэхээр би залгаагүй. 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр О.Утай утсаар ярихад миний дансанд 1 удаа 1.700.000 төгрөг орсон гээд байгаа. Хаана байгаа талаар нь асуухад Улаанбаатар хотод байна гээд байгаа юм. Та нар хэлдэг газар хэлж шалгуул надад нэг удаа 1.700.000 төгрөг орсон гээд байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
2. Гэрч Б.Баттүшигийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг Улаанбаатар хотод гэртээ байхад Хэнтий аймгаас хамтарч ажилладаг ах Зоригтбаатар утсаар яриад хүнээс мах авсан бэлэн мөнгө байхгүй байна 1.700.000 төгрөг шилжүүлээч би дансны дугаарыг нь явуулна гэсэн. Удалгүй надад мессежээр Хаан банкны дансны дугаар ирсэн. Би өөрийн 5018137076 дугаартай данснаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 31 минутад гүйлгээний утга дээр нь зоригоо гэж бичээд О.У гэх хүний 5006577893 дугаартай данс руу 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Данс руу нь мөнгө шилжүүлэхэд данс эзэмшигчийн овог нэр гарч байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
3. Шүүгдэгч О.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 тооны адууны махыг ченж О гэх хүнд зарсан 1775.000 төгрөг болсон. 75.500 төгрөгийг би бэлнээр авсан. Үлдсэн 1.700.000 төгрөгийг өөрийнхөө 5006577893 дугааартай дансанд хийлгэж авсан. Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн төвд хоёр хүнтэй архи уусан. Миний автомашины мотор эвдэрсэн байсан тул би Улаанбаатар хот явж мотор авчирахаар тэр өдрөө явсан. Улаанбаатар хотод очоод найз нартайгаа архи уусан. Би надад илүү мөнгө шилжсэн гэдгийг мэдээгүй. Намайг Улаанбаатар хотод байхад О илүү мөнгө шилжүүлсэн байна гэж гар утсаар хэлж байсан. Би 3 хоног архи уусан. Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирсэн. Би Хэнтий аймагт ирээд өөрийнхөө дансны хуулгыг хараад надад илүү мөнгө шилжиж орсныг мэдсэн. Миний дансанд 730.000 төгрөг үлдсэн байсан. Би мөнгөнөөс өөрөө хэрэглэсэн байсан. ... Миний гар утсанд миний дансны мэдээлэл ирдэг. Миний гар утасны цэнэг дуусаад гар утас унтарчихсан байсан. Тэгээд ирсэн захидлыг уншиж чадаагүй. ... Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүргэн Дамдингийн хаан банкны данснаас Оийн хаан банкны дансанд 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч О.Уын бусдын төлбөр тооцооны алдаатай хийсэн бэлэн бус гүйлгээ болох 1.700.000 төгрөгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.От 1.700.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 38 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралдаанд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэхэд: “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч О.Уыг хохирогч Д.От төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Уыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орсон бэлэн мөнгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ