| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0109/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Нарантуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0109/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г. Отгонзаяа,
Улсын яллагч М.Нарантуяа,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох 2039... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Д нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-68-02 тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ч.Э руу шаазан аяга шидэж толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-68-02 тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ч.Э руу шаазан аяга шидэж толгойн тус газар нь оносны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ч.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөр Ц.Д-тай танилцаад гэрлэлтээ батлуулаагүй 21 жил хамтран амьдарч байна. Би Ц.Дтай гэр бүл болохдоо 2 хүүхэдтэй ирсэн. Тэгээд бид хамтран амьдрах хугацаанд Энхзул Наранбаяр гэх хүүхдүүд гарсан... 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Ц.Д 09 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирээд өөрийн ээж болох Б.Цэгмэдийн гэрт очиж шөл хийж өгнө гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд би том хүү Э.Анхбаярын бие муу Улаанбаатар хотод байгаа учир биеийг нь асуух гэсэн боловч миний утас нэгжгүй байсан болохоор нөхөр Ц.Д-гийн утсыг авч ярья гэж бодоод хадам ээж Цэгмэдийн гэрт 15 цагийн үед очиход манай нөхөр Ц.Д нь согтуу унтаж байхаар нь би гар утсыг нь аваад гэртээ ирээд хүү Анхбаяртай ярьж биеийг нь асуугаад тэгээд хоол цайгаа хийгээд хүү Наранбаяр, охин Энхзул нартай цугтаа байж байхад гаднаас нөхөр Ц.Д- нь орж ирээд намайг утсаар ярьлаа гэж уурласан. Тэгээд би нөхөр Ц.Д тай хэрэлдсэн чинь намайг удам судраараа гуйлгачин юмнууд, сайн сайхан явахыг чинь харна гэж доромжилсон, тэгээд хоол идэж байсан шаазан аягаар миний толгойн зүүн чамархай хэсэгт чулуудсан тэгээд миний толгойноос цус гарсан. Тэгээд Ц.Д-г гэрээс гараад явахаар нь би цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай нөхөр Ц.Д нь олон жил архи ууж байгаа ажилдаа гарах өдрөө эрүүл байдаг бусад үед нь байнга архи дарсыг хэтрүүлж хэрэглэдэг юм. Манай нөхөр Ц.Д-гийн шидсэн гэх аяга тухайн үед хагарчихсан учир би хогонд хаясан юм. Дараа нь манай байрны нийтийн хогийг хот тохижуулахын машин ирээд ачаад явсан болохоор тэр аяга байхгүй байгаа. Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх 3-7 тал/
Насанд хүрээгүй гэрч Э.Энхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өпөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-68-02 тоотод өглөө гэртээ ээж Ч.Э, дүү Наранбаяр бид нар байж байхад манай хойд аав Ц.Д өглөө 09 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирээд ирээд хувцсаа солиод эмээд хоол цайг нь хийж өгнө гээд гараад явсан. Тэгээд ээж анх Анхбаяртай утсаар ярьж биеийг нь асууна гээд өдөр гарсан. Тэгээд ээж Ч.Э төд удалгүй эргээд гэртээ ирэхдээ аавын гар утсыг аваад ирээд гэртээ утсаар ярьж байгаад ээж хоол цайгаа хийе гээд хоол цайгаа хийж байхад аав гаднаас халамцуу орж ирсэн. Тэгээд ээж аавд хоол хийж өгөөд байж байтал хоорондоо маргалдсан, миний ойлгож байгаагаар мөнгөнөөс болж маргалдаж байсан тэгээд аав хоол идэж байсан шаазан аягаар ээжийн толгой руу шидээд ээжийн толгойноос цус гарсан. Тэгээд аав гэрээс гараад явсан. Манай ээж Ч.Э цагдаад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8-11 тал/,
Гэрч П.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Болд-Эрдэнэ бид хоёр 15 цаг өнгөрч байхад Ц.Д ахын гэрт Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-68-02 тоотод байж байхад Ц.Д ах гаднаас согтуу орж ирээд Ч.Э- эгч тэр хоёр хоорондоо мөнгөнөөс болж хэрэлдээд байхаар нь манай нөхөр бид хоёр гэрээс нь гараад гэртээ харьсан. Тэгээд 2 хоногийн дараа Ч.Э эгчтэй уулзахад Ч.Э эгч “Ц.Д ах чинь агсан тавиад толгой шаазан аягаар хагалсан. Тэгээд би цагдаа дуудаад өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Гэрч А.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Ариунцэцэг бид хоёр үдийн үед буюу 15 цаг өнгөрч байхад Ц.Д- ахын гэрт Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-68-02 тоотод байж байхад Ц.Д ах гаднаас согтуу орж ирээд хоолоо идэж байгаад Ч.Э эгч, Ц.Д ах хоёр мөнгөнөөс болж хэрэлдээд байхаар нь манай эхнэр бид хоёр гэрээс нь гараад гэртээ харьсан. Тэгээд 2 хоногийн дараа Ч.Э эгчтэй уулзахад “Ц.Д ах чинь агсан тавиад толгой шаазан аягаар хагалсан. Тэгээд би цагдаа дуудаад өгсөн” гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №128 дугаартай шинжээчийн: “... Ч.Э-гийн биед зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,
Ц.Д-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...эхнэр Ч.Э-гийн биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зүйл хийхгүй, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно
Иймд шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Э нь “Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 3-7, 57 тал/ гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч Ц.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг гаргажээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000, 200.000, 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА