Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0090/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                          Д.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Г.Мөнхболд

Шүүгдэгч                                                          П.Ж нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ж холбогдох 2039000......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч П.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг  Хэнтий аймгийн нэгдсэн  эмнэлэгийн дэргэдэх зам  дээр иргэн С.Л хувийн таарамжгүй харьцааны улмаас маргадлаж түүнийг гараараа  цохиж  баруун нүдний  дээд зовхинд  язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Л  өгсөн:... Би 2020 оны 01 дүгээр сарын 19-нд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд байрлах Насан туршийн боловсролын төвинй хичээлийн 3 өрөө байрны засварын ажил аваад засвараа хийгээд дуусаж байтал найз Ж орой 17 цагийн үед ганцаараа нилээн халамцуухан орж ирсэн. Хоёулаа уулзсангүй удлаа гарч ганц хоёр шил архи ууя гэхээр нь найз нь маргааш ажил хүлээлгэж өгнө уухгүй гэсэн чинь хоёулаа гаръя Өндөрхаан хороолол ороод ирье гэхээр нь таксидаад Өндөрхаан хороолол ороод машиныхаа түлхүүрийг авах гэж очсон айл нь эзэнгүй байхаар нь буцаж такситай манай ажил руу явж байх замдаа арын суудал дээр миний баруун гар талд сууж явсан Ж миний баруун нүд рүү гараараа цохьсон тэгээд эмнэлэгийн хойд талын замаар явж байх үед архи уусангүй новширлоо гээд байсан...Ж надаар гал тогооны  тавилга хийлгэе гээд надад 450.000 төгрөг  өгсөн байсан юм. Тэгээд үүнээс үйлдэлтэй намайг  цохьсон  би тавилгыг нь хийж өгч амжаагүй шалтгаан  нь тухайн үед барилгын ажилтай байсан болохоор  хийж амжаагүй. Ж би өөрөө тавилга авсан мөнгөө авна гэсэн  тэгэхээр нь би мөнгө орж  ирэхээр нь өгнө гэж  хэлсэн тэрнээс  болж  муудсан...Надад Ж эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн. Би өөр ямар нэгэн  эмчилгээний  болон  бусад зардал  нэхэмжлэхгүй.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Ж сайн дураар эвлэрсэн. Би шүүх  хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/

Гэрч Н.Энхжаргалын өгсөн...Манай нөхрийн найз С.Л 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр  надтай уулзсан. Миний нүд рүү хүн  цохиод, нүд маань болохгүй байна, би  заслын ажил  хийж байгаа юм, чи надад засал хийж өгөөч  хүлээлгэж өгөх цаг  нь болчихоод байна, чи нэг  туслаач гээд гуйгаад  байхаар нь би за гээд хоёр  өдөр замаск, эмульс хоёр  хийж  өгсөн. Надад С.Л 200.000 төгрөг өгсөн. Анх С.Л уулзахад  баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/

Гэрч А.Түвшинтөрийн өгсөн:....Манай найз  С.Л 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж гэдэг хүнд  нүүрэндээ  цохиулсан гээд 2020 оны 01 дүгээр сарын  20-ны өдөр уулзсан. Тэгэхэд  баруун  нүд нь  хөхөрч хавдсан байсан.  Тэгээд надад  би барилгын  заслын  ажил хийж байгаа юм. Би одоо хийж  чадахгүй боллоо, чи  хийгээд өг  гэсэн. Ингээд би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн  хуучин байранд засал  чимэглэлийн ажлыг нь хийж өгсөн. С.Л надад 250.000  төгрөг өгсөн нь үнэн. Би хаана яаж байгаад зодуулсан гэж асуугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр  сарын 22-ны өдрийн 64 дугаартай дүгнэлт

  1. С.Л биед баруун нүдний дээд зовхинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн нэг болон түүнээс дээш  удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..гэх дүгнэлт / хх-ийн 20 хуу /

П.Ж яллагдагчаар өгсөн:...Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний  өдөр найз Өсөхбаярын хамт  Хэнтий аймгийн  Хэрлэн сумын  3 дугаар баг, Шинэ Өндөрхаан  хороололд хоёулаа 0.5 литрийн  Соёрхол  архи уусан. Ингээд  би гэрээс нь ганцаараа гарсан. Тэгээд найз Л руу утсаар  яриад  сонин юу байна хаана байна гэсэн чинь найз нь Хэрлэн сумын 4 дүгээр багт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн  төвийн  хуучин байранд заслын ажил хийж байна гэхээр  нь би  хүрээд очъё  гээд  хаягийг  нь заалгасан болохоор С.Л дээр очсон. Тэгээд С.Л уулзаад хоёулаа ойрд уулзсангүй, нэг хоёр шил архи ууя гэсэн чинь С.Л найз нь  ажил ихтэй  байгаа архи уухгүй гэсэн. Тэгэхээр нь чи  намайг айлд хүргэж  өг гээд  С.Л  дагуулаад  бид хоёр тэндээс нь гарч, Мэргэжил сургалт  үйлдвэрлэлийн төвийн хойноос  такси бариад Шинэ Өндөрхаан хороолол руу  Өсөхбаярынд очихоор явсан.  Ингээд Өсөхбаярын  байрны гадаа очоод   орцоор нь  орж хаалгыг тогшиход хаалга  тавихгүй болохоор нь  эргэж таксиндаа  суусан.  Ингээд би  С.Лхамыг ажил дээр нь буулгаад  харья  гэж бодоод  такситайгаа  Нэгдсэн  эмнэлэгийн хойд талын зам руу явж байхдаа  би  С.Л 2019 оны  05 дугаар сард гэрийн  тавилга  хийлгэнэ гэж өгсөн 500.000 төгрөгөө  авья гэж хэлсэн чинь одоо мөнгө төгрөг байхгүй, өгч  чадахгүй,  Сүхбаатар аймгийн  Мөнххаан  суманд хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна гэсэн. Тэгээд уурлаад  байхаар нь  миний уур гэнэт хүрээд  би  С.Л  нүүрэн тус газарт  нь гараараа  цохисон. Тэгтэл С.Л таксины  жолоочийг зогсоорой гэж зогсоогоод бид хоёр  машинаас  буусан. Тэгтэл тэр такси  бид хоёрыг  үлдээгээд  хөдлөөд явсан.  Ингээд С.Л  гараараа  нүүрэн тус газарт нь нэг удаа  цохиж, баруун нүдэнд нь гэмтэл учруулсан нь үнэн. Би өөрийн гэм  бурууг хүлээн зөвшөөрч  үйлдсэн хэрэгтээ  гэмшиж байна. Би  С.Л уучлал  гуйж, бид  хоёр  сайн дураараа  эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

П.Ж нь эх, охины хамт амьдардаг болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30 хуу/

П.Ж  иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 31 хуу/

П.Ж нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41-42 хуу/

П.Ж гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 44 хуу/

Хохирогч С.Л гаргасан П.Ж эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн хохирлын талаар маргаан байхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 45 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  П.Ж холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд П.Ж нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний  өдрийн 18 цагийн үед С.Л хамт таксигаар үйлчлүүлж байхдаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  аймгийн Нэгдсэн  эмнэлэгийн дэргэд согтуугаар хохирогч С.Л маргалдаж түүний нүүрэнд  гараараа  нэг удаа цохиж  баруун нүдний  дээд зовхинд  язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч П.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Л, гэрч А.Түвшинтөр, Н.Энхжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч П.Ж нь хохирогч С.Л цохисоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

Аймгийн Прокурорын газраас П.Ж үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 44 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 46 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч П.Ж хүлээн зөвшөөрч /хх-ийн 46, 50 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч П.Ж эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч С.Л нь П.Ж сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 45 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч П.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ