Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 13

 

         Э.Бт холбогдох

                                                                          эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Прокурор: Ө.Мөнхнавч,

Хохирогч: Д.Э,

Шүүгдэгч: Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/178 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Э.Бт холбогдох, эрүүгийн 1719001190073 дугаартай, 1 хавтас, 106 хуудас бүхий хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1983 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, эгч, дүү, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Э-йн  Б /РД:ЕП83090306/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх  2017 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутагт иргэн Д.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас Э.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг аймгийн Прокурорын газарт буцааж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

 

Хохирогч Д.Эгийн энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлд зааснаар тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтаар Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй байна гэж дүгнэж энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй гэж үзэн шүүгдэгч Э.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд: Хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч Д.Э, шүүгдэгч Э.Б нартай хохирогчийн нөхөр гэх Б.Чинзоригт хамт байсан болох нь тогтоогддог ба гэрч Б.Чинзоригт нь мөрдөн байцаалтын шатанд “...Би их согтсон ухаанаа алдсан байсан... Б гэдэг эмэгтэй намайг эхнэрээ цохиж зодсон гэсэн, манай эхнэр Э болохоор Б намайг зодсон гээд байгаа юм...” гэж мэдүүлсэн байдаг ба болсон үйл явдлын талаар хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгөөгүй байдаг. Харин насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд “...тэр хоёр хүн гадаа хэрэлдээд байх шиг байсан... Гаднаас орж ирсэн эгч л тэр ахыг зодоод байсан, тэрнээс тэр ах эгчийг зодож цохиогүй... тэр хоёр хүн гэрийн гадаа хоорондоо хэрэлдээд байгаа чимээ л сонсогдож байсан. Тэр хоёр хүн хоорондоо зодолдож байгаа чимээ сонсогдоогүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Чинзориг ахтай муудалцсан чинь Э эгч өөрөө бид хоёрын дундуур орж ирээд 1-2 удаа цохиулсан... Намайг ийм хэрэгт орууллаа гэж хэлээд сандал авч чулуудсан. Харин сандлаар оноогүй... мөн цагдаа дээр ирчихээд байж байсан чинь ганцхан намайг эрүүлжүүлэхэд хийнэ гээд байсан. Би тэгэхээр нь хамтдаа архи уусан Этай хамт эрүүлжүүлэхэд орно гэж хэлсэн. Тэгсэн Э эгч би яахаараа хамт ордог юм гэхэр нь би Э эгчийг өшиглөчихсөн юм...” гэсэн, мөн шүүхийн шатанд өгсөн: “...Э эгч чи болиоч гэж бид хоёрын дундуур орж 1-2 удаа цохиулсан. Би Э эгчийг гараараа цохьсон... Намайг элдвээр хэлээд байхаар нь би Э эгч рүү сандал аваад чулуудсан... Э эгчийг би цагдаа дээр ирээд 1 удаа өшиглөсөн... Би хөл рүү нь өшиглөсөн, 2 гуяных нь ойролцоо 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгүүд өгсөн байдаг.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд цагдаагийн албан хаагч тухайн гэмт хэргийг таслан зогсоохоор дуудлагаар очиж ажиллах үедээ бичсэн илтгэх хуудсанд шүүгдэгч Э.Бийг ямар үйлдэл хийж байсныг тусгасан байдаг. Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд: “...Б гэрээс гарч ирээд миний нүүрэн тус газар луу өшиглөсөн, хэд хэдэн удаа хаана өшиглөснийг мэдэхгүй байна... чи одоо болноо гээд нөхрийгөө өмөөрөөд дундуур нь орсон чинь архины шилээр миний нуруу, зүүн гар талын ташаа хавьд 2 удаа цохиж авахаар нь цагдаа дуудлаа гээд гар утсаа авсан чинь Чинзоригт гэрээс гараад зугтаасан... Б миний араас гарч ирээд намайг үсдэж авахаар нь чи яаж байгаа юм бэ гэсэн чинь та хоёрыг салгаж байна ш дээ гэсэн... удалгүй цагдаа нар ирсэн чинь Б над руу дайрч элдвээр хэлж доромжилж цагдаа нарын хажууд сандал авч шидсэн. Мөн цагдаа дээр ирчихээд байхад миний 2 гуя руу өшиглөж хөхрүүлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүхийн шатанд өгсөн: “...Тэгээд намайг хаалгаар түлхэж унагаж гаргасан... Б гарч ирээд намайг өшиглөсөн... нүүрэндээ өшиглүүлсэн байсан. нуруу бас өшиглөсөн байсан... Би урдуур нь орсон. Урдуур нь ороход эхний удаа намайг аймар чанга цохисон. Би бүр сөхрөөд суун тусаад унасан... Дахиад намайг цохисон. Нийт 2 удаа архины шилээр цохисон...” гэсэн мэдүүлгүүдийг тогтвортой өгдөг юм.

 

Цагаатгах тогтоолд “...дээр дурдсан цаг хугацаанд ямар үйл явдал болсоныг гүйцэт тогтоолгүй дан ганц хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй ...” гэж үзсэн нь өрөөсгөл бөгөөд тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг насанд хүрээгүй гэрч, мөн дуудлагаар ажилласан цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсаар давхар нотолж байгаа болно. Мөн хохирогч Д.Эгийн тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж авахаас татгалзсан шалтгааныг анхан шатны шүүх хуралдаан дээр асууж тодруулсан ба тухайн өдөр хамт архи уусан гэх Баяртулга нь Д.Э, Э.Б нарыг маргалдаж муудалцахаас өмнө архи уусандаа тасраад унтаад өгсөн гэдгийг хохирогч Д.Э мэдүүлсэн байдаг тул дээрх гэрчийг асууснаар хэрэгт ач холбогдолтой зүйлийг тодруулж чадахгүй юм. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 348 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь Э.Бийн үйлдлийн улмаас учирсан байх боломжтой бөгөөд энэ нь хохирогч Д.Э, Э.Б нарын өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байхад хэргийг Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт хийлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Иймд Э.Бт холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/178 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Э давж залдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бийг худлаа яриад байгаад гомдолтой байна. Намайг Б нь айлын гэрээс түлхэж, унагаж гаргасан мөртлөө өөрөө гэрээс гараад унасан мэтээр анхан шатны шүүх хуралдаан дээр ярьдаг. Эмнэлэг дээр ирж уучлалт гуйсан гэдэг нь худлаа. Намайг эмнэлэгт хэвтэж байхад гэрийнхэн нь ирж, ажил дээр байхад ээж нь ирж намайг дарамталсан. Хүүхдүүдийн хэлснийг үгүйсгэж, өөрөө гэмгүй мэтээр ярьж байгаад нь гомдолтой байна.. Анх би цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө Б намайг зодлоо гэж хэлсэн. Цагдаагийн албан хаагчийн хажууд надруу сандал авч чулуудсан. Б намайг цохисон нь үнэн. Цагдаагийн албан хаагч нарын өмнөөс маш их эсэргүүцэл гаргасан, намайг хэл амаар доромжилж байсан. Надад мэдүүлгээсээ буцсан зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын хэлсэнчлэн хохирогч тогтвортой мэдүүлэг өгдөг, мөн шүүгдэгч болон насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч миний  биед учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт байгаа. Гэхдээ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн газар үзүүлэхдээ нөхөртөө зодуулсан гэдэг. Мөн өдөр яаралтай тусламжийн газарт эмчээр ажиллаж байсан Болдбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэгт Эг үзээд юунаас, яаж гэмтсэн талаар асуухад гэртээ нөхөртөө зодуулсан гэж хэлсэн гэдэг мэдүүлэг зэрэг эдгээр нотлох баримтуудаар хохирогчийн мэдүүлэг няцаагдаж байгаа юм. Хохирогчоос 2017.11.09-ний өдөр дахин мэдүүлэг авахад эмчийн асуусан асуултанд нөхөртөө уурлаад тэгж хариулсан байх гэж өмнө нь өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэсэн. Зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж ойлгосон. Үйл баримтыг эхнээс нь дуусах хүртэл нь гэрч Чинзоригт буюу Эгийн нөхөр, шүүгдэгч Б нь хохирогч Эг цохиж гэмтэл учруулсан талаар гэрчлээгүй, өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдоогүй. Хохирогч Э мэдүүлэхдээ Энхсолонгын гэрээс гарахдаа унасан, мөн гэрийн гадаа нөхөртөө чамаас болж ийм асуудал гарч байгаа юм гэж үсдээд доош нь дарсан байсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Насанд хүрээгүй гэрч Эрдэнэбаатар, Дагвадорж нар гэрийн гадаа шуугиан болоод байсан. Гэрийн гадаа 10-аад минут болсон байх гэсэн мэдүүлэг өгдөг. Мөрдөн байцаалтанд хохирогч Э мэдүүлэг өгөхдөө гэрээс гарахдаа түлхэгдээд эсхүл өөрөө унасан уу, газар ямар байдалтай байсан, биеийн аль хэсгээр унасан, хаана нь ямар гэмтэл учирсныг шалгаж тогтоогоогүй. Энэ үед хохирогчийн биед гэмтэл учирсан байх магадлалтай. Нөхөр Чинзоригтыг үсдээд дарсан байх үед Чинзоригт хохирогч хоёрын хооронд ямар үйлдэл болсон. Чинзоригт үсдүүлчихээд хэрхэн яаж харьцсан. Хохирогчийн бие хүч хэрэглэн халдсан эсэх талаар шалган тогтоогоогүй. Энэхүү үйлдлээр хохирогчийн биед гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа зүүн талын 10 дугаар хавирга хугарсан зэргийг нэг мөр эргэлзээгүйгээр шалгаж тогтоогоогүй. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нөхцөл байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор, хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн үйлдэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэж, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл 2017 оны 10 дугаар сарын 18-нд шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.Эг зодсон гэдгийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд бүрэн тогтоож чадаагүй буюу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бийг иргэн Д.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт түүнийг гэм буруугүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 178 дугаар цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон, дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэмт хэрэг гарахад байсан насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “ ...Б эгч 1 ахтай гаднаас орж ирсэн. Тэр хоёрын араас 1 эгч орж ирээд тэр ахыг зодоод байсан, тэр ахыг тэр эгчийг үсдэж аваад манай гэрийн зуухыг мөргүүлээд байсан, тэгсэн Б эгч манай найзынд зодолдохгүй ээ гээд тэр хоёрыг хөөгөөд, тэр 3 манай гэрээс гараад явсан “ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч О.Дагвадоржийн  мөрдөн байцаалтад өгсөн “ ... Б тэр хоёрыг хөөж гаргаад үүд түгжээд байсан. Тэр 2 хүн гадаа хэрэлдээд байх шиг байсан. Тэгсэн Б эгч гараад тэр 2 хүнийг явуулсан. ...Б эгч намайг харж байхад тэр эгчийг зодож цохиогүй” гэсэн,

 

Хохирогчийн хамтран амьдрагч Чинзоригийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “ ... согтоод ухаанаа алдсан байсан, тэгээд Б гэрлүүгээ явлаа гээд гараад явахаар нь би хүргэж өгнө гээд гарсан юм байна лээ, ... нэг мэдсэн Бийн хамт танихгүй айлд сууж байсан чинь манай эхнэр Э орж ирээд миний малгайг шүүрч аваад алгадаад, үсдэж чирээд байсан гэж Б надад хэлсэн. Би Эг цохиж зодсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нь хохирогчийг зодсон гэдгийг нотлоогүй байна.

 

Харин шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “... Э эгчийг цагдаа дээр ирээд нэг удаа өшиглөсөн нь үнэн...” гэж мэдүүлсэн, хохирогч Д.Эгийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр “... зүүн гуяны цус хуралт, ... зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон байх боловч энэхүү гэмтэл нь шүүгдэгч Э.Бийн гэм буруутай дээрх үйлдлээс болж учирсан гэх нөхцөл хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна тухайн зүүн шилбэ, гуянд учирсан гэмтэл нь дангаараа хөнгөн, хүнд, хүндэвтэр хохирол болохыг тогтоогоогүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал болох гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй тул анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний  үндсэн дээр тогтоох зарчимд нийцсэн гэж үзнэ. 

 

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож,  Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/ШЦТ/178 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

 

                                                                                          А.САЙНТӨГС