Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 30

 

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжинг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 1-2 тоотод  байрлах “Д-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

          Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                                   Ч.Дуламсүрэн 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                                      Л.Алтанчимэг

          Гуравдагч этгээд Ж.Энхтүвшин, Л.Даваабаатар, Б.Доржсүрэн

          нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч                                                                    Б.Содболд

          Гуравдагч этгээд Д.Долгорсүрэнгийн өмгөөлөгч                                        Ө.Эрдэнэ-очир нар оролцов.         

                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн захирал Ч.Лувсанжамба шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Д-” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг дарга асан А.Энхболдын 2014 оны 08 сарын 19-ний өдрийн 376 дугаартай захирамжаар нийтийн орон сууц барих зориулалтаар 080100684 нэгж талбарын дугаартай 2014/0,2014 м.кв газрыг, 080100655 нэгж талбарын дугаар бүхий 239/0,239/ м.кв га газрыг, 080100657 нэгж талбарын дугаар бүхий 239/0,239/ м.кв га газар, 080100683 дугаар бүхий 333/0,333 м.кв га газрыг Дархан сумын 11 дүгээр баг 13-р хороололд тус тус эзэмшихээр гэрээ хийж газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан юм. 2015 оноос манай компанийн үйл ажиллагаа доголдож өмнө барьж эхэлсэн барилгаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барьж дуусгаагүй учраас 2015 онд барих төлөвлөгөөт барилгуудын ажлаа эхлүүлж чадаагүй юм. 2018 онд үйл ажиллагаа хэвийн явагдах болж барилгаа барьж эхлүүлэхээр компанийн эзэмшилд байсан газруудын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг ГХБХБГазарт гаргахад 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 273 тоот албан бичгээр 2016 оны 04 сарын 12-ны өдрийн А/85 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг мэдэгдэж, бид Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад хандсан. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хариу Б/10/581 албан тоотод: “Д-” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 12-ны өдөр А/85 тоот захирамж гарсныг 2016 оны 05 сарын 16-ны өдөр мэдэгдсэн.... гэж дурдаад иргэн, ААНБ-д мэдэгдэл хүргүүлсэн гэх жагсаалтыг хавсаргасан байсан. Жагсаалтын 1-4 дугаарт “ Д-” ХХК-нд 2016 оны 05 сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргүүлж Бүжидмаа, Б.Мандах нарт өгсөн гэсэн тэмдэглэгээ хийсэн байсан. Мэдэгдэл хүлээн авсан гэх Бүжидмаа, Б.Мандах нарын хүмүүсийн гарын үсэг мэдэгдлийг хүлээн авсан гэсэн гарын үсэг жагсаалтанд зурагдаагүй байсан. Манай компанид Бүжидмаа гэж албан тушаалтан болон ажилтан байхгүй, Б.Мандах гэж хүн ажиллаж байсан ч тэр хүн мэдэгдлийг хүлээлгэж өгсөн гэдэг нь тодорхойгүй гарын үсэг нь зурагдаагүй байсан. Ийнхүү манай компанийн эзэмшиж байсан газруудыг / хүндэтгэн үзэх шалтган байгаа эсэхийг тогтоохгүйгээр/ эзэмших эрх ашгийг хохироосон байна. Газар эзэмших эрхийн хугацаа нь дуусаагүй байсан газрыг ч хамааруулан эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 сарын 12-ны өдрийн А/85 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Д-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Энэ 4 газрыг хэдэн онд манайх анх эзэмших болсон талаар би сайн мэдэхгүй байна. Нэгж талбарын 0080100684 дугаар бүхий газар дээр иргэн Л.Даваабаатарыг барилга барихыг зөвшөөрөөд барилгыг нь бариулсан тул энэ нэгж талбарын дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин үлдсэн 3 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2012.11.27-ны өдрийн 543 дугаар захирамжаар Дархан сумын 15-р баг /Дархан сумын ИТХТ-ийн 2014.01.28-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 11-р баг болж өөрчлөгдсөн/, 13-р хороололд байрлалтай 239.4м2  газрыг 2 ширхэг 12 давхар орон сууц, 2012м2 газрыг 2 ширхэг үйлчилгээний 5 давхар орон сууц, 333м2 газрыг 1 ширхэг 5 давхар орон сууц барих зориулалтаар “Д-” ХХК-д 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

            “...Мөн аймгийн Засаг даргын 2014.08.19-ны өдрийн 376 дугаар захирамжаар Дархан сумын 11-р баг, 13-р хороололд байрлалтай нийтийн орон сууцны зориулалттай, 080100683 нэгж талбарын дугаартай 333м2 газрыг 1 жилийн хугацаатай, 080100684 нэгж талбарын дугаартай 2014м2 газрыг 5 жилийн хугацаатай, 080100655  нэгж талбарын дугаартай 239м2 газрыг 1 жилийн хугацаатай, 080100657 нэгж талбарын дугаартай 239м2  газрыг 1 жилийн хугацаатай тус тус сунгасан байна. Аймгийн Засаг даргын 2016.04.12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар “Д-” ХХК нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул “Д-” ХХК-ийн 080100683, 080100684, 080100655, 080100657 нэгж талбарын дугаартай газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээгүй хүчингүй болгосон байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, заалтын дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Д-” ХХК-ийн захирал Б.Мандах /утас: 99022216/, нарийн бичиг н.Бүжидмаа /утас: 88112794/ нарт мэдэгдэх хуудсыг 2016.05.16-ны өдөр хүлээлгэн өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу “Д-” ХХК нь 2016.04.13-ны өдрөөс хойш гомдол гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул аймгийн Засаг даргын 2016.04.12-ны өдрийн А/85 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай “Д-” ХХК-ий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Долгорсүрэн шүүхэд болон түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очироос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Дархан-Уул аймгийн Засаг дарга асан А.Энхболдод нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар уг газрыг эзэмших хүсэлтээ гаргасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр “Иргэнд газар эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулж, газрын №000556273 тоот гэрчилгээ, кадастрын зургийг гаргуулж авсан болно.

Гэтэл тус газрын эзэмших эрхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 2016 оны 11 сарын 29-ны А/441 тоот захирамжаар цуцалсан билээ. Энэ асуудлыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг миний бие тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн “Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай” 22 тоот захирамж гарсан.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 22 тоот захирамжийг биелүүлж 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 тоот захирамжаараа 2016 онд өөрийн гаргасан А/441 тоот захирамжийн Д.Долгорсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан.

“Д-” ХХК нь хуульд заасан дээрх хугацаанд дээд шатны байгууллагад гомдол эсвэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээд Ж.Энхтүвшин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.07.08-ны өдрийн А/276 дугаар захирамжаар Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 350 м.кв талбай бүхий газрын Үйлчилгээ, нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулан эзэмшиж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд тус газартай холбоотой маргаан үүсэж Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.11.29-ны өдрийн А/441 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар миний нэр дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

            Миний бие Засаг даргын тус шийдвэрийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аймгийн Засаг даргын А/441 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно...” гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж.Энхтүвшингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гуравдагч этгээд Ж.Энхтүвшингийн хувьд тухайн газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.07.08-ны өдрийн А/276 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулан эзэмшиж байсан боловч 2016 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Засаг даргаар С.Насанбат дарга томилогдож 2016.11.29-ний өдрийн А/441 дугаар “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Ж.Энхтүвшингийн нэр дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ хүмүүс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан газрыг одоо эзэмшиж байгаа. “Д-” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №376 захирамж гэж бичсэн байдаг. Гэтэл Б.Доржсүрэн, Ж.Энхтүвшин нар нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №377 дугаар захирамжаар тус газрыг анх эзэмшсэн. Нэхэмжлэгч тал 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ сунгуулах асуудлаар газрын албанд хандахад манай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн гэсэн агуулгаар бичсэн байгаа. Хэрэгтэй танилцахад 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын  Б.Мандах, н.Бүжидмаа гэх хүмүүст гардуулсан баримт үйлдсэн байдаг боловч зөвшөөрөөгүй учраас гарын үсэг зураагүй харагддаг. Энэ нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн байж 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-1-т заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны актыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн. 2 жил гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иймд “Д-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ...”

 

            Гэрч Б.Мандах шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Д-” ХХК-ийн захирал Ч.Лувсанжамба нь манай эхнэрийн төрсөн дүү. Миний бие 2015 оны 05 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл “Д-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.  080100684  нэгж талбарын дугаартай газар нь 5 жилээр, 080100683, 080100655, 080100657 нэгж талбарын дугаартай газруудыг 1 жилийн хугацаагаар гэрээг сунгаж манай компани эзэмшиж байсан. Энэ 4 газрын талаар Ч.Лувсанжамба мэдэхгүй. Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар дээрх 4 газруудыг хүчингүй болгосныг тухайн үед мэдсэн боловч энэ талаар мэдэгдэл хүлээн авснаа санахгүй байна. “Баян бриж” ХХК-ийн барьж байгаа газар дээр маргахгүй байна. Учир нь манай компани “Баян бриж” ХХК-д хашаагаа 8,000,000 сая төгрөгөөр зарж тухайн газарт барилга барихыг зөвшөөрсөн. Хэдийгээр би нэхэмжлэгч биш ч гэсэн надтай холбоотой компани болохоор үлдсэн 3 газрыг сэргээж өгөх боломжтой болов уу гэжээ.

 

            Гэрч Р.Ичинхорлоо шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Аймгийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийг “Д-” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн байсан. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Хүслийн хотхон”-д “Д-” ХХК-ийн байр байрлаж байхад Нямдорж ах бид 2 очиж нарийн бичгийн дарга ажилтай гэсэн нэг эмэгтэй хүнд 4 мэдэгдэлээ өгөөд гарын үсэг зуруулах гэтэл гарын үсэг зурахгүй гэхээр нь нэрийг нь бичээд явах гэтэл гадаа Б.Мандах захирал зогсож байсан...” гэжээ.

 

            Гэрч Г.Нямдорж шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Аймгийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийг “Д-” ХХК-д мэдэгдэхээр гэрээн дээр байсан утасны дугаарруу нь залгахад холбогдохгүй байсан учир барилга хариуцсан хүмүүсээс асуухад “Хүслийн хотхон”-д байдаг “Мерикланд” ХХК-ийн захирал Б.Мандах гэдэг хүн худалдаж авсан гэж байсан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ичинхорлоо мэргэжилтний хамт “Хүслийн хотхон”-д байрлах ажлын байранд нь очсон. Ичинхорлоо мэдэгдлийг өгөхөөр орсон боловч мэдэгдлийг авсан хүн гарын үсэг зурахгүй гээд байна гээд гараад ирсэн. Би тэр үед гадаа нь Б.Мандах захиралтай таараад танай газруудыг хүчингүй болгосон тухай мэдэгдэх хуудас, захирамжийн хуулбар хүргэж явна гээд гарын үсэг зуруулах гэтэл Б.Мандах захирал гарын үсэг зурахгүй гэсэн. Б.Мандах захирал Д- ХХК-ийн төлөөлөл биш байсан бол надаас захирамж мэдэгдлийн талаар сонсоод зогсож байхгүй байсан байх гэжээ.

 

            Гэрч Д.Алтангэрэл шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Д-” ХХК-ийн захирлын ажлыг “Хүслийн хотхон”-ыг барьсан “Мерикланд” ХХК-ийн захирал Б.Мандахад хүлээлгэн өгч байсан гэжээ...”

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Д-” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Д-”                ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэл гаргасан байна.

         Хариуцагч  Дархан-Уул аймгийн Засаг дарга  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын ”г”, 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Д-” ХХК-ний  нэгж талбарын 080100684, 080100655, 080100683, 080100657 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэлийн “Д-” ХХК-ний  нэгж талбарын 080100684 дугаар бүхий газарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

         Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч нь иргэн Л.Даваабаатарт нэгж талбарын 080100684 дугаар бүхий газар дээр барилга барихыг зөвшөөрөөд барилгыг нь бариулчихсан гэх үндэслэлээр “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-ний  нэгж талбарын 080100684 дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа шүүх хуралдаан дээр тайлбарлан, бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 ”Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэсэн хуулийн заалтай нийцэж байх тул хуулийн 66.3-т заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-ний нэгж талбарын 080100684 дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

          Нэхэмжлэлийн “Д-” ХХК-ний нэгж талбарын 080100655, 080100683, 080100657  дугаар бүхий газарт холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

      “Д-” ХХК-нд анх 2012 оны 11 дугаар сарын 27-ны өдрийн 534 дугаар “Газар олгох тухай” захирамжаар нэгж талбарын  0801000655 дугаар бүхий 239 м.кв, 0801000683 дугаар бүхий 333 м.кв, 2012 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 389 дугаар “Газар олгох тухай” захирамжаар нэгж талбарын  080100657 дугаар бүхий 239 м.кв газруудыг 2 жилийн хугацаатай орон сууц барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 376 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар нэгж талбарын 080100655, 080100683, 080100657 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 1 жилээр тус тус сунгаж 2014 оны 9 дугаар сарын 16-ны өдөр А-2264, А-2266, А-2267 дугаартай гэрээ байгуулж, 000301266, 000301269, 301268 дугаартай гэрчилгээнүүд олгож байсан байх бөгөөд сүүлд Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д-” ХХК-ний  нэгж талбарын ..., 0801000655, 080100683, 080100657 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

         Хариуцагчийн зүгээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн дагуу “Д-” ХХК-ний мэдэгдлийг нарийн бичиг Бүжидмаад 2016 оны 5 дугаар сарын 16-нд хүлээлгэн өгсөн боловч гарын үсгээ зураагүй, тухайн үед тус компанийг үүсгэн байгуулагч “Ньюдархан проперти” ХХК захирал Б.Мандахад маргаан бүхий газрын газар эзэмших эрх хүчингүй болсон гэдгийг мэдэгдсэн, Б.Мандах нь тухайн үед мэдсэн болох нь гэрч Б.Мандахын “...энэ компани надтай холбоотой, Ч.Лувсанжамба энэ 4 газрыг мэдэхгүй би тухайн үед “Д-” ХХК захирлаар ажиллаж байсан болохоор би мэднэ, тус газруудыг хүчингүй болгосныг тухайн үед нь мэдсэн...”, нэхэмжлэгч Ч.Лувсанжамбагийн утсаар залгаад “Та шүүх дээр хүрээд ирэхүү гэхэд...наадахыг чинь би мэдэхгүй” , Гэрч Г.Нямдоржийн”... Б.Мандах захиралтай таараад танай газаруудыг хүчингүй болгосон тухай мэдэгдэх хуудас, захирамжийг хүргэж явна гээд ярьж байсан чинь Ичинхорлоо гарын үсэгээ зурахгүй байна гээд гараад ирсэн, Б.Мандах захирал бас гарын үсэг зурахгүй ...” гэсэн гэх  мэдүүлэгүүдээр  тус тус тогтоогдож байгаа болно.

       Харин нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мандах нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 ”Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу маргаан бүхий газруудыг хүчингүй болгосныг мэдсэн гэх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байтал хуулинд заасан эрхээ хэрэгжүүлэлгүйгээр Дархан-Уул аймигийн Засаг даргад 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хандаж, улмаар 2 жил 24 хоногийн дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдсан байна.

         Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжаар хүчингүй болсон “Д-” ХХК-ний эзэмшиж байсан нэгж талбарын 080100655, 080100683 дугаар бүхий газрыг 2016 оны 7 дүгээр сарын 8-ны өдрийн ”Газар эзэмшүүлэх тухай” А/276 дугаар захирамжаар иргэн Д.Долгорсүрэн, Ж.Энхтүвшин нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгосноор гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэдийн газар эзэмших эрх баталгаажсан болох нь хэрэгт авагдсан нэгж талбарын /өмнөх/ 080100655,080100683, /шинэчилсэн/ 4506102627,4506102618 дугаар бүхий хувийн хэрэгт авагдсан баримтууд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/441, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “ Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 22 дугаар захирамж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамж, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана” 54.1.8 “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” 14.4-т ”Дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-ний нэгж талбарын 0801000655, 080100683, 080100657 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дугаар зүйлиийн 111.1, 111.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д-” ХХК нь “Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-ний нэгж талбарын 080100684 дугаар бүхий газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д-” ХХК-ний  Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар захирамжийн “Д-” ХХК-ний нэгж талбарын 080100655, 080100683, 080100657 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос буцаан нэхэмжлэгч “Д-” ХХК-нд  олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч нь  “Д-” ХХК-ний нэгж талбарын 080100655, 080100683, 080100657 дугаар бүхий газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн энэ хэсгийг эс зөвшөөрвөл захирамж гарсан өдрөөс хойш 7 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНЧИМЭГ