Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0069

 

 

Н.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/321 дугаартай актыг хүчингүйд тооцож, иргэн Намжилдоржийн Саранчимэгт хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0689/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.С нь Монголын Хуульчдын Холбоонд холбогдуулан “Монгол Улсын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/321 дугаартай актыг хүчингүйд тооцож, иргэн Н-ийн С-т хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан зүйл ангийн талаар дурдсан байна. Монголын Хуульчдын Холбоонд ганц Н.С гэдэг хүн гэмт хэрэг санаатай үйлдээд шалгалт өгч байгаа биш юм. Монголын Хуульчдын Холбоонд 2016 онд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан өмгөөлөгч 1 жил тэнсэн харгалзах ял аваад хугацаа дуусгавар болсон гээд нэг жилийн дараа шалгалт өгч Монголын Хуульчдын Холбооны гишүүн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ зүйл заалтыг олон утгаар тайлбарлаж байгаад Монголын Хуульчдын Холбоо өөрөө тайлбар хийх байлгүй дээ.

3.2.Миний хэргийн хувьд хохирогчийн өөрийн хүсэл зориг илэрхийлсэн. Хохирогч өөрөө бичүүлсэн гэж мэдүүлэг байгаа болно. Хохирол төлбөр байхгүй болно. Монголын Хуульчдын Холбооны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тайлбарласан журамласан тайлбар байхгүй болно. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д хүнийг тухай хариуцлагад нэг удаа шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийг тухайн хэрэгт өмгөөлөл явуулсны төлөө эрүүдэн шүүж болохгүй гэдэг. Миний хэргийн хувьд ямар нэг байдлаар шатлалаар Монголын Хуульчдын Холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар Монголын Хуульчдын Холбооны хариуцлагын хороогоор ороогүй, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс шүүгч Ч.Б нь эрүүгийн хэрэг үүсгэх шүүгчийн захирамжаар надад тулган эрүүдэн шүүсэн болно. Хэргийн нөхцөл байдлыг шүүгч дүгнэлт хийхгүйгээр шууд буруутгах талаар захирамж гаргаж байсан. Шүүгдэгчийн хувьд эрүүл мэндийн шалтгаантай нүд нь улаалттай цагаан унасан шүүх хуралд ирж байсан. Хохирогчийн хувьд би өмнө гомдолгүй гэж бичсэн, хэрэг бүртгэлийн шатанд бичээд өмгөөлөгч та өөрөө бич гэснээр хэрэг буруу эргэж өмгөөлөгчийн ажил үүргийн гүйцэтгэсний төлөө намайг буруутгасан болно. Тухайн хэрэг прокурор тогтоолоор хэрэгсэхгүй болоод хаагдсан хэрэг байсан. Дахин прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүссэн хэрэг байсан болно. Цаг хугацааны хувьд миний хувьд хэн нэгэнд гомдол яваагүй. Харин ч цаг хугацаа үнэн зөвийг харуулна биз дээ гээд орхисон юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2020 онд хуульчийн шалгалтад оруулахгүй байгаа үндэслэлээ албан бичгээр гаргуулахаар Монголын Хуульчдын Холбооноос шалгалтын хорооны дарга Ш.Н болон н.Б гишүүнээс өнөөдрийг хүртэл шаардсан боловч ирүүлээгүй болно. 2021 оны Өршөөлийн тухай хуулиар хориглосноос бусад тохиолдолд эрх зүйн шинжлэх зөвшөөрсөн гэх онолын эрдэмтэн багш нар минь зааж байсан юм. Сэтгэл зүрхээр бусдын төлөө явсан цаг хугацаа минь хөөрхий юм гэж үзэж байна. Дахин хянаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Н.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3.Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Н.С-ээс “Монгол Улсын Хуульчдын Холбооны 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/321 дугаартай актыг хүчингүйд тооцож, иргэн Н-ийн С-т хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монголын Хуульчдын Холбоонд холбогдуулан гаргажээ.

3.2.Нэхэмжлэгч Н.С нь 2004 онд хуульчийн мэргэжлийн шалгалтад, 2008 онд өмгөөлөгчийн шалгалтад тус тус оролцон тэнцсэн, хуульчийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0938 дугаар, өмгөөлөгчийн 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1347 дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус авчээ.[1]

3.3.Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 100 дугаар тушаалаар[2] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д “хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.С-ийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

3.4.Нэхэмжлэгчээс 2020 оны хуульчийн шалгалтад оролцохоор бүртгүүлэхэд түүнд шалгалтад оролцох эрх олгохоос шалгалтын Комиссын шийдвэрээр татгалзсан, уг комиссын шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргасныг Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос комиссын шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаагүй гэдэг нь  Монголын хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2020 оны 10  дугаар сарын 21-ний өдөр 06 дугаар тогтоол[3], нэхэмжлэгчийн өргөдөл[4] зэргээр тогтоогдож байна.

3.5.Үүний дараа нэхэмжлэгчээс “Монголын хуульчдын холбоонд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хандан “Өршөөлийн хуулиар миний ял шийтгүүлсэнтэй холбоотой асуудал өршөөгдөж шийдэгдсэн тул хуульчийн мэргэжлийн шалгалтад орох боломжтой, хуульчийн шалгалтад бүртгэж өгөх”-ийг хүссэн өргөдлийг[5] гаргасан.

3.6.Монголын хуульчдын холбооноос 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2/321 дүгээр албан бичгээр[6] “... Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өршөөл, уучлалд хамрагдсан үндэслэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох, сэргээх, хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин оролцох эрх олгох зэрэг зохицуулалт байхгүй тул Танд хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгох боломжгүй” гэсэн хариуг өгчээ.

3.7.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2"хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг, 12 дугаар зүйлийн 12.2.“Дор дурдсан үндэслэл байвал Шалгалтын комисс хуульчийн шалгалтад оруулахаас татгалзана:”, 12.2.4-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаатай хүчингүй болгосон шийтгэлийн хугацаа дуусаагүй.”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Хуульчийн шалгалтад тэнцээгүй болон сахилгын шийтгэл хүлээж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээд сахилгын шийтгэлийн хугацаа дууссанаас хойш хуульчийн шалгалтад дахин орох эрхтэй.”, 22 дугаар зүйлийн 22.6-д “Хуульч өөрөө хүсэлт гаргасан, эсхүл хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно. 22.8-д “Энэ хуулийн 22.6-д заасан хуульч өөрөө хүсэлт гаргаж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хүчингүй болгуулсны дараа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дахин авах хүсэлт гаргавал энэ хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хуульчийн шалгалтад дахин орно.” гэж тус тус зохицуулжээ.

Энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө хугацаатай хүчингүй болгуулсан этгээд сахилгын шийтгэлийн хугацаа дууссанаас хойш хуульчийн шалгалтад дахин орох эрхтэй байхаар зохицуулсан харин нэхэмжлэгчийн хувьд “хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” үндэслэлээр хариуцагч Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тодорхой хугацаа заагаагүй бөгөөд сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоогүй байна.

Үүнээс гадна мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана.”, 19.2.Энэ хуулийн 19.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана: 19.2.2-т “ял шийтгэгдэж байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт”, 21 дүгээр зүйлийн “21.1.Дор дурдсан үндэслэл байвал өргөдөл гаргагчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:21.1.1-д “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, эсхүл авлигын болон албан тушаалын хэрэгт буруутгагдаж хууль зүйн хариуцлага хүлээсэн” гэж заажээ.

Үүнээс дүгнэхэд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, хууль зүйн хариуцлага хүлээсэн” этгээдэд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, хууль зүйн хариуцлага хүлээсэн байх тул түүнд хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин оролцох эрх олгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг хуульчийн мэргэжлийн шалгалтад дахин оролцох хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг” гэснийг “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасныг” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 8-10 дахь тал

[2] Хэргийн 28 дахь тал

[3] Хэргийн 29 дэх тал

[4] Хэргийн 33-36 дахь тал

[5] Хэргийн 31 дэх тал

[6] Хэргийн 32 дахь тал