Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 312

 

Г.Эрдэнэсүхэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Өмгөөлөгч Ө.Батболд, З.Нямсүрэн

Хохирогч Ж.Долгор, А.Оюундарь

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар магадлалтай 201311000591 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Амбгай овогт Гунгаабуугийн Эрдэнэсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх заалтад заасан “Шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эрдэнэсүхийг хүнийг шунахайн сэдэлтээр санаатай алсан, бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Г.Эрдэнэсүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эрдэнэсүхийг 20 /хорь/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 612 /зургаан зуун арван хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний  хуулийн  497  дугаар  зүйлийн  497.1,  508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Эрдэнэсүхээс нийт 33.198.700 төгрөг гаргуулж, хохирогч А.Оюундарьд оршуулгын зардалд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, гэм хорын хохиролд 18.138.000 /арван найман сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг, хохирогч Ж.Долгорт 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, Р.Болормаад 848.000 /найман зуун дөчин найман мянга/ төгрөг, Н.Норовт 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг хохирогч Х.Чинзоригт 695.000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт 100.000 /нэг зуун мянга/ төгрөг тус тус олгож, хохирогч Ж.Долгорын нэхэмжлэлийн шаардлагаас 1.332.600 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч А.Оюундарь нь оршуулгын зардлаас үлдсэн 10.007.700 /арван сая долоон мянга долоон зуу/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “…Оршуулгын зардалд 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг,” гэснийг хасаж, “33.198.700” гэснийг “20.681.000” гэж өөрчилж, “Хохирогч Ж.Долгорын нэхэмжлэлийн шаардлагаас 1.332.600 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг” гэсний дараа “А.Оюундарийн нэхэмжлэлээс 2.510.000 төгрөгийг тус тус” гэсэн нэмэлт оруулж, Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Г.Эрдэнэсүх, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Ө.Батболд нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд:  “...Шүүх Г.Эрдэнэсүхийг иргэн Ж.Бямбасүрэнгийн цээжин тус газар нь хутгалж нэр бүхий 17.248.000 төгрөгийн үнэт эдлэл, 3.000.000 орчим бэлэн мөнгө зэргийг авсан гэж ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэргийг шалгахдаа 2 удаа хэрэгсэхгүй болгож байсан. Мөн талийгаачийн нас барсан цаг хугацааг 2013 оны 08 дугаар сарын 14-15-ны өдөр гэж ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр тогтоож зориудаар тохируулж Г.Эрдэнэсүхийн хамаатнуудаас гэрчийн мэдүүлэг авахдаа 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш мэдүүлэг аваарай гэсэн утгатай мөрдөн байцаагч хошууч Ууганбаярын даалгавар хавтаст хэрэгт бий. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр талийгаач гадны хүн байтугай гэрийнхнээ, үр хүүхдээ ч оруулдаггүй хүн байсан нь хэргээс харахад тодорхой байна. 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар талд хэргийн газрын үзлэг хийсэн байх ба баруун хойд талын өрөөнд байрлах төмөр сейфэнээс 3 ширхэг гарын мөр бэхжүүлэн авсан бөгөөд яасан нь тодорхойгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд 2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэж тэмдэглэгдсэн 99574643 дугаараа яриа хийсэн байв. Энэ дугаарын эзэмшигчийг тухай үед гэрчээр асуухаас яагаад орхигдуулж ярианы дэлгэрэнгүй биллийг хэрэгт хавсаргаагүй нь ямар учрыг дагуулж байна вэ. Гэрч Энхцэцэг /1хх-ийн 77-78/, Цагаанбулаг /1хх-ийн 70/, Дагвасүрэн /1хх-ийн 61/, Болормаа /2хх-ийн 32/ нарын мэдүүлгээс үзэхэд талийгаач нь 2013 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд амьд сэрүүн байсан байна. Шүүгдэгч Г.Эрдэнэсүхийн “Хохирогч Оюундарь 89188891 дугаарыг барьдаг байсан, би 99574643 дугаарын утас барьдаг байсан, энэ хугацаанд бидний холбоо барьсан талаарх биллийг шалгах шаардлагатай байна” гэсэн гомдлыг удаа дараа гаргадаг. 2013 оны 08 сарын 14-ны өдөр Г.Эрдэнэсүхийг Сүхбаатар аймагт байсан гэдгийг нотлохын тулд үүрэн телефоны газраас лавлагаа авах ёстой. Гэрч Баатархуяг нь Г.Эрдэнэсүхийг 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймаг руу явсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний алба нь талийгаачийн үхсэн цаг хугацааг 3-7 хоног гэж тогтоосон байхад прокурор 9 хоног болгон өөрчилж сар өдрийг түүнтэй холбон тайлбарлаж яллаад байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд: “...хэргийг өмнө нь мөрдөн байцаалтад буцааж тогтоох шаардлагатай асуудлуудыг бүрэн шалгасан, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэсүх нь шунахайн сэдэлтээр 2013 оны 08 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Ж.Бямбасүрэнг цээжин тус газарт нь хутгалж санаатай алж, 17.248.000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 3 сая орчим бэлэн мөнгө зэргийг авсан, мөн 2013 оны 03 сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Н.Норовын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч монгол гутал, 2 ширхэг суран бүс, мөнгөн гуутай бурхан, мөнгөн цөгцний суурь, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 660.000 төгрөгийн хохирол учруулсан, 2013 оны 08 сарын 03-ны өдрийн орчим иргэн Х.Чинзоригийн эзэмшлийн Бенз-С500 маркийн 0747 УБҮ улсын дугаартай автомашинд нэвтэрч эмэгтэй хүний гар цүнхтэй Самсунг Галакси С3 маркийн гар утас, түрийвч, эрэгтэй хүний түрийвч, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 695.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 09 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн Р.Болормаагийн гэрт нэвтэрч 4 ширхэг хивс, орос бакал, хромон гутал, хөөрөг, 2 ширхэг дээл, дээлийн өнгө зэрэг эд зүйл хулгайлж 2.048.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Эрдэнэсүх нь шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдээгүй, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлдэг боловч хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан орон байранд хийсэн хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, тэдгээрийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлд тулгуурлан, Г.Эрдэнэсүхийг шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэм буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх Г.Эрдэнэсүхийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 106 дугаар магадлалтай тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Т.УРАНЦЭЦЭГ

                                     ШҮҮГЧ                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН