| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0760/Э |
| Дугаар | 0788 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 0788
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008000260699 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, , Б овогт Б Б, (РД: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хоро 2 дугаар байрны 8 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 цагийн орчим хохирогч Д.Э хоолойг боон хүч хэрэглэн зүүж явсан ээмэг, монетон бөгж хоёр ширхгийн эд зүйлийг дээрэмдэн авч 1.285.000 төгрөгийн, мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 80 дугаар сургуулийн ойролцоо 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 01 цагийн үед хохирогч З.Г-ийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэн авахаар довтолж, Хуйвэй Пи-30 Лайт маркийн гар утсыг дээрэмдэн авч 650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргахгүй. 2 гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулаагүй” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Э-аас Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 62 дугаар тал),
2. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 07 цагийн орчим нөхрийнхөө хамт найзынхаа гэрээс гарч явсан... би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд найзынхаа гэрээс гараад яаж явсан эсэх, мөн хаана байдаг ямар орц руу орсон эсэхээ огт санахгүй байна. Ямар ч байсан Саппоро үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр урд талын автобусны буудал дээр зогсож байсан. Би “Залуус хороолол”-оос гараад тухайн буудал хүртэл хэнтэй хамт, яаж ирснээ огт санахгүй байна. Ямар ч байсан нөхөр маань миний урд талд алхаж яваад гэнэт алга болчихсон. Автобусны буудалд байхдаа нилээд даарсан бөгөөд автобус ирэхгүй удаад байхаар нь үл таних боровтор өнгийн царайтай 35-40 орчим насны боровтор өнгийн куртиктэй эрэгтэй хүнтэй хамт автобусны буудалд зогсож байсан. Би тухайн залууд хандаж “гадаа мөн их хүйтэн байна” гэхэд “та даараад байгаа бол ойрхон орц руу орж дулаацах уу” гэхээр нь би тухайн үл таних залууг дагаад явсан. Тэгээд ертөнцийн зүгээр хойшоо авто зам хөндлөн гараад бор өнгийн гадаргуутай орон сууцны ертөнцийн зүгээр зүүн талын хамгийн захын орц руу орсон. Ямар байрны хэддүгээр орц руу орсноо мэдэхгүй байна... орц руу орох үед орцон дотор ямар нэгэн хүн болон жижүүр нь байхгүй байсан. Миний санаж байгаагаар 8 дугаар давхар луу гараад надтай хамт орц руу орсон хүн намайг орцонд үлдээж өөрөө буцаад гараад явсан бөгөөд би лифтний хажуугийн дугуй хэлбэртэй төмөр багана шиг зүйлийн хажуугийн цонхоор харах гэтэл гэнэт үл таних залуу миний хүзүүндээ зүүж байсан цагаан өнгийн ороолтоор хоолойг маань боож, хойш нь унагаж, миний дээр гарч суухаар нь би “надаас авах юм байвал бүгдийг нь ав, алтан амийг минь хэлтрүүл” гэж хэлээд чихэндээ зүүж байсан алтан ээмгээ хосоор нь өөрөө тайлж өгсөн. Зүүн гарын ядам хуруу болон долоовор хуруунд байсан хоёр ширхэг монетон бөгжийг маань сугалж аваад зугтсан. Ээмгийг маань татаж авах гэхэд зүүн талын чихнээс бага зэрэг цус гарахаар нь би өөрөө ээмгээ тайлж өгсөн. Тухайн залууг явсаны дараа би босож лифтээр доошоо бууж орцны жижүүрт болсон явдлын талаар хэлсэн. Орцны жижүүр Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... ямар ч байсан боровтор өнгийн царайтай, туранхайвтар биетэй, хар бараан өнгийн өмдтэй, боровтор өнгийн куртиктэй, дунд зэргийн буюу ойролцоогоор 165-170 см орчим өндөртэй 20-25 орчим насны давхраатай том нүдтэй, зуйвандуу царайтай, бордуу өнгийн царайтай, сахалгүй, үл таних залуу байсан. Би тухайн этгээдийг харвал танина. Мөн гэрэл зургийг нь харвал танина. Та алдагдсан эд зүйлсийнхээ талаар дэлгэрэнгүй ярина уу гэсэн асуултанд 2018 оны 10 дугаар сард дүү нар маань авч өгсөн. 983 сорьцтой, том хэмжээтэй, тариан түрүүний дүрстэй, алтан ээмэг нэг хос 793.000 төгрөгөөр үнэлнэ. 2017 онд охин мааь Герман улсаас авчирч өгсөн цагираган хэлбэртэй дунд талын хэсэгтээ цагаан өнгийн энгийн жижиг шигтгээтэй сорьцийг нь мэдэхгүй байна. Шар өнгийн монетон бөгж нэг ширхэг 300.000 төгрөгөөр үнэлнэ. 2013 онд “Зоос гоёл”-оос 250.000 төгрөгөөр худалдан авч байсан цагираган хэлбэртэй битүү тойрсон талстан гадаргуутай шаргал өнгийн монетон бөгж нэг ширхэг 200.000 төгрөгөөр үнэлнэ. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дугаар тал),
3. Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би эхнэр Оюунсайханы хамтаар 2019 оны 8 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 12 дугаар орцны жижүүрээр ажилд орсон... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагаас хойш би 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл огт гараагүй гэртээ байсан. Өглөө манай эхнэр Оюунсайхан 08 цагийн үед нэг давхарын цэвэрлэх орцны жижүүрийн өрөөнөөс гарсан. БИ гэртээ үлдсэн. 08 цагийн үед 9 давхарын оршин суугч зүс таних эрэгтэй залуу бууж ирээд 8 давхарт нэг хүн дээрэмдүүлээд хоолойгоо боолгосон байна. Одоо бууж ирж байгаа гэсэн. 50-55 орчим насны эмэгтэй, зүүн талын чихнээс цус гарсан, хүзүү нь улайсан эмэгтэй уйлаад намайг сая үл таних хүн боож алах шахлаа гээд уйлаад байсан. Миний гар утас ажиллахгүй байсан учраас 11 дүгээр орцны жижүүрийн Чинзо гэх хүний утсаар дуудлага өгсөн. Та дээрэмдүүлсэн гэх эмэгтэйг орц руу орж байхыг харсан уу, дээрэмдсэн гэх этгээдийг харсан уу гэсэн асуултанд би орцны жижүүрийн өрөөнд унтаж байсан болохоор яг уг эмэгтэйг болон дээрэмдсэн гэх орж байхыг хараагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар тал),
4. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөөний 08 цагийн үед хуурай ах... Баттогтохын гэрт хоночихоод “Залуус хороолол”-ын урд алхаж байхад үл таних 45-50 насны нэг эмэгтэй намайг дуудаад “манай нөхрийг олоод өгөөч. Би нөхрөө олохгүй байна” гэж хэлсэн. Би хариуд нь “танай нөхрийг танихгүй шүү дээ” гэхэд “би автобусны буудал орох гэсэн юм. Олдоггүй” гэхэд нь “би ч гэсэн автобусны буудал орох гэж байна. Хамт явъя тэнд манай нөхөр байж магадгүй” гэж надад хэлсэн. Би уг эмэгтэйг дагуулаад Таван шарын буудал руу алхаж ирсэн. Нөхөр нь байгаагүй. Удалгүй автобус ирэхээр нь 1000 төгрөг өөрөөсөө жолоочид нь өгөөд автобусанд суугаад Цамбагаравын буудал дээр буугаад Саппоро чиг рүү алхсан. Тэгэхэд тэр эмэгтэй намайг дагаад алхаад байсан. Би гайхаад “би өөр тийшээ явна. Та намайг дагаж яах гэсэн юм” гэхэд “эгчийгээ дулаахан газарт оруулаад өг” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд уг эмэгтэй Саппорогийн урдуур алхаад 2 дугаар байрны аркаар ороод эхний орц руу орох гэтэл өөдөөс нэг эрэгтэй гарч ирсэн. Би “байж байгаарай, битгий хаалгаа хаагаарай, би энэ эмэгтэйг оруулах гэсэн юм” гэхэд уг залуу хаалгыг барьж өгөөд намайг болон уг эмэгтэйг их гайхаж харж байсан. Бид хоёр ороход хаалга нь хаагдсан. Би оруулж өгөхөд уг эмэгтэй “доод давхарт паар байхгүй байна, дээшээ гаргаад өг” гэхээр нь шатаар дагуулаад дээшээ миний санаж байгаагаар 7-8 давхар луу гарсан. Би уг эмэгтэйг үлдээгээд доошоо буусан. Тэгээд хаалга онгойлгоод гараад явсан. Удалгүй нөгөө хаалга онгойлгосон залуу араас дуудсан. Би гайхаад харахад “ахаа таны дагуулж явсан эмэгтэй хүнд зодуулчихлаа, та хүрээд ир” гэхээр нь би дагаад уг орц руу ороход уг эрэгтэй шууд жижүүрийн өрөө рүү ороод тортой юм бариад буцаад гараад явсан. Би гайхаад “хэн намайг зодсон бэ” гэхэд “өндөр туранхай бор залуу байсан” гэж хэлсэн. Тэгээд байж байхад жижүүрийн нөхөр “цагдаа дууд” гээд хүний утсаар дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),
5. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 84-89 дугаар хуудас),
6. “Тэнцвэр эстимейт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт: “Нийт хохирлын дүн нь 1.285.000 төгрөгөөр тогтоож байна” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас),
7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
8. Хохирогч З.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгууллагын шинэ жилийн баяр тэмдэглээд 21 цагийн орчимд ...тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Харин согтууруулах ундааны зүйл хэр хэмжээгээр хэрэглэснийгээ санахгүй байгаа. Ерөнхийдөө тухайн үед болсон үйл явдлуудыг сайтар санаж байна. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 22-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудлын орчимд хамт ажиллладаг хүнийхээ автомашинаас буугаад, гэр лүүгээ харих санаатай, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, улаан өнгийн гадаргуутай, өндөр орон сууцнуудын ойролцоо явж байхад гэнэт үл таних эрэгтэй хүн миний хойноос намайг барьж аваад, дарж унагаагаад, миний гар болон хөлнүүдийг маань хөдөлгөөнгүй болгож, баруун гартаа барьсан байсан хар хөх өнгийн гадаргуутай, Huawei-P-30-Lite маркийн гар утсыг маань дээрэмдэн авсан. Мөн миний хүрэмний болон өмдний бүх халааснуудыг нэгжсэн. Биеэс маань ямар нэгэн эд зүйл аваагүй. Тухайн үед ойр орчимд гэрэлтүүлэг муутай, би согтууруулах ундааны хэрэглэсэн байсан тул тухайн үл таних хүний царай төрх болон бусад содон шинж тэмдгүүдийг анзаараагүй, одоо харвал танихгүй, ямар ч байсан ойролцоогоор надтай ижил нуруутай хүн шиг анзаарагдсан. Миний биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас),
9. Иргэний нэхэмжлэгч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анхнаасаа би сэжиглээд хэд хэдэн удаа “гэмт хэргийн замаар олсон утас биш биз дээ” гэж асуусан боловч надад олсон гэж хэлсэн. Тэгээд би юмыг яаж мэдэхэв гэж бодоод гар утсыг нь худалдаж авахдаа царай зүсийг нь сайн тогтоож авч байсан. Би Хуйвэй Пи 30 Лайт маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл дараа нь цагдаа нар ирээд “гэмт хэргийн замаар олдсон гар утас” гэж хэлээд хурааж авсан. Би одоо 200.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
10. Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тус өдөр намайг ажил дээрээ сууж байхад, ойролцоогоор 25-30 орчим настай, бүлтгэрдүү, том нүдтэй, намхандуу нуруутай, боровтор өнгийн царайтай, үл таних эрэгтэй хүн хүрч ирээд “Huawei rap утас худалдаж авах уу, би таксинд явж байхдаа тухайн гар утсыг олсон юм, тийм учраас кодыг нь огт мэдэхгүй байна” гэхээр нь би тухайн залууд хандаж “Чи наад утасныхаа кодыг нь мэдэхгүй бол хулгайлах гэмт хэргийн замаар олдсон эд зүйл байж магадгүй, би чамаас баталгаатай эд зүйл л худалдаж авна” гэж хэлээд тухайн залуугаас бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад “Надад бичиг баримт байхгүй, энэ гар утсыг таксинд явж байхдаа олсон юм, ямар нэгэн гэмт хэргийн холбогдолтой зүйл биш, асуудал байхгүй” гэхээр нь би худалдаалах гэж байгаа гар утсыг нь үзтэл Huawei-P-30 LITE маркийн, цэнхэр өнгийн гадаргуутай, ямар нэгэн сэв зураас байхгүй, шинэвтэр гар утас байхаар нь тухайн залуугийн гар утасны дугаарыг нь тэмдэглэж аваад, 200.000 төгрөгөөр худалдан авсан. Би тухайн үл таних залуугаас 200.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан бөгөөд худалдаж авсан гар утас нь гэмт хэргийн замаар олдсон эд зүйл байсан учир цагдаагийн байгууллагад хураалгасан. Надад 200.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
11. Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),
12. “Тэнцвэр эстимейт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт: “Нийт хохирлын дүн нь 650.000 төгрөгөөр тогтоож байна” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
13. Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 122 дугаар хуудас), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар (хавтаст хэргийн 125-152 дугаар хуудас) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг, шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 2 дугаар байрны 8 давхарт 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 цагийн орчим хохирогч Д.Э хоолойг боон хүч хэрэглэн зүүж явсан ээмэг, монетон бөгж хоёр ширхгийн эд зүйлийг дээрэмдэн авч 1.285.000 төгрөгийн, мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 80 дугаар сургуулийн ойролцоо 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 01 цагийн үед хохирогч З.Г-ийн эд хөрөнгийг нь хүч хэрэглэн авахаар довтолж, Хуйвэй Пи-30 Лайт маркийн гар утсыг дээрэмдэн авч 650.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
- 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст иргэн Д.Э гаргасан “бусдад дээрэмдүүлсэн” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-61), хохирогч Д.Э мэдүүлэг (хх76-77), гэрч Л.М-ын мэдүүлэг (хх69-70), гэрч Г.Б-ийн мэдүүлэг (хх81-82), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт (хх84-89), “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Ц-565 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх91-93),
- 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст иргэн З.Гансүхээс гаргасан “бусдад дээрэмдүүлсэн” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-6), хохирогч З.Г-ийн мэдүүлэг (хх25-28), гэрч, иргэний нэхэмжлэгч А.Э-ийн мэдүүлэг (хх-32,36), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт (хх12-16), “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Ц-31 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх38-39) зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Д.Э ээмэг, монетон бөгж, хохирогч З.Г-ийн Хуйвэй Пи-30 Лайт маркийн гар утсыг хүч хэрэглэж, хууль бусаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээдийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй хэлбэрээр илэрдэг ба хохирлын хэмжээ шаарддаггүй довтолгооноор төгсдөг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” заасныг журамлах хууль зүйн үндэслэлтэй ба мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.Г-д “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх38-39)-ээр 650.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөгч Хуйвэй Пи-30 Лайт маркийн гар утсыг түүнд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-24)-ээр биет байдлаар бүрэн бүтэн буцаан хүлээлгэж өгсөн байх тул хохирогч З.Г-д төлөх төлбөргүй болно.
Хавтаст хэргийн 29 дүгээр талд мөрдөгч тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр А.Энхтөрийг тогтоож, мэдүүлэг авсан ба тэрээр 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хуйвэй Пи-30 Лайт маркийн гар утсыг 200.000 төгрөгөөр худалдан авсан тул шүүгдэгчээс 200.000 төгрөгийг гаргуулан түүнд олгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Э хувьд “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх91-93)-ээр ээмэг, монетон бөгж /2 ширхэг/-ийг нийт 1.285.000 төгрөгөөр үнэлсэнийг шүүгдэгчээс мөн гаргуулж хохирогч Д.Э-д олгож шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт”-ийг шүүгдэгч мэтгэлцээгүй болохыг дурдав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон нийт 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008000260699 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 3 (гурван) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 77 (далан долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баттөмөрөөс нийт 1.485.000 (наг сая дөрвөн зуун наян таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д 1.285.000 (нэг сая хоёр зуун наян таван мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Энхтөрт 200.000 (хоёр зуун мянга) төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн 2008000260699 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Б-ийн эдлэх хорих ялыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР