Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 0820

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч  С.Энхням,

хохирогч Б.Б ,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч Ч.О (үнэмлэхийн дугаар ....) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008019921013 дугаартай, нэг  хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,......................................................................., Б овогт С Д (РД:....).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч С.Д нь “Нийгмийн халамжид хүн танина. Таны тэтгэврийг шинэчлэх, нөхрийнх нь тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж бодит байдлыг нуун хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Б.Б гаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд банкны дансаар 1.360.000 төгрөг, 435.000 төгрөгийн үнэ бүхий модон хуур, зүү ороосон дайлин зэргийг авч нийт 2.295.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. 2.295.000 төгрөгөөс барагдуулсан зүйлгүй. Хохирлыг цувуулж барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  мэдүүлэхдээ: “...С.Д надад “хуульд тэтгэврийг нэг удаа шинэчилж тогтоох боломжтой” гэж хэлэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Эхлээд надаас 500.000 төгрөг, дараа нь “нэг хүний гарын үсэг, тамга хэрэгтэй байна” гээд 500.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг авсан. Энэ мэтчилэн надаас мөнгө цувуулж авсан. Миний зарж байсан морин хуур, дайлинг авсан. Надад эвгүй санагдаад би уулзъя гэж хэлээд Д-тэй уулзаад Цагдаагийн байгууллагад хандсан. Би хувиараа наймаа хийдэг. 2.295.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Миний ажиллуулдаг лангуу хоосрох гээд байна. Бараагаа татмаар байна. С.Д хүнийг залилсан юм чинь тохирох ялаа эдлэх хэрэгтэй. Би гомдолтой байна.” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дугаар тал),

2. Хохирогч Б.Б гийн нэр дээрх Хаан банкан дахь дансны хуулга, гэрэл зураг (хавтаст хэргийн 6-11 дүгээр тал),

3. Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...би 21 дүгээр хорооллын хажуугийн Шөнийн зах дотор бэлэг дурсгалын зүйл худалдан борлуулдаг... 2020 оны 01 дүгээр сард би “Сэрүүлэг” гэх жолооны курсэд суралцаж байхдаа анх Д-тэй танилцсан...С.Д надаас “та тэтгэвэрт гарсан юм уу” гэж асуусан би “тэтгэвэрт гарсан. Яасан юм” гэж асуухад “хуульд нэг удаа тэтгэврийг шинэчлэх эрх байдаг юм. Би таны тэтгэврийг шинэчлээд өгье. Бас танай нөхөр чинь тэтгэвэрт гараагүй бол тэтгэвэр тогтоолгоод өгч болно. Надад таньдаг халамжид ажилладаг хүн байгаа” гэж хэлэхээр нь би итгээд “хэдэн төгрөг өгөх ёстой вэ” гэж асуухад С.Д эхлээд 500.000 төгрөг өгчих гэсэн. Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн Засаг даргын байрны гадна талын сүүдрэвч доор 500.000 төгрөгийг өгсөн... тухайн үед С.Д-тэй гэрээ байгуулаагүй... үүнээс хойш би өөрийн Хаан банкны 5925284940 дугаарын данснаас С.Д-ийн 5925450078 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус өгч... өөрийн 5025936794 дугаарын Хаан банкны данснаас С.Д-ийн дээрх дансанд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхлээд 80.000 төгрөг дараа нь 50.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 30.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би яагаад мөнгө өгсөн бэ гэвэл С.Д над руу залгаад “эгч ээ тэтгэврийн асуудал яг одоо бүтэх гээд байна. Шийдэгдэх гээд байна. Та мөнгө шилжүүл” гэхээр нь шилжүүлсэн... манай ажил дээр ирээд зарж байсан бэлэг дурсгалын зүйлсээс 85.000 төгрөгөөр зарж байсан дөрвөн хүчтэнтэй, шармал арван хоёр жилтэй морин хуур нэг ширхэг, 350.000 төгрөгөөр зарж байсан зүү ороосон хөөрөгний дайлин нэг ширхэг зэргийг... “хүний төрсөн өдөрт очих гэж байна. Мөнгийг нь удахгүй өгнө гэж хэлээд” авсан... мөнгөө өгөөгүй... хамгийн сүүлд би нөхрийнхөө 5925146580 дугаар данснаас С.Д-ийн 5925450078 дугаарын дансанд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 140.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 40.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 20.000 төгрөгийг шилжүүлсэн.. намайг хуурч залилж зугтаагаад байхаар нь цагдаад хандсан... би бэлнээр болон өөрийн данс, нөхөр Д.А-ийн дансаар нийт С.Д-д1.860.000 төгрөгийг өгсөн... мөн 85.000 төгрөгийн үнэтэй морин хуур, 350.000 төгрөгийн зүү ороосон дайлинг өгсөн... Надаас 2.295.000 төгрөгийг хууран мэхэлж залилж авсан...би гомдолтой байна. С.Д-ээс мөнгөө эргүүлэн авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

4. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Б.Б  миний эхнэр байгаа юм...Б.Б  надад хэлэхдээ С.Д тэтгэвэр тогтоолгож өгч чаддаг гэж байна. Мөнгө өгөх хэрэгтэй юм байна гэж хэлээд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед С.Д-тэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хажууд байдаг сүүдрэвчид уулзаж Б.Б  бэлнээр 500.000 төгрөг өгч байсан.. би хамт явж байсан... уг өдрөөс хойш би юу болсон талаар огт мэдэхгүй...Б.Б  жолооны курсэд сууж байхдаа С.Д-тэй танилцсан гэж байсан... Манай эхнэр Хаан банкны 5025936794, 5925284940 гэсэн хоёр данстай, миний Хаан банкны 5925146580 тоот дансыг мөн ашигладаг... бид хоёр гэр бүл болохоор нэгнийхээ дансыг хамаагүй хэрэглэдэг... хэрэв дансаар мөнгө шилжүүлсэн бол манай эхнэр уг данснуудаас мөнгө шилжүүлсэн байх... Манай эхнэр миний дансыг ашиглах, мөнгийг захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31  дүгээр тал),

5. “Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 996 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

6. Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар тал),

7. Шүүгдэгч С.Д-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Хаан банкан дахь түүний депозит дансны хуулга (хавтаст хэргийн 72-82 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 91 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 92 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дугаар тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 97-99 дүгээр  тал), Прокурорын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2030 дугаар тогтоол (хавтаст хэргийн 105 дугаар тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 108 дугаар тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн албан тоот (хавтаст хэргийн 110 дугаар тал), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 112 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 114 дүгээр тал), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 117 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Д-дхолбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч С.Д нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийгмийн халамжид хүн танина. Таны тэтгэврийг шинэчлэх, нөхрийнх нь тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж хохирогч Б.Б гаас 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр 500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд банкны дансаар 1.360.000 төгрөг, 435.000 төгрөгийн үнэ бүхий модон хуур, зүү ороосон дайлин зэргийг “хүний төрсөн өдөрт очих гэж байна. Мөнгийг нь удаахгүй өгнө” гэж авч нийт 2.295.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх2-3), хохирогч Б.Б гийн нэр дээрх Хаан банкан дахь дансны хуулга (хх6-11), хохирогч Б.Б гийн мэдүүлэг (хх-22), гэрч Д.А-ийн мэдүүлэг (хх-31),“Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 996 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт (хх36-37), шүүгдэгч С.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-47) болон түүний Хаан банкан дахь түүний депозит дансны хуулга (хх72-82) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.  

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Д нь шунахай сэдэлтээр шууд санаатай үйлдлээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Б.Б тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Нийгмийн халамжид хүн танина. Таны тэтгэврийг шинэчилж, нөхрийнх нь тэтгэврийг тогтоолгож өгнө” гэж бодит байдлыг нуух замаар бэлнээр 500.000 төгрөг,  2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Хаан банкны данс, бусдын эзэмшлийн дансаар 1.360.000 төгрөгийг шилжүүлэн авсан, 435.000 төгрөгийн үнэ бүхий модон хуур, зүү ороосон дайлин зэрэг нийт 2.295.000 төгрөгийг хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иимд шүүгдэгч С.Д-ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

“Тэнцвэр эстимэйт” ХХКомпанийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 996 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлтээр модон морин хуурыг 85.000 төгрөг, зүү ороосон дайлинг 350.000 төгрөг, нийт 435.000 төгрөгөөр үнэлсэн (хх36-37) үнэлгээг нотлох баримтаар тооцон, үнэлсэн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 2.295.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Д дээрх хохирлыг төлж барагдуулаагүй тул түүнээс 2.295.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д олгохоор шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч: “шүүгдэгч С.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт”-ийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О: “С.Д дөрвөн бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, хоёр сартай жирэмсэн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Д-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх шүүгдэгч С.Д нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч С.Д-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, анх  удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008019921013 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-доногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Д-ээс нийт 2.295.000 (хоёр сая хоёр зуун ерэн таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б д олгосугай. 

5. Эрүүгийн 2008019921013 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Д-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-дцагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЯМБААБААТАР