| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0770/Э |
| Дугаар | 0795 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 0795
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч А.Ганзориг,
хохирогчин хууль ёсны төлөөлөгч Э.Н ,
шүүгдэгч Ш.Б , түүний өмгөөлөгч Л.Ц (үнэмлэхний дугаар: 0004)нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008013450797 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................................................................................................................
, У овогт Ш Б /РД: /.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 6 дугаар байрны 32 тоотод 11 нас, 02 сар 14 хоногтой бага насны хүүхэд болох Н.Н-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгааны улмаас түүний биед тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ маргахгүй. Миний тайван байдлыг алдуулсан учраас түүнийг айлгах зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн. Хохиролд 100.000 төгрөг төлсөн. Урьд олон удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Гэмт хэрэг 16-17 цагийн үед болсон. Айлгах зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн. Өмнө нь олон удаа тайлбарлаж хэлсэн. Гэвч миний шаардлагыг хүлээж авдаггүй байсан. Миний буруу...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчийг анх удаа харж байна. Насанд хүрээгүй хохирогчтой ёс бусаар харьцаж, хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гомдолтой байна. Тиймээс хохирлын баримтыг гарган шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Цаашид гарах эмчилгээний зардал 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед надад баримт өгөөгүй. Хохиролд 100.000 төгрөг авсан. Миний хүү айлд хүүхдүүдтэй тоглох зорилгоор орсон. Толгой нь өвддөг болсон...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд
1. Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтас хэргийн 10-11 дугаар хуудас),
2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 73-74 дүгээр тал),
3. Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хавтаст хэргийн 75 дугаар тал),
4. Насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...14 цагийн үед ...доод айлын ах орж ирээд “та нар амгалан тайван байдал алдагдуулаад” гэж хэлээд миний цээж хэсэг рүү гараараа цохисон. Мөн зүүн гуя хэсэг рүү өшиглөөд, миний нүүр хэсэгт цохиод, намайг “ална” гээд хутга аваад хатгах гээд байхаар нь би гараараа хаасан чинь миний баруун гарын дунд хуруу хэсэгт хутгаар зүссэн. ...Намайг цохиж зодсон гэх хүнийг би танихгүй. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 6 дугаар байрны 32 тоотод амьдардаг Б гэдэг ах намайг гэр лүүгээ авч ороод миний толгой хэсэгт хутганы ар хэсгээр нэг удаа цохисон. Мөн хөлөөрөө миний толгойн хэсэгт нэг удаа, миний зүүн гуя хэсэгт хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. Мөн баруун гар хэсэгт хутгаар нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дугаар тал),
5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би хэрэг болсон өдөр Н.Н-ийг өөрөө дагуулж явж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Н ийн биед учирсан гэмтлүүд дүгнэлтэд бичигдсэн байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ...Ш.Б эмчилгээ хийлгээрэй гэж 100.000 төгрөг өгснийг хүлээж авсан. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар тал),
6. Насанд хүрээгүй гэрч Н.Эрхэсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Бид нар Т ахын гэрт тоглож байгаад өдөр гэрээс нь гарах гэж байсан чинь гаднаас Т ахын доор амьдардаг ах орж ирээд “амгалан тайван байдал алдагдуулаад” гээд загнахаар нь бид нар гараад зугтаасан чинь Н гэнэт алга болчихсон байсан. Баттулга, Тэмүүлэн бид гурав буцаж ирээд Н.Н-ийг хайгаад Т ахын гэрт байгаа юм байх гэж бодсон чинь 1 давхарт Т ахын доод талын айлд Н уйлаад байсан. Тэгэхээр нь Баттулга, Тэмүүлэн бид гурав цагдаад очиж хэлсэн. Цагдаа нар тэр айлаас Н.Н-ийг гаргаж ирэхэд Н ийн гар нь зүсэгдсэн, толгой нь булдруудсан, нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),
7. Гэрч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14-15 цагийн хооронд 5 шар дахь цагдаагийн дэд хэсгийн байранд цагдаагийн дэд ахлагч Э.Б-ын хамт байж байсан чинь 10-14 насны 3 хүүхэд цагдаагийн байр луу орж ирээд “манай найзыг зодоод байна, Угсармалын 6 дугаар байрны 32 тоотод гэртээ оруулсан байна” гэж хэлсэн. Тэгээд уг хаяганд очоод хаалгыг тогштол хаалгыг Б гэдэг залуу онгойлгосон. Тухайн үед Б гэдэг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Н гэдэг хүүхэд том өрөөнд уйлсан сууж байсан. Н гэдэг хүүхдээс юу болсон талаар асуусан чинь “намайг энэ ах гэртээ оруулаад зодсон, гар хутгаар зүссэн” гэж хэлсэн. Б гэдэг хүн нь болохоор “дээд айлд түжигнэлдээд, амгалан тайван байдал алдагдуулаад байдаг болохоор нь би айлгасан юм” гэж хэлсэн. Н ээс “гарыг чинь ямар хутгаар зүссэн юм” гэж асуусан чинь хар өнгийн иштэй төмөр хутгыг заахаар нь тэр хутгыг хурааж аваад, Б ыг эрүүлжүүлэхэд хийгээд, жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
8. Гэрч Г.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Танил Н , Эрхэс гэдэг хүүхдүүд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манайд орж ирсэн байсан. Тэр өдөр би гэртээ согтуу байсан болохоор юу болсныг мэдэхгүй байгаа нь доод талын Тоогий гэдэг залуутай тааралдсан чинь “манай хүүхдүүд шаагилдаад байхаар нь Тоогий орж ирээд тэд нарыг хөөгөөд гэртээ Н.Н-ийг дагуулж ороод зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3110 дүгээр:
“1. Н.Н-ийн биед тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 644 дүгээр:
“1. Н. Н ийн биед тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл учирсан байна.
2. Н. Н ийн биед учирсан тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Н.Н-ийн биед тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд учирсан ба шинэ гэмтлүүд байна.
4. Н.Н-ийн биед учирсан тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь 2020.02.27-нд учирсан байх боломжтой.
5. Н.Н-ийн биед учирсан тархи доргилт, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Н.Н-ийн биед учирсан тархи доргилт, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
7. Н. Н ийн биед учирсан тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтлүүд нь амь биенд аюулгүй.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),
11. Яллагдагч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн байж байсан чинь дээд давхрын айлд хүүхдүүд пижигнэлдээд байсан. Би хаалгаар нь яваад орсон чинь 35 тоотод амьдардаг Түвшин гэдэг залуу согтуу унтаж байсан бөгөөд танихгүй 3 жаахан хүүхэд тоглож байснаа надаас зугтаасан. Би хамгийн жижигхэн биетэй хүүхдийг нь корридорт барьж аваад, гэр лүүгээ дагуулж орсон. “Та нар яагаад амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм, олон удаа та нар ингэж байна” гэж хэлээд айлгаад, 2 удаа хөл, бөгс хэсэг рүү нь өшиглөөд, гараараа толгой руу нь цохисон. Би тэр хүүхдийг айлгах гэж гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй төмөр хутгыг аваад “дахиж энүүгээр битгий ирээд бай, гэр орондоо бай, орой үдэш энүүгээр битгий яваад бай, айл амьтан унтуулж амраа, та нар шөнө хүмүүс унтуулахгүй байна” гэж хэлээд хутгаа чичээд юм ярьж байсан чинь тэр хүүхэд миний хутгыг гараараа хаагаад зүссэн. ...Би хутганы ишээр толгой руу нь бас нэг удаа цохисон. Удаа ч үгүй гаднаас цагдаа орж ирээд хутгыг хурааж аваад, намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дугаар тал),
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал), оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар тал), эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Б од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ш.Б нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 6 дугаар байрны 32 тоотод 11 нас, 02 сар 14 хоногтой бага насны хүүхэд болох Н.Н-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж “амгалан тайван байдал алдагдууллаа” гэх шалтгааны улмаас түүний биед тархи доргилт, дух, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын дунд хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Н.Н-ийн мэдүүлэг (хх20-22), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н ын мэдүүлэг (хх25-26), насанд хүрээгүй гэрч Н.Эрхэсийн мэдүүлэг (хх28-29), гэрч Г.С-ын мэдүүлэг (хх-34), гэрч Г.Т ын мэдүүлэг (хх-40), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3110 дугаар дүгнэлт (хх42-43), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 644 дүгээр дүгнэлт (хх49-51), эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх5-11), таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зураг (хх73-74), Ш.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-66-68) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч Н.Н нь гэмт хэрэг гарсан 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 11 нас 2 сар 14 хоногтой байсан нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хх-15) болон түүний төрсний гэрчилгээний хуулбар (хх-14) зэрэг баримтаар тогтоогдсон тул прокуророос хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үндэслэл бүхий яллах дүгнэлт үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх дүгнэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч 100.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан тухай баримт (хх-93) –ыг гаргаж өгсөн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н нь тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч: “шүүгдэгч Ш.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт”-ийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Торгох ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Б од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 2008013450797 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Ш Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Б од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н тус хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2008013450797 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР