Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М холбогдох эрүүгийн 1904001800073 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                             Б.Наранжаргал

 Улсын яллагч                                              Н.Ганчимэг

 Шүүгдэгч                                                 С.М нар оролцов.

Монгол улсын иргэн, ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн С М /РД:/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.М нь Нийслэлийн Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р 281 дугаартай тамга, баталгааны тэмдэг, гарын үсэг, иргэн Т.Ч гарын үсэг бүхий иргэн Д.О, Т.Ч нарын эзэмшлийн тус дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот орон сууцыг Т.Чулуунбаатараас С.М захиран зарцуулах эрх олгосон бүртгэлийн дугаар 641, бүртгэлийн тэмдгийн 642 гэж дугаарласан итгэмжлэлийг хуурамчаар үйлдэгдсэн болохыг мэдсээр байж иргэн Б.М уг орон сууцыг барьцаалж 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, уг гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч С.М шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Д.О эгч Улаанбаатар хотод ирээд машин авах гэж байгаа талаар яриад байраа барьцаалж зээл авах гэхээр болохгүй байна гэж хэлсэн. ...2019 оны 9 дүгээр сарын дундуур бид нар Багануур дүүрэг рүү ирэх замд Ч ах пиво ууж явсаар байгаад Багануурт очихдоо согтоод гэртээ ороод унтчихсан. Тэр үеэр О эгч бид хоёр хоол идчихээд Хас банкны хоёр давхарт байдаг нотариат дээр очоод итгэмжлэл хийлгэсэн. Тэгсэн чинь нотариатч байрны хоёр өмчлөгч хоёулаа итгэмжлэл хийж өгч байж надад захиран зарцуулах эрх үүсдэг талаар тайлбарлаж өгсөн. Тухайн үед Ч ах согтчихсон гэртээ унтаж байсан бөгөөд би Улаанбаатар хот руу эрт гарахгүй бол оройтоод яах вэ гэж бодоод яваад өгсөн. Тэгээд Улаанбаатар хотод М таараад ойр зуурын юм ярьж байгаад итгэмжлэлээ үзүүлсэн чинь надад туслаад өгье гэж хэлсэн. Тэгээд М надад Ч надад итгэмжлэл хийлгэж өгсөн. Одоо М хаана байгааг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ажлын байр маань Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Хас” банкны 2 давхарт байрладаг. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д О, С М гэдэг 2 хүн итгэмжлэл гэрчлүүлэхээр ирсэн. Д.О нь Багануур дүүргийн 1 хороо, 23 дугаар байрны 15 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Т.Ч хамтран өмчилдөг байсан. Орон сууцаа зээлийн барьцаанд тавих болон захиран зарцуулах эрхийг С.М олгож итгэмжлэл гэрчлүүлсэн. Д.О нь С.М итгэмжлэл хийлгүүлэхдээ Иргэний хуульд заасан дээд хэмжээгээр буюу 3 жилээр гэрчлүүлсэн. Уг орон сууц нь 2 өмчлөгчтэй байсан учир би С.М “уг орон сууц нь 2 өмчлөгчтэй учир ганц Д.О итгэмжлэл аваад орон сууцийг зээлийн барьцаанд тавих, захиран зарцуулах эрх чамд үүсэхгүй, заавал Т.Ч итгэмжлэл авах шаардлагатай” гэж зөвлөсөн. С.М надад “Т.Ч гэртээ өвчтэй байдаг” гэж хэлсэн. Тэгсэн Д.О нь С.М “чи миний итгэмжлэлийг авч яваад зээлээ хөөцөлдчих, зээл нь бүтчихээр очоод гарын үсэг зуруулах юм чинь тэр үед итгэмжлэл хийлгэчихье” гэж хэлсэн. Би Д.О, С.М нарын итгэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 08 минутад итгэмжлэлийг бүртгэлийн 641 дугаарт бүртгэж гэрчилсэн. ...Тэгсэн над руу 3 хоногийн дараа Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ц.Э залгаж “чиний 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчилсэн Д.О С.М олгосон, мөн Т.Ч С.М олгосон 2 итгэмжлэл дээр чиний гарын үсэг өөрөөр зурагдсан байна. Чи энэ хоёр итгэмжлэлийг гэрчилсэн үү” гэж асуусан. Би Т.Ч С.М олгосон итгэмжлэлийг гэрчлээгүй тул “итгэмжлэл дээрх тамганы дугаар нь 281 гэж миний тамганы дугаар мөн юм уу” гэж асуухад “мөн байна” гэсэн. ...Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээр өөрөө очиход Т.Ч С.М 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдээд уг 2 итгэмжлэлийг ашиглан С.М Б.М гэж хүнээс 15 сая төгрөгийг 15 сарын хугацаатай сард 4% хүүтэй зээлж, уг зээлийн барьцаанд Д.О, Т.Ч нарын өмчлөлийн Багануур дүүргийн 1 хороо, 23 дугаар байрны 15 тоотод байрлах орон сууцыг барьцаалахаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байсан. ...Хуурамч итгэмжлэлийн доор байгаа баталгааны тэмдэг дээр миний гарын үсгийг дуурайлган зурж итгэмжлэлийг гэрчилсэн огноог 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэж бичиж бүртгэлийн дугаарын 642 гэж тавьсан байсан. Тухайн өдөр миний 642 дугаарт бүртгэж гэрчилсэн итгэмжлэл нь Т.Ч С.М олгосон итгэмжлэл биш, харин Н.М өөрийн дүүд олгосон газар эзэмших эрх шилжүүлэхэд олгосон итгэмжлэл байсан. ..би Т.Ч огт хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Хохирогч Г.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Надад гэрчээр өгсөн мэдүүлэг болон 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гомдол дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тус хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Ч мэдүүлсэн: “...Би хэзээ хаана очиж итгэмжлэл хийлгэснийг мэдэхгүй байна. Манай эхнэр Д.О С.М нар хийлгэсэн байж магадгүй. Би өөрөө бол очиж итгэмжлэл хийлгэж байгаагүй. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны гэрчилгээ би болон эхнэр Д.О нэр дээр байдаг. Тухайн үед эхнэр миний иргэний үнэмлэхийг аваад явсан үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.О мэдүүлсэн: “...Би С М танина. Миний том ах Д.Э эхнэрийн том ах М.С бага охин байгаа юм. Нөхөр бид хоёр машин авах гээд байраа барьцаанд тавиад зээл авах гэсэн чинь Банк болон Банк бус санхүүгийн байгууллагууд нөхрийг минь тэтгэвэрт, намайг группэд байдаг болохоор орлого тодорхойлох боломжгүй гээд зээл өгөхгүй гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр С.М “бид хоёр өвлөөс өмнө машинтай болох гэсэн чинь банк болон банк бус санхүүгийн байгууллагууд зээл өгдөггүй. Багануур дүүрэгт байгаа байраа барьцаанд тавьж болдог юм болов уу” гэсэн чинь “ганц хоёр хүнтэй ярьсан чинь болох юм шиг байна, бичиг баримтуудыг нь аваад ир судлаад үзье” гэсэн. Тэгээд бид хоёр нотариатч дээр очоод итгэмжлэл хийлгээд өгье гээд Улаанбаатар хотоос 2019 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр 11 цагийн үед С.М, нөхөр Т.Ч бид гурав хамт Багануур дүүрэгт ирсэн. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Хас” банкны 2 давхарт Г.Р гэдэг нотариатч дээр С.М бид 2 очиж итгэмжлэл хийлгэсэн. Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоотод байдаг 39 м.кв талбайтай орон сууц нь нөхөр Т.Ч бид хоёрын нэр дээр байдаг байр. Би нөхөр Т.Ч ханилаад 14 жил болж байна, бид хоёр гэрлэлтээ 2018 онд батлуулсан. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нотариатч дээр очихдоо би иргэний үнэмлэхийг нь нөхрийнхөө түрүүвчнээс аваад С.М өгсөн. Тухайн үед Т.Ч согтуу байсан болохоор нь дагуулж яваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Э мэдүүлсэн: “...С.М тухайн үед ганцаараа явж байсан. Т.Ч гэх хүн нь өвчтэй байгаа, яаралтай эмчилгээнд авч явах гээд зээл авах гэсэн гэж байсан. Бараг л эмчилгээний зардалд нь зарцуулах зорилгоор зээл авах гэж байгаа мэтээр ярьж байсан. С.М нь иргэн хоорондын зэээлийн гэрээ хийх гэж явж байсан бөгөөд гэрчилгээний өмчлөгч нь 2 хүн байсан бөгөөд хоёулангаас нь тус тусад нь итгэмжлэл хийлгэж авсан байсан. Тэгээд Д.О итгэмжлэлийг Чулуунбаатартай хийсэн итгэмжлэлтэй харьцуулж харахад скайнердсан юм шиг сонин харагдаад байсан. Тэгэхээр нь Г.Р руу утасдаад асуусан чинь “О гэсэн итгэмжлэл нь над дээр хийсэн байна, Т.Ч нь итгэмжлэл хийгээгүй байна, та материалыг нь өөр дээрээ байлгаж бай, би өөрөө тань дээр очъё” гэсэн. Тухайн үед намайг Г.Р ярьж байхад С.М сонсоод байж байсан бөгөөд намайг утсаар ярьж байхад гарч яваад буцаж ирээгүй. Над дээр бүх материал нь үлдсэн. Тэр өдөр ажил тарах үед Р над дээр ирээд материалыг нь үзээд “миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашигласан байна гээд надад байсан материалуудыг аваад цагдаагаар шалгуулна” гэж байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа, зээлийн гэрээ, итгэмжлэл зэрэг зүйлсийг авч ирсэн. ...С.М нь Улаанбаатар хотоос ирсэн, өвчтэй хүн /Т.Ч/ авч явах гээд байгаа болохоор яаралтай гаргаад өгөөч хураамжаа хаана тушаах вэ гээд яваад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44-45/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.М мэдүүлсэн: “...урьд өмнө нь С.М гэх хүн надаас мөнгө зээлж авч байгаагүй. С.М гэх хүн 2019 оны 09 сарын орчим нэг эмэгтэй хүнтэй цуг явж байсан. Тэр хүн нь С.М итгэмжлэл олгосон хүн нь байсан. Өөр хүн цуг яваагүй. Зээл авахаар ирэхдээ байрны гэрчилгээ, 2 итгэмжлэл, С.М болон цуг ирсэн эмэгтэйн иргэний үнэмлэх зэрэг материал бүрдүүлсэн байсан. С.М нь “хүнээс удахгүй их хэмжээний мөнгө авна. Тэгэхээр 1-2 сар болоод хаачихна” гэж байсан. Тэгээд ч байрны гэрчилгээг нь авч үлдэж байгаа болохоор бичиг баримтад нь итгэсэн. С.М нь надаас авсан мөнгөөрөө “эмнэлгээр явна, яаралтай мөнгөний хэрэг гарсан” гэж байсан. Би зээлийн гэрээг гэрчлүүлэхээр С.М болон түүнтэй цуг явж байсан эмэгтэйн хамт очиж гэрчлүүлсэн. Гэрээ байгуулсны дараа сараас мөнгийг шилжүүлэхээр тохиролцсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б мэдүүлсэн: “...Би 2019 оны 9 сард Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Мишээл төв дээр нотариатч хийдэг байсан. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3107 дугаарт бүртгэгдсэн зээлийн гэрээг гэрчлүүлэхээр С.М гэх хүн ямар хүнтэй ирснийг санахгүй байна. Би С.М гэх хүнийг танихгүй. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 641 тоот итгэмжлэл /Т.Ч С.М олгосон/, мөн 641 дугаарт бүртгэгдсэн Д.О С.М олгосон итгэмжлэл. Дээрх хоёр итгэмжлэл нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг барьцаанд тавих, худалдах, бэлэглэх, арилжах эрхийг С.М олгосон байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа байсан. Дээрх хоёр итгэмжлэлийн шивэгдсэн дугаар нь 641 гэсэн боловч нотариатчийн тамган дээрх гараар бичсэн дугаар 641, 642 гэсэн байсан. Бид нотариатчийн бичсэн дугаараар баримт бичгийг гэрчилж бүртгэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

Бүртгэлийн дугаар 641, бүртгэлийн тэмдгийн 642 гэж дугаарласан: “...Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот хаягт оршин суух  регистрийн дугаартай Н овгийн Т Ч Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 82-17 тоотод оршин суух,  Б овгийн С М  олгосон Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжах эрхийг олгосон...” гэх итгэмжлэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийн 642 дугаарт төлөөлүүлэгч Н.М төлөөлөгч Н.М тус дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний хэсэг, 115 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8849 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл. Хугацаа 1 жил гэх бүртгэл /хх-ийн 20 дугаар хуудас/,

Зээлийн гэрээгээр “...Б.М С.М 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 15.000.000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй зээлэхээр барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалав..” гэжээ, гэрээний хавсралт, барьцааны гэрээний хуулбар /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Нийслэлийн Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2020 оны 3 сарын 13-ны өдрийн №1173 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 08 минут гэсэн огноотой, бүртгэлийн дугаар 641, “Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р итгэмжлэл” гэсэн баримт болон “2” гэж дугаарласан 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 цаг 43 минут гэсэн огноотой, бүртгэлийн 642, “Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р итгэмжлэл” гэсэн баримт, “1а”, “2а” гэж дугаарласан 2019 оны 09 сарын 16 өдөр 14 цаг 08 минут гэсэн огноотой, Бүртгэлийн дугаар 641, “Багануур дүүргийн тойргийн нотариатч Г..Р Итгэмжлэл “ гэсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “1” гэж дугаарласан 2019 оны 09 сарын 16 өдөр 14 цаг 08 минут гэсэн огноотой, Бүртгэлийн дугаар 641, “Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р Итгэмжлэл” гэсэн баримт болон “2” гэж дугаарласан 2019 оны 09сарын 16 өдөр 14 цаг 43 минут гэсэн огноотой, Бүртгэлийн дугаар 642, “Багануур дүүргийн тойрийн нотариатч Г.Р Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт байх тэмдэгний дардасны “төгрөг” гэсний урд бичигдсэн “10000” гэсэн бичгээс үргэлжлүүлэн холбож зурагдсан гарын үсгүүд нь “1а”, “2а” гэж дугаарласан 2019 оны 09 сарын 16 өдөр 14 цаг 08 минут гэсэн огноотой, Бүртгэлийн дугаар 641, “Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт байх хуурамч тэмдэгний дардасны “хөлсөлсөн”” гэсний ард зурагдсан гарын үсгүүдтэй бүтцээрээ тохирохгүй байна.

3. “1а”, “2а” гэж дугаарласан 2019 оны 09 сарын 16 өдөр 14 цаг 08 минут гэсэн огноотой, Бүртгэлийн дугаар 641, “Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р Итгэмжлэл” гэсэн баримтын доод хэсэгт байх тэмдэгний дүрслэл нь хэвлэмэл хуурамч тамга, тэмдэгний дардас байна. Иймд харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62-63 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...ХЛ86112063 регистрийн дугаартай Б овгийн С М...” гэжээ.  /хх-н 136/,

Шүүгдэгч С.М нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 119/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.М холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.М нь хуурамч баримт бичиг гэдгийг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.М нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 222/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.М нь Нийслэлийн Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р 281 дугаартай тамга, баталгааны тэмдэг, гарын үсэг, иргэн Т.Ч гарын үсэг бүхий иргэн Д.О, Т.Ч нарын эзэмшлийн тус дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот орон сууцыг Т.Ч С.М ..захиран зарцуулах эрх олгосон бүртгэлийн дугаар 641, бүртгэлийн тэмдгийн 642 гэж дугаарласан итгэмжлэлийг хуурамчаар үйлдэгдсэн болохыг мэдсээр байж иргэн Б.М уг орон сууцыг барьцаалж 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, уг гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг завдсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би Чулуунбаатартай итгэмжлэл хийгээгүй. Тэр итгэмжлэлийг хүнээр хийлгүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч, Г.Р “Д О, С М гэдэг 2 хүн итгэмжлэл гэрчлүүлэхээр ирсэн. Д.О нь Багануур дүүргийн 1 хороо, 23 дугаар байрны 15 тоотод байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Т.Ч хамтран өмчилдөг байсан. Орон сууцаа зээлийн барьцаанд тавих болон захиран зарцуулах эрхийг С.М олгож итгэмжлэл гэрчлүүлсэн. Уг орон сууц нь 2 өмчлөгчтэй байсан учир би С.М “уг орон сууц нь 2 өмчлөгчтэй учир ганц Д.О итгэмжлэл аваад орон сууцийг зээлийн барьцаанд тавих, захиран зарцуулах эрх чамд үүсэхгүй, заавал Т.Ч итгэмжлэл авах шаардлагатай” гэж зөвлөсөн. Би Д.О, С.М нарын итгэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 08 минутанд итгэмжлэлийг бүртгэлийн 641 дугаарт бүртгэж гэрчилсэн. ...Тэгсэн над руу 3 хоногийн дараа Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ц.Э залгаж “чиний 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрчилсэн Д.О С.М олгосон, мөн Т.Ч С.М олгосон 2 итгэмжлэл дээр чиний гарын үсэг өөрөөр зурагдсан байна. Чи энэ хоёр итгэмжлэлийг гэрчилсэн үү” гэж асуусан. Би Т.Ч С.М олгосон итгэмжлэлийг гэрчлээгүй тул “итгэмжлэл дээрх тамганы дугаар нь 281 гэж миний тамганы дугаар мөн юм уу” гэж асуухад “мөн байна” гэсэн. ...Багануур дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс дээр өөрөө очиход Т.Ч С.М 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдээд уг 2 итгэмжлэлийг ашиглан С.М Б.М гэж хүнээс 15 сая төгрөгийг 15 сарын хугацаатай сард 4% хүүтэй зээлж, уг зээлийн барьцаанд Д.О, Т.Ч нарын өмчлөлийн Багануур дүүргийн 1 хороо, 23 дугаар байрны 15 тоотод байрлах орон сууцыг барьцаалахаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, гэрч Т.Ч “Би хэзээ хаана очиж итгэмжлэл хийлгэснийг мэдэхгүй байна. Манай эхнэр Д.О С.М нар хийлгэсэн байж магадгүй. Би өөрөө бол очиж итгэмжлэл хийлгэж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Д.О “2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Хас” банкны 2 давхарт Г.Р гэдэг нотариатч дээр С.М бид 2 очиж итгэмжлэл хийлгэсэн. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нотариатч дээр очихдоо би иргэний үнэмлэхийг нь нөхрийнхөө түрүүвчнээс аваад С.М өгсөн. Тухайн үед Т.Ч согтуу байсан болохоор нь дагуулж яваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч Ц.Э “Тэгээд Д.О итгэмжлэлийг Ч хийсэн итгэмжлэлтэй харьцуулж харахад скайнердсан юм шиг сонин харагдаад байсан. Р над дээр ирээд материалыг нь үзээд “миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашигласан байна гээд надад байсан материалуудыг аваад цагдаагаар шалгуулна” гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Б.М “С.М гэх хүн 2019 оны 09 сарын орчим нэг эмэгтэй хүнтэй цуг явж байсан. Тэр хүн нь С.М  итгэмжлэл олгосон хүн нь байсан. Өөр хүн цуг яваагүй. Зээл авахаар ирэхдээ байрны гэрчилгээ, 2 итгэмжлэл, С.М болон цуг ирсэн эмэгтэйгийн иргэний үнэмлэх зэрэг материал бүрдүүлсэн байсан. Тэгээд ч байрны гэрчилгээг нь авч үлдэж байгаа болохоор бичиг баримтад нь итгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/, гэрч Б.Б “Би 2019 оны 9 сард Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний Мишээл төв дээр нотариатч хийдэг байсан. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3107 дугаарт бүртгэгдсэн зээлийн гэрээг гэрчлүүлэхээр С.М гэх хүн ямар хүнтэй ирснийг санахгүй байна. Би С.М гэх хүнийг танихгүй. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 641 тоот итгэмжлэл /Т.Ч С.Мөнхзаяад олгосон/, мөн 641 дугаарт бүртгэгдсэн Д.О С.М олгосон итгэмжлэл. Дээрх хоёр итгэмжлэл нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг барьцаанд тавих, худалдах, бэлэглэх, арилжах эрхийг С.М олгосон байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа байсан. Дээрх хоёр итгэмжлэлийн шивэгдсэн дугаар нь 641 гэсэн боловч нотариатчийн тамган дээрх гараар бичсэн дугаар 641, 642 гэсэн байсан. Бид нотариатчийн бичсэн дугаараар баримт бичгийг гэрчилж бүртгэдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/, Бүртгэлийн дугаар 641, бүртгэлийн тэмдгийн 642 гэж дугаарласан итгэмжлэл, зээлийн гэрээ /хх-н 15-16/, Нийслэлийн Багануур дүүргийн тойргийн нотариатч Г.Р 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бүртгэсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-н 21-29/, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 642 дугаарт төлөөлүүлэгч Н.М төлөөлөгч Н.М тус дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний хэсэг, 115 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 8849 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх-н 20/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 1173 дугаартай дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Иймд С.М үйлдэл нь эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Р нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. /хх-ийн 226/. Иймд шүүгдэгч С.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс С.М гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй ба торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн болно.

С.М “ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр Наран Фүүдс ХХК-нд худалдааны менежерээр ажилладаг гэх боловч хавтаст хэргийн 227 дугаар талд авагдсан Ажлын байрны тодорхойлолт нь эх хувиараа биш тамга тэмдэггүй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс С.М нь эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  харгалзан торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2021 оны 1 сарын 31-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн С М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн С М 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.М мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол С.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. С.М холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Г.Р төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА