| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0607/Э |
| Дугаар | 0768 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 0768
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008000001028 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ......................................................................................................................................................................, Б овогт А Э (РД).
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ..... тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн дүү А.Ж-ийг “өөдөөс маргалдлаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газар нь цохиж, баруун гуян тус газар нь автомашины түлхүүрээр хатгаж, эрүүл мэндэд нь хатгагдсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-8 дугаар тал),
2. Хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“..Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин .... тоотод ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг... 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 18-19 цагийн орчим гэртээ ирэхэд төрсөн ах Эрдэнэхуяг хоёр эмэгтэй хүнтэй архи уусан байсан. Би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад Эрдэнэбаяр ах орж ирээд хөнжил татаад толгойн тус газарт цохисон. Би босоод “та яагаад байгаа юм бэ. Та архи их уусан байна. Одоо гэр лүүгээ яв гэж” хэлэхэд “чи муу намайг миний ээжийн гэрээс хөөлөө” гээд заамдаж авсан... баруун гуя руу ах нэг юмаар хатгах шиг болсон. Миний баруун гуянаас цус их гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),
3. Гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2020 оны 05 сарын 29-ний өдөр Говь-Алтай аймгийн нутгийн зүс таних хоёр эмэгтэйтэй тааралдаад... би гэртээ дагууж ирээд нэг шил 0.75 литрийн архи аваад уугаад бараг дуусаж байхад 18 цагийн орчим манай хамгийн бага дүү болох Жамбалжамц гаднаас орж ирсэн. Жамбалжамц орон дээр хэвтэж байхад гаднаас удалгүй манай том ах Эрдэнэбаяр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Эрдэнэбаяр ах Жамбалжамцад хандаж “чи юу хийж байна. Ажил төрөл хийхгүй байгаа”юм уу” гэж асуутал Жамбалжамц “чамд ямар хамаатай юм” гээд өөдөөс нь хэгжүүрхээд байсан... Эрдэнэбаяр ах уурлаад толгойн тус газарт нэг удаа цохиход Жамбалжамц босоод ирсэн... тэр хоёр муудалцаад байж байхад Жамбалжамцийг түр хойшоо харах хооронд Эрдэнэбаяр ах машиныхаа түлхүүрээр нэг удаа Жамбалжамцийн баруун гуянд хатгасан. Цус их гарсан. Би түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6509 дүгээр дүгнэлт: “Хэсэг газрын үзлэг: Баруун гуяны ар доод хэсэгт хөндлөн 1.5x0.1 см хэмжээтэй тойроод 20.0x15.0 см хэмжээтэй хүрэн шаргал өнгийн цус хуралт бүхий хавдаж улайсан гүн шархтай.
1. А.Жамбалжамц-н биед баруун гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
5. Шүүгдэгч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 05 сарын 29-ний өдөр нагац ах Цамбажавын гэрт нэг шил 0.5 литрийн архийг ууж дуусаад 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо 99-11 тоотод ороход манай дүү... А.Жамбалжамц, А.Эрдэнэхуяг нар танихгүй хоёр хүүхэнтэй байсан... төрсөн дүү Жамбалжамцад хандаж “чи одоо ажил төрөл хийж байгаа юм уу” гэж асуухад өөдөөс “чамд хамаагүй” гээд хэгжүүрхээд байхаар би толгойн тус газарт нь нэг удаа цохисон... орон дээр хэвтэж байснаа босож ирээд зодолдох гээд байхаар нь “чи муу одоо яасан том болчихсон юм” гээд гартаа барьж явсан “Соната-6” маркийн машины түлхүүрээр дүү Жамбалжамцийн баруун гуя руу нэг удаа хатгасан... баруун гуянаас цус их хэмжээгээр гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
6. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 71 дүгээр тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 40-45 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 81 дүгээр тал) гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоолоор хангаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал)-ыг гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэнийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Э т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Э нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 99-11 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн дүү А.Ж-ийг “өөдөөс маргалдлаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, баруун гуянд авто машины түлхүүрээр хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх3-8), хохирогч А.Ж-ийн мэдүүлэг (хх23-24), гэрч А.Эрдэнэхуягийн мэдүүлэг (хх-16), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6509 дугаар дүгнэлт (хх 27-28), шүүгдэгч А.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх 58-59), зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Э нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, хохирогч А.Ж-ийн эрүүл мэндэд халдаж Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” шинжийг бүрэн хангажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...гэр бүлийн бусад гишүүн...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч А.Э , хохирогч А.Жамбалжамц нар нь төрсөн ах дүү болох нь тэдгээрийн иргэний мэдээлэл (хх-47,51), гэрч А.Эрдэнэхуягийн мэдүүлэг (хх-16) зэрэг баримтаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нь тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч А.Э ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв.
- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Жамбалжамц нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч эмчилгээний зардал 50.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч А.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч А.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг шүүгдэгч мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Э т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Соната-6” маркийн машины нэг ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Э т буцаан олгож шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Эрүүгийн 2008000001028 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Э т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 2008000001028 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Соната-6” маркийн машины нэг ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Э т буцаан олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР