Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 14

 

            

О.Бд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Бд холбогдох, эрүүгийн 1719000000074 дугаартай, 1 хавтас, 127 хуудас бүхий хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, нарийн боовчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Сайншанд худалдааны төвийн ...цехэд талхчин ажилтай, Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Онход овогт Оюунцэцэгийн Б /РД:ЕО82091762/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч О.Б 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын гудамжинд 18-46 ДГО улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.1, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, явган зорчигч Г.Сугирыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Бг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Г.Сугирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирогч Г.Сугирт цаашид гарах эмчилгээний зардал, мөнгийг хариуцахыг үүрэг болгосон албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэг давж заалдсан гомдолдоо: Тээврийн хэрэгслийн үйлдсэн аваарыг тогтоосон актгүйгээр сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогчийн ээж Батцэцэгийг шууд дуудан авчирч, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцуулан хэлэлцэж тогтоол гаргасан байна. Энэ тогтоолыг 2017.11.15-нд авсан болно. Тогтоосон актыг хохирогч Г.Сугирт танилцуулаагүйгээс үзэхэд акт тогтоогоогүй нь харагдаж байна. Хэрэв акт тогтоосон бол хохирогч болон хохирогчийн эцэг эхэд нь танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой. Иймд анхан шатны шүүх нь ямар ч үндэслэх баримтгүй шууд шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдсан гомдлыг гаргав гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батцэцэг ослыг тогтоосон актгүйгээр, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн, тогтоосон актыг хохирогч Сугирт танилцуулаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Аворыг тогтоосон акт гэдгийг Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт гэж ойлгож байна. Шүүгдэгч  О.Бгийн зам тээврийн ослыг тогтоосон 2017.11.07-ны өдрийн 84 дүгээр дүгнэлт хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд байгаа. Зам тээврийн ослын шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн 2017.11.02-ны өдрийн тогтоолтой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батцэцэг танилцаад, гарын үсэг /хх-33/ зурсан байна. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан 2017.11.27-ны өдрийн тэмдэглэлд хууль ёсны төлөөлөгч Батцэцэг хүсэлтгүй гэж бичээд, танилцсан гарын үсгээ зурсан байна. Энэ нь хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд байгаа. Батцэцэгийг мөрдөгчийн 2017.11.23-ны өдрийн тогтоолоор хохирогч Сугирын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг ялангуяа мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг танилцуулаад, гарын үсэг зуруулжээ. Мөн түүнээс иргэний нэхэмжлэгчээр 2017.11.27-ны өдөр мэдүүлэг авсан ба тэмдэглэлд хуульд заасан хохирогчийн эрх үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна. Хэргийн мөрдөн байцаалтанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон үеэс Батцэцэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг мөрдөгчийн зүгээс хуульд зааснаар танилцуулсан, энэ эрхээ эдлэх боломж нь нээлттэй байсан. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батцэцэгийг эрхийнхээ хүрээнд өөрийгөө өмгөөлж оролцсон гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй оролцогч биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан өмгөөлөх эрх нь зөрчигдөөгүй. Шүүгдэгч Бд холбогдох хавтаст хэргийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байгаа тул түүний давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Мөрдөн шалгах явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн тул уг шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан шаардлагыг хангасан, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Тодруулбал шүүгдэгч О.Б 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 08 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын гудамжинд 18-46 ДГО улсын дугаартай Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8-ийн 8.1, 9-ийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс явган зорчигч 7 настай Г.Сугирыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх6-7/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-8/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх10-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх12-13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/, жолоочийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-15/, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх-34/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт №363 /хх-39/, шинжээчийн дүгнэлт  танилцуулсан тэмдэглэл /хх 60-61/, шүүгдэгчийн төлбөр төлсөн баримт /хх 66-73/ зэрэг нотлох баримтаар нотлогджээ. 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулсан байх ба оролцогчоос мэдүүлэг авах, нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Мэдүүлэг өгөгчдийн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг дээр дурдсан нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлаж үзэхэд шүүгдэгч О.Бгийн үйлдлээс, явган зорчигч,                            хохирогч Г.Сугир /хх-78/-ын биед баруун, зүүн дунд чөмөгний дээд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал, орчмын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн бугалганы цус хуралт, баруун шанаа, зүүн шанаа, эрүүний доод хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт тогтоогджээ.

Бага насны Г.Сугир насанд хүрээгүй хохирогч тул түүний төрсөн эх Ц.Батцэцэгийг хуульд заасан журмын дагуу хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь энэ талаарх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 8.2 дугаар зүйлийн 2-т заасан журамд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн байна.  

Эрүүгийн  хэргийг хянан шийдвэрлэх явцад  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.Батцэцэгт эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулж, гарын үсгийг зуруулсан нь хавтаст хэргийн материалд авагдсан удаа дараагийн баримтаар тогтоогдож байх тул түүний өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах,  хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. 

Шүүх, прокурор, мөрдөгчөөс энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч буюу оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэгийн “...тогтоосон актыг хохирогч Г.Сугирт танилцуулаагүйгээс үзэхэд акт тогтоогоогүй нь харагдаж байна. Хэрэв акт тогтоосон бол хохирогч болон эцэг эхэд нь танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах ёстой. Анхан шатны шүүх ямар ч үндэслэх баримтгүй шууд шийдвэрлэсэн” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн төдийгүй шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгч О.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, 2890000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн болон түүний 6 сартай жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж, хохирогч Г.Сугирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсантай холбоотой цаашид гарах зардлыг хариуцахыг түүнд үүрэг болгосон албадлагын арга  хэмжээ авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан “Хууль ёсны, шударга ёсны зарчим”-д нийцжээ.

Хохирогч Г.Сугирын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой гэмтлийг эмчлүүлэхэд шаардлагатай, цаашид гарах эмчилгээний зардлыг жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргах эрхтэй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс энэ эрхээ хэрэгжүүлэх боломж нээлттэй юм.

Харин шинжээчийн дүгнэлтэд “...эцэг, эх...10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ биелүүлээгүй” гэж тэмдэглэгдсэнээс үзэхэд дээрх нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах нэг шалтгаан нөхцөл болсон байх бөгөөд энэ талаарх зөрчилд хохирогч Г.Сугирын эцэг эх гэм буруутай эсэх талаар прокурор, мөрдөгчөөс шалгаж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй байгааг анхаарвал зохино.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2017/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                А.САЙНТӨГС

                                                                                      Н.БОЛОРМАА