Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Ч.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7662 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж” шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 719 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0029/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Э нь Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7662 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж” шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021  оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 719 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлсэн боловч 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан ...үнэлэх” үүргээ хэрэгжүүлэлгүй зөвхөн Улсын Дээд Шүүхийн 2020 оны 311 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2020 оны 13-2Ү7662 тоот албан бичгийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, шийдвэртээ ямар нотлох баримтыг шинжлэн судалсан, хэрхэн үнэлсэн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

3.2.Улсын Дээд Шүүхийн 2020 оны 311 дүгээр тогтоолын 22-т “...түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш хугацааны ажилд томилоогүйтэй холбоотой нөхөн олговрын хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж заасан. Намайг ажлаас халагдсанаас хойш 2 сар 19 хоногийн дараа томилогдсон Болдхүү, Мөнх-учрал \хх 149-150, 153-154\, 2 сар 12 хоногийн дараа томилогдсон Баянмөнх \хх 151-152\, 1 жил 3 сар 6 хоногийн дараа томилогдсон Улаанхүүхэн \2-р хавтас. 8.036.542 төгрөг\ нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжууд хэрэгт авагдсан. Ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотой дээрх нэр бүхий 4 иргэнд 2 сар 12 хоногоос 1 жил 3 сарын хугацаанд олгосонн цалинг төлбөрт оруулан тооцсон зөрчлийг Сангийн сайдын 2020 оны 13-2Ү7662 тоот албан бичигтээ тусгаагүй, зөвхөн Одхүү, Болдхүү нарын цалингаар хязгаарласан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “..,албан бичгийн энэ хэсэг нь нэхэмжлэгчид эерэг үр дагаврыг үүсгэхээр байна...” гэж дүгнэсэн нь шударга ёсны зарчим алдагдаж, шүүхийн шийдвэр хууль бус гарахад нөлөөлсөн.

3.3.Мөн 12.233.672 төгрөгийн төлбөр бүхий 2019 оны 31-01\81 тоот актыг Улсын Дээд шүүхийн 311-р тогтоолоор, 2019 оны 31 -01\61, 31-01 \62 тоот актуудыг Сангийн сайд 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 13-2\5777, 13- , 2\5759 тоот албан бичгээр хүчингүй болгосоор байтал 2020 оны 31-01И0 тоот актад төлбөрийг оруулж тооцсон нь миний- эрх ашгийг зөрчиж байхад шүүх “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Сангийн сайдын 2020 оны 13- 2\7662 тоот албан бичиг нь харин ч нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр...” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна...гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бүрэн үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.4.Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаас аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9 сараас 2019 оны 10 сар хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд 3 удаа шалгалт хийж, 6 удаа төлбөрийн акт тавьсан. Үүнээс шүүхийн болон Сангийн сайдын шийдвэрээр 5 акт нь хүчингүй болсон байдаг.

3.5.Акт тус бүрийг эрх бүхий байгууллагаас хэрхэн шийдвэрлэснийг хүснэгтээр харуулбал:

д/д

Актын

огноо,дугаар

Төлбөрийн хэмжээ

Шийдвэрлэсэн байгууллага, албан тушаалтан

Шийдвэрийн огноо дугаар

Шийдвэрлэсэн байдал

1

2018 10.08 -ний өдрийн 31 \03-54 тоот акт

41.730.623

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

2019.04.17-ны 06 шийдвэр

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж 39.5 сая төгрөгийн төлбөр төлөгдөж байгаа.

 

2

2019.06.28

-ний

өдрийн 31- 01 \60 тоот акт

 

 

 

105.840.125

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

2020.03.03-ны 09-р шийдвэр

3 сарын. хугацаатай түдгэлзүүлж,: дахин . гаргахыг даалгасан

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

2020.4.29-ний

286-р

магадлал

Төлбөрийг 6.649.674 төгрөгөөр багасган, 31 -01 \81 тоот актыг хүчингүй болгосон

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх

2020.07.22-ны 311-р тогтоол

31-01\60 тоот актыг түдгэлзүүлж, 31 -01 \81 тоот актыг хүчингүй болгосон

3

2019.9.30- ны өдрийн 31 -01\81 тоот акт

12.233.672

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

2020.03.03-ны 09-р шийдвэр

3 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин гаргахыг даалгасан

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх

2020.07.22-ны 311-р тогтоол

хүчингүй болгосон

 

4

2019.6.28 31 -01\61 тоот акт

Хүчингүй болсон 31- 01 \81 тоот актын төлбөрөөс 1.551.862

Сангийн сайд

2019.8.21

13-2\5777

Г.С-т хариуцуулсныг хүчингүй болгосон

5

2019.6.28 31 -01\62 тоот акт

Хүчингүй болсон 31- 01\81 тоот актын төлбөрөөс 10.680.807

Сангийн сайд

2019.8.21

13-2\5759

 

Ж.Т-д хариуцуулсныг хүчингүй болгосон

 

6

2020.10.9 31-01 \40

104.840.248

Сангийн сайд

13-2\7662

Энэхүү акт нь шүүхийн даалгасны дагуу 2019.06.28-ний өдрийн 31 -01 \60 тоот актыг шинэчлэн гаргасан акт боловч өмнө шүүхийн шийдвэр, Сангийн сайдын шийдвэрээр хүчингүй болсон 2019;.9.30-ны өдрийн 31-01\81, 2019.6.28 31- 01А61, 2019.6.28 31-01\62 тоот актуудын төлбөрийг нэмж тооцсон.

3.6.Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019.06.28-ний өдрийн 31 -01 \60 тоот актыг шүүхээс түдгэлзүүлснээр 2020.10.9-ний өдрийн 31-01\40 тоот акт: ' шинэчлэгдэн гарсан. Харин 2019.9.30-ны өдрийн 31-01\81 тоот актыг шүүхээс хүчингүй болгосноор уг актын үйлчлэл бүрэн зогсох байтал улсын байцаагч нар 31 -01\81 тоот актыг өөрчлөн 2019.6.28-ны өдрийн 31 -01 \61,^ 31 -01 \62 тоот акт болгон гаргасныг Сангийн сайдын шийдвэрээр хүчингүй болгосон. Гэтэл дахиад л: 2020.10.9-ний өдрийн 31-01 \40 тоот актад удаа дараа хүчингүй болсон актын төлбөрийг нэмж тооцон оруулсан. 31-01\40 тоот акт алдаатай, зөрүүтэй, хуул;ь зөрчсөн учраас Сангийн сайдын шийдвэрээр хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нар болон Сангийн сайд Захиргааны ерөнхий хуулийн 103.1, Иргэний хуулийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2/ 10.12.6-т;заасан үүргээ хангалттай сайн биелүүлсэн нь удаа дараагийн акт, Сангийн сайдын 2019 оны 13-2\5777, 13-2\5759, 2020 оны 13-2\7662 тоот албан бичгүүдээр нотлогдоно. Нэхэмжлэгчийн зүгээс эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт хийх, зөрчил илрүүлж төлбөрийн акт тавих, иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх зэрэг хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлснийг буруу, хууль зөрчсөн гэж маргаагүй, гаргасан шийдвэр нь хууль зөрчсөн гэж маргасан байхад, шүүх нэхэмжлэлийн шаардлагад бодит дүгнэлт хийж чадсангүй. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол төлбөрийг төлөх ёстой гэсэн байр сууринаас хандаж шийдвэрлэсэн.

3.7.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.6 болон Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 11.2-т улсын байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаа болон хяналт шалгалттай холбогдуулан гаргасан гомдлыг улсын ерөнхий байцаагч шийдвэрлэхээр тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 9-р бүлэгт Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулсан. Ямар тохиолдолд ямар шийдвэр гаргахыг хуульчилсан. Энэ хууль журмын дагуу миний бие 2020.10.9-ний өдрийн 31 -01 \40 тоот актыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Сангийн сайд актыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий- хуулийн 98.1.2-т Гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэсэн заалтад нийцэж байгаа юм.

3.8.Харин хуулийн 98.1.3-т “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” шийдвэр гаргах эрх олгосон бөгөөд хуулийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Санхүүгийн хяналт, аудитын алба нь аймгийн ЗДТГ-ын 2019 оны 3\901 тоот хүсэлтийн дагуу 3 удаа хяналт шалгалт хийж, 6 удаагийн акт тавиад байгаа нь энэхүү эс үйлдэхүйд хамаарахгүй, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах үүргээ биелүүлж 2020.10.9-ний өдрийн 31- 01 \40 тоот актыг гаргасан тул Сангийн сайдаас “захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” эрх зүйн үндэслэл бүрдэхгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т “...захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана” гэж заасан байхад Сангийн сайд 98.1.2, 98.1.3-т заасан шийдвэрийг давхардуулан гаргасан. Гэтэл шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг харгалзалгүй “...доод шатны улсын байцаагчийн шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг хэрхэн яаж. шийдвэрлэх, ямар шийдвэр гаргах нь улсын ерөнхий байцаагчийн эрх хэмжээний асуудал байх тул зохих актыг дахин гаргахыг даалгах эрх Сангийн сайдад олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна” дүгнэлт хийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оньИ1 дүгээр сарын 02-ны өдрийн 0719 дугаартай шийдвэртэй хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

3.Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч Ч.Э-ээс “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7662 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж” шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргажээ.

3.2.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор[1] нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/81 тоот актыг хүчингүй болгож, Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналтын аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Төсвийн хөрөнгө төлүүлэх тухай” 31-01/60 актыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолыг биелүүлэн Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн “Төсвийн хөрөнгийг төлүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 31-01/40 дүгээр актаар[2] Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 103 дугаар зүйлийн 103.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу төсвийн 104,840,248 төгрөгийг Ч.Эээр төлүүлж, Сүхбаатар аймгийн хүү, торгуулийн орлогын ...дансанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төвлөрүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлд хариуцуулах шийдвэрийг гаргажээ.

Энэхүү улсын байцаагчийн 31-01/40 дүгээр актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Сангийн сайдад гомдол гаргаж, Сангийн сайдаас гомдлыг хянаад, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7662 албан бичгээр “...Ч.Э-ийн албан үүргээсээ чөлөөлөгдсөн хугацаанд хамаарах хохирлыг гаргуулахаар тогтоосон байгаа нь шүүхийн шийдвэртэй зөрчилдөж байна...” гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн 31-01/40 дүгээр актыг хүчингүй болгож, зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалган шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.”,  93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, 98 дугаар зүйлийн 98.1.Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана: 98.1.3-д “захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах”,  98.2-д “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7662 албан бичиг нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулан гаргасан захиргааны акт биш харин дээд шатны байгууллага болох Сангийн сайдаас улсын байцаагчийн актыг нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянан үзээд гаргасан акт байна.

Иймээс захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллагаас гаргасан анхдагч захиргааны актыг нэхэмжлэлийн дагуу хянан шийдвэрлэнэ, харин захиргааны актыг урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлээд гаргасан дээд шатны байгууллагын шийдвэрийг захиргааны шүүхээс хүлээн авч, хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь захиргаа өөрөө өөрийгөө хянаж, алдаагаа засахад чиглэгддэг бөгөөд энэхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагааны зорилгын дагуу Сангийн сайдаас  нэхэмжлэгчийн албан үүргээсээ чөлөөлөгдсөн хугацаанд хамаарах хохирлыг гаргуулахаар тогтоон, доод шатны улсын байцаагчийн алдааг засаж зохих актыг дахин гаргахыг даалгасан шийдвэрийг захиргааны шүүхээс хянах нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хуулийн зорилгод нийцэхгүй, харин хуульд зааснаар дээд шатны байгууллагын зохих акт гаргахыг даалгасан шийдвэрийг тухайн захиргааны байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Ч.Э-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02–ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийн Монгол Улсын Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Монгол Улсын Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13-2/7662 дугаартай шийдвэрийн холбогдох хэсгийг буюу “... зохих актыг дахин гаргаж захиргааны байгууллагыг хохиролгүй болгохыг даалгаж” шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 6-14 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 15-22 дахь тал