Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 103

 

2017 оны 02 сарын 10 өдөр           Дугаар 156/ШШ2017/00103      Хэнтий аймаг

        


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00761/И

       Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
        Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн АШҮН 60 айлын 6-1 тоотод оршин суух, иргэн Жоож овогт Дугаржавын Баясгалан /РД:ЧН57022211/-ийн нэхэмжлэлтэй
        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дэмбэрэлийн Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Нэхэмжлэгч Д.Баясгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
          Миний бие 1975 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техниккумыг төгсөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Наранбулаг бригадад малын бага эмчээр 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үеийн бичиг баримт, тушаалыг аймгийн төв архивт шүүлгэсэн боловч гарч ирэхгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
 
    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Д.Баясгалан нь 1975 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техниккумыг төгсөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Наранбулаг бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малын бага эмчээр ажилласан. Архиваас баримтыг шүүлгэсэн боловч гарч ирээгүй. Тухайн үед хамт ажиллаж байсан Л.Шүрэнцэцэг, Н.Дэрийлаа нараас гэрчээр мэдүүлэг авсан. Иймд Д. Баясгаланг Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Наранбулаг бригадад малын бага эмчээр 2 жил 1 сарын хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

               Нэхэмжлэгч Жоож овогт Дугаржавын Баясгалан нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Наранбулаг бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малын бага эмчээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

               Шүүх нэхэмжлэгч Д.Баясгалангийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
                Нэхэмжлэгч Жоож овогт Дугаржавын Баясгалан нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Наранбулаг бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 14х/, нэхэмжлэгчийн №105371 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 4-7х/, гэрч Н.Дэрийлаагийн ...1976 онд намайг Баянхутаг суманд малын их эмчээр томилогдон очиход Д.Баясгалан нь тус сумын Наранбулаг бригадад малын бага эмчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,  гэрч Л.Шүрэнцэцэгийн ..Би Д.Баясгалантай 1975 оноос 1977 он хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын Мал эмнэлэгт хамт ажиллаж байсан. Д.Баясгалан нь малын эмчээр, би санитарч буюу туслахаар нь ажиллаж байсан гэх  мэдүүлэг /хх-ийн 22х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жоож овогт Дугаржавын Баясгалан /РД:ЧН57022211/-г Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн Наранбулаг бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх  хугацаанд  малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Д.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР