Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У, Э.Ж нарт холбогдох эрүүгийн 2004000610077 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                     Б.Наранжаргал

 Улсын яллагч                                      Н.Ганчимэг

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Д.Цэнд-Аюуш

 Хохирогч                                           Ч.

 Шүүгдэгч                                           М.У, Э.Ж нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн М Ур /РД: /

Монгол улсын иргэн, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овгийн Э Ж /РД: /

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд М.У бүлэглэж Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Нацагдоржийн талбай”-н зүүн хойд хэсэгт хохирогч Ч.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, гэдэс болон нүүрэн тус газарт хөлөөр өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хамар таславч мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.У нь 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Э.Ж бүлэглэж, Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Нацагдоржийн талбай”-н зүүн хойд хэсэгт хохирогч Ч.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, гар, мөр орчим нь гараараа цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хамар таславч мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Э.Ж шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би тухайн орой найзуудтайгаа явж байхад хэдэн согтуу залуус зөрсөн. Гэтэл тэдний нэг болох Н намайг дуудахаар нь би айгаад тоохгүй цаашаа явсан. Эргээд хартал Н, Э хоёр нь манай найз У татаад явуулахгүй замыг нь хаачихсан зогсож байсан. Тэгээд урд явж байсан найз болох Т, Д хоёр У луу гүйж очсон. Тэд нар маргалдаад байсан. Гэнэт У, Э хоёр зодолдоод эхэлсэн. Би гүйж очоод Н түлхээд Э толгойн хэсэгт гараараа 1-2 удаа цохиж, нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд цаанаас хүмүүс хашгиралдаад ирэхээр нь бид нар зугтаасан. Намайг очиход Э хагас суусан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.У шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хэсэг найзуудтайгаа явж байхад Холбооны урд 3 согтуу залуу зөрөхдөө Н нь Ж дуудахад Ж тоохгүй явсан. Би Ж ард явж байтал Н миний замыг хашиж зогсоод “намайг мэдэх үү, чи хаанахынх вэ?” гэж дээрэлхүү өнгө аясаар ярьсан. Манай найзууд гүйж ирэхээр нь би салгах гэж оролдсон. Салгаж байтал араас гар орж ирээд татахаар нь эргэж хараад сандарсандаа түрүүлж Энх-Эрдэнийн нүүрэнд 2-3 удаа гараараа цохьсон. Э унахаар нь түүний дагз болон хүзүү рүү гараараа 1-2 удаа цохиж, нүүр гэдсэнд нь өшиглөсөн. Хажуунаас Ж орж ирээд гэдэс, толгой руу нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Э шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр бид гурав пиво уугаад харих гээд явж байхдаа Н нэгийг нь дуудсан. Ууганбаяр эргэж хараад зогсож байсан. Би Н У луу ойртуулахгүй гээд дунд нь зогссон. Ууганбаяр өөдөөс хараад зогсоод байхаар нь цаашаа яв гээд түлхсэн. Гэтэл У гүйж ирээд нүд рүү 2-3 удаа цохьсон. Газар унасны дараа нилээн хэдэн удаа өшиглөсөн. Нүдээ дарчихсан байсан болохоор дараа нь хэн хэн цохьсоныг мэдэхгүй байна. Хохирол эхлээд 560.000 төгрөгийн баримт өгсөн шүүх хуралдаанд 368.500 төгрөгийн баримт өгсөн.  Цаашид нүдэндээ тариа тариулж эмчилгээ хийлгэх шаардлагатай тул гарах зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч А.Д мэдүүлсэн: “...Ард нөгөө хоёр залуу Ууганбаярыг явуулахгүй хашаад зогсоод байсан. Тэгэхээр нь би Узодуулах гэж байна гэж бодоод гүйгээд очиход У урдаас тосч ирээд намайг байж бай гэж хэлсэн. Тэр үед нөгөө 2 залуу бид нартай зодолдох гээд дайраад байсан. Тэгснээ нэг залуу нь У цохиод авахад У нөгөө цохьсон залуутайгаа зодолдоод газар унагасан. Харин би нөгөө залуутай нь зодолдсон. Тухайн үед хажуунаас Ж ирж зодоонд оролцсон” гэхээр нь очсон” гэсэн мэдүүлэг /хх-н 51-52/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Н мэдүүлсэн: “...2 согтуу ах У араас нь дуудсан юм шиг байна лээ. У нөгөө 2 ахтай маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би У дээр очоод түүнийг дагуулаад явах гэтэл нөгөө хоёр ах явуулахгүй байсан. Тэр үед түрүүлж алхаж байсан Д, Т нар гүйж ирж байсан мөн Ж гүйж ирсэн. Нөгөө хоёр ах “та муу бацаан юу гэж хуцаад байгаа юм бэ?” гэж хэлж байсан. У, А.Д, Ж нар хоёр ахтай зодолдсон. Д, У хоёр согтуу ахыг нэг нэгээр нь барьж авч зодоод харин Ж тэр хоёрын голд гүйгээд зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 58-59/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.Т мэдүүлсэн: “...М.У нэг ахтай дээр доороо ороод зодолдож байсан. А.Д бас нэг өөр ахтай зодолдоод үсэрч ирээд шанаа руу нь цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Н мэдүүлсэн: “...У гэх залуу нэг охинтой хөтлөлцөөд алхаж гарч ирснээ намайг “юугаа хараад байгаа юм бэ?” гэхээр нь “зүгээр байгаарай” гэж хэлсэн. Ингээд У бид хоёр зайнаас маргаж байтал У “та хоёр наашаа ир дээ” гэж Э бид хоёрыг дуудсан. Э нь М.У дээр очоод “цаашаа бай” гэж хэлээд түлхсэн чинь цаанаас нь 2-3 залуу гүйж ирээд Ч.Э цохиод авахаар нь би салгах гээд очиход шууд намайг нэг нь татаж унагаад дээрээс нүүр, нуруу хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №114 дугаартай дүгнэлтэд: “Ч.Э биед хамар таславч мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 65-66/,

              Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Багануур дүүргийн нутгийн Захиргааны ордны дээрээс дүүргийн Нацагдоржийн талбайг 180 градусаар бүрэн хянаж байв. Бичлэгт эд зүйлийн өнгө ялгагдахгүй, дууны бичлэггүй, хар цагаан өнгөөр ялгарч харагдана. ...Ууганбаяр нь араас нь ирсэн 2 эрэгтэйн нэгийг гараараа цохиж газар унагаад зодоон эхлэв. Зодооны үед холбооны баруун урд зүгээс гарч ирсэн Э, Н нар зодуулаад газарт унаж байх бөгөөд холбооны зүүн урд талаас гүйж ирсэн залуугийн үлдэж хоцорсон 1 эрэгтэй Ж зодоонд оролцож газар унасан 2 эрэгтэйн дээрээс нөгөө 3 эрэгтэй хамтаар зодож байна. Үзлэг хийх үед камерийн бичлэг үсэрч хийгдсэн байх тул хэн хэн нь хэнийхээ биеийн аль хэсэг рүү хэдэн удаа цохьсон, өшиглөсөн нь мэдэгдэхгүй байв...” гэжээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “М.У согтуурлын зэрэг 0.00 хувьтай, хохирогч Ч.Э согтуурлын зэрэг 1.57 хувьтай, Ц.Наранзоригийн согтуурлын зэрэг 2.54 хувьтай” гэжээ. /хх-н 9-10/

Хохирогч Ч.Э нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт  /хх-н 10/

2020 оны 6 сарын 25-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2004000610077 дугартай хэрэгт үйл явдлыг баримтжуулсан хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх мөрдөгчийн тогтоол, /хх-н 111/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Б овгийн М У...” гэжээ.  /хх-н 104/,

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Х овгийн Э Ж...” гэжээ.  /хх-н 108/,

Шүүгдэгч М.У, Э.Ж нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 102, 110/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.У, Э.Ж нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.У, Э.Ж нар нь бүлэглэн хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч М.У, Э.Ж нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед М.У бүлэглэж Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Нацагдоржийн талбай”-н зүүн хойд хэсэгт хохирогч Ч.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, гэдэс болон нүүрэн тус газарт хөлөөр өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хамар таславч мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

М.У нь 2020 оны 4 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Э.Ж бүлэглэж, Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Нацагдоржийн талбай”-н зүүн хойд хэсэгт хохирогч Ч.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, гар, мөр орчим нь гараараа цохих зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хамар таславч мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У хэргээ хүлээн мэдүүлсэн “араас гар орж ирээд түлхэхээр нь сандарсандаа түрүүлээд Э нүүрэнд  2-3 удаа гараараа цохьсон. Э унахаар нь гараараа 1-2 удаа дагз, хүзүү рүү нь цохиж, нүүр гэдсэнд нь өшиглөсөн. Хажуунаас Ж орж ирээд гэдэс, толгой руу нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Ж “Би гүйж очоод Энх-Эрдэнийг гараараа 1-2 удаа толгойн хэсэгт нь цохиж, нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ч.Э “У миний зүүн нүд рүү гараараа цохиж мөн өшиглөсөн. Дараа нь хэн өшиглөж зодсоныг хараагүй” гэсэн мэдүүлэг, гэрч А.Д “...нэг залуу нь У цохиод авахад У нөгөө цохьсон залуутайгаа зодолдоод газар унагасан, би нөгөө залуутай нь зодолдсон. Тухайн үед хажуунаас Ж ирж зодоонд оролцсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Ц.Н “...цаанаас 2-3 залуу гүйж ирээд Ч.Э цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/, насанд хүрээгүй гэрч Б.Н “...М.У, А.Д, Э.Ж нар хоёр ахтай зодолдсон. А.Д, М.У хоёр согтуу ахыг нэг нэгээр нь барьж авч зодоод харин Жанцанхүү тэр хоёрын голд гүйгээд зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/, гэрч М.Т “...М.У нэг ахтай дээр доороо ороод зодолдож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,  хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66/, гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-10/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Ч.Э, түүнтэй хамт явж байсан гэрч Ц.Н нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамжид зөрж өнгөрсөн шүүгдэгч нарыг дуудаж, замыг нь хааж зогсох зэргээр хэрүүл маргааныг эхлүүлж, улмаар таарамжгүй харилцаа, үл ойлголцол үүсгэсэн байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч М.У, Э.Ж нар нь бүлэглэн хохирогч Ч.Э эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.У, Э.Ж нарын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.У, Э.Ж нар нь хохирогч Ч.Э биед хамар таславч мурийлт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн чамархайн хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхи зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Хохирогч нь толгой, хамрын зураг авахуулах 130.000 төгрөг, нүдний үзлэг, нүдний угийн зураг 80.000 төгрөг, 2020 оны 5 сарын 4-ний өдөр “Болор мэлмий” эмнэлэгт “Авастин” гэх тарианы төлбөр 350.000 төгрөг, 2020 оны 7 сарын 27-ны өдөр “Болор мэлмий” эмнэлэгт “Авастин” гэх тарианы төлбөр 350.000 төгрөг,  Амоксициллин 3.500 төгрөг, 15.000 төгрөг нийт эмчилгээний зардалд 928.500 төгрөг нэхэмжилжээ. /хх-н 25-26, 136-137/ Иймд шүүгдэгч нараас хохирогчийн эмчилгээний зардал болох 928.500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй. (928.500:2=464.250 төгрөг)

Шүүгдэгч М.У нь хохирогчийн эмчилгээний зардалд 280.000 төгрөг өгсөн байна. /хх-н 138/

Иймд шүүгдэгч М.У 184.250 төгрөг, Э.Ж 464.250 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Э олгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хохирогч Ч.Э “цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн ба Шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №114 дугаартай дүгнэлтэд: “Ч.Э биед учирсан хөнгөн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэсэн байх тул хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс М.У, Э.Ж нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.У 264 цаг, Э.Ж 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Э.Ж, М.У нь 18 нас хүрсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засах сургалтад хамруулах үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

Харин хохирогчоос “шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

М.У “19 настай, ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Э.Ж “20 настай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.  

Шүүгдэгч М.У, Э.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба М.У, Э.Ж нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч М.У нь хэрэг үйлдэх үедээ 19 нас, 1 сартай, шүүх хэргийг шийдвэрлэх үед 19 нас 3 сар 28 хоногтой, шүүгдэгч Э.Ж хэрэг үйлдэх үедээ 19 нас, 11 сартай, шүүх хэргийг шийдвэрлэх үед 20 нас 2 сар 3 хоногтой болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар \хх-ийн 104, 108 дэх тал\ тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь  хэдийгээр насанд хүрсэн боловч үерхэж нөхөрлөдөг нөхөд нь өсвөр насны  А.Д, Б.Н, М.Т зэрэг хүүхдүүд байдаг ба өсвөр насны хүүхдээс  бие бялдарын өсөлт хөгжлийн хувьд ялгарахгүй нөхцөл байдал харагдаж байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 217/А/ III тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдний насыг болон засч хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлүүштэйг харгалзсан байх ёстой” гэсэн заалт, 1985 оны 11 сарын 29-ний Ерөнхий Ассамблейн 40/33 тоот тогтоолоор батлагдсан “Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдсон наад захын журам” ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Журамд тусгасан зарчмуудыг гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн залуу хүмүүст хэрэглэх талаар хүчин чармайлт гаргавал зохино” гэсэн заалт, Монгол Улсын Эрүүгийн хуулийн Өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэх тухай бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалт зэргийг үндэслэн залуу хүмүүст хамаарах М.Ууганбаяр, Э.Ж нарын ирээдүйн засрал хүмүүжил, сайн сайхан байдал, цаашид өөрийн зөв амьдарлын төлөө хичээл зүтгэл гаргахаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг хугацаанд зан үйл засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн М У, Х овгийн Э Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн М У, Х овгийн Э Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. М.У, Э.Ж нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.У, Э.Ж нарт авагдсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн төрсөн эх Ц.О, С.Ж нарт даалгасугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол М.У, Э.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардалд М.У 184.250 /нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, Э.Ж 464.250 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Э олгож, хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. М.У, Э.Ж нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.У, Э.Ж нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА