Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2016/01060

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн 25-10 тоотод оршин суух, Боржигон овогт Дугардоогийн Баярмаа /РД:ЖЮ62040927/-гийн нэхэмжлэлтэй,

            Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 78-43 тоотод оршин суух, То ван овогт Батсүхийн Март /РД:ЖЭ85030902/-д холбогдох,

“2760000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 06 сарын 16-ны өдөр Б.Мартад 1150000 төгрөг зээлдүүлсэн. Анх авахдаа надад удаахгүй өгнө мөнгөний хэрэг гараад байна гээд гуйхаар нь сарын 10 хувийн хүүтэй тооцож өгсөн. Б.Марттай уулзахад би таньд хүүтэй нь өгнө цуг өгнө гэдэг байсан. Хэдэн сарын өмнө мөнгөө нэхэхэд би хүнээс мөнгө авна тэгэхээрээ өгнө гэж хэлсэн. Сүүлдээ намайг миний мөнгө авах хүнтэй уулз тэр хүнээс ав гэдэг болсон. Би тэр хүнийг нь танихгүй учир Мартаас мөнгөө гаргуулмаар байна. Иймд төлөгдөөгүй сарын хүү болох 1610000 төгрөг, үндсэн зээл болох 1150000 төгрөг нийт 2760000 төгрөгийг Б.Мартаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Март шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Баярмаагаас 2015 оны 06 сарын 16-ны өдөр 1150000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлийг би өөрөө хэрэглээгүй бөгөөд өөрийн найзад авч өгсөн юм. Гэвч найз маань зээлсэн мөнгөө төлөх боломжгүй болоод ийм байдалд хүрээд байна. Миний хувьд зээлийн хүүг төлөх боломжгүй. Харин 1150000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Өөрийн боломжоор төлж барагдуулах болно гэжээ.  

Нэхэмжлэгч Д.Баярмаа, хариуцагч Б.Март нар 2016 оны 09 сарын 16-ны өдөр шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Баярмаа, хариуцагч Б.Март бид нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулав. Д.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 1035000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б.Март нь үлдэх 1725000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баярмаад төлөхийг зөвшөөрөв. Хариуцагч Б.Март 2016 оны 10 сарын 10-ны дотор 600000 төгрөгийг, үлдэх 1125000 төгрөгийг сар сард нь өгөхөөр гэрээ байгуулжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Баярмаа нь хариуцагч Б.Мартаас “2750000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад нэхэмжлэгч Д.Баярмаа, хариуцагч Б.Март нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд: Д.Баярмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 1035000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б.Март нь үлдэх 1725000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баярмаад төлөхийг зөвшөөрөв. Хариуцагч Б.Март 2016 оны 10 сарын 10-ны дотор 600000 төгрөгийг, үлдэх 1125000 төгрөгийг сар сард нь төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Д.Баярмаа нь хариуцагч Б.Мартаас 2760000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын 1035000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1725000 төгрөгийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59110 төгрөгийн тал хувь 29555 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 29555 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.Мартаас улсын тэмдэгтийн хураамжид 29555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Баярмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Март сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ