Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2016/01121

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* гэх газарт оршин суух, 55 настай, эмэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,              

                                     Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Урансувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1961 оны 07 сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн боловч тэтгэвэрээ тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал архиваас олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр нээгээгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Би анх 1979 онд 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн инженерийн ангид орсон боловч ар гэрийн гачигдлаар сургуульдаа явж чадаагүй хөдөө аав ээж дээрээ байж байгаад 1981 оны 5 сараас Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлийн 1-р бригадад туслах малчинаар ажилд орсон. Ажилд ороход надад тушаал гаргаагүй, Хөдөлмөрийн дэвтэр ч нээгээгүй юм байна. Харин сумын архиваас ажиллаж байсан хугацааны цалингийн түүвэр олдсон. Миний хувьд нэгдэлд хонь маллаж байгаад 1985 онд сургуульд суралцахаар шалгалтанд орж тэнцээд 1985 оны 7 сарын 06-ны өдрөөс ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдсөн. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг мөн л гаргаагүй байна. Одоо би тус сумын Хүн эмнэлэгт ажиллаж байгаа ба 1987 онд сургууль төгсөж ирээд ажилд орсноос хойш одоог хүртэл нэг байгууллагадаа тасралтгүй ажиллаж байгаа болохоор зөрчилгүй бүх баримтууд шаардлага хангаж байна. Миний бие одоогоор ажил эрхэлж байгаа тул шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахаар итгэмжлэл олголоо. Иймд миний 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлийн 1-р бригадад хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.******* нь 1979 онд 10 дугаар ангиа төгсөөд МУИС-ийн инженерийн ангид орж суралцахаар хуваарь авсан байдаг. Гэтэл ар гэрийн гачигдлаас болж тус сургуульдаа явж суралцаж чадаагүй гэдэг. Ингээд хөдөө аав ээж дээрээ байж байгаад тус сумын Галуут нэгдлийн 1-р бригадад хоньчиноор 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн 1985 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад дээд сургуульд суралцахаар уралдаанд шалгалтанд орсон болох нь Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлийн даргын 1985 оны 6 сарын 22-ны өдрийн 111 тоот “Уралдаант шалгалтанд оруулах хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар 15 хоногийн цалинтай чөлөө олгогдож байсан нь нотлогдож байна. Шалгалтандаа орж сургуульд тэнцсэн учраас 1985 оны 7 сарын 06-ны өдрөөс хойш Галуут нэгдлийн 1-р бригаддаа ажиллаагүй, ажлаасаа гараад сургуульдаа явсан байдаг. Д.*******ийн эдгээр байдлууд нь түүний авч байсан цалингийн түүвэр, холбогдох тушаал, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.                       

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:                                          

      Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлийн 1-р бригадад 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Д.*******ийн ажиллаж байсан дээрх байдал нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлийн даргын 1985 оны 6 сарын 22-ны өдрийн 111 дүгээртэй “Уралдаант шалгалтанд оруулах хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, ******* сумын Засаг даргын тамгын газрын архивын хадгаламжийн нэгжийн 1981 оны ХН№73, 1982 оны ХН№76, 1983 оны ХН№81,1984 оны ХН№85, 1985 оны ХН№89 дугаарт байгаа ******* сумын Галуут нэгдлийн 1-р бригадад туслах малчин ******* *******ийн авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн тодорхойлолт, шүүхэд гэрчээр асуугдсан Д.Алтанцэцэгийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд нь хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, хуульд заасан шаардлагын дагуу цуглуулж, бүрдүүлсэн, эргэлзээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримтууд байх тул Д.*******ийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                            ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* нь хуучнаар Дорнод аймгийн ******* сумын Галуут нэгдлийн 1-р бригадад 1981 оны 05 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгосугай.                                                       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ТҮМЭНЦЭЦЭГ