Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00012/И |
Дугаар | 105 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 105
2017 оны 02 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2017/00105 Хэнтий аймаг
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00012/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр багт оршин суух, иргэн Цэдэнхүүгийн Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Галшар сумын Оч багт оршин суух, иргэн Дагвын Дамдинд холбогдох
“4 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Дамдинсүрэн миний бие Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Дагвын Дамдинтай наймаа хийж 40 төлөгийг 2014 оны 08 дугаар сард авахаар тохиролцож, 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл төлөгөө өдийг хүртэл өгөөгүй. Би 2016 оны 06 дугаар сард очиж нэхэмжлэхэд 07 дугаар сард өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 19-нд очиж нэхэмжлэхэд 40 төлөгийг 80 төлөг болгож өгье. Мөнгөнийх нь хүүг тооцож 4 000 000 төгрөг болгож өгөхөөр тохиролцсон. 4 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн дотор өгөхөөр тохирсон болно. Иймд 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Д.Дамдин нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Ц.Дамдинсүрэнд 4 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 2 000 000 төгрөгөнд 20 хонь, 10 ямааг тооцож, 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцлоо гэжээ. /хх-ийн 16х/
Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Д.Дамдингаас 2017 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Үлдэгдэл 2 000 000 төгрөгөнд 20 хонь, 10 ямааг тооцож, 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дотор авахаар тохиролцлоо. Одоо дахиж нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 17х/
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь хариуцагч Д.Дамдинд холбогдуулан 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь хариуцагч Д.Дамдинтай 40 төлөгийг 2014 оны 08 дугаар сард авахаар тохиролцсон болох нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 16х/, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар /хх-ийн 17х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.Дамдин нь 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц. Дамдинсүрэнд бэлнээр өгч, үлдэгдэл 2 000 000 төгрөгөнд 20 хонь, 10 ямааг тооцож, 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дотор Ц.Дамдинсүрэнд төлж барагдуулахаар болж, нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэн нь хариуцагч Д. Дамдингаас 2 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үлдэгдэл 2 000 000 төгрөгөнд 20 хонь, 10 ямааг тооцож, 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дотор хариуцагч Д.Дамдингээс хүлээн авахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү зохигчид эвлэрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Ц.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дамдинд холбогдох 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Дамдинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дамдингаас 39 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР