Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00030/И |
Дугаар | 106 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 106
2017 оны 02 сарын 10 өдөр Дугаар 156/ШШ2017/00106 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00030/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-55 дугаар байрны 51 тоотод оршин суух, Зандраагийн Мөнхдэлгэр, Бунзангийн Наранцогт нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л-46-2-4 тоотод оршин суух, Тогоочийн.Өлзийсайханд (РД:СЙ74012519) холбогдох
“Хашаа байшин худалдсан төлбөрийн үлдэгдэл 12 523 500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч З.Мөнхдэлгэр, Б.Наранцогт нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай гэр бүл 2015 оны 04 дүгээр сард хувийн өвлийн орон сууцны зориулалттай хашаа, байшинг газрын хамт Т.Өлзийсайханд 34 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Т.Өлзийсайхан мөнгөний бололцоо бага байна хагасалж өгье гэсэн саналыг зөвшөөрөн 14 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн мөнгийг хугацаа тохирон 3 хувааж авахаар нотариатаар баталгаажуулан тохиролцсон. Гэвч Т.Өлзийсайхан тохирсон хугацаандаа мөнгөө өгөлгүй, 4 сарын хугацаа өнгөрлөө. Иймд 2016 оны 07 дугаар сарын 07-нд авах мөнгө 5 600 000 төгрөг, үүний алданги /0.2%/ 1 523 000 төгрөг, мөн худалдаж авсан хашаа, байшингаа зарсан тул 2017 оны 04 дүгээр сарын 20-нд авах байсан 5 400 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 1х/
Хариуцагч Т.Өлзийсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгөнөөс 1 400 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 11 123 500 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.Мөнхдэлгэр, Б.Наранцогт нар нь хариуцагч Т.Өлзийсайханд холбогдуулан түүнд хашаа байшин худалдсан төлбөрийн үлдэгдэл 12 523 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.Өлзийсайхан нь 2015 оны 04 дүгээр сард хувийн өвлийн орон сууцны зориулалттай хашаа, байшинг газрын хамт худалдсан авсан болох нь нэхэмжлэгч нарын тайлбар /хх-ийн 1х/, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 3-6х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 14х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч З.Мөнхдэлгэр, Б.Наранцогт нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Өлзийсайхан нь хүлээн зөвшөөрч 12 523 500 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. З.Мөнхдэлгэр, Б.Наранцогт нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Өлзийсайханд холбогдох хашаа байшинг худалдсан төлбөрийн үлдэгдэл 12 523 500 /арван хоёр сая таван зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Т.Өлзийсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч З.Мөнхдэлгэр, Б.Наранцогт нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 214 960 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Өлзийсайханаас 107 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР