| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0046/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 58
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа
Шүүгдэгч Д.М, түүний хууль ёсны төлөөлөгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Дийн Мд холбогдох 2016000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Д.М нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд 2-р баг, 10-39 тоот хашаанаас иргэн Я.Хгийн өмчлөлийн 57-40 ГАЗ улсын дугаартай "Мустанг 200" маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч С.Ням-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд: Би тал руу хүүхэдтэй уулзах гэж явж байсан. Хашааны араар уруудаж яваад залхуу хүрээд мотоциклийг унаад явчихмаар санагдсан учраас шууд аваад хаалгаар гаргаад унаад явсан. Шууд гэртээ ирсэн. Аав орой гэртээ ирэхэд нь Биймотоцикл, хүнээс авсан гэж хэлсэн. Бийг аавтай уулзуулсан гэв.
Я.Хгийн мотоцикль хулгайд алдагдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд 2-р баг, 10-39 хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 4-р баг, 5-22 тоот хашаанд
хулгайд алдагдсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11-рт/
Хулгайд алдагдсан мотоциклыг гэрч П.Дгээс хураан авч хохирогч Я.Хд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14-168-р хуудас/
Хохирогч Я.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн "...2020.05.22-ны өдөр өөрийн 57-40ГАЗ улсын дугаартай улаан өнгийн "Мустанг 200" маркийн мотоциклыг унаж гадуур ажил амжуулж байгаад өдөр 12 цагийн орчимд хашаандаа үлдээсэн. Тэгээд өөрийн машинаа унаж гадуур явсан юм. Орой 22 цагийн орчимд гэртээ ирэхэд хашаанд байсан мотоцикл алга болсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн"22-26-р хуудас/
Гэрч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн "...Манай хашаанд манай гэрийн урд талд хүр дүүгийн гэрийн баруун талд мотоциклыг домкратаж, хүзүүг нь түгжээд тавьсан. Харин орой бид нарыг ирэхэд манай хашааны урд хэсэгт байх том хаалгыг мотоцикл гарах зайтай тал нээгээд орхисон байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 27-рт/
Гэрч П.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн "...тухайн мотоцикл дээр шинээр нөмрөг авчхийсэн байна. Түлхүүр байхгүй учраас кундактор болон банкны түгжээг сольсон байна. Мотоцикл дээр байсан хөгжимний хоёр ширхэг дифузерийг хугалсан байсан. Мөн тухайн мотоциклын номерийг нь тайлаад манай гэрийн амбаар дээр хаясан байсан. Тухайн номер нь одоо надад байгаа би хадгалсан байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-рт/
Өсвөр насны гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн "...Д.М надад би энэ мотоциклыг талаас хулгайлсан юм. Аав намайг хулгай хийсэн гэдгийг мэдэх юм болална тиймээс чи энэ мотоциклыг хүнээс худалдаж авсан гээд аавд хэлчих гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-рт/
"Ашид билгүүн" ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-
820-300 дугаартай хулгайд алдагдсан мотоциклыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн
үнэлгээний тайлан /хх-ийн 46-47-рт/
Д.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 10 сар 20 хоногтой
байсан талаарх шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 61-рт/
Өсвөр насны шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны
явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-68-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон Өсвөр насны шүүгдэгч Д.Мыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Д.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах нь дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа хэргээ хүлээж, тогтвортой мэдүүлгийг өгч ирсэн. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт байгаа. Д.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргээ ухамсарлан ойлгож байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заасны дагуу тодорхой үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Д.М үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Цаашид хүүхдийн сурч боловсрох эрхээр нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.М нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд 2-р баг, 10-39 тоот хашаанаас иргэн Я.Хгийн өмчлөлийн 57-40 ГАЗ улсын дугаартай "Мустанг 200" маркийн улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Хгийн мэдүүлэг, гэрч Ц.Нандинцэцэг, П.Д нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайд алдагдсан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хулгайд алдагдсан мотоциклыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, "Ашид билгүүн" ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-820-300 дугаартай үнэлгээний тайлан, Өсвөр насны шүүгдэгч Д.Мын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Тус үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Д.М үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Өсвөр насны шүүгдэгч Д.М нь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа ба өсвөр насны шүүгдэгч Д.М нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.6 дугаар зүйлд зааснаар шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хорих ялын дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар заасан гэмт хэргийг үйлдсэн өсвөр насны хүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой санкцтай энэ зүйлчлэл хамаарч байгаа учир түүнд оногдуулах хорих ялыг ялын доод хэмжээгээр буюу хоёрны нэгээр бодож уг хорих ялыг 8.6 дугаар зүйлд заасны дагуу хойшлуулж өгнө үү...” гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг хүлээн авч өсвөр насны шүүгдэгч Д.Мд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мд оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед өсвөр насны шүүгдэгч Д.М нь 15 нас 10 сар 20 хоногтой буюу насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мд оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд оршин суух газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хураагдсан 02064121 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1142322 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Я.Хүрэлээд буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс насны шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Г овогт Дийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Мын эдлэх ялыг 2 дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мд оногдуулсан 3 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1-д, 7.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Мд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд оршин суух газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Д.Мд сануулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт хураагдсан 02064121 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1142322 дугаартай авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Я.Хд буцаан олгосугай.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА