Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 59

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгчийн өмгөөлөгч М.Энхзаяа

Хохирогч Т.Б

Шүүгдэгч Т.З, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.Зт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай прокурорын тогтоолтой 2016000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан 1-р баг, 6-17 тоотод оршин суух иргэн Т.Бийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар хоргойгоор эмжсэн ягаан өнгийн даалинтай, Жаргалын найман морины дүрс бүхий шаазан хөөрөг 1 ширхэг, хоёр морины толгойн дүрс бүхий мөнгөн бөгж 1 ширхэг, ногоон хайрцагтай багажны ком, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1хос, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч 190.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

- 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат 4-р баг, 10-2 тоотод оршин суух иргэн Б.Гийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар өнгийн очир оёсон, цэнхэр, улаан өнгийн даалинтай, улаан өнгийн хув толгойтой, дунд гарын дунд үеийн хаш хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгийн торгон даалинтай, ногоон өнгөтэй бага гарын пийсүү хөөрөг 1 ширхэг, "Самсунг S-6" маркийн гар утас 1 ширхэг, биет 5.000 төгрөг зэргийг хулгайлан авч 1.450.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт 8-р баг, 1-13 тоотод оршин суух иргэн Н.Гийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй, цагаан өнгөтэй, дунд үеийн шүрэн хөөрөг 1 ширхэг, шувууны дүрстэй мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч 1.020.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн үйл баримтын талаар:

Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр хохирогч Т.Бөд 190.000 төгрөгийн, хохирогч Б.Гт 1.450.000 төгрөгийн, хохирогч Н.Гт 1.020.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хулгайд алдагдсан эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлангууд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б, Б.Г, Н.Г нарын мэдүүлэг,

1. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат 4-р баг, 10-2 тоотод оршин суух иргэн Б.Гийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар өнгийн очир оёсон, цэнхэр, улаан өнгийн даалинтай, улаан өнгийн хув толгойтой, дунд гарын дунд үеийн хаш хөөрөг 1 ширхэг, цэнхэр өнгийн торгон даалинтай, ногоон өнгөтэй бага гарын пийсүү хөөрөг 1 ширхэг, "Самсунг S-6" маркийн гар утас 1 ширхэг, биет 5.000 төгрөг зэргийг хулгайлсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай гэрээс 3 ширхэг хөөрөгний даалин, хув толгойтой цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, жижиг гарын пийсүү хөөрөг 1 ширхэг, Самсунг S-6 маркийн гар утас 1 ширхэг, 5.000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг хх-25-26-рт,

Гэрч Б.Ммөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг “...Т.Зын биед болон хувцсанд үзлэг хийхэд хөндлөнгөөс харж байсан. Тэгээд өмсөж явсан куртикний халаасанд бор өнгийн кесстэй Самсунг S-6, еdge маркийн гар утас гарч ирсэн. Тухайн үед мөрдөгч Т.Хишиг-Эрдэнэ хурааж авсан...” гэх мэдүүлэг хх-30-рт,

Гэрч Н.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн “... намайг ажил дээр байхад манай охин Ануужин залгаад “ах ирсэн юмуу та гэрт ирсэн юм уу” гэж асуухаар нь би “очоогүй” гэж хариулахад “хүрээд ир гэрийн хамаг эд зүйл онгойсон байна” гэхээр нь гэртээ яваад очиход манай гэрийн зүүн талд байх шургуулганы ам нээлттэй, хойморт мөлхөө тавилгын шургуулга нээлттэй байхаар нь эд зүйлээ шалгаж үзэхэд манай нөхрийн хөөрөг гэх мэт зүйл алга байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх34-рт/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-09-15-рт

Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-820/241 дугаартай үнэлгээний тайлан /хх-42-44-рт/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-59-61-рт/,

2. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Индэрт 8-р баг, 1-13 тоотод оршин суух иргэн Н.Гийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж сийлбэртэй, цагаан өнгөтэй, дунд үеийн шүрэн хөөрөг 1 ширхэг, шувууны дүрстэй мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-59-61-рт/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-67-68-рт/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-69-70-рт/,

Хохирогч иргэний нэхэмжлэгч Н.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...бор өнгийн даалинтай сийлбэртэй, цагаан өнгийн дунд гарын шүрэн хөөрөг, мөн авдрын тавцан дээр байсан улаан өнгийн жижиг хайрцагт байсан монетон ээмэг, бөгж 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-74-75-рт/,

Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “... Зоригтбаатарын биенээс 3 ширхэг хөөрөг, 2 ширхэг бөгж, 1 ширхэг ногоон өнгийн хайрцагтай түлхүүр багаж болон өөрийнх нь тамхи зэрэг эд зүйл гарч ирсэн гэх  мэдүүлэг /хх-81-82-рт/,

Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-820/343 дугаартай үнэлгээний тайлан /хх-97-99-рт/,

3. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 09 цагийн орчимд Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Баянхайрхан 1-р баг, 6-17 тоотод оршин суух иргэн Т.Бийн Монгол гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж шар хоргойгоор эмжсэн ягаан өнгийн даалинтай, Жаргалын найман морины дүрс бүхий шаазан хөөрөг 1 ширхэг, хоёр морины толгойн дүрс бүхий мөнгөн бөгж 1 ширхэг, ногоон хайрцагтай багажны ком, ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг 1хос, хар, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг зэргийг хулгайлсан гэх гэмт хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх114-116-рт/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-117-рт/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх119-123-рт/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-124-рт/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай хүүгийн барьдаг жаргалын найман морины дүрстэй шаазан цагаан өнгийн хөөрөг , улаан толгойтой,  ногоон хавчуургатай, шар хоргойгоор эмжсэн, ягаан өнгийн даалинтай хөөрөг 1 ширхэг, 2 морины толгойны дүрстэй мөнгөн бөгж, ногоон өнгийн хайрцагтай багажны ком, эхнэрийн ягаан өнгийн шигтгээтэй 1 хос мөнгөн ээмэг, хар цагаан шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх128-129-рт/,

Гэрч Д.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн машинаар хувиараа такси үйлчилгээ явуулж байхад надруу манай хүүхдүүдийн доод талын хашааны нэрийг мэдэхгүй охин утсаар яриад Баянхайрхан баг 6-17 тоот хашаанд байх танай хүүхдүүдийн гэрийн цоожнууд газарт уначихсан харагдаж байна гэж хэлсэн. Тэгээд би хашааны үүдэн дээр нь очоод дотогш оролгүйгээр харсан чинь 4 гэрийн цоожнууд нь эвдлээд газарт хаясан байхаар нь өөрийн биеэр цагдаа дээр ирж болсон асуудлын талаар дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг хх-139-140-рт/

Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-280/303 дугаартай үнэлгээний тайлан /хх-148-150-рт/,

Мөн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүгдэгч Т.Зын сэтгэцийг тогтоосон “...1. Т.З нь сэтгэц мэдрэлийн өвчин болох F71 оюуны хүндэвтэр хомсдол өвчинтэй, ...3.Өөрийнхөө хийж буй үйлдлийг хянах чадваргүй, өвчний улмаас гадуур тэнэж, хулгай хийж санаа нь амардаг, хэрэг хариуцах чадваргүй..” гэх шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-172-174-рт/,

 

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Говь-алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16- ны өдрийн 73 тоот шүүхийн тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 13 тоот шүүхийн тогтоолууд /хх-189-195-рт/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.З нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр хохирогч Т.Бөд 190.000 төгрөгийн, хохирогч Б.Гт 1.450.000 төгрөгийн, хохирогч Н.Гт 1.020.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь гэрч нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлүүдэд үнэлгээ хийсэн “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-820/343 дугаартай дүгнэлт, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ-280/303 дугаартай дүгнэлт, 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-820/241 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжтой байна.

 

Шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэж, өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлах чадваргүй болсон байдлыг хэрэг хариуцах чадваргүйд тооцон гэм буруугийн болоод ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. 

 

Шүүгдэгч Т.Зын тухайд хэрэг хариуцах чадваргүй болох нь түүний сэтгэцийн байдлыг тогтоосон шүүх “”сэтгэц гэм судлалын магадлагаа, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Т.Зын сэтгэцийг тогтоосон “шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа” /хх -рт/ шинжээч эмч Т.Юмжирмаагийн өгсөн мэдүүлэг, мөн 2009 оны 04 дүгээр сараас 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлдээ Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2010 оноос 2014 оны хооронд олон удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтрэн эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлдээ Говь-Алтай аймаг дахь сум дундын 5-р шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан зэргээс үзэхэд шүүгдэгч Т.З нь өөрийн үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилжээ.

 

Иймээс Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Т.Зт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авч түүний сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 1 жил 6 сарын хугацаагаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.З нь тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр  зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр зохицуулсан байх ба харин албадлагын арга хэмжээг нэмж нэгтгэх зохицуулалт хуульд байхгүй байна.

 

Хэрэг хариуцах чадваргүй үедээ бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг тухайн хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл Засаг даргын шийдвэрээр хариуцан авсан этгээд хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандсан, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас эд хөрөнгийн болоод эд хөрөнгийн бус хохирол учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд шийдвэрлэх хууль зүйн боломж үүсдэг.

 

Хохирогч Т.Б, Б.Г, Н.Г нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр хохирлоо шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Агаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сийлбэртэй цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, шувууны дүрстэй мөнгөн бөгж 1 ширхгийг хохирогч Н.Гт олгож, цоож 1 ширхэг, дөрвөлжин даруулга 1 ширхэг, цоожны цүү 1 ширхгийг тус тус устгах, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1, 9 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Обуч овогт Төмөрбаатарын Зоригтбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Т.Зт авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлд 1 жил 6 сарын жилийн хугацаатай хэрэгжүүлсүгэй.

 

3. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сийлбэртэй цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, шувууны дүрстэй мөнгөн бөгж 1 ширхгийг хохирогч Н.Гт олгож, цоож 1 ширхэг, дөрвөлжин даруулга 1 ширхэг, цоожны цүү 1 ширхгийг тус тус устгасугай.

 

5. Хохирогч Т.Б, Б.Г, Н.Г нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА