Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 107

 

2017 оны 02 сарын 10 өдөр           Дугаар 156/ШШ2017/00107    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00050/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч                       Ч.Аварзэдийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурванбаян тосгоны 7-р гудамжны 05 тоотод оршин суух, Хуучид овогт Эрдэнэбаатарын Баттулга (РД:СЗ88031359), Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нийтийн байр 4-9 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэвийн Ганжаргал (РД: ЗЕ82091601) нарт холбогдох

           “Зээл, зээлийн хүүгийн 4 173 866 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
  Хадгаламж банкинд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авагч томилж, банкны удирдлага, хяналт шилжсэн бөгөөд Хадгаламж банкны чанаргүй зээлүүдийг төлүүлж, төрд учирсан хохирлыг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкийг төлөөлөн оролцох" гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Э.Баттулга, Ц.Ганжаргал нар нь Хадгаламж банкны Хэнтий аймаг, Бор- Өндөр сум дахь Бор-Өндөр тооцооны төвтэй Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Монголросцветмет” ХХК-ийн харъяа Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрийн тодорхойлолтоор 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №51 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 7,000,000.00 /Долоон сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатайгаар тус тус зээлэн авч ашигласан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан. Зээлдэгч Э.Баттулга, Ц.Ганжаргал нар нь зээл авсан өдрөөс хойш 2015 оны 03 дугаар сарын 03-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт үндсэн зээлд 3,883,043.86 /Гурван сая найман зуун наян гурван мянга дөчин гурван төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүүнд 2,295,345.71 /Хоёр сая хоёр зуун ерэн таван мянга гурван зуун дөчин таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 202,364.34 /Хоёр зуун хоёр мянга гурван зуун жаран дөрвөн төгрвг гучин дөрвөн мөнгө/ төгрөг нийт 6,380,753.91 /Зургаап сая гурван зуун наяэ мянга долоон зуун тавин гурван төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг төлсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Э.Баттулга, Ц.Ганжаргал нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлэхгүй, зээлийн гэрээиий хугацаа дуусаад 10 сарын хугацаа өнгөрсөн байхад огт төлөлт хийхгүй байх бөгөөд Хадгаламж банкны эрх хүлээн авагчид чанаргүй зээл бүртгэлтэйгээр шилжин ирснээс хойш зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулахыг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байгаа нь банкийг илт хохироож байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Э.Баттулга, Ц.Ганжаргал нарын зээлийн нийт өр төлбөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл: 3,116,956.14 (Гурван сая нэг зуун арван зургаан мянга есөн зуун тавин зургаан төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл: 882,784.22 (Найман зуун наян хоёр мянга долоон зуун наян дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл: 174,125.98 (Нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун хорин таван төгрөг ерэн найман мөнгө) төгрөг нийт: 4,173,866.34 (Дөрвөн сая нэг зуун далан гурван мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.Баттулга нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Хадгаламж банк ХХК-дахь эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан 4 173 866 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хамтран зээлдэгч Ц.Ганжаргал нь хаана байгаа нь тодорхойгүй байна. Миний бие үндсэн зээлдэгч учраас Хадгаламж банк ХХК-дахь эрх хүлээн авагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шинэболд, Б.Цогтгэрэл, Г.Мөнх-Од нартай харилцан тохиролцсоны дагуу 4 173 866 төгрөгийг  төлж барагдуулна. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг уншиж танилцлаа. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэжээ.

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны  эрх хүлээн авагч нь хариуцагч Э.Баттулга, Ц.Ганжаргал нарт холбогдуулан зээл, зээлийн хүүгийн 4 173 866 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Хариуцагч Э.Баттулга, Ц.Ганжаргал нар нь Хадгаламж банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр салбартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 7 000 000 төгрөгийн зээл авсан болох нь 02 дугаар сарын 01-ний өдрийн №51 тоот барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 9-10х/, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт /хх-ийн 16-17х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 25х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. Баттулга нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 4 173 866  төгрөгийг төлөхийг дангаараа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Харин Хадгаламж банк ХХК дахь Банкны  эрх хүлээн авагч Ч. Аварзэдийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл нь төлбөрийн чадваргүй болсон банкинд төрөөс томилогдсон банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Баттулга, Ц.Ганжаргал нарт холбогдох зээл, зээлийн хүүд 4 173 866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч           Э. Баттулгын  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь Банкны  эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР