Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0079

 

“Д ц т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжийн дагуу манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжийг хэрэгжүүлж, манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, “К” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2 га газрын кадастрын зургаас 0.5 га газрыг хасаж, нэхэмжлэгч “Д ц т” ХХК-д олгохыг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 736 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2021/0541/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Д ц т” ХХК нь Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжийн дагуу манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжийг хэрэгжүүлж, манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, “К” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2 га газрын кадастрын зургаас 0.5 га газрыг хасаж, нэхэмжлэгч “Д ц т“ ХХК-д олгохыг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.”К” ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөх, шинээр үйлдвэр барих зорилгоор албан бичгээр газар хүссэн өргөдлийг Налайх дүүргийн Засаг даргад гаргасан бөгөөд бидний хүсэлтийг хүлээн авч, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын чуулганаар хэлэлцүүлж Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд дэмжиж баталсан. Улмаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/316 дугаар захирамжаар манай компанид 2 га газрыг зохих хууль журмын дагуу эзэмшүүлэхээр болсон.

3.2.Тухайн үед манай компани Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн дагуу зохих журмаар хандаж гэрчилгээгээ гаргуулж, газрын кадастраа гаргуулсан юм. Бид газар эзэмших хүсэлт гаргахад болон газрын гэрчилгээ гаргуулахад уг газар нь ямар нэгэн давхцалгүй, түүний эзэмших тухай хүсэлтийг аливаа этгээдээс гаргаагүй, маргаан бүхий асуудалгүй байсан тул кадастрын зургийн системд бүртгэж, манай компанид гэрчилгээ олгосон гэж үзэж байна.

3.3.Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх: "... “К” ХХК-д 2019 онд эзэмшүүлсэн 20,000 м.кв газар нь 2018 онд ‘‘“Д ц т”” ХХК-д эзэмшүүлсэн 5,000 м.кв газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх...” хэмээн үзэж, “...”К” ХХК-д олгосон 20,000 м.кв газрын зургаас 5,000м.кв газрыг хасч, нэхэмжлэгч “Д ц т” ХХК-д олгосон нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай.” Гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар уг газрууд нь давхцаж буй эсэхийг шийдвэрт тодорхой тусгаагүй, талуудад эзэмшүүлсэн газарт давхцал үүссэн эсэхийг нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт авагдаагүй, гуравдагч этгээд “К” ХХК нь хуульд заасны дагуу Засаг даргын захирамж, газрын гэрчилгээ, газрын кадастрын дагуу 20,000 м.кв газар эзэмшиж буй бол нэхэмжлэгч “Д ц т” ХХК-д 5,000 м.кв.

3.4.Түүнчлэн шүүх захирамжийнхаа үндэслэх хэсэгт тус дүүргийн 1-р хороо Цэргийн ангийн баруун талд ... Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжаар 5,000 м.кв газрыг хөдөө аж ахуй, нөхөн сэргээлтийн зориулалтаар нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн байна.”, мөн и...1-р хороо Цэргийн анги орчимд 2 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар “К” ХХК-ийн ... төсөл, кадастрын зураг зэрэг баримтыг үндэслэн Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 20,000 м.кв газар эзэмшүүлсний үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 000013350 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.” Гэж тусгасан байдаг. Үүнээс үзвэл, хэдийгээр тухайн газрууд нь тус дүүргийн 1-р хороонд байрлах боловч газар зүйн байршлын хувьд яг давхацсан эсэх нь эргэлзээтэй буюу тодорхой бус байна. Тодруулбал, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх 5,000 м.кв газар нь цэргийн ангийн баруун талд, харин гуравдагч этгээдийн эзэмшиж буй 20,000 м.кв газар нь цэргийн анги орчимд хэмээн тодорхойлогдсон байгаа болно. Өөрөөр хэлбэл, талууд газрын давхцал дээр мөн адил маргаж байгаа ба шүүх хээрийн судалгаа хийх зэрэг байдлаар нягтлан шалгаж, давхацсан эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, түүний үндсэн дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.

3.5.Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудаас буюу нэхэмжлэгч, хариуцагч нараас хээрийн судалгаа хийх зэрэг хүсэлтийг гаргаж байсан боловч шүүх хүлээн аваагүй байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/0736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч “Д ц т” ХХК-аас “Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжийн дагуу манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөхгүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй байгаа Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжийг хэрэгжүүлж манай компанид газрын гэрчилгээ гаргаж өгөх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах, “К” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон 2 га газрын кадастрын зургаас 0.5 га газрыг хасаж, нэхэмжлэгч “Д ц т” ХХК-д олгохыг Налайх дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Налайх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргажээ.  

Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжаар[1] тус дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн 5000 м.кв газрыг хөдөө аж ахуй, нөхөн сэргээлтийн зориулалтаар нэхэмжлэгч “Д ц т” ХХК-д эзэмшүүлсэн.

Гэвч уг захирамжийн дагуу нэхэмжлэгч компаниас газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаар гаргасан хүсэлтийг гуравдагч этгээд “К” ХХК-ийн газартай давхцалтай үндэслэлээр хариуцагчаас татгалзсан гэдэг нь Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19/364 дүгээр албан бичиг[2], 2020 оны 10 дугаар сарын 19/3133 албан бичиг[3], Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/2056 албан бичиг зэргээр нотлогдож байна.

Харин Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/316 дугаар захирамжаар[4] газар эзэмших хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн 20,000 м.кв газрыг “худалдаа үйлчилгээний” зориулалтаар “К” ХХКэзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Хариуцагч Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19/364 дүгээр албан бичиг[5], Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүсэлт гаргасан “Д ц т” ХХК болон “К” ХХК-ийн газар 100 хувь давхцаж байна” гэсэн тайлбар[6], нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрын кадастрын зургууд[7], нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрыг давхцуулсан сансрын зураг[8] зэрэг баримтуудаас нэхэмжлэгчийн эзэмшлийн 5000 м.кв газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн 20,000 м.кв газрын зарим хэсэгтэй давхцалтай гэдэг нь тогтоогдож байна.

Эдгээр баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Д ц т” ХХК-ийн маргаан бүхий 5000 м.кв газрыг эзэмших эрх нь гуравдагч этгээд  “К” ХХК-ийн газар эзэмших эрх үүсэхээс түрүүлж үүссэн, мөн гуравдагч этгээд компанийн эзэмшлийн 20,000 м.кв газартай нэхэмжлэгчийн эзэмшлийн 5000 м.кв газар бүхэлдээ давхцалтай гэдэг нь мөн тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн газрууд нь тус дүүргийн 1-р хороонд байрлах боловч газар зүйн байршлын хувьд яг давхацсан эсэх нь эргэлзээтэй буюу тодорхой бус байна. Тодруулбал, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх 5,000 м.кв газар нь цэргийн ангийн баруун талд, харин гуравдагч этгээдийн эзэмшиж буй 20,000 м.кв газар нь цэргийн анги орчимд хэмээн тодорхойлогдсон байгаа болно. Өөрөөр хэлбэл, талууд газрын давхцал дээр мөн адил маргаж байгаа ба шүүх хээрийн судалгаа хийх зэрэг байдлаар нягтлан шалгаж, давхацсан эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, түүний үндсэн дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.” гэсэн давж заалдах гомдлын үндэслэл тогтоогдсонгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус зохицуулсан.

Хариуцагчаас Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/450 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Д ц т” ХХК-д маргаан бүхий 5000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхээс түрүүлж үүссэн байтал нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагчаас гуравдагч этгээд “К” ХХК-д газар эзэмших эрх олгосон 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/316 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алинд нь ач холбогдол бүхий гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газрын зарим хэсэг нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн газартай  давхцалтай бодит нөхцөл байдлыг шалган тогтоох, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх үүссэн үндэслэл, хугацааг нарийвчлан шинжлэн судлалгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэр нь хуульд нийцээгүй бөгөөд түрүүлж үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09–ний өдрийн 736 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 62 дахь тал

[2] Хэргийн 10 дахь тал

[3] Хэргийн 18 дахь тал

[4] Хэргийн 169 дэх тал

[5] Хэргийн 10 дахь тал

[6] Хэргийн 66 дахь тал

[7] Хэргийн 178, 189 дэх тал

[8] Хэргийн 200 дахь тал