Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

    2020        06           17                                      2020/ШЦТ/603

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр,

өсвөр насны шүүгдэгч Э.Ү , түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Энхбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Б.Жаргал,

шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ч.Т , түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн           

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Ч.Т , Б.С, өсвөр насны шүүгдэгч Э.Ү нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005006060301 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ааа” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч.Т  /РД:аа0000000/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК 3 дугаар байр 170000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.С /РД:аа00000/.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,     сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл 3, эцэг, эхийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Ү /РД:а00000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 87г тоотод түрээслүүлэгчээс түр хадгалуулахаар үлдээж, итгэмжлэн хариуцуулсан хохирогч Б.Отгонжаргалын эзэмшлийн спорт обудтай 3 ширхэг дугуйг завшиж 435.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С  мэдүүлэхдээ: “...Надаас энэ хэний обуд юм бэ гэж асууж байсан. Би наадах чинь хүний обуд , хүн нь буцаж ирж авна гэж хэлсэн. Ч.Т  Э.Ү өөс асуухад Э.Ү  ав, ав гэж хэлсэн. ...Угаасаа өөр байранд орох юм чинь энэ дугуйг зараад өөр байранд оръя гэж байнга хэлдэг байсан. ...Отгонжаргал хөдөө явахаар боллоо харж байгаарай гэж хэлсэн. Э.Ү  гэрт байсан. ...Э.Ү  анх гэрт ирэхдээ энэ дугуй хүнийх гэдгийг мэдэж байсан.” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Ү  мэдүүлэхдээ “...Ер нь бол арыг нь даана гэж хэлсэн. Дугуйг нь машинд зөөж өгсөн. ...тухайн үед обудыг нь зөөж байхдаа байрнаас нүүнэ гэж хэлээгүй. Өмнө нь тийм зүйл ярьдаг байсан. ...3 дугуйг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдэж байсан. Ойролцоогоор 300.000 төгрөгийн үнэтэй байх гэж бодож байсан. ” гэв.

 

Шүүгдэгч Н.Ч.Т  мэдүүлэхдээ “...Би уг дугуйг сонирхоод хэний дугуй вэ гэж асуусан. Э.Ү , Б.С  нараас дугуйг авч болох эсэхийг асуусан. Үйлстөгөлөдр би арыг нь даана гэж хэлсэн болохоор авсан. Э.Ү  бид хоёр багаасаа найзууд байсан. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ү ийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхбаяр мэдүүлэхдээ “...Ийм хэрэг болсонд үнэхээр харамсаж байна. Хүүхдээ сайн хүмүүжүүлж чадаагүй  нь миний буруу. Миний хүүхдэд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 17 дугаар гудамжны 87г тоотод түрээслүүлэгчээс түр хадгалуулахаар үлдээж, итгэмжлэн хариуцуулсан хохирогч Б.Отгонжаргалын эзэмшлийн спорт обудтай 3 ширхэг дугуйг завшиж 435.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 24-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл өөрийн эхнэр 2 ахын хамтаар Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-87г тоот хашаа байшинг хөлсөлж суусан ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр над руу байрны эзэн Энхтүвшин залгаад миний дараа уг хашаа байшинг түрээслэн сууж байсан хүмүүс гарахдаа миний үлдээсэн гурван ширхэг дугуйтай спорт обудыг аваад явсан байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

Гэрч М.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 8 дугаар сарын 25-наас 2019 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 17-87г тоот хашаа байшиндаа ирэхэд хүн байхгүй хоосон байсан. Дараа нь 2019 оны 12 дугаар сард 2 хүүхэдтэй эхнэр нөхөр орсон. Тэгээд би хөдөө ажлаар явж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 24-нд хашаандаа ирэхэд хүн байхгүй хаалга нь онгорхой эд хогшил нь эмх замбараагүй байсан. Тэгээд өмнө нь түрээслэж байсан Отгонжаргал руу залгаад дугуй обуд чинь алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 25-26 дугаар хуудас/,  

 

 “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-720/154 дугаартай “хайлшан обуд, дугуйг 435.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний дүгнэлт /хэргийн 32-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би Э.Ү өөс энэ хэний обуд юм бэ гэж асуухад байшинд нүүж ирэхэд байсан юм, удахгүй манайх эндээс нүүх юм чинь ав гэж Б.С  хэлсэн. Тэгтэл Э.Ү  та авчих, би арыг нь даана гэж хэлсэн. ...Тухайн үед бол Э.Ү , Б.С  хоёроос хоёулангаас нь обуд дугуйг авч болох эсэх талаар асууж байж авсан, мөн Э.Ү , Б.С  нар нь хоёулаа зөвшөөрөөд Э.Ү  надад обуд дугуйг миний машинд ачиж өгсөн. ...ямар нэгэн байдлаар болохгүй гэх мэт зүйлс хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-111 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Э.Ү  нь 2020 оны 02 дугаар сарын эхийг хүртэл манай гэрт Анужингийн хамт бид нартай цуг амьдарч байсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 17 дугаар гудамжны 87г тоотод байрлах гэртээ байж байхад Э.Ү , Ч.Т  мөн түүний найз гэх залуу гаднаас орж ирсэн. Найз нь тасарчихсан харин Э.Ү  нилээн согтолттой байж байх үедээ тус байшинд байсан 3 ширхэг обудтай дугуйг Ч.Т од өгөхөөр болоод 2 ширхэг дугуйг нь Э.Ү  машинд нь ачаад хийгээд өгчихсөн юм. Тухайн үед Э.Ү  энэ надад огт хамаагүй, би энэ хариуцлагаа өрөө хүлээчихнэ, би ахдаа энийгээ өөрөө өгсөн юм чамд ямар нэгэн гай болоод асуудал байхгүй гэж хэлсэн. ...Ч.Т  энэ ямар учиртай обуд, дугуй вэ гэж асуухад нь урьд нь тус байшинг түрээслэж байсан хүнийх. Энэ хүн чинь буцаж ирж дугуйгаа авна тийм учраас би бол сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Ч.Т  Э.Ү өөс асуутал Э.Ү  нь энийг ав гэж хэлээд машинд нь ачаад хийгээд өгчихсөн юм. Энэ талаар цагдаагийн байгууллага болон эзэмшигчид нь мэдэгдсэн зүйл байхгүй. Тус байрыг ердөө 1 сарын хугацаатай түрээслэж байсан.

 ...Э.Ү  өөрөө энэ 3 ширхэг дугуйг зараад чимээгүй явчих юм бол их мөнгөтэй болно. Тэр мөнгөөрөө найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэнэ гэх мэт зүйлс яриад байсан. ...жил бүрийн 01 сарын 13-ны өдөр Э.Ү ийн найз охин Анужингийн төрсөн өдөр нь болдог бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус дугуйнуудыг зарж борлуулаад өөр байр луу явъя гэж надад зөндөө хэлсэн. Гэхдээ тэр үед нь бол би ямар нэгэн зүйл хэлээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 123-124 дүгээр хуудас/,

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Ү ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тус обудтай дугуйг зарж борлуулах талаар бүгд л яриад байсан. ...Б.С  дугуй обудыг өгч явуулахаар гаргах үед ямар нэг хориглосон зүйл байхгүй, өөрөө өгч явуулахыг зөвшөөрөөд ав ав гэж хэлж байсан. ...Тус обудыг Б.С огийн эзэмшлийнх биш бусдын эзэмшилд байгааг мэдэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 115-116 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Т ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хэргийн 62 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 65 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Солонгын гэрчээр өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Э.Ү ийн мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 27 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч О.Баянбаатарын мэдүүлэг /хэргийн 98 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Солонгын гэрчээр өгсөн мэдүүлэг /хэргийн 125 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Солонгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 128 дугаар хуудас/, Б.Солонгын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 129, 130 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, итгэмжлэн хариуцуулж өгсөн болох нь тогтоогдоогүй гэж шүүх хуралдаанд маргадаг.

 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл хохирогч Б.Отгонжаргал дугуй, обудыг Б.С д итгэмжлэн хариуцуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хэдийгээр Ч.Т , Э.Ү  нарт тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулаагүй боловч үйлдлээрээ нэгдсэн болох нь тогтоогдож байх тул бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

          Мөн шүүгдэгч Б.Солонгын өмгөөлөгч Л.Ганцэцэг насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрх ашгийг зөрчсөн гэж маргадаг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэж заасан нь заавал өмгөөлөгч оролцуулахыг шаардахгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нар нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж хохирогч Б.Отгонжаргалд 435.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэдэг бөгөөд шүүгдэгч нар нь бусдын хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшсан үйлдэл нь хууль бус бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, бусдад хохирол учрах боломжтойг мэдсээр байж гэмт хэргийг санаатай үйлдэж, хохирогч Б.Отгонжаргалын итгэмжлэн хариуцуулж үлдээсэн дугуй, обудыг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт болон эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон.

 

          Тиймээс шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонжаргалд баримтаар 435.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хэргийн 75 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нар  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь шүүгдэгч Ч.Т од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

Өсвөр насны шүүгдэгч Э.Ү т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч Н.Мягмарсүрэн шүүгдэгч Ч.Т ын эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн зүгээс үйлчлүүлэгч Ч.Т од торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Шүүгдэгчийн хувьд гэртээ өвчтэй эхийгээ асардаг, орлогын хувьд торгох ял биелүүлэх боломжгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж,

Өмгөөлөгч Л.Ганцэцэг шүүгдэгч Б.Солонгын эрүүгийн хариуцлагын талаар: “...шүүгдэгч Б.Солонгын хувьд төлбөрийн чадваргүй учраас улсын өмгөөлөгч томилуулан шүүх хуралдаанд оролцож байна. Тэрээр төлбөрийн чадваргүй нэн ядуу, бага насны хүүхэдтэйгээ цуг амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэж,

Өмгөөлөгч Б.Жаргал өсвөр насны шүүгдэгч Э.Ү ийн эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд өсвөр насны хүүхэд бөгөөд өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг сайн ойлгохгүй насан дээрээ байгаа. Улсын яллагчийн шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг дэмжихгүй байна. Учир нь миний үйлчлүүлэгч саяхан биедээ хүнд гэмтэл авч эмчилгээ хийлгэж байх тул уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хийх боломжгүй. Иймд өсвөр насны хүүхэд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс заавал ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Солонгын хувьд ганц бие эх, бага насны хүүхэдтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.Т ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Ү ийн хувьд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Харин түүнд Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Солонгыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт учруулсан хохирлыг төлсөн, анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй, ганц бие эх, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 

            Шүүгдэгч Ч.Т ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгт учруулсан хохирлыг төлсөн, анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус бүр харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилжээ.

 

          Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Ү ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал /анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 8 сар 29 хоногтой байсан/, 11 дүгээр ангийн сурагч, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж тогтоохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         

          Шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

         

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Урдаг овогт Чулуунхүүгийн Ч.Т , Бэсинхэн овогт Батболдын Б.С ,

Борлууд овогт Энхбаярын Э.Ү  нарыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т , Б.С  нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ү т 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” тус тус үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.Т , Б.С , өсвөр насны шүүгдэгч Э.Ү  нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО