Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2017/00023/И |
Дугаар | 110 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 110
2017 оны 02 сарын 14 өдөр Дугаар 156/ШШ2017/00110 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00023/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт оршин суух, Бишрэлт овогт Хандын Лхагва /РД:СУ61061879/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Лхагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Лхагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Миний бие Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд анх 1979 оны 06 дугаар сараас эхлэн 1990 оны 01 дүгээр сар хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Х.Лхагва нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1979 онд Төв аймгийн Архустын сургуулийг төгсөж, ирээд 1979 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд тракторчнаар ажилд орсон. Түүнээс хойш 1990 он хүртэл тасралтгүй ажилласан. 1991 оноос Ундрал компаний тракторын аж ахуйчаар ажилласан юм. 1991 онд сумын архив шатаж бүх бичиг баримт устсан. Иймд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бишрэлт овогт Хандын Лхагва нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тракторч, комбайнчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Х.Лхагвын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Бишрэлт овогт Хандын Лхагва нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тракторч, комбайнчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар /хх-ийн 1, 17х/, гэрч Ж.Батжаргалын ...1979 оноос 1990 он хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Тариа бригадад будаа үрлэгчээр ажиллаж байсан, би тухайн үед тракторчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Д.Бат-Эрдэнийн ..Би 1987 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид 1987 оноос 1991 он хүртэл Давшилт нэгдэлд хамт ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 21х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бишрэлт овогт Хандын Лхагва /РД:СУ61061879/-ыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд тракторч, комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Х.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР