Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           03                                      2020/ШЦТ/658

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Ч.Г, Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Э, Ч.Гнарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005020521118 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ... дугаар сарын ...-ны өдөр

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, тахир дутуугийн тэтгэвэрт байдаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Э /РД:АА000000000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр

Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ХХХ” ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамтаар 0000  тоотод оршин суух, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 864 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ч.Г/РД:ӨӨ00000000/.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Г, Б.Э нар нь бүлэглэж, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бозолло” дэлгүүрт хохирогч Н.Б.Эын хувцас солих өрөөний өлгүүрт мартаж орхисон биет 140.000 төгрөг, 800.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утастай цүнхийг буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Тухайн үед хувцасны өлгүүрт цүнх байхаар нь худалдагчийг нь дуудтал ирээгүй. Тэгэхээр нь гээгдэл эд хөрөнгө олчихлоо гэж бодоод авсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Г мэдүүлэхдээ “Цүнхийг нь дуудаад өгье гэж бодсон ч худалдагч нь ирээгүй болохоор гээгдэл эд хөрөнгө олчихлоо гэж бодоод авсан. Хуулинд ийм гэмт хэрэг байдаг гэдгийг мэдээгүйгээсээ ийм хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

 

Шүүгдэгч Ч.Г, Б.Э нар нь бүлэглэж, 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 19 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бозолло” дэлгүүрт хохирогч Н.Б.Эын хувцас солих өрөөний өлгүүрт мартаж орхисон биет 140.000 төгрөг, 800.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утастай цүнхийг буюу бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Бозолло”  дэлгүүрт өөрийн ач охин Индрагийн хамт үйлчлүүлж байгаад 2 давхарын хувцас солих өрөөнд ач охин болох Индрад фудволк, цамц өмсгөхдөө өөрийн үүрч явсан цүнхээ өлгүүр дээр өлгөж үлдээчихээд мартаад хувцасны өрөөнөөс гарсан. Тэгээд явж байгаад цүнхээ дээшлүүлэх гэсэн чинь байхгүй байхаар нь хувцасны өлгүүрт үлдээснээ санаад очоод үзсэн чинь байхгүй байсан. ...миний саарал өнгийн жижиг цүнхэнд самсунг А50 маркийн цэнхэр өнгийн утас, Самсунг нөт-7 маркийн хар өнгийн гар утас, бэлнээр 140.000 төгрөг, 2 ширхэг кофе байсан. ...хохирол бүрэн төлөгдсөн. ...шүүх хуралдаанд оролцмооргүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20, 55 дугаар хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №ТХҮ-720/316 дугаартай “Самсунг А-50, Самсунг нөт-7 маркийн гар утаснуудыг 800.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний дүгнэлт /хэргийн 29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” өөрийн найз Б.Эын хамт хувцас худалдаж авахаар болоод хувцас солих өрөөнд хувцас соьж өмсөж үзэхээр ортол тухайн хувцас солих өрөөнд бор хүрэн өнгийн гар цүнх байхаар нь найз Б.Эдаа хэлээд тус дэлгүүрийн худалдагчийг дуудаж үзэхэд огт ирээгүй. Тэгэхээр нь нь Б.Этай ярилцаж байгаад Б.Э тухайн цүнхийг өөрийн гадуур хувцасны дотор талдаа хийгээд нууж авч гараад харин би дэлгүүр дотор худалдан авалт хийчихээд тухайн олсон эд зүйлээ машиндаа 3 хоног орчим байлгаж байгаад Б.Этай уулзалдаад би нөгөө дэлгүүрээс олсон зүйл чинь энд байгаа шүү дээ яах юм бэ гэж хэлтэл Б.Э бор хүрэн өнгийн цүнх, гар утас 1 ширхэг зэргийг нь аваад харин би үлдсэн 1 ширхэг гар утсыг нь авсан юм. ... Би цэнхэр өнгийн гар утсыг авсан харин 140.000 төгрөгийг хувааж авцгаасан ... Тухайн хүнд бид хоёр хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...би бол өөрийгөө гээгдэл эд зүйл олчихлоо гэж бодоод авчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бозолло” өөрийн найз Ч.Гийн хамт хувцас худалдаж авахаар явж байгаад хувцас солих өрөөнд хувцас сольж өмсөж үзэхээр болоод Ч.Г түрүүлээд хувцас солих өрөөнд орсон юм. ...угаасаа хүн нь орхиод явчихсан юм чинь хоёулаа авъя гэж ярилцаж байгаад би өөрийнхөө гадуур өмсөж байсан хувцасныхаа дотор талд нь хийгээд түрүүлж дэлгүүрээс гарсан. Харин Ч.Г миний араас худалдан авалт хийсэн эд зүйлсээ аваад тооцоогоо хийж гарч ирээд тэндээсээ хөдөлсөн юм. ...тухайн ойр орчим цүнхийг хайж сураглаж ирсэн хүн бол байгаагүй. Мөн гээгдэл эд зүйл олчихлоо гэж бид хоёр бодоод авчихсан юм. ....” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч Б.Эын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 78 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 104 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 106-113 дугаар хуудас/, хохирогч Н.Б.Эын “... эд зүйлээ бүрэн буцааж авсан, санал гомдол байхгүй, шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, /хэргийн 127 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 128, 129 дүгээр хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 130, 133 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 132, 135 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ч.Г, Б.Энар нь бүлэглэж, хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр гээгдэл эд хөрөнгө завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Г, Б.Энар нь бүлэглэн хохирогч Н.Б.Эын хувцас солих өрөөнд мартаж орхисон гар утас, бэлэн мөнгө зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэргээр тогтоогдсон.

 

        Тиймээс шүүгдэгч Ч.Г, Б.Энарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б.Эд 940.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар уг хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчид хэргийн материал танилцуулсан “...гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй болно” гэсэн тэмдэглэл /хэргийн 123 дугаар хуудас/, “...эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Гомдол санал байхгүй. Ч.Г, Б.Э нартай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 127 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Г, Б.Энар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г, Б.Энарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо тус тус илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Г, Б.Энар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Г, Б.Энарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Г, Б.Энар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э, Ч.Гнарыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г, Б.Энарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Г, Б.Энар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО