Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 683

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           09                                      2020/ШЦТ/683

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч С.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас С.Ц ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005019811101 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байр, 51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Ц  /РД:аа0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.Ц  нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Н.Тэмүүлэнг зодож хамар ясны 2 талын зөрсөн хугарал, хамрын хэлбэр алдалт, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц  мэдүүлэхдээ: “Тэмүүлэн гэдэг хүүхдийг би дуудаад мөрөн дээр нь гараа давуулж тавьсан. Цээжнээс нь чимхээгүй. Намайг юу гэнээ гэхээр нь би жаахан эвгүй харьцчихсан. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч С.Ц  нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар сургуулийн сагсан бөмбөгийн талбай дээр хохирогч Н.Тэмүүлэнг зодож хамар ясны 2 талын зөрсөн хугарал, хамрын хэлбэр алдалт, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 18 цаг 50 минутын орчим би өөрийн найзууд болох Мөнхжин, Ганхуяг, Отгоо нарын хамт Баянгол дүүргийн 96 дугаар сургуулийн гадна байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байхад 19-20 орчим насны танихгүй ах эхлээд миний мөрөн дээр гараа давуулаад цээжнээс чимхээд байсан. Тэгэхээр нь би түлхээд “зүгээр байгаач, танихгүй юм байна шүү” гээд хэлээд өнгөрсөн. ...тэр ах миний араас намайг хөөе гээд дуудахаар нь эргээд хартал миний баруун талын хацар руу гараа зангидаж байгаад шанаадсан. Тэгэхэд би газар уначихаад газраас босоод ирэхэд заамдаж байгаад миний хамар руу духаараа мөргөсөн. Тэгтэл миний хамраас их хэмжээний цус гараад би нүүрээ гараараа хаагаад доошоо явган суутал тэр ах явчихсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 10 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6253 дугаартай шинжээчийн

“1. Н.Тэмүүлэн-н биед хамрын ясны 2 талын зөрсөн хугарал, хамрын хэлбэр алдалт, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх нь шинэ гэмтэл байна. ...” гэсэн дүгнэлт /хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч С.Ц ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар сургуулийн гадаа явж байгаад Тэмүүлэнтэй таарсан. Тэгээд Тэмүүлэн надтай мэндлэхгүй байхаар нь мөрөн дээгүүр нь гараа давуулаад “ахтайгаа мэндлэхээ байчихсан юм уу” гээд хэлтэл миний гарыг түлхээд “чамайг бол мэдэхгүй юм байна шүү” гээд чанга дуугараад байхаар нь би нэг удаа нүүр лүү нь духаараа мөргөчихөөд явчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 25 дугаар хуудас/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хэргийн 28-36 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид хавтаст хэргийн материал танилцуулсан “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 38 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Ц  нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Н.Тэмүүлэнг мэндэлсэнгүй гэх шалтгаанаар түүний хамар руу мөргөсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ц  нь хохирогч Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц ийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч С.Ц ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт /хэргийн 10 дугаар хуудас/ “220.000 төгрөгийн зардал гарсан. ...хамрын хагалгааны зардал 5 сая төгрөг болно. ..” гэсэн байх боловч хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирлын баримт байхгүй байх тул насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Ц ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Мөн шүүгдэгч С.Ц  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Ц ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч С.Ц ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, цаг хугацаа, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх байдал тогтоогдоогүйг тус тус харгалзан Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч С.Ц ид  торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц ид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой

гарсан зардал болон цаашид гарах зардлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

зүйлгүй, шүүгдэгч С.Ц  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4

дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО