Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 684

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           10                                      2020/ШЦТ/684

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Ц.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Ц.Э д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003000000228 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц.Э  /РД:АА00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Э  нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 10 минутын орчимд Баягол дүүргийн 14 дүгээр хороо, Аюушийн өргөн чөлөө, 13а байрны хойд замд “Тоёота Приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гдана зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ү /3 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э  мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй байх тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э  нь 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 10 минутын орчимд Баягол дүүргийн 14 дүгээр хороо, Аюушийн өргөн чөлөө, 13а байрны хойд замд “Тоёота Приус” маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гдана зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ү /3 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-11 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мягмартуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 10 минутын орчим би гэртээ байж байтал манай нөхөр Төрмөнх над руу өөрийнхөө утсаар залгаад намайг гараад ир гээд гар утсаа салгахаар нь байрнаас гартал манай охин Үүрийнцолмон нь цайвар цэнхэр өнгийн Тоёота приус 30 маркийн, 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлээд гэмтчихсэн. Манай нөхөр Төрмөнх нь охин Үүрийнцолмонг тэвэрчихсэн зогсож байсан. ...эмчилгээнд гарах зардлууудыг мөргөсөн жолоочоос нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

 

Гэрч З.Мөнхбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 10 минутын орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13а байрны хойд талын хорооллын зам дээр би найз Төрмөнх, Төрмөнхийн охин Үүрийнцолмон нарын хамт Төрмөнхийн машиныг угаагаад дуусаж байхаар нь би орцны үүд рүү ганцаараа явж байтал автомашин тоормослох чимээ сонсогдоод Төрмөнх хашгираад эргээд хартал цагаан өнгийн Тоёота Приус 30 маркийн автомашинтай явсан залуу охин Үүрийнцолмонг автомашиныхаа зүүн талынхаа урд хэсгээр мөргөсөн. Үүрийнцолмонгийн баруун хөл нь автомашины зүүн урд талын дугуйн доогуур нь орчихсон байсан. Би хараад тэр машиныг нь хойш нь ухраасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7025 дугаартай шинжээчийн:

“...1. Т.Үүрийнцолмон-н биед зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун тахимын зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай мөрдөгчийн “...

            “...1. Тоёота Приус 30 маркийн 00-00улсын дугаартай автомашины жолооч Ц.Э нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

            2. Явган зорчигч Төрмөнх овогтой Үүрийнцолмон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа /энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд/ өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэх үндэслэлтэй байна.

            3. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа /хэргийн 54-55 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 10 минутын орчим би эхнэр Саранчимэгийн төрсөн ахын охин болох Орхонтуулын эзэмшлийн 00-00улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодоод Баянгол дүүргийн 13а байрны ард талын гараашийн урд талаас хөдлөөд, 1-р хороолол руу явж бай” зогсоол байсан машин дундуур 3 настай, Ц.Э гэнэт гарч ирээд зүүн талын булан хэсэгт автомашинд мөргүүлээд унасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч Ц.Э гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 74 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 77 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 83 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 85 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 90 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Ц.Э  нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч Т.Үүрийнцолмонгийн зүүн хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Э  нь машин жолоодож явахдаа болгоомжгүйн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Үүрийнцолмонгийн зүүн хөлийг машинаар дайрч түүний биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Э гийн мэдүүлэг, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон машинд мөргүүлснээс үүдэлтэй насанд хүрээгүй хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

        Тиймээс шүүгдэгч Ц.Э г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч Ц.Э  нь нийт 5.000.000 /таван сая/ төгрөгийг төлж барагдуулсан /хэргийн 80 дугаар хуудас/ болох нь тогтоогдсон. Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...5.000.000 төгрөгийг бүрэн барагдуулсан тул бидний зүгээс гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 84 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Э  улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч Ц.Э  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э  нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Э д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Э  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Э г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Э  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО