Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           07                                      2020/ШЦТ/672

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч О.Э, Б.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Э, Б.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005000001052 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эх дүү нарын хамт 0000 тоотод бүртгэлтэй, 0000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О.Э/РД:аа00000/.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр 26-ны өдөр Сэлэнгэ

аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, 2 дүүгийн хамт 0000 тоотод оршин суух, урьд

            2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 747 дугаартай шийтгэх тогтоолоор 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б.М/РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Э, Б.М нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Сейф” барьцаалан зээлдүүлэх газраас 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Лхагвасүрэнгийн “Macbook Pro 2016” загварын зөөврийн компьютерыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Болсон үйл явдал үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “Тухайн үед болсон үйл явдлыг мөрдөн байцаалтын шатанд ярьсан учраас дахин нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Э, Б.М нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден Сейф” барьцаалан зээлдүүлэх газраас 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Лхагвасүрэнгийн “Macbook Pro 2016” загварын зөөврийн компьютерыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан авч 2.600.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “О.Э, Б.М нар нь 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн Ай фон икс маркийн гар утсыг “Бид хоёр маргааш чиний гар утсыг аваад өгнө, ямар ч асуудалгүй, баталгаатай гэж хэлээд миний утсыг модны хоёрт байрлах “Дөлгөөн нуур” гэх ломбардад тавьсан байсан бөгөөд маргааш нь авч өгөхгүй болохоор нь би 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б.М , О.Энартай уулзаж, миний гар утсыг хэзээ авч өгөх юм бэ гэхэд удахгүй мөнгө орж ирэхээр авч өгнө гэж өдөржин болсон бөгөөд орой нь Б.М нь “миний данс руу гадаадаас мөнгө орж ирж байгаа, жаахан удах байх. Чи гадаадаас мөнгө орж иртэл түр Нөүтбүкээ ломбардад тавиад өгчих, утсыг чинь ломбардаас аваад, найз нь мөнгөтэй болохоороо чиний нөүтбүкийг аваад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байр 5 тоот гэрээсээ өөрийн Макбүүк про 2016 нөүтбүкээ аваад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голден Сейф” нэртэй ломбардад О.Э гийн бичиг баримтаар 730.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...тэгээд Б.М тай ярихад удаахгүй аваад өгнө, сарын дотор аваад өгнө, ямар ч асуудалгүй гэх зэргээр олон шалтгаан хэлж, хариу бичдэг байсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дугаар хуудас/,

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “макбүүк про 2016 нөүтбүүкийг 2.600.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Хангайбазарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр О.Э, Б.М болон Лхагвасүрэн гэх хүмүүс Макбүүк про 2016 загварын нөүтбүүкийг О.Э гэх хүний бичиг баримтаар барьцаалан, Б.Лхагвасүрэн гэх охины эзэмшлийн нөүтбүүк гэж хэлж тавьж байсан. Тэгээд тухайн охиноос асуухад зөвшөөрч барьцаанд тавиулсан юм. Харин маргааш нь буюу 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б.М, О.Энар нь бэлнээр 788.500 төгрөгөөр тухайн барьцаанд тавьсан нөүтбүкээ чөлөөлж авсан юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 65 дугаар хуудас/,

 

Гэрч О.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 3 дугаар сард манай хамаатны дүү Баяр-Эрдэнэ гэх залуу манай хажууд караокены зөөгч хийдэг байсан юм. Тухайн үед надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би асуухад манай үүдний хэсэгт зарсан юм шиг байнлээ. Манай хамаатны дүү тэр нөүтбүүкийг авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...О.Э  бид хоёр 2020 оны 3 дугаар сарын 22-ны өглөө уулзаад хэсэг байж байгаад гэр гэр лүүгээ яваад оройхон Б.Лхагвасүрэнтэй инстаграмаар чатлаж байгаад уулзаад “Нөүтбүүкээ ломбардад тавиад өгчих, утсыг чинь ломбардаас аваад, найз нь мөнгөтэй болохоороо аваад өгье” гэж хэлэхэд Б.Лхагвасүрэн зөвшөөрөөд О.Э , Б.Лхагвасүрэн бид гурав Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 1 дүгээр орцны орчим уулзаад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голден Сейф” нэртэй ломбардад О.Э гийн бичиг баримтаар Макбүүк про 2016 маркийн нөүтбүүкийг 730.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн мөнгөөр модны хоёрт байрладаг “Дөлгөөн нуур” нэртэй ломбардад барьцаанд байсан Б.Лхагвасүрэнгийн Ай фон икс маркийн гар утсыг чөлөөлж авч өгсөн. Тэгээд маргааш нь О.Эбид хоёрт мөнгө хэрэг болоод Гандаш гэх найзынхаа гар утсыг Макбүүк про 2016 маркийн нөүтбүүкийн оронд түр барьцаалж нөүтбүүкийг нь чөлөөлөөд ломбардад 1.600.000 төгрөгөөр зараад, 830.000 төгрөгөөр Гандашын гар утсыг ломбардаас чөлөөлж авч өгсөн ...О.Э  бид хоёрт мөнгө хэрэг болохоор нь бид хоёр өөр ломбардад тавьсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч О.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ Б.М бид хоёр Б.Лхагвасүрэнтэй уулзаад түүний Ай фон икс маркийн гар утсыг 650.000 төгрөгөөр ломбардад тавиад 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр уулзаж байж байгаад орой би гэр рүүгээ явж хувцсаа солиод буцаад 18 цагийн орчим уулзаад Б.Лхагвасүрэнгийн Макбүүк про 2016 загварын нөүтбүүкийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Голден сэйф” нэртэй ломбардад 730.000 төгрөгөөр барьцаалаад би өөрийн 5077531572 тоот Хаан банкны дансаар мөнгөө авсан. Тэгээд шууд тухайн мөнгөөрөө Б.Лхагвасүрэнгийн Ай фон икс маркийн гар утсыг тавьсан ломбардаасаа чөлөөлүүлж авч өгсөн. Маргааш нь Мөнхбаяртай ярьж байгаад Макбүүк про 2016 маркийн нөүтбүүкийг арай илүү үнээр ломбардад тавья гэж хэлээд найзынхаа гар утсыг тавиад оронд нь нөүтбүүкээ аваад өөр ломбардуудаар ороход авахгүй байсан учраас “Хүрд” нэртэй ломбардны хүнд 1.600.000 төгрөгөөр зарсан. ...зарсан мөнгөнийхөө 500.000 төгрөгөөр ай фон икс макс загварын гар утсыг аваад үлдсэн 830.000 төгрөгөөр “Голден Сэйф” нэртэй ломбардаас найзынхаа утсыг аваад, Б.М ын 150.000 төгрөгөөр Самсунг А10 маркийн гар утсыг “JS” нэртэй ломбардаас чөлөөлж аваад 120.000 төгрөг үлдсэн бөгөөд тухайн мөнгийг үрээд дууссан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 70, 72 дугаар хуудас/, шүүгдэгч Б.М т шийтгэл оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 798 дугаартай шүүхийн шийтгэвэр /хэргийн 73 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 82, 83 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 87, 88 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 89, 90 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл О.Э, Б.М нар нь бүлэглэж, хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Лхагвасүрэнгийн зөөврийн компьютерыг хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Э, Б.М нар нь бүлэглэн хохирогч Б.Лхагвасүрэнгийн зөөврийн компьютерыг хуурч аван цааш зарж борлуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон.

 

        Тиймээс шүүгдэгч О.Э, Б.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лхагвасүрэнд 2.600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар уг хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн /хэргийн 84 дүгээр хуудас/ болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нараас хохирогчид учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч О.Э, Б.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэлд нь тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нар улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо тус тус илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.Э, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.Э, Б.М нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Э, Б.М нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Э, Б.М нарыг “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.М нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.М нараас тус бүр 1.300.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Б.Лхагвасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаад олгосугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Э, Б.М нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО