Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 115

 

2017 оны 02 сарын 17 өдөр           Дугаар 156/ШШ2017/00115                        Хэнтий аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00013/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
           Нэхэмжлэгч: МТ-Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатарт холбогдох
            Нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 17 396 181 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч МТ-Ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул  нар оролцов.

                                                                                                          
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч МТ-Ойл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
“Наранхул" ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “МТ Ойл” ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах № 09/16 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 5.2-т “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог сар бүрийн 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан"...бөгөөд манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 11,597,454 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай компани нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 71/16 тоот албан бичгээр төлбөр барагдуулах талаар удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөроө хийгээгүй болно.

Иймд гэрээний 7,2-т зааснаар “Худалдан авагч нь гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний төлбөрийн алданги /2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05- ны өдөр хүртэл 149 хоногоор тооцоход 8,640,103 төгрөг болсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцүүлэн 5,798,727 төгрөгөөр тооцож нийт 17,396,181 /арван долоон сая гурван зуун ерэн зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөгийг “Наранхул” ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
    
    Нэхэмжлэгчийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан нь шүүх хуралдаан дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: 
    Шүүхэд гаргасан 17 396 181 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6 300 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 11 096 181 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 4 596 181 төгрөгөөс манай байгууллага нь татгалзаж, хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатараас 6 500 000 төгрөгийг гаргуулахаар тохиролцлоо. А.Ганбаатар нь уг мөнгийг 3 хувааж 2017 оны 02 дугаар сард 2 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 3 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Энэ 6 500 000 төгрөгөнд манай компаниас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 244 930 төгрөг орж тооцогдсон болно гэв

Хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2016 оны 06 дугаар сарын байдлаар МТ-Ойл ХХК-д шатахууны зардалд 11 597 450 төгрөг төлөх ёстой байсан. МТ-Ойл ХХК-ийн борлуулалтын менежер Базардарьтай ярилцан тохиролцсоны үндсэн дээр уг мөнгийг хуваан төлөхөөр тохиролцсон. Танай компани анхны төлбөрөө өнөөдөр хий тэгвэл танайхыг хуулийн зөвлөхдөө хандахгүй гэсэн аман тохиролцооны дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийсэн. Дараагийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлж, нийт 6 300 000 төгрөгийг МТ-Ойл ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл тус компани нь хэлэлцээрээ зөрчиж, манай компанийг шүүхэд өгсөн ба анхны үнэ болох 11 597 450 төгрөгөөс алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид үндсэн үнийн үлдэгдэл 5 297 450 төгрөгийг 2017 оны эхний хагаст багтаан төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 24х/  

Хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатар нь шүүх хуралдаан дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:  
МТ-Ойл ХХК нь 11 096 181 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 4 596 181 төгрөгөөс татгалзаж, 6 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцлоо. Уг мөнгийг 3 хувааж 2017 оны 02 дугаар сард 2 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 3 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Энэ 6 500 000 төгрөгөнд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 244 930 төгрөг орж тооцогдсон болно гэв. 

Шүүх зохигчдын тайлбар болон тэдний хооронд бичгээр байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч МТ-Ойл ХХК-нь хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух, Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатарт холбогдуулан “нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 17 396 181 төгрөг” гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч МТ-Ойл ХХК-нь 11 096 181 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 4 596 181 төгрөгөөс татгалзаж, 6 500 000 төгрөгийг хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатараас гаргуулахаар тохиролцжээ. Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатар нь 6 500 000 төгрөгийг 3 хувааж 2017 оны 02 дугаар сард 2 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 3 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан болох нь зохигчдын шүүх хуралдаанд дээр байгуулсан Эвлэрлийн гэрээ, тэдний тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатар нь 6 500 000 төгрөгийг 3 хувааж 2017 оны 02 дугаар сард 2 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сард 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сард 3 500 000 төгрөгийг барагдуулахаар, түүнчлэн энэхүү 6 500 000 төгрөгөнд нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 244 930 төгрөг оруулж тооцохоор харилцан тохиролцсон байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. МТ-Ойл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Наран Хул ХХК-ийн захирал А.Ганбаатарт холбогдох түүнээс “нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 17 396 181 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч МТ-Ойл ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 244 930 төгрөгийг улсын орлого болгосугай.
4. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн энэ захирамжинд зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР