Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           07                                      2020/ШЦТ/673

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Г.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Хотгойд овогт Галсандоржийн Г.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005020651124 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засварын газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, 0000 тоотод оршин суух, Нарангийн 13-57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г.Э/РД: аа111111/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42б дугаар байрны гадна найз Ж.Түвшинтөртэй маргалдлаа гэх шалтгаанаар газар унагаан нүүрэн тус газар  нь цохиж эрүүл мэндэд нь “дээд зүүн шүдний 1 дүгээр шүдний булгарал, цээжний баруун талд 2 дугаар хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Болсон үйл явдал үнэн зөв. Өөрийн буруугаас болж ийм хэрэг үйлдсэн. Хохирогчид хохирол төлж байгаа” гэв.

 

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42б дугаар байрны гадна найз Ж.Түвшинтөртэй маргалдлаа гэх шалтгаанаар газар унагаан нүүрэн тус газар  нь цохиж эрүүл мэндэд нь “дээд зүүн шүдний 1 дүгээр шүдний булгарал, цээжний баруун талд 2 дугаар хавирганы хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Гэрч Ж.Түвшинтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 09-ний орой эхнэр хүүхдүүдийн хамт найз Баттулгын гэрт 22 цагийн үед очиж хувцсаа угаасан. ...тамхи татаад зогсож байгаад машинаа зогсоолд тавих гээд машин руугаа явж байтал урт үстэй гартаа пиво барьсан залуу “..нааш ир пизда минь чи хаанахынх юм бэ? “ гэсэн. ...Энэ үед араас Баттулга, Уугий хоёр алхаж хүрч ирээд Уугий урт үстэй залуугийн цамцнаас татаад арагш газар унагаагаад уруул, шүд хэсэгт нь нэг удаа цохисон. Баттулга боль гээд салгасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байтал найз Түвшинтөр гэрт ирсэн. ...шөнийн 02 цагийн үед Түвшинтөр машинаа зогсоол гарсан бол тавья гэхээр нь Г.Э бид хоёр хамт гарсан. Ингээд 42б байрны гадна тамхи татаад зогсож байтал хажуугаар 1 залуу яваад өнгөрсөн бөгөөд Түвшинтөртэй маргалдаад өнгөрсөн. ...урт үстэй танихгүй залууг түлхээд авсан. Тэр үед Баттулга бид хоёр наанаас нь явж очоод Түвшинтөртэй маргалдсан залууг яв гэж хэлсэн. ...Г.Э цамцнаас нь татаж газар унагаад шүд уруул хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

 

Хохирогч Т.Ууганхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 09-ний орой найзтайгаа уулзаад 2,5 литрийн савтай 3 пиво ууж юм ярьж суусан. ...02 цаг өнгөрч байхад найзын хамт гэр рүүгээ алхаад явж байтал миний амьдардаг 42 дугаар байрны өнцөг дээр 2 залуу хоорондоо инээлдээд чанга чанга юм яриад байсан бөгөөд 1 залуу нь зам дагаад алхаж байсан. ...Бараан өнгийн цамцтай залуу миний араас барьж аваад газар унагаад шууд нүүр хэсэгт /шүд рүү/ нэг удаа цохисон. Тэгтэл цагаан өнгийн цамцтай өндөр залуу нь салгаад холдуулсан. ...эмчид үзүүлэхэд нэг шүд хугарсан байна гэсэн. ...татаж унагаад цохисон залууг Г.Э гэдэг юм байна лээ. ...Би эмчилгээний зардалдаа одоогоор 200.000 төгрөг авсан. ...Одоо шүд хийлгэхэд 2.400.000 төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг авсан тохиолдолд надад ямар нэг санал гомдол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18, 20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6948 дугаартай шинжээчийн:

“...1. Т.Ууганхүүгийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгарал, цээжний баруун талд 2 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

    2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

    3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

    4. Цаашид нэг шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5 хувь нөлөөлнө.

    5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ” гэсэн дүгнэлт /хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байгаад 20 цагийн үед Баттулга утсаар дуудаад хөзөр тоглох уу гэсэн. ...шөнийн 02 цагийн үед Түвшинтөр машинаа зогсоол гарсан бол байрлуулах хэрэгтэй байна гэсэн. Ингээд Баттулга бид хоёр хамт гарч тамхилангаа агаарт гарахаар болоод гарсан. ...Би Түвшинтөртэй маргалдсан залуугийн цамцнаас нь татаж газар унагаад шүд уруул хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. ...тэр үед шүд нь хугарсан. Шүд хугарсныг би тэр үедээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч Г.Эын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /хэргийн 41 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 42 дугаар хуудас/, дугуй засварын газар түрээсэлдэг гэх түрээсийн гэрээ /хэргийн 45-46 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 49  дүгээр хуудас/, Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 54 дүгээр хуудас/хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 56 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 64 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Э нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр найзыгаа өмөөрсөн гэх шалтгаанаар хохирогч Т.Ууганхүүгийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э нь хохирогч Т.Ууганхүүгийн нүүрэн тус газарт нь буюу уруул, шүд хэсэгт цохиж гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Г.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ууганхүүгийн биед хөнгөн зэргийн хохирол учирсан, хохирогч 2.600.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 186.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн /хэргийн 23-25 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Г.Э хохирогчид 200.000 төгрөг төлж, үлдэгдэл хохирлыг хэсэгчлэн төлөхөөр сайн дураараа хохирогчтой тохиролцсон байх тул шүүгдэгчээс 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ууганхүүд олгох нь зүйтэй.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Г.Э нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Мөн шүүгдэгч Г.Э нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлөн өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Эд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Г.Эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эаас 2.400.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ууганхүүд олгосугай.
  3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО