| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0058/Э |
| Дугаар | Дугаар 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар Дугаар 2020/ШЦТ/80
2020 оны 05 дугаар сарын 13 өдөр Дугаар 2020/ШЦТ/80 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Ч.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Анчин овогт Чойсүрэнгийн Өад холбогдох эрүүгийн 1929001850031 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 14-16-ны хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг, Бумбан-Овоо хорооллын 509 тоот хашаанд байсан “Эрмүүн сайхан” ХХК-ийн эзэмшлийн 33-64 УНЧ улсын дугаартай, Бейбен маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлятор, 350 литр түлшийг хулгайлж бусдад 1.491.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Д.Батсүхийн өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ гараад амбаарт очиж юм авах санаатай явж байгаад машины аккумлятор байрлуудаг хайрцагны таг нь хөдөлсөн байхаар нь очиж үзэхэд хайрцагны тагны цоожийг эвдэж газар хаяад 2 ширхэг аккумлятор байсан нь алга байсан. Тэгээд шатахууны саванд байсан дизель түлшээ үзэхэд алга байсан. Тэгээд ажил төрлөөс хамаараад цагдаад мэдэгдэж амжихгүй байж байгаад манай эхнэр Үүрийнцолмон цагдаад шалгуулахаар өргөдөл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч Б.Үүрийнцолмонгийн өгсөн: “Манайх Цогтцэций сумын төвд Бумбан-Овоо хорооллын 509 тоот хашаанд гэрт амьдардаг юм. Манайх Нордбенз маркийн тээврийн хэрэгслээ хашаандаа тавьсан байсан ба 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээс гараад явах хугацаандаа хашаанд байсан Нордбенз маркийн машины аккумлятор бэхэлсэн даруулганы цоож эвдэрсэн газар байхыг хараад очиж лавшируулж үзэхэд цоожийг эвдэж 2 ширхэг аккумлятор байсныг аваад явсан байхаар нь машинаа тойрч харахад шатахууны банкны цоожийг эвдэж газар дизель түлш асгасан байсан. Тэгээд аккумлятор болон түлш алдагдсаныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Б.Жамъянгийн өгсөн: “...тэгээд удалгүй гарч ирээд энд нэг хүн аккумлятор зарж байна гэхээр нь би хашааруу ороход Харрьер машины багажинд 2 ширхэг аккумлятор байсан. Тэгээд үзэж байгаад гэрэл асаах төдийд ашиглах боломжтой пм шиг байхаар нь нэгийг нь худалдаж авсан, үлдсэн нэгийг нь хамт явсан саахалт айлын малчин Нандинцэцэг худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Б.Насан-Өлзийгийн өгсөн: “...Ноолуурын үнэ асуух гээд Хад гэдэг айлд очоод би машинаас бууж Хад ахтай уулзаж ноолуурын үнэ асуучихаад байж байхад хашаанд машинтай хүн орж ирээд аккумлятор авах уу гээд Хад ахаас асуухад Хад ах авах нь авна аккумляторын үнэ буусан байгаа том аккумляторыг 18 000 төгрөгөөр авч байгаа гэж хэлсэн. Тэгээд би нөхөр Жамъян дээр очоод энд нэг хүн аккумлятор хямдхан зарна гэж байна авах уу гэхэд Жамъян очиж үзээд авахаар болоод 2 ширхэг аккумлятор байсны нэгийг нь аваад үлдсэн нэгийг нь Нандинцэцэг авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/
Гэрч Ц.Нандинцэцэгийн өгсөн: “...Сумын төвд ирээд ноолуурын үнэ асуух гээд түүхий эд худалдан авдаг Хадбаатар гэх айлд очоод хашааных нь газаа зогсоход хөдөөнөөс хамт ирсэн Насан-Өлзий машинаас буугаад айлын хашааруу орж таарсан. Удалгүй Насан-Өлзий гарч ирээд энд нэг хүн аккумлятор хямдхан зарна гэж байна гэхээр нь аккумляторыг үзэхэд 2 ширхэг байсан. Тэгээд хэрэглэх боломжтой байсан тул хөдөөнөөс хамт ирсэн Жамъян бид хоёр нэг нэгээр нь тус бүр 20 000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/
Гэрч Т.Баатархүүгийн өгсөн: “...Тэгээд очих газрыг нь заалгаж аваад Бумбан-Овоо 511 тоот хашааны үүдэнд очиж зогсоход нөгөө согтуу хүн “надад аккумлятор байна би Хятад хүний шланз барьдаг юм,сар гаран явахад цалин өгөхгүй байхаар нь 2 аккумляторыг нь аваад ирсэн” гэхээр нь хашааруу орж үзэхэд 2 ширхэг хар өнгөтэй шинэвтэр аккумлятор байсан. “Ямар үнэтэй өгөх юм” гэхэд “2 аккумляторыг нийлүүлээд 40 000 төгрөгөөр өгнө” гэхээр нь би хоёрдогч түүхий эд авдаг газар хүргэж өгсөн. Тэгээд намайг нөгөө хүнийг хүргэж өгөх үед хөдөөнөөс ноолуур өгөх гээд айлд ирсэн байсан нэг залуу тааралдаад “хямдхан аккумлятор юм бол би авья” гээд нөгөө согтуу хүнийг суулгаад 2 аккумляторын хамт аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч Ө.Ганбаярын өгсөн: “...Би нилээн согтоод тасраад унтсан. Маргааш өглөө сэрэхэд гэрт Ө, хойт эцэг Мөнхжаргал 2 архи уугаад сууж байсан ууж байх үедээ дизель түлшний талаар яриад байх шиг байсан яг юуны талаар яриад байгааг би ойлгоогүй тэгсэн чинь Ө ахдаа хэдэн литр түлш зараад өгчих гээд гэрээс дээд талыг нь тайрсан 60 литрийн цэнхэр усны сав аваад намайг дагуулаад манай гэрээс доошоо 3 дахь хашаанд байсан нүүрсний шаланз машин дээр очиход нь “энэ хэний ямар учиртай шаланз юм бэ” гэхэд Ө “би энэ шаланзны эзэнтэй хамт нүүрс тээвэрт явдаг байсан юм надад өртэй миний мөнгийг өгөхгүй яваад өгсөн” гэж хэлээд “би энэ машиныг өөрөө мэдэж байна та нарт хамаагүй” гээд шатахууны савыг өөрөө онгойлгоод шланкаар соруулж усны саванд хийж дүүргээд дамжилж зүүн талын хашаагаар дамжин хашааны үүдэнд аваачиж тавьсан. Тэгээд түлш авах хүн хайгаад төврүү ороход машин зам дээр нэг дунд гарын жийп машинтай 2 хүн таараад машин засварын газар асуухаар нь зааж өгөөд “хямдхан түлш авах уу” гэж асуухад “янз бүрийн хэл амтай юм биш биздээ” гэхэд Ө “үгүй би өөрийн шланзнаасаа авсан” гэхэд худалдаж авахаар зөвшөөрөөд 50 000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш өглөө хэдний өдөр байсныг санахгүй байна эхнэр Тунгалагийн хамт төврүү орох гээд явж байхад дизель түлш авсан шланзтай хашааны зүүн талын хашааны гадаа Ө, хойд эцэг Мөнхжаргал, зүс танихгүй хүний хамт 3-лаа “түлш зарна” гээд намайг “түлш авах хүн байна уу асуугаад өгчих” гэхээр нь “чадахгүй ажилтай” гээд яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/
Гэрч Ц.Мөнхжаргалын өгсөн: “...Ө, Ганбаяр 2 яваад удалгүй усны сав аваад 0.75 граммын савалгаатай нэг шил Ерөөл архи барьж ирээд хувааж уусан. Усны сав өгөхөөр нь дизель түлш үнэртээд байхаар нь түлш үнэртсэн усны сав авахгүй гээд аваагүй. Манай гэрийн гадаа Ө хоноод маргааш өглөө эрт босож явсаныг мэдээгүй өдөр ирээд намайг “хамт яваад юм авалцаад өгөхгүй юу” гэхээр нь “хаанаас ямар учиртай юм авах гээд байгаа юм бэ” гээд хамт явахад манай хуучин байсан хашаанаас зүүн тийш дотороо нүүрс тээвэрлэдэг шланз машинтай 4 дэх хашаанд Ө өөрөө ороод намайг “зүүн талын хашааны зүүн хойд буланд зогсож бай” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 5 литр хэмжээтэй 4 ширхэг хуванцар савтай дизель түлшнүүд өгсөн. Намайг хамт яваад заралцаад өгөөч гэхээр нь би “явахгүй чи өөрөө зар ямар ч учиртай дизель түлш юм мэдэхгүй байна” гэхэд “шланз машины жолоочтой би найз байгаа юм надтай хамт тээвэрт явчихаад надад өгөх ёстой мөнгөө өгөхгүй байхаар нь өөрийнхөө юмыг авч байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/
Гэрч Ц.Эрхэмбаатарын өгсөн: “...Мөнхжаргал ах “дотор муу байна ганц юм байна уу” гэж асуусан надад мөнгө байгаагүй учраас “байхгүй” гэдгээ хэлээд сууж байхад Ө “дизель түлш зарж ганц юм авч ууя чи хамт яваад ир” гэхээр нь зөвшөөрөөд Мөнхжаргал ахын гараас амсар хэсгийг нь тайрсан цэнхэр өнгийн усны сав, мөн цоорхой усны сав аваад Мөнхжаргал ах, Ө бид 3 хамт явсан. Яваад Мөнхжаргал ахын хуучин байсан хашаанаас зүүн талруу 3 дахь хашаанд очоод хашаанд байсан улаан хүрэн өнгөтэй чиргүүлтэй нүүрсний шланз машины шатахууны савнаас дизель түлш Мөнхжаргал ахынхаас авсан усны савнуудад авсан. Тэгээд Мөнхжаргал ах “би хойно нэг хүнд очоод өгчихнө” гээд савтай түлшээ дамжилж яваад гэр хороололд урд тал нь задгай нэг айлын хашаанд оруулж тавиад Мөнхжаргал ах “байж байгаарай би явж хүнтэй уулзаад ирнэ” гэж яваад ирэхдээ түлш авах хүнээ дагуулаад ирсэн. Тэгээд хүндээ түлшээ зарчихаад дэлгүүр орж 0.75 граммын савалгаатай Ерөөл архи аваад Мөнхжаргал ахын гэрт очоод уугаад сууж байхад эхнэр утсаар залгаад “хөдөө явъя” гэж дуудахаар нь би явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Яллагдагч Ч.Өын өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-76-р хуудас/
“Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ӨМА348 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-56-р хуудас/
Шүүгдэгч Ч.Өын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ч.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/,
Шүүгдэгч Ч.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 77-78-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч 2019 оны 06 дугаар сарын 14-16-ны хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4 дүгээр баг, Бумбан-Овоо хорооллын 509 тоот хашаанд байсан “Эрмүүн сайхан” ХХК-ийн эзэмшлийн 33-64 УНЧ улсын дугаартай, Бейбен маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумлятор, 350 литр түлшийг хулгайлж бусдад 1.491.500 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Өлзийтбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ч.Өыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Батсүхэд хохирол төлбөрт 620 000 төгрөгийг төлж барагдуулсан, 841 500 төгрөгийн хохирол төлбөртэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Ч.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Ч.Өад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний шүүхийн шатанд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр оргон зайлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Ө нь энэ хэрэгт нийт 7 хоног цагдан хоригдсон, хохирогчид хохирол төлбөрт 841 500 төгрөгийн төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.