Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий Н.Т-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л, нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Л.Ю, хариуцагчийн өмгөөлөгч А.У, гэрч О.Н, Я.Т, Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Т би Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “орлого шимтгэлийн байцаагч”-аар 2009 оноос 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдалгүй төрийн албанд чин шударга, хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн. Гэтэл хэлтсийн дарга Б/26 тоот тушаалын үндэслэлдээ намайг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр 4 цаг ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байх тул төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй намын болон хувийн хэт явцуу үзэл суртлаар хандаж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироолоо. Би 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан зүйл байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Ажил олгогчдын зөвлөгөөн” Соёмбо танхимд болсон бөгөөд энэ зөвлөгөөн дээр би илтгэл тавих байсан боловч урд өдөр нь ээж маань нүдний мэс заслын яаралтай хагалгаанд орох болсоныг мэдээд, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамгийн эхний мэс заслын хагалгаа хийлгэхээр хагалгааны өрөөнд орсон боловч даралт өндөр, зүрхний пульс өндөр байна хэсэг байзна гээд өрөөнөөс түр гаргаж дахиад хагалгаа хийх гэсэн боловч мэс заслын хагалгааг аймгийн нэгдсэн эмнэлэгт хийх боломжгүй гээд буцаасан. Би энэ байдлаа зөвлөгөөнд хамт орох ажилтандаа /хэдэн цаг хоцорч очихоо/ хэлсэн бөгөөд миний бэлдсэн илтгэлийг манай ажилтан Ц.Б илтгэж, зөвлөгөөн хэвийн үргэлжлээд дууссан. Би 4 цаг зөвлөгөөнөөс хоцорч очсон. Энэ байдлаас намайг 4 цаг ажил тасалсан гэж сахилгын арга хэмжээ авч ажлаас халж байна. Тэрээр мөн намайг удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тушаалын үндэслэлээ болгосон. Гэтэл тухайн ажил үүрэг нь миний үр дүнгийн гэрээгээр хүлээгээгүй ажил үүрэг байсан. Өөөрөөр хэлбэл ЗДТГ-ын дэргэдэх Радио телевизийн захирал М.Н-д холбогдох манай байгууллагын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны шийдвэрт давж заалдах гомдол гаргаж ир, шүүхэд гомдол гаргах хугацаа 2018.07.05-ны өдөр дуусна гэж 2018.07.02-ны өдөр үүрэг өгснөөс хойш 2018.07.05-ны өдрийг хүртэл 5 удаа давж заалдах гомдол бичиж даргад танилцуулсан боловч болоогүй байна гэж буцаасаар 2018.07.05-ны өдөр хүргэсэн бөгөөд тэрээр манай давж заалдах гомдлын хугацаа дууссан, харамсалтай байна гарч ажлаа хий гэсэн. Миний хувьд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг шүүхэд төлөөлж оролцох хэргийн зохигч ч биш, үүрэг хүлээсэн этгээд биш. Энэ байдал нь миний үр дүнгийн гэрээгээр хүлээсэн төрийн жинхэнэ албан тушаалын үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/26 тоот тушаал хууль бус захиргааны акт тул бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалыг төрийн албаны тухай хуульд заасан заалтыг зөрчиж Н.Т-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б/26 тоот тушаалыг захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасныг мөн зөрчиж ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм гэж нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарыг 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлт гаргасан. Мөнгөн дүн 1.876.168 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэж өгөөч  гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн хяналтын байцаагчаар ажиллаж байсан Н.Т нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын салбарын агентлагуудаас Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй 150 аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодогч, дарга нарыг хамруулан зохион байгуулсан “Ажил олгогч- Баялаг бүтээгчдийн зөвлөгөөн-2018”-д Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс оролцож, өөрийн эрхэлдэг ажил чиг үүргийн дагуу “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлан хүлээн авалт” сэдвээр сургал хийхээр байсан ч сургалтаа  хийлгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээлгүйгээр, хүндэтгэх шалтгаангүйгээр тухайн өдрийн 4 цагийн ажлыг тасалж, улмаар удирлагуудыг үл хүндэтгэн хэл амаар доромжилж, дорд үзсэн ёс зүйн зөрчил гаргасан юм. Энэхүү сургалтын үйл ажиллагаа нь манай хэлтсийн хэмжээнд урьдчилан төлөвлөсөн ажил байсан бөгөөд зөвлөгөөн зохион байгуулагдахтай холбоотойгоор хэлтсийн хэмжээнд сургалт зохион байгуулах сэдвээ ярилцан байцаагч нарт хуваарилсан. Сургалтанд хэлтсийн дарга Л.Ю миний бие, хэлтсийн байцаагч Ц.А, А.А, Н.Т нар тус тусын сургалтын сэдвийг бэлтгэхээр хурлаар хэлэлцэж албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг удирдлагын зүгээс 2018 оны 04 сарын 09-ний өдөр өгсөн. 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Н.Т-д хариуцуулсан сургалтын персентацийг үйлчилгээний тасгийн дарга Я.Т, санхүү хамралт орлого бүрдүүлэлтийн тасгийн дарга Д.Э нартай үзэж, байцаагчийн ярихыг сонсож зөвлөмж, зөвлөгөөг өгсөн бөгөөд сургалтын агуулга бүрэн гүйцэд бэлтгэгдээгүй байсан тул 5 сарын 16-ны өдөр дахин хянаж үзэхээр болсон юм. Сургалт хийх үүрэг хүлээсэн А.А, Ц.А нарын тэтгэврийн шинэчлэлийн талаарх болон сайн дурын даатгалын талаархи персентацийг байцаагч бүрээр яриулж үзэж, сонсож зөвлөмж, зөвлөгөө удирдлагын зүгээс өгөөд 30 орчим минутын дараа Н.Т-ыг хүлээлгээд, утсаа авахгүй болохоор нь доошоо 1 давхарын хэсэгт бууж ирэхэд Н.Т байцаагч байхгүй, ажлын цаг дуусахаас өмнө буюу 17.30 цагийн орчим албан ажлаа орхин тухайн өдрийн ажлыг дуусгавар болгож явсан байсан юм. 2018 оны 5 сарын 17-ны өглөө Н.Т байцаагч ажилдаа ирээгүй бөгөөд удирдлагаас чөлөө, зөвшөөрөл хүссэн ямар ч хүсэлт өгөлгүйгээр алга болсон бөгөөд 9 цаг өнгөрч байхад Н.Т-ын аав Н нь манай өрөөнд орж ирж “Миний охиноор бага шиг оролдоорой, хөдөө томилолтоор 2 чиглэлд явуулсан, энэ хүн чинь 3 хүүхэдтэй, нөхөр нь гэж нэг уурын зуухны гачгаар л байдаг, эх нь бид 2 хүүхдүүдийг нь болгож байна. Миний охиныг ингэж хөдөө явуулах, ажлаас нь халах юм бол чамайг би эндээс мөлхүүлээд гаргана, бид 13 үедээ хүнийг ингэж сурсан гэдгээ хэлчихэе, би төрд нэртэй түмэнд данстай гавъяат хуульч Н байна” хэмээн агсарч ширээ балбаж өрөөнөөс гарч явсан. Энэ Байдлаас Н.Т нь Зөвлөгөөнд оролцохгүй болохыг ойлгож 10 цагт болох сургалтыг шимтгэлийн байцаагч Ц.Б-г бэлтгэж хийх, арга зүйгээр хангаж хамтарч ажиллахыг үйлчилгээний тасгийн дарга Я.Т нарт үүрэг болгосон. Сургалтанд Н.Т-ын бэлтгэсэн гэх илтгэл бүхий файл нь нээгдэхгүй байсан тул Ц.Б, Я.Т нар сэдвийн дагуу сургалтыг шинээр бэлтгэж зөвлөгөөнд оролцсон. 2018 оны 5 сарын 21-ний өглөө хэлтсийн сонсгол дээр хэлтсийн даргаас Н.Т байцаагчийг сургалт хийгээгүй, ажлын цагийг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан тухай асуудлыг танилцуулахад “Би сургалттай өдөр ирээгүй гээд өөр хүн сургалт орсон байгаа бол болоо юм биш үү? Тэр ажил тасарчихаагүй байна, яалгах гээд байгаа юм. Би угаасаа сургалт хийж чадахгүй, хүүхэд шиг загнаад, слайдаа буцаа, ингэж зас гээд энэ нэг 2 юм нь хүртэл маяглаад” хэмээн хэлтсийн нийт хамт олны өмнө удирдлагуудыг загнаж, зандран, дорд үзэж ёс зүйн зөрчил гаргасан. Н.Т-ын дээрх үйлдлүүд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт заасан “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.4.4 дэх хэсэгт заасан “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх” гэсэн заалтуудыг зөрчсөн зөрчил тул энэ үндэслэлээр хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороонд хүсэлтээ гаргаж Н.Т-ын ёс зүйн үйлдлийг хянаж дүгнэлт гаргахыг хүссэн юм. Хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороо, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны сал бар зөвлөлөөс тус тус Н.Т-ын ёс зүйн үйлдлийг ёс зүйн зөрчилд тоооцож дүгнэлтээ гаргасан. Н.Т нь ээжтэйгээ холбоотой шалтгаанаар тухайн өдрийн ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн ямар ч хүсэлт гаргаагүй бөгөөд удирдлагаас биш зөвлөгөөнд хамт оролцох ажилтнаас чөлөө зөвшөөрөл авсан гэх тайлбар нь түүний ёс зүйн зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Н.Т-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Л.Ю тодорхой тайлбарлалаа. Миний зүгээс зарим зүйлийг тодруулахад Төрийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны албан хаагч нь аль аль талдаа бие биенээ хүндэтгэх үүрэгтэй.

1 дүгээрт: Нэхэмжлэл гаргагч Н.Т нь 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болсон зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол хамт ажилладаг ажилтан албан хаагчид болон ажил олгогчдоо хэлж ойлгуулаагүйгээс ойлгуулах ямар нэгэн сонирхол байхгүй байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа. Энэ үйлдлээс Н.Т-ын ажилдаа хайнга ханддаг байдал харагдаж байгаа. Хэрвээ ээж маань хагалгаанд орох гэж байгаа энэ байдлыг минь харгалзан үзэж сургалт зөвлөгөөнөөс чөлөөлж өгнө үү гэдэг байдлаар хандсан бол асуудал өөрөөр шийдэгдэж болох  байсан. Нэг дэх өдөр нь Н.Т-аас шуурхай дээр ямар шалтгаанаар ажил тасалсан талаар асуухад ёс зүйгүй байдал гаргаж байсан гэдэг. Удирдах удирдуулах зарчим нь зайлшгүй байх зарчим юм. Төрийн захиргааны албан хаагчийн заавал мөрдөх зарчим байдаг. Энэ шаардлагыг сануулж ёс зүйн хороонд хүсэлт гаргасан байдаг. Ёс зүйн хорооны шийдвэр нь даргаас үл хамааран тусдаа бие даасан шинжтэй шийдвэр байдаг. Н.Т-ын ажил тасалж байгаа хэлбэр нь Нийгмийн даатгалын хэлтсийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байна. Бусад хууль тогтоомжийн эх сурвалжаар энэ нь ёс зүйн зөрчил мөн байна гэж тогтоосон. Энэ асуудлыг салбар зөвлөлд дахин хүсэлт явуулж хянуулахад салбар зөвлөл мөн ёс зүйн зөрчил байна гэж дүгнэсэн. Энэ асуудлыг хэлтсийн даргаас үл хамааран хөндлөнгийн байгууллагууд ёс зүйн зөрчил байгааг илрүүлэн тогтоосон. Зөрчил тогтоогдсон учир хариуцлага хүлээлгэх зайлшгүй шаардлага бий болсон. Тийм учир Төрийн албаны тухай хуулиар энэ хүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орж ажиллах эрхгүйгээр ажлаас халсан шийтгэл ногдуулсан. Энэ талаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэрлэсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хариуцагчийг буруутгах 1 дүгээр үндэслэл энэ юм.

2 дугаарт: 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үндэслэлгүйгээр ажил тасалсан зүйл байхгүй гэдэг дээр, шүүх хуралдааны явцад нотлох баримт болгож эмчилгээний карт нээлгэж хагалгаанд орох болсон тухай баримтад 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэж бичигдсэн харагдаж байна. Иймд тухайн өдрийн үйл баримт өөрөө үндэслэлгүй юм. Энэ баримт хариуцагчаас биш нэхэмжлэгчээс гаргаж өгч байгаа баримт юм. Захиргааны байгууллагад зөрчил өөрөө буюу хүндэтгэх шалтгаан нь ойлгомжтой байх ёстой. Тухайн үед хүсэлт гаргаагүй нөхцөл байдал нь хийсвэрлэж хариуцагч шууд ойлгох ёстой гэдэг үүднээс тайлбарлах боломжгүй юм.

3 дугаарт: Аймгийн Засаг даргын дэргэдэх Радио телевизын захирал Н-д холбогдох нэхэмжлэлтэй хэргийн талаар нэхэмжлэлдээ бичээд байгаа. Энэ цаг хугацааны хувьд өмнө нь өрнөөд дуусгавар болсон байдаг. Шийдвэр нь энэ шийдвэр гарахаас өмнө гарсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд ажил олгогчдын зөвлөгөөнд танилцуулах байсан сургалтын хөтөлбөрийг бэлдэж гүйцэтгээгүй гэх үндэслээр ажлаас халагдсан тухай хэлэлцэж байгаа. 4 цаг ажил тасалсан гэж үндэслэлгүйгээр ажлаас халсан зүйл биш. Хуульд хариуцлага зайлшгүй байх ёстой гэсэн зарчмаар шийдвэрлэсэн. Энэ байдалд захиргааны байгууллагыг ямар нэгэн үндэслэлээр буруутгах зүйлгүй тул тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэж хариуцагчийн болоод өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учир Н.Т-ын гаргаж байгаа нэхэмжлэл бол бүхэлдээ үндэслэлгүй байх учир. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гэрч О.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдөр манай гэр бүлийн хүний биеийн байдал муудаж нүдний хагалгаанд орох болсон талаар хэлж чөлөө авах гэтэл тийм зүйлгүй гээд хэгжүүрхээд байхаар нь уур хүрч хэдэн үг хэлсэн” гэв.

Гэрч Ч.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Ажил олгогчдын зөвлөгөөн болох үед хүндрэл үүссэн. Н.Т-д удаа дараа хэлж ярьж гарын авлага бэлтгэх талаар ярьж хэлсэн боловч, “ би чадахгүй, арга хэмжээгээ авбал авна биз гэж хэлээд явсан, ... маргааш өглөө нь ажилдаа ирээгүй, ээжийнхээ талаар надад хэлээгүй, Н.Т-ын хийх ёстой ажлыг би хийсэн, тэгээд байцаагч Ц.Б-аар сургалт явуулсан” гэв.

Гэрч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тэр өглөө ажилдаа ирэхэд Н.Т ажилдаа ирсэнгүй, сургалтыг намайг явуул гэхээр нь Я.Т-ыг гарын авлага бэлтгэж байх явцад нь давхар уншиж байгаад тэр өдөр болсон ажил олгогчдын зөвлөгөөнд түүний өмнөөс сургалт явуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Т  “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю/-т холбогдуулан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.    

Шүүх, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүд зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Маргаан бүхий захиргааны актын тухайд:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаалаар:  Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3 дахь заалт,  Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4, Хөвсгөл аймгийн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлт, байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Орлого, шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Н.Т-ыг  “үндэслэлгүйгээр ажил тасалж, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй”  гэж үзэн түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халжээ. /хх-4 дүгээр хуудас/

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч: “... хууль зүйн үндэслэлгүйгээр намын болон хувийн хэт явцуу үзэл суртлаар ажлаас халж миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож ажлаас халсан гэж,

 Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үндэслэлгүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасанд тооцон сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” хэмээн  тус тус маргаж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд ажил олгогч байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчидийг хамруулан “Ажил олгогч-баялаг бүтээгчдийн зөвлөгөөн-2018” зөвлөгөөн хийх тухай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу ... Нийгмийн даатгалын байцаагч Н.Таванзулд “Нийгмийн даатгалын шимтгэл, тайлан хүлээн авалт” сэдвээр 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 12 цаг 45 минутаас 13 цаг 00 минут хүртэл хугацаанд албан үүргийн чиг үүрэгт хамаарах асуудлаар мэдээлэл хийж, сургалт явуулах үүрэг хүлээлгэж, улмаар хэлтсийн болон тасгийн  дарга нараас холбогдох мэдээллийг багтаасан гарын авлага бэлтгэхээр үүрэг өгсөн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар хариуцагч, гэрч нарын тайлбар мэдүүлэг, байгууллагын үүрэг даалгаврын дэвтэр, байгууллагын хурлын тэмдэглэлээр тогтоогдож  байна. /хх-49-53 дугаар хуудас/

Иймээс хэргийн нөхцөл байдал болон бусад нотлох баримтуудаас үзэхэд Н.Т нь тухайн өдөр удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй, уг өдрийн үдээс өмнөх ажлын цагт ажилдаа хүрэлцэн ирээгүй нь тогтоогдож байна. 

            Тухайлбал: Нэхэмжлэгчээс ”...энэ өдрийн өглөө ээж маань нүдний хагалгаанд орох болсон учраас би ажилдаа ирээгүй, үдээс хойш ажилдаа ирсэн, энэ тухайгаа хэн нэгэнд хэлээгүй, сургалт явуулах тухайд хэн нэг нь явуулах байх гэж бодсон, бэлтгэсэн гарын авлагын материалаа хэн нэгэнд нээж өгөөгүй, энэ тухайгаа ажлынхандаа хэлээгүй гэх,  мөн дарга намайг дарамталдаг, бэлтгэсэн гарын авлагыг танилцуулахад бэрхшээлтэй байсан, сургалтын гарын авлагыг явуулж чадахгүй, авдаг арга хэмжээгээ авна биз” гэж тасгийн даргадаа хэлсэн“ гэсэн тайлбараар тогтоогдож байна.

            Гэрч: Нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн дарга Я.Т шүүх хуралдаанд “... Н.Т-д удаа дараа хэлж ярьж гарын авлага бэлтгэх талаар ярьж хэлсэн боловч, “ би чадахгүй, арга хэмжээгээ авбал авна биз гэж хэлээд явсан, ... маргааш өглөө нь ажилдаа ирээгүй, ээжийнхээ талаар надад хэлээгүй, Н.Т-ын хийх ёстой ажлыг би хийсэн, тэгээд байцаагч Ц.Б-аар сургалт явуулсан” гэх мэдүүлэг,

Гэрч нийгмийн даатгалын байцаагч Ц.Б шүүх хуралдаанд “ би тэр өглөө ажилдаа ирэхэд Н.Т ажилдаа ирсэнгүй, сургалтыг намайг явуул гэхээр нь Я.Т-ыг гарын авлага бэлтгэж байх явцад нь давхар уншиж байгаад тэр өдөр болсон ажил олгогчдын зөвлөгөөнд түүний өмнөөс сургалт явуулсан“ гэх мэдүүлсэн, мөн  Н.Т нь ажилдаа ирэлгүй,  энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол тухайн үед нь эрх бүхий албан тушаалтнууддаа мэдэгдээгүй түүнчлэн байгууллагын дэргэдэх ёс зүйн хороонд энэ талаархи  ээж Д.Ю-ын эрүүл мэндийн карт зэрэг баримтуудыг гаргаж өгөөгүй нь түүнийг энэхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирээгүй гэж үзэх, түүнчлэн дээрхи шалтгааныг харгалзаж үзэлгүйгээр түүнд сахилгын арга хэмжээ ногдуулсан гэж хариуцагчийг буруутгах  боломжгүй юм.

 Мөн түүнчлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю нь Орлого шимтгэлийн хяналтын байцаагч Н.Т-ыг Төрийн албан хаагчийн болон Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхд дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг /байгууллагын тамга дарагдсан/ 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагынхаа буюу аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хороонд  хүргүүлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: “байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалгаж тогтооно” гэж заасан байхад Л.Ю-ын хүсэлтээр шийдвэрлэсэн нь буруу ...” гэж тайлбарлах авч хариуцагч нь Хөвсгөл аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Н.Т-ыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд шалгуулж дүгнэлт гаргуулахаар байгууллагын тамга, тэмдэг бүхий хүсэлтийг байгууллагын дэргэдэх Ёс зүйн хороонд хүргүүлсэнийг буруутгах боломжгүй, өөрөөр хэлбэл албан үүргийн хувьд байгууллагын удирдлагын шийдвэртэй адилтган үзэж Ёс зүйн хороо  хүсэлтийн дагуу Н.Т-д холбогдох зөрчлийг хянан шийдвэрлэж Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын 2.5.5-д заасны дагуу Н.Т нь ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй, тухайн үед энэхүү хорооны шийдвэр, дүгнэлтэд Н.Т гомдол гаргаагүй байна.

 Дээрх журмын 5.1-д “Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлийн шийдвэр болон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлгүй төрийн байгууллагын Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Н.Т-ыг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, ...хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг илрүүлснээс хойших 1 сарын хугацаанд зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг оруулахгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг Ёс зүйн хорооны дүгнэлтээр зөрчил гаргасан болохыг тогтоосон 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс тооцох ба Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн байгууллагын удирдлагаас 2018 оны 07 дугаар сарын 06-ний өдөр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 06 сарын 13-ны өдрийн хурлаар байцаагч Н.Т-ын ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар хэлэлцэж, ...  Н.Т  оролцож,   тайлбар гаргасан байх ба тус хорооны 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр Төрийн албаны Зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоол, Засгийн газрын 288 тогтоолоор баталсан Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 06 сарын 13-ны өдрийн тэмдэглэлийг тус тус үндэслэн  “Н.Т-ыг удирдах, удирдуулах зарчим, удирдлагаас өгсөн хууль ёсны үүргийг биелүүлээгүй байна гэж үзэж, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.1.4 / хариуцлага хүлээх, зарчмын хүрээнд албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг, чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх / 5.4.4./ Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг далгаврыг цаг тухайд нь биелүүлэх/, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 2.3.3 /ажилтан нь нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлж ажиллана/ гэсэн заалтыг зөрчсөн гэж  дүгнэжээ. /хх-43 дугаар хуудас/

Мөн аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын 2018 оны 06 сарын 19-ны өдрийн 178 дугаар албан бичгээр хүргүүлсэн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны дээрхи дүгнэлтийг хянаж, уг дүгнэлтээр Н.Т-д нь ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоож, дүгнэлт гаргасан нь  үндэслэлтэй гэж үзэн Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс  2018 оны 07 сарын 05-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хариуцагчид хүргүүлж байсан  байна.  /хх-47 дугаар хуудас/ 

Мөн түүнчлэн Н.Т нь урьд өмнө нь буюу Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Ёс зүйн хорооны 2018 оны 3 сарын 21-ний өдрийн дүгнэлтээр ёс зүйн зөрчил гаргасан болохыг тогтоон, дүгнэлт гаргаж, улмаар түүнд аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. /хх-29, 32 хуудсууд/

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны биелүүлэх”, 13.1.5-д “төрийн албаны болон     төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нь төрийн албаны хаагчийн үүрэг байхаар хуульчлан зохицуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д” энэ хуулийн 13 ... зүйлд заасан болон албан үүргээ биелүүлээгүй... тохиолдолд тухайн зөрчлий шинж байдал, түүнийг ... давтан үйлдсэнийг харгалзан ...  төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл  аль нэгийг ногдуулна” гэж зааснаар  сахилгын шийтгэлийг ногдуулах ба Н.Т-д  өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан байх тул нэхэмжлэгчийг  сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгч Н.Т нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2-д заасан сахилгын зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 “ харьяа дээд шатны албан тушаалтны  хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, Нийгмийн даатгалын байцаагчийн Ёс зүйн дүрмийн 2.4.7-д “нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрэм зөрчих” гэсэн заалт болон  хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байх бөгөөд эдгээр нь шууд ажлаас халах үндэслэл болох тул нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю/-ийн  Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаал нь  дээрх хууль болон журамд заасантай нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Н.Т-ыг төрийн албанаас халах үндэслэл болсон “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн” гэх зөрчлүүдээс “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, нийгмийн даатгалын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн” нөхцөл байдал эрх бүхий байгууллага болох байгууллагын дэргэдэх Ёс зүйн хорооны дүгнэлтүүдээр тогтоогдсон,  ёс зүй зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон  байх тул хариуцагчаас гаргасан маргаан бүхий захирганы акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-д заасныг баримтлан Н.Т-ын “Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю/-т холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ю-ын гаргасан  2018 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ЭНХТАЙВАН