Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 117

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 156/ШШ2017/00117      Хэнтий аймаг

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00088/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Гурван баян Цэгээн хэсэгт оршин суух, иргэн Суурь бодон овогт Бадамын Эрдэнэгэрэл /РД:СЗ66031005/-ийн нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэгэрэл миний бие Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд амьдардаг бөгөөд хөдөө цас зуд их байгаа тул энэ байдлыг минь харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ. /хх-ийн 18х/. 

            Иймд нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авч ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.


ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Б.Эрдэнэгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад  малчнаар ажиллаж байсан. Ажлаас халагдсан тушаалыг архивын тасгаас шүүхэд гараагүй. Мөн хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 16х/

           Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
ҮНДЭСЛЭХ НЬ:
              Нэхэмжлэгч Суурь бодон овогт Бадамын Эрдэнэгэрэл нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.Эрдэнэгэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

           Нэхэмжлэгч Суурь бодон овогт Бадамын Эрдэнэгэрэл нь Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад  1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 16х/, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Хэнтий аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 4х/, 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №25 дугаартай Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 5х/, 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №77 дугаартай Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 6х/,   2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хэнтий аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 7/, 1988 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №83 дугаартай Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 8х/, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №49 дугаартай Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн зөвлөлийн даргын тушаалын хуулбар /хх-ийн 9х/, гэрч С.Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 20х/, гэрч Г.Сэдэдийн мэдүүлэг /хх-ийн 22х/  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Суурь бодон овогт Бадамын Эрдэнэгэрэл /РД:СЗ66031005/-ийг Хэнтий аймгийн Батширээт сумын Батжил нэгдлийн Хурх бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Б.Эрдэнэгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР