Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 118

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 156/ШШ2017/00118      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00070/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 6-5 тоотод оршин суух, Боржигон овогт Жагдагийн Нарантуяа /РД:СЭ64032109/-гийн нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
      
ТОДОРХОЙЛОХ НЬ:
             Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 2 дугаар халуун усны үйлчлэгчээр 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан. Хэнтий аймгийн Архивын тасгаас шүүхэд ажилд орсон, гарсан тушаал олпохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 14х/
    
    Нэхэмжлэгч Ж.Нарантуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Миний бие 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 2 дугаар халуун усны үйлчлэгчээр ажилласан.Архиваас баримт шүүхэд гарч ирээгүй болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Жагдагийн Нарантуяа нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын 2-р халуун усны үйлчлэгчээр 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Боржигон овогт Жагдагийн Нарантуяа нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын 2-р халуун усны үйлчлэгчээр 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 14х/, 1991 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын тушаалын хуулбар /хх-ийн 4х/, нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7х/, гэрч Г.Мөнхсүхийн мэдүүлэг /хх-ийн 19-20х/, гэрч С.Туяагийн мэдүүлэг /хх-ийн 21-22х/  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Жагдагийн Нарантуяа /РД:СЭ64032109-г Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын 2-р халуун усны үйлчлэгчээр 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Ж.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР