Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 138/2016/00003/и |
Дугаар | 138/ШШ2016/00788 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2016/00788
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай “*******” хувьцаат компанийн /цаашид “ХК” гэх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байрлах, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр багт байрлах, тус аймгийн Засаг даргад холбогдох,
“Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэд тушаасан 34400000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Одгэрэл, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” хувьцаат компанийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ”*******” САА нь анх 1956 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр байгуулагдсан. Оргил үедээ 32000 га газар улаан буудай, малын тэжээл тариалдаг Монгол Улс даяар алдар нэр нь түгсэн томоохон аж ахуй байсан. Хожим 1996 онд хувьчлагдаж “*******” ХК болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан нь өнөөдрийн манай компани юм. Бид компанийг худалдан авахад тамга, гэрчилгээний хуулбар хоёроос өөр зүйл байгаагүй бүрэн дампуурсан байсан. Сумын Засаг даргын тавьсан хүсэлтээр, газар эзэмших эрхийг нь сэргээж өгнө, бүх талаар дэмжинэ гэсэн амлалтын дагуу бид орон нутагт ирж ажилласан. “*******” ХК нь 2011 оны 09 сарын 16-ны өдөр ******* сумын Засаг даргад А/13 тоот албан бичгээр хандаж, компаний өмнө нь эзэмшиж байсан үр тарианы чиглэлийн газрыг эзэмших эрхийг сэргээж, газрын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтиийг сумын Засаг дарга шийдвэрлэхдээ “газар эзэмшүүлэх эрхийн хугацааг сунгах, сэргээх тухай” захирамж гаргахын оронд 2011 оны 11 сарын 15-ны өдрийн А/92 тоот захирамжаар “*******” ХК-нд газар тариалангийн зориулалтаар 8000 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж, газар эзэмших гэрчилгээ олгож гэрээ хийсэн. ******* сумын Засаг даргын 2013.04.03-ны өдрийн А/34 тоот захирамжаар “Асмос” ХХК-ийн 8400 га газрыг эзэмших эрхийг манай компанид шилжүүлж гэрчилгээ өгсөн. Мөн 2011 онд 2000 га газрыг манай хамтрагч “Гэгээлэгтрейд” ХХК-ийн нэр дээр олгосон байсан. Ингээд 2013 оны 4 сараас манай компани нийтдээ 18400 га газар эзэмшиж эхэлсэн. ******* сумын Засаг даргын шаардсанаар манай компани газрын дуудлага худалдааны үнэ гэсэн нэрээр ******* хөгжил сангийн 071351401 дансанд 2012.06.07-нд 8000000 төгрөг, 2013.01.29-нд 18000000 төгрөг, ГХБХБ газрын 070028002 тоот дансанд 34400000 төгрөг, нийтдээ 60,4 сая төгрөг тушаасан. Үүнээс гадна “Асмос” ХХК газраа манайд шилжүүлэхээс өмнө тушаасан 18 сая төгрөг орвол нийтдээ 78,4 сая төгрөг тушаасан байна. Дорнод аймгийн ГХБХБ газрын даргын 2013.12.16-ны 363 тоотод “******* сумын Засаг дарга удаа дараа хууль бусаар газар олголт хийснийг дурдаад сайн жишээ болгон Чойбалсан сум 4000 га газрыг 184 сая төгрөгөөс эхлэн дуудаж 360 сая төгрөг хүртэл зарж орлогыг аймгийн төсвийн орлогод төвлөрүүлсэн” тухай бичжээ. Энэ нь тухайн үеийн ГХБХБГ болон аймаг сумын удирдлагуудын газар олголтоос орж ирэх мөнгийг хааш нь төвлөрүүлж байсан бодлогыг тодорхой харуулж байгаа нотолгоо гэж үзэж байна. Дээрх бүгдийн хариуд ******* сумын Засаг даргын 2013.12.30-ны 310 тоотод “..Бид сум орондоо хөрөнгө оруулалт хийлгэх, байнгын ажлын байр шинээр нэмэгдүүлэх, айл өрх, сумын ерөнхий орлогыг нэмэгдүүлэх хандлагадаа анхаарч зарим шийдвэр алдаатай болсныг хүлээн зөвшөөрч байна” хэмээн сумын Засаг дарга буруутай үйл ажиллагаа явуулснаа хүлээж удахгүй үлдэгдэл мөнгийг тушаалгах тухай бичжээ. ******* сумын Засаг дарга З.Гэрэлт-Од 2014.02.18-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 8-р шүүхийн шүүгч П.Амаржаргалд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Дуудлага худалдаа явуулаагүй шалтгаан нь урьд олгосон газрыг сэргээн өгч байна гэсэн ойлголттой байсан. Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар баталсан аргачлалаар төлбөрийг төлүүлээгүй учир нь ийм тушаал гарсныг мэдээгүй өмнөх /2007 оны 136 тоот тушаалаар баталсан аргачлалаар тооцож... 60 орчим сая төгрөг төлүүлсэн” хэмээн мэдүүлсэн. Энэ төлүүлсэн мөнгө нь манай тушаасан 60,4 сая төгрөгийг хэлж байна. Гэтэл З.Гэрэлт-Од 2016.03.14-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...ер нь бол 34,4 сая төгрөг төлөх ёстой болон ёсгүй талаар би сайн мэдэхгүй. ГХБХБГазарт газрын дуудлага худалдааны мөнгө тушаасан нь хамтран ажиллах гэрээнээс зугтаж байгаа юм болов уу гэж тухайн үедээ би ойлгож байсан. Манай зүгээс дуудлага худалдааны анхны үнэ тушаа гэж огт шаардаагүй” гэж урьд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлжээ. Гэхдээ дээрх баримтууд мөнгийг шаардаж тушаалгасныг бүрэн нотолж байгаа. Бид эрх бүхий хүн хэлж, шаардаагүй байхад сайн дураараа тэр байтугай 78,4 сая төгрөг бусдын дансанд хийнэ гэж үү. Дорнод аймгийн Аудитын газрын 2013.11.25-ны өдрийн DRAG-2013/17-ГА-01/141 тоот акт биднийг оролцуулалгүй, мэдэгдэлгүй гарч манай “*******” ХК, “Гэгээлэгтрейд” ХХК, “Асмос” ХХК-ын дунд дуудлага худалдааны үнийн зөрүү 788222720 төгрөгийг 2013.12.25-ны дотор төл гэсэн мэдэгдлийг ******* сумын Засаг дарга З.Гэрэлт-Одоор дамжуулан мэдэгдсэн. Үүний дараа Сумын засаг дарга З.Гэрэлт-Од газар олгосон захирамжаа хуульд нийцээгүй болохыг хүлээн зөвшөөрч дуудлага худалдааны үнийн зөрүү төлөөгүй гээд 2014 оны 5 сарын 01-ний өдрийн А/35 тоот захирамжаараа А/92 тоот захирамж, газар эзэмших эрх, 0200871 тоот гэрчилгээг, А/34 тоот захирамжаар 2011 оны А/93 тоот захирамжийг буюу нийтдээ 18400 га газрыг эзэмших эрхийг хүчингүй болгож үүнийгээ 2014.05.01-ний өдрийн 1/123 тоотоор албан ёсоор мэдэгдэл хүргүүлсэн. Бид 3,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж дэлхийн хамгийн тэргүүний тоног төхөөрөмжүүд аваад дараа нь тариалангийн ямар ч газаргүй дээр нь 788222720 төгрөгийн өрөнд орж эрх ашиг маань ихэд хохирсон тул бид Дорнод аймгийн Захиргааны хэргийн 8-р шүүхэд маргаан үүсгэж 2014.03.10-ны 05 тоот шийдвэр, 2014.06.03-ны 218 тоот Магадлал, 2014.07.28-ны 17 тоот шийдвэрүүд гарч бид ямар ч гэсэн 788,2 сая төгрөгийн өрнөөс салсан боловч тариалангийн газаргүй хэвээр үлдсэн. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар манай компаний хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан аливаа үүрэг үүсээгүй гэж үзэж тухайн газарт хандаж, мөнгөө буцааж авахаар албан ёсоор хүсэлт гаргасан боловч 2015.11.10-ны өдрийн 324 тоот албан бичгээр “шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн учир бид аргагүй эрхэнд Дорнод аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Дорнод аймгийн ГХБХБ газрын 2016.01.18-ны 27 тоотоор 34,4 сая төгрөгийг өөрийн дансанд тушаах үндэслэлгүй тухай, энэхүү төлбөрийг Дорнод аймгийн Тамгын газрын дансанд шилжүүлсэн тухай бичжээ. Дээрх байгууллага нь татвар төлбөрийг зөвхөн цуглуулж өгөхөөс зарлага хийх эрхгүй хэмээсэн тул бид Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016.02.18-ны 5/330 тоот бичигт “...Хууль бус шийдвэр гаргасан сумын Засаг дарга, түүний тамгын газар хохирлыг барагдуулах нь зүйтэй” гэж “*******” ХК-нд хохирол учирсныг хүлээн зөвшөөрчээ. Мөн “...Дээрх ерөнхий орлогын дансанд төвлөрч байгаа хөрөнгийг хууль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах мэдэх боломжгүй...Нэгэнт төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хувиарлах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг” гэжээ. ГХБХБ Газрын 2016.01.18-ны 27 тоот тайлбарт “*******” ХК-аас 34,4 сая төгрөг тушаасныг тайлант ондоо орон нутгийн ерөнхий орлогод төвлөрүүлсэн бөгөөд орон нутгийн ерөнхий орлогыг захиран зарцуулах эрх нь аймгийн Засаг даргын Тамгын газарт байдаг” тухай бичиж аймгийн ерөнхий орлогод мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Манай зүгээс хариуцагч талуудад эвлэрлийн байдлаар шийдье, газрын төлбөртөө суутган тооцоё хэмээн хандсан боловч тэд хүлээж аваагүй. Бид ******* сум хөгжүүлэх санд тушаасан 25,6 сая төгрөг, газрын төлбөрт төлсөн 3857200 төгрөгийг авах эрхтэй ч нэхэмжлээгүй. Иймд газрын дуудлага худалдаа явагдаагүй, төлбөр нь ямар нэг дэнчин биш, манайд газар олгосон захирамж, газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон, тушаасан мөнгийг Дорнод аймгийн ГХБХБГ-ын дансанд тушаасан, Дорнод аймгийн ГХБХБГ нь Дорнод аймгийн Тамгын газрын дансанд дээрх 34,4 сая төгрөгийг дамжуулан шилжүүлсэн, Дорнод аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар уг мөнгийг хэрэглэсэн, манай компани болон хариуцагчдын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан аливаа үүрэг үүсээгүй тул дээрх байдлыг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 болон 494 дүгээр зүйлийн 494.1-д заасныг баримтлан “Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй”-г тогтоосон тул Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас 34,4 сая төгрөгийг гаргуулахаар 2016.03.17-ны 138/ШШ2016/00318 тоот шийдвэр гаргасан. Уг хэргийг давж заалдах шатны шүүх 2016.05.13-ны өдрийн 201/МА2016/00024 магадлалдаа “Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтын дагуу аймгийн төсвийг боловсруулах, батлах, гүйцэтгэлийг зохион байгуулах эрх нь Аймгийн Засаг даргын Тамгын газарт бус харин аймгийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олгогдсон байна” хэмээн, мөн Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэсэн мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн 3-д “гадаад, дотоодод тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөх бүрэн эрхийг Засаг даргад олгосон” гэсэн үндэслэл гаргасан байна. Иймд дээрх үндэслэлүүдээс үзэхэд Дорнод аймгийн Тамгын газар бус Аймгийн Засаг дарга хариуцах ёстой нь харагдаж байгаа тул манай тушаасан 34,4 сая төгрөгийг хэрэглэсэн хариуцагч болох Дорнод аймгийн Засаг даргаас гаргуулж бидэнд олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд ******* сумын Засаг даргын 92 дугаар захирамжаар “*******” ХК-нд 8000 га газар эзэмшүүлэхээр болсон. Дуудлага худалдааны анхны үнэ 2012 онд орж ирсэн байгаа. Тухайн үед Аудитын газраас шалгалт хийгээд манай зүгээс 34,4 сая төгрөгийн асуудал гарч ирсэн. 2013 онд тухайн үед Засаг дарга болон ******* компани нь манайхаас ямар нэгэн заавар зөвлөгөө аваагүй байдаг. Хууль зүйн хувьд газрыг өмчлөн авахдаа дуудлага худалдаа явуулах ёстой байсан боловч дуудлага худалдаа явуулаагүй байсан. Манай дансанд орсон мөнгийг манай байгууллага хянах эрх мэдэл байхгүй. Манай зүгээс газрын харилцаа геодез өөрсдөө төсвөө төвлөрүүлэх ёстой боловч Аймгийн Засаг даргын Тамгын газарт төвлөрүүлэх ёстой гэж заасан учраас Э”рээнцав” компаний 34.4 сая төгрөгийг бусад байгууллагын газрын дуудлага худалдааны мөнгөтэй нийлүүлээд 80.0 сая төгрөгийг 2012 оны 03 сарын 30-ны өдөр манай нягтлан бодогч Аймгийн төрийн сан дахь орон нутгийн ерөнхий орлогын данс руу шилжүүлсэн байдаг. Тиймээс манай дансанд энэ байгууллагын тушаасан мөнгө байхгүй учраас уг мөнгийг өгөх боломжгүй юм гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан сумын Засаг даргын 2011 оны 92 дугаартай газар тариалангийн зориулалтаар газар эзэмшүүлж буй захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан ба үүний хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд “газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан байдаг. Дээрх журмын дагуу Сумын засаг даргын Тамгын газар нь тус газрын дуудлага худалдааг зарлаж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу тогтоосон хугацаанд газрын үнийг төлсний дараа сумын Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргах ёстой. Гэтэл дээрх шат дараалсан ажиллагааг зохион байгуулалгүйгээр сумын Засаг дарга газар эзэмшүүлэх тухай хууль бус захирамж гаргаж түүнээс үүдэн “*******” ХК-нд 34400000 төгрөгийн хохирол учирсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “төрийн албан хаагчийн хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан ******* сумын Засаг дарга, түүний Тамгын газар энэхүү хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн тушааж буй газрын үнэ 34400000 төгрөг нь эхэлж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 070028002 тоот дансанд төвлөрдөг бөгөөд ямар шийдвэрийн улмаас, хэдэн төгрөг тухайн дансанд орж байгааг анх орлого авсан байгууллага Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар тогтоох боломжтой байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 070028002 тоот дансанд орсон мөнгөн хөрөнгө нь орон нутгийн ерөнхий орлогын 070000910 дугаар дансанд төвлөрдөг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.42-т заасны дагуу “төсвийн ерөнхий данс” гэж тухайн шатны төсвийн мөнгөн гүйлгээг нэгтгэн бүртгэх харилцах данс тул дээрх ерөнхий орлогын дансанд төвлөрч байгаа хөрөнгийг хууль бус шийдвэрийн улмаас төвлөрсөн эсэхийг хянах, мэдэх боломжгүй. Мөн энэхүү ерөнхий орлогын дансанд төвлөрсөн хөрөнгийн зарцуулалтыг хуваарилах төлөвлөлтийг батлах эрх нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд байдаг. Аймгийн Засаг даргын тамгын газар нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Мөн аймгийн ерөнхий орлогын данс буюу 070000910 дансанд төвлөрч орон нутгийн орлого болсон мөнгийг тус байгууллагын данснаас гаргах боломжгүй бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхтэй байгууллага байдаг. Иймд нэхэмжлэгч “*******” ХК-нд учирсан гэх хохирол нь аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын буруутай үйлдлийн улмаас учраагүй байх тул аймгийн Засаг даргын Тамгын газраас хохирлыг барагдуулах боломжгүй юм гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод Аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд орж байгаа орлогыг шууд бүртгэж авахгүй. Тухайн үед орж ирсэн мөнгийг холбогдох газраас нь асуусны үндсэн дээр тухайн мөнгийг авч дансаа хаасан байдаг. Нэхэмжлэгч та буруу ойлгоод яваад байх шиг байна гэв.
Шүүх зохигчдийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэ 34400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад: Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2011 оны 11 сарын 15-ны өдрийн 92 дугаар захирамжаар нэхэмжлэгч “*******” ХК-д тус сумын Галуут багийн нутаг дэвсгэр “Мянган хурга” гэх газарт тариалангийн зориулалтаар 8000 га газрыг эзэмшүүлж, 2011 оны 11 сарын 16-ны өдөр 0200871 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Энэхүү захирамж гарснаар нэхэмжлэгч “*******” ХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэд 34400000 төгрөгийг хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Төрийн сангийн 070028002 тоот дансанд 2012 оны 03 сарын 26-ны өдөр Төрийн банкны шилжүүлгийн баримтаар тушаасан мөнгийг тус газар нь 2012 оны 03 сарын 30-ны өдөр газрын дуудлага худалдааны бусад орлогын хамт нийт 80520800 төгрөгийг Дорнод аймгийн Төрийн сангийн Орон нутгийн ерөнхий орлогын 070000910 тоот дансанд “газрын дуудлага худалдааны орлого төвлөрүүлөв” гэж бичиж шилжүүлсэн байна.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр...”, мөн Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор “Газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах журам”-д дуудлага худалдааны ялагч газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг бүрэн төлсний дараа тухайн шатны Засаг дарга газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус заасан байхад энэхүү хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явагдаагүй болох нь зохигч талуудын тайлбар, гэрч З.Гэрэлт-Одын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн Дорнод аймгийн ******* сумын Засаг дарга нь 2014 оны 05 сарын 01-ний өдрийн А/35 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХК-д эзэмшүүлсэн ******* сумын Галуут багийн нутагт байрлах “Мянган хурга” гэх газарт тариалангийн зориулалт бүхий 8000 га газар эзэмших эрхийг цуцалсан байна.
Иймд хуульд заасны дагуу газрын дуудлага худалдааг явуулаагүй байж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, газар эзэмших эрх олгогдсоны дараа “*******” ХК-иар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнэд 34400000 төгрөгийг төсөвт тушаалгасан нь Газрын тухай хууль болон холбогдох журмыг зөрчсөн байдал нь тогтоогдож байх тул хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Дорнод аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч “*******” ХК-ийн 34400000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд уг эрх нь хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд үүсэхээр заажээ.
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн төлсөн 34400000 төгрөгийг хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулах үндэслэлтэй хэдий боловч уг мөнгийг Дорнод аймгийн Төрийн сангийн орон нутгийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлсэн байх тул тус газраас гаргуулах боломжгүй байна.
Нэхэмжлэгч “*******” ХК-иас үндэслэлгүйгээр тушаагдсан 34400000 төгрөгийг Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсаны дагуу Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар захиран зарцуулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-д “Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас 34400000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд “газрын дуудлага худалдааны анхны үнэ”-д төлсөн 34400000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329950 төгрөгийн хамт, нийт 34729950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч шүүх хуралдаанаас тодруулахад хариуцагчаас “газрын дуудлага худалдааны анхны үнэ”-д төлсөн 34400000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа түүнд ногдох хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329950 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн 34400000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс 34400000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 329950 төгрөг төлөх ёстой атал 331600 төгрөг буюу 1650 төгрөгийг илүү төлсөн байх тул илүү төлсөн 1650 төгрөгийг, мөн хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 329950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 494 дүгээр зүйлийн 494.1-д тус тус зааснаар Дорнод аймгийн Засаг даргаас газрын дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 34.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” хувьцаат компанид олгож, хариуцагч Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 331600 төгрөгийн 329950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1650 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 329950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ