Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 119

 

2017 оны 02 сарын 20 өдөр           Дугаар 156/ШШ2017/00119      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00026/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг, Цаг уурын гудамжны 40б тоотод оршин суух, Боржигон овогт Гомбобаатарын Алтанцэцэг /РД:СП79040906/-ийн нэхэмжлэлтэй
    Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг, Цаг уурын гудамжны 40б тоотод оршин суух, Цагаанборжигон овогт Костягийн Баяраа /РД:СФ75013012/-д холбогдох
            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов. 
          
          Хариуцагч К.Баяраад 2017.01.30-ны өдөр шүүх  нэхэмжлэлийн хувийг гардуулсан /хх-ийн 34х/ байх ба түүнд 2017.02.17-ны өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэхэд “би шүүх хуралд оролцохгүй” гэсэн тайлбарыг шүүгчийн туслах О. Дүүриймаад өгсөн болно.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг үндэслэн, түүнчлэн  нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
    
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие Костягийн Баяраатай 1998 онд танилцаад 1999 оны 01 дүгээр сарын 30-нд гэрлэлтээ батлуулснаас хойш 17 жил хамт амьдарч байна. Бид 2-ын амьдрал бусдын л адил, дутуу дунд байсан ч өвдөж зовох үед минь цуг байж, зовлон жаргалаа хуваалцан бие биеээ хайрлан, аз жаргалтай өдрүүд олон байсан. Энэ хугацаанд бид 2, гурван хүүхдийн эцэг эх болон одоог хүртэл амьдарч байгаа боловч 2006 оноос эхлэн К.Баяраа нь ааш авир нь эвдэрч, архи дарс ууж, учир шалтгаангүй уурлаж, гадуур хонож орон гэртээ ирэхгүй, гэр бүлээсээ гадуур эмэгтэйчүүдтэй холбогдон хэрүүл маргаан үүсгэдэг болсон. 2012 оноос архи уух нь бүр ихсэж 7 хоногийн 5 өдөр нь согтуу, заримдаа 3-10 хоногоор гадуур хонож архидаж ирэхдээ хардаж, сэрдэж, хашгичиж эд зүйлээ эвдэж, үр хүүхдүүдээ дарамтлан намайг гар хөлийг минь мушгиж, базан чирж гулдрах, үсдэх гэх мэтчилэн улам л ааш зан нь догшин болсон. 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг ухаан алдтал цохиж том охин Сувд-Эрдэнээр минь цусыг минь арчуулж дарамталж байхад нь би ухаан орж байсан. Энэ мэтчилэн ааш авир нь догширсоор 2014 онд мөн найзтайгаа хардан гар хурууг минь хөх эрээн болтол зодсон мөртлөө уучлалт гуйгаад л өнгөрч байсан. Түүний намайг зоддог байдлаас болж 3 хүүхэд минь ааваасаа айж эмээн, үргэлжийн тайван биш байдалд амьдарч байна. К.Баяраа нь эцэг хүн үр хүүхдүүдээ сургах нэрийдлээр хүүхдүүдээ алгадах, шөнөжин номхон зогсоох, сөхрүүлж суулгах, шөнө орой хамт архи уудаг найз нартайгаа хоол унд хийлгүүлж идэх гэх мэтчилэн үр хүүхдүүдээ сэтгэл санааны дарамтанд байлгаж байна. Хүүгээ эр хүн хатуужилтай байх хэрэгтэй гэж шөнийн 2,3 цаг хүртэл номхон зогсоох, ууж байгаа архи асгалаа гэж хоол унд өгөлгүй архиа ууж дуустал өмнөө зогсоох, охидыг ээждээ хов зөөсөн гэж алгадаж цохих гэх мэтчилэн өөрийн хүүхдүүдээ үргэлж дарамт шахалтанд байлгадаг болсон. Согтуу хөлчүү гэр орныхоо цонх, эд хогшлыг хагалах, эвдэх гэх мэт үйлдлүүд гаргаж, хүүхдүүд бид үргэлж айдас дунд амьдарч байна. Хутга гаргах, буудаж ална гэж буу гэрт байлгаж үргэлжийн дарамталдаг.
Түүний хүчирхийллээс болж 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газар өргөдөл гаргаснаар цагдаагийн ажилтан нь Хүчирхийллийн эсрэг төвийн мэргэжилтэнтэй уулзуулснаар гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг минь тодорхойлж шүүхийн байгууллагад шилжүүлснээр түүний хүүхдүүдтэйгээ хамт байх эрхийг нь шүүхээс хязгаарлах захирамж гарсан байсан ч эмээ өвөө дээрээ байгаа 3 хүүхдээ өөр дээрээ байлгана гэж дарамталж хүүхдүүдээ гэр лүүгээ авч явдаг ч архидан тав тухгүй байлгаж, айлгаж сүрдүүлж хүүхдүүд удаа дараалан шөнө 11-01 цагт өвөөгийндөө өөрсдөө гүйж ирдэг.
Аавынхаа зэрлэг, догшин авир, дарамтаас болж том охин Сувд-Эрдэнэ нь 2015 оноос Дорноговь аймагт миний төрсөн дүүгийн амьдарч, тэндхийн сургуульд суралцаж байгаа болно.
Миний бие өнгөрсөн 7 сард нөхөр К.Баяраагийн хутга миний ор дэрэнд зоож намайг айлгаж, сүрдүүлснээс болж цочролд орж Шархадны мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. К.Баяраа надад ямар ч хайр халамж тавьдаггүй, 2014 оны 05 сард эрүү ясны хагалгаанд орсон байх үед нэг ч утсаар холбогдоогүй, миний хагалгаанд орох гэж байгаа нөхцөл байдлаар минь далимдуулан олон хүнээс мөнгө зээлсэн байдаг. Мөн түүнчлэн ах дүүсийн зүгээс хагалгаанд зориулж өгсөн мөнгийг дундаас нь өөрөө хэрэглэн надад нэг ч төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлээгүй, энэ бүгдээс үзэхэд К.Баяраа нь надтай болон 3 хүүхдүүдтэйгээ хамт амьдрах хүсэлгүй юм шиг харагддаг.
Цаашид К.Баяраагийн ааш авир нь догшин, агсан согтуу тавьж, хутга болон буу гаргадаг үйлдлүүд нь хүүхдүүдийн минь сэтгэл санаа, хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байгаа тул К.Баяраагаас гэр бүлээ цуцлуулж, 3 хүүхдийн асрамжийг өөртөө тогтоолгож, 3 хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. 
Миний зүгээс эд хөрөнгийн маргаан байхгүй, гурван хүүхдээ өөрийн асрамжинд авъя гэхэд би шүүхэд тайлбар өгөхгүй, шүүх хуралд ч оролцохгүй, яаж шийдэх нь надад хамаагүй гэсэн учир түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2, 39-40х/
    
    Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    1999 онд К.Баяраатай танилцаж, 2000 онд гэр бүл болсон. 2003 онд Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоноос Хэрлэн сум руу шилжиж ирсэн. 2004 онд К.Баяраа нь Хэрлэн сумын хотын захирагчаар ажиллаж байсан бөгөөд ажлаасаа гарснаас хойш архи их хэмжээгээр уух болсон. Архи уух тохиолдол нь ихсэж, агсан согтуу тавьж, хүүхдүүдээ дарамтлах болсон. Шөнийн цагаар босгож, аавынхаа архийг асгалаа гэж алгадаж, цохидог болсон. Дараа нь намайг байхгүй үед хүүхдүүдээ зодож, биед нь сорви үлдэх хэмжээний зодсон байсан. Хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны тогтворгүй байдалд амьдрах болсон. 2013 онд 03 дугаар сард надад гарч хүрч, зодсон. Том охин Сувд-Эрдэнэ маань ааваасаа зугтааж эмээгийндээ байх болсон. Одоо Дорноговь аймаг руу  дүү Даваасүрэнгийнд очиж, суралцаж байгаа. К.Баяраа нь архи уусан үедээ хутга, сэрээ барьж, агсан согтуу тавих нь улам ихссэн. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв. 

              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь хариуцагч К.Баяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    
              Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь К.Баяраатай гэр бүл болж, 3 хүүхдийн эцэг эх болсон болох нь К. Баяраа, Г. Алтанцэцэг нар нь 1999.01.30-нд гэр бүл болсоныг 2002.07.24-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгосон тухай 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4х/, Цагаанборжигон овогт Баяраагийн Ариун-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6х/, Цагаанборжигон овогт Баяраагийн Оюу-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7х/, Цагаанборжигон овогт Баяраагийн Сувд-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8х/, насанд хүрээгүй гэрч Б.Оюу-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 36х/, насанд хүрээгүй гэрч Б.Ариун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 37х/, насанд хүрээгүй гэрч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 38х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

            Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч К. Баяраа нь архидан согтуурч гэр бүлийн гишүүдээ сүүлийн жилүүдэд байнгын хүчирхийлэл, дарамтанд оруулж, ялангуяа эхнэр Г. Алтанцэцэгийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдан гэр бүлийн хүчирхийллийг өндөр давтамжтай үйлддэг болсон болох нь нэхэмжлэгчийн тайлбараас гадна хавтаст хэрэгт байх Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшингийн үнэлгээ /хх-ийн 20-22х/, Хамгаалах байрны нийгмийн ажилтны тэмдэглэл болон хийгдсэн ажиллагааны хуудас /хх-ийн 13-17х/, Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.02.08-ны өдрийн 289 дугаартай “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлуулах тухай захиргааны шийтгэврийг баталгаажуулсан” захирамж /хх-ийн 24х/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
 
          Хариуцагч К. Баяраагийн энэхүү байдлаас болж түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул шүүх зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Г. Алтанцэцэгийн асрамжинд өгөх нь зохистой гэж үзлээ.
    
     Дээрх байдлуудаас дүгнээд нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:         
          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гомбобаатарын Алтанцэцэг /РД:СП79040906/, хариуцагч Цагаанборжигон овогт Костягийн Баяраа /РД:СФ75013012/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Гомбобаатарын Алтанцэцэгийн 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн охин Б.Сувд-Эрдэнэ /РД:СЮ03271509/, 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрүүлсэн охин Б.Оюу-Эрдэнэ /РД:СЮ07262706/, 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрүүлсэн хүү Б.Ариун-Эрдэнэ /РД:СЮ08301599/ нарыг эх Г.Алтанцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар                      охин Б.Сувд-Эрдэнэ, Б.Оюу-Эрдэнэ, хүү Б.Ариун-Эрдэнэ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь хариуцагч /эцэг/ К.Баяраагийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тоооцон гаргуулж, охин Б.Сувд-Эрдэнэ, Б.Оюу-Эрдэнэ, хүү Б.Ариун-Эрдэнэ нарыг тэжээн тэтгүүлсүгэй.
 
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Г.Алтанцэцэгт даалгасугай.

5. Зохигчид нь эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болохыг дурдсугай.
 
            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
 
     7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч К. Баяраагаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г. Алтанцэцэгт олгосугай.

  9. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР