Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Н-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Н-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ................. дугаартай хэргийг  2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,...оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, ам бүл 3, ................ оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..............

Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ................... нутаг дэвсгэрт байрлах “...............” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулан өгсөн бараа бүтээгдэхүүнүүдийн  төлбөр болох 16.885.233 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Би энэ компанид 2019 оны 4 дүгээр сараас эхлэн ажилласан. Ажиллаж байх хугацаанд Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа гэсэн маршрутаар борлуулалт хийдэг байсан. Борлуулалт хийж байх хугацаандаа мөнгө завшсанаа би хүлээн зөвшөөрч байгаа. Одоо үлдэгдэл 8.000.000 төгрөгөө яаралтай төлж дуусгана” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-мэдүүлэхдээ: “Манай компани худалдааны төлөөлөгчтэй гэрээ байгуулахдаа гэрээн дээрээ итгэлцлийн үндсэн дээр дэлгүүртээ үлдээгээд дараа сараас авах байдлаар үлдэгдэл 8.000.000 төгрөг байх боломжтой байдаг. 8.000.000 төгрөгнөөс дотор байх юм бол дараагийн барааг нь өгөөд явдаг. Ийм байдлаар явж байгаад 10 сарын хугацаанд Н-ын авлага их гэж гарч ирээд мэдсэн” гэв.

         

          Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ....................ы нутаг дэвсгэрт байрлах “...........” ХХК-нд борлуулагчаар  ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулан өгсөн бараа бүтээгдэхүүнүүдийн  төлбөр болох 16.885.233 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-“Би ........ХХК-д хуулийн зөвлөхийн ажил эрхэлдэг юм. Манай компаний  худалдааны төлөөлөгч  болох Н- нь бараа бүтээгдэхүүн борлуулаад 28.479.193 төгрөгийг хувьдаа завшсан нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Энэ мөнгийг авч компанийг  хохиролгүй болгомоор байна. Өөр ямар нэгэн зүйл бол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 8 дугаар хуудас/

“Анх аудитын дүгнэлтээр 28.000.000 орчим төгрөг байсан. Үүнээс зарим дэлгүүрүүдэд зээлээр өгсөн байсан. Барааныхаа мөнгийг аваад мөн өөрөө төлбөр төлөөд 2020 оны 01 дүгээр  сарын 23-ны өдрийн байдлаар 12.566.621 төгрөгийг хувьдаа завшсан байна. ...” гэсэн мэдүүлэг, /хэргийн 10 дугаар хуудас/

“Амгалан ахуй аудит ХХК-ний дүгнэлтээр бол 28.015.666 төгрөгний дүгнэлт гарсан байгаа. Үүнээс хойш Н- нь 2.020.000 төгрөгний бараа буцаалтын баримтыг нягтлан бодогчид өгч хасуулан 26.459.193 төгрөгний тооцоо үлдсэн. Дэлгүүрт бараа бүтээгдэхүүн борлуулсан мөнгөө авч чадаагүй байсан мөнгө нь 9.573.960 төгрөг байгаа юм. Үүнийг хасаад 16.885.233 төгрөгийг хувьдаа завшаад байгаа юм. Н- нь мөнгийг хувьдаа завшсанаа хүлээн зөвшөөрсөн. Өөрийн хувьдаа завшсан 16.885.233 төгрөгөөс 8.268.612 төгрөгийг төлөөд байгаа. Одоо үлдэгдэл 8.616.621 төгрөгийг төлөөгүй үлдэгдэл байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 69 дүгээр хуудас/

 

Гэрч Б.Б- “Би ........ХХК-д 2019 оны 06 дугаар сараас эхэлж борлуулалтын  нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Надаас борлуулагч нар бэлэн бүтээгдэхүүн олгох зөвшөөрөл бүхий гарын үсэгтэй баримт авч байж няраваас бараагаа аваад борлуултаа хийдэг. Тэгээд орой надтай борлуулсан барааныхаа мөнгийг тушааж тулгалт хийдэг. Ингээд Н- нь их олон газарт зээлийн борлуулалт хийсэн байхаар нь шалгасан чинь аж ахуйн нэгжүүд нь худалдаж авсан барааны мөнгөө Н-ад өгсөн боловч компаний дансанд мөнгөө хийгээгүй байсан ба нийт 28.479.193 төгрөг хувьдаа завшаад ажилдаа ирэхгүй алга болоод байгаа юм. Манай компаниас удаа дараа дуудсан боловч ирэхгүй байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч С.У- “Би ........ХХК-д борлуулалтын няраваар 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Борлуулагч нар нь нягтлан бодогч Б.Б- бараа олгож болно гэсэн зөвшөөрөл аваад би зөвшөөрлийн дагуу бараа бүтээгдэхүүнийг олгодог байсан. Н- манай компанид борлуулагч ажилтай байсан ба надаас бараа бүтээгдэхүүн аваад аж ахуйн нэгжүүдэд борлуулдаг байсан юм. Н- нь нягтлан бодогчоос зөвшөөрлөө аваад бараа тоо ёсоор нь хүлээж  авдаг байсан. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дутуу авах боломж огт байхгүй. Надад өгсөн зөвшөөрлийн дагуу би бараагаа  бэлдээд тоолоод хүлээлгэж өгөөд борлуулагчаар баримтан дээр нь гарын үсэг зуруулаад бараагаа олгодог. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

 

........ХХК болон Б.Н- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ. /хэргийн 34-37 дугаар хуудас/

 

Амгалан ахуй аудит ХХК-ны аудитын тайлан. /хэргийн 49-61 дүгээр хуудас/

 

Б.Н-ын яллагдагчаар өгсөн “Би ........ХХК-д худалдааны төлөөлөгч буюу борлуулагчаар 2019 оны 05 дугаар сараас 2019 оны 11 сарын хооронд ажилласан. Ажиллаж байх хугацаанд Баянхошуу, Баруун салаа, Зүүн салаа орчимоор түгээлт хийж бараа бүтээгдэхүүн  борлуулдаг байсан. Бараа бүтээгдэхүүн борлуулж байхад манай эхнэр төрөөд хүүхэдтэй болоод мөнгөний хэрэг гараад бараа бүтээгдэхүүн борлуулсан мөнгөнөөс хувийн хэрэгцээнд ашигласан.

... Би өөрөө хувийн хэрэгцээнд 16.885.233 төгрөгийг хувьдаа ашигласан. Үүнээс 8.268.601 төгрөгийг бол ........ХХК-д төлсөн байгаа. Төлөөгүй үлдэгдэл болох 8.616.621 төгрөгийг төлөхөөр тохиролцож, гэрээ байгуулсан байгаа. Гэрээний дагуу хохирлын мөнгийг бүрэн гүйцэд төлж дуусгана. Хийсэн  хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 70-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Н- нь бараа бүтээгдэхүүн борлуулж орлогыг компанидаа тушаах байтал өөртөө зарцуулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэм үйлдэл бөгөөд түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н- нь өөртөө ашиг олох зорилгоор хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэв.

Ингэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 8.268.601 төгрөгийг хохирогч ........ХХК-д төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч уг мөнгийг хүлээн авсан гэж мэдүүлж байх тул гэмт хэргийн улмаас учруулсан 16.885.233 төгрөг төгрөгөөс төлөгдөөгүй үлдсэн 8.616.621 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-нь шүүх хуралдаанд “ ... хөндлөнгийн аудитын газрын санхүүгийн дүгнэлт гаргуулсан 500.000 төгрөгийг компанид учирсан хохирол гэж үзэж Б.Н-аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэгт аудитын газрын дүгнэлт гаргуулахад 500.000 төгрөг төлсөн талаар баримт байхгүй тул шүүхээс уг төлбөрийг гаргуулах боломжгүй байна.

Гэхдээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар  хүлээн зөвшөөрсөн, хохирлоос тодорхой хэмжээний хохирлыг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Н-ад торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Н- нь торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-аас 8.616.621 төгрөг гаргуулж “....” ХХК-нд олгосугай.

 

7. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь 500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Н-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ