Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

     

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,С.Хонгорзул,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Б-түүний өмгөөлөгч  М.Цэнд-Аюуш, 

хохирогч Н.О-түүний өмгөөлөгч Э.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн ............ дугаартай хэргийг  2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй,  ....... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ........... оршин суух,

.....................

 

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим ........... байрлах ... зочид буудлын ... тоот өрөөнд өөрийн хамтран амьдрагч Б.Д-иргэн Н.О-эр эмийн хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохих, заамдаж үсдэн унагааж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, духанд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Б-мэдүүлэхдээ: “01 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр Д- төрсөн өдөр байсан. 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлынхантайгаа тэмдэглэнэ гээд гэрээсээ гараад явсан. Гэтэл 18-ны өдөр над руу яриад орой очно гэж байсан. Дараа нь утсаа авахгүй байсан. Тэгсэн С-над руу яриад тэд нарыг буудалд хүүхнүүдтэй байна, хоёулаа очиж хайя гэсэн. Тэгээд хайж явж байгаад хорооллын тэнд буудалд байгааг мэдсэн. Очоод С-нөхөртэйгээ хэрэлдсэн. Би тухайн үед О- байна гэж төсөөлөөгүй. Урьд нь бид хоёр facebook-ээр харилцаж байсан. Ороод би facebook -ийнх нь нэрийг хэлээд чи мөн биз дээ гэхэд мөн байна гэсэн. Чи манай нөхөртэй ямар ч холбоогүй гэчихээд энд юу хийж сууж байгаа юм гэсэн чинь тэгээд одоо яах гээд байгаа юм гээд босч ирээд үүдний хэсэгт байсан өлгүүр дээрээс хувцсаа авахаар нь явах гэж байна гэж бодсон. Тухайн үед би орны хажуу талд зогсож байхад буцаж хүрч ирээд тэгээд одоо яах гээд байгаа юм гээд маргалдсан. Тэгэхдээ нээх удаан маргалдаагүй. Тухайн үед миний баруун талын үснээс зулгаах шиг болсон. Тэгээд би сандарсандаа үсдээд зайчилсан чинь юм мөргөөд унасан. Босоод ирсэн чинь хамарнаас нь цус гарч байсан. Би сандраад гадаа гараад сууж байтал түргэний эмч, цагдаа ирсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О-мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д- төрсөн өдөр гээд утасдаад дуудсан. Надад эхнэр гэж яриагүй. Салсан найз охин гэж ярьсан. Тэгээд би ажлаа амжуулж байгаад очиход нэг найз нь гарч ирж авсан. Би нэг шил архитай очсон. Ороход өмнө зодоон болсон гээд тэр доторх нь аймар болчихсон, намайг оруулахгүй байсан. Ороод тэр доторхыг нь цэвэрлэж янзалсан. Дотор 6 залуу, 1 охин байсан. Бүгд согтчихсон байсан. Нэг шил архиа бүгдээрээ хувааж тойруулаад надад жижиг хундгаар 3 өгсөн. С- гээд залуутай юм яриад сууж байтал гаднаас Б-орж ирээд миний facebook -ийн хаягийг хэлээд эргээд хартал миний толгой руу юмаар цохисон. Тэгээд би цусаа дараад босоод куртикээ авах гэсэн үсдэж чирээд нүүрэн дээр дэвссэн. Би орж ирээд уучлалт гуйчих, адилхан эмэгтэй хүмүүс байж яагаад хүнийг ийм болгож байгаа юм бэ гэхэд уучлалт гуйгаагүй. Би бүрэн бүтэн ороод эрэмдэг зэрэмдэг болсон. Хамар хажуу дээрээ гарч ирсэн. Духнаас их хэмжээний цус гарсан. Духны гавлын яс гарчихсан байсан. Маш их гомдолтой байна. Нүүрэн дээр гутлынх нь мөр гарсан зураг нь надад байгаа. Хамар мурийсан. Гамрит үүсчихсэн. Нүдний ухархай одоо хүртэл хугархай байнга толгой өвдөж байна. Дотор муухай оргиж байна. Хоол идэж чадахгүй байна. Эхний хагалгааны зардал 5.975.300 төгрөг болсон. Урсгал зардал нэмээгүй байгаа. Одоо ахиад хагалгаанд орох шаардлагатай. Хамар байнгын битүү амьсгалж чадахгүй байгаа. Хамраа ахиж тэгшлүүлнэ. Шүдээ мөн янзлуулна. Хагалгаа хийсэн эмч нь намайг чи яаж амьд гарсан юм хамар чинь цаашаа цөмөрч орсон байсныг татаж гаргасан гэсэн. Би сэхээнд 1 хоног байсан. Хоол идэж чадахгүй хамрандаа битүү чихээстэй байсан. Хагалгааны 5.975.300 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим .......... байрлах .......... зочид буудлын ..... тоот өрөөнд өөрийн хамтран амьдрагч Б.Д-иргэн Н.О-эр эмийн хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохих, заамдаж үсдэн унагааж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.О-“2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай танил болох Д- гээд эрэгтэй намайг өнөөдөр төрсөн өдөр тэмдэглэж байна, чи хүрээд ирээч гээд дуудсан. Тэгээд би гэрээсээ гараад хороололд байдаг Говь сауны замын эсрэг талд байрлах Эль хаус гэх зочид буудлын 205 дугаартай хоёр давхрын өрөөнд байсан бөгөөд намайг ороход 17 цаг болж байсан. Тэгээд дотор зургаан эрэгтэй хүн нэг эмэгтэй байсан. Би уг газар ороод мэнд ус мэдээд ширээнд нь суусан бөгөөд  нэг орон дээр Д- хэвтсэн байсан бөгөөд нөгөө орон дээр нь нэг охин хэвтсэн байсан. Намайг ороход нөгөө хамт байсан эмэгтэйгээ манай найз охин гэж байсан. Би тухайн үед ширээнд суугаад байж байхад нөгөө хэд өмнө нь хоорондоо маргаан хийсэн гээд тэр тухайгаа яриад байж байсан бөгөөд орой 19 цаг өнгөрөөд бараг 20 цаг болж байхад гаднаас үл таних хоёр эмэгтэй орж ирсэн. Тэгээд өрөөнд орж ирээд “.......” гэж хэн бэ гээд асуухаар нь би санаанд юм оролгүй би байна гээд эргээд харахад баруун гартаа юм барьчихсан өөдөөс цохих шиг болсон. Тэгэхэд миний нүүр халуу шатаад манараад доошоо суусан чинь үснээс зулгаагаад өрөөн дотор чирээд зодоод байсан. Харин хамт орж ирсэн гэх эмэгтэй нь надад гар хүрсэн эсэхийг мэдэхгүй байна, тэгээд би ухаан алдсан байсан бөгөөд нэг мэдсэн чинь уг буудлын зохион байгуулагч ороод ирсэн, чи хүн аллаа гээд байж байсан. Тэгээд намайг босгоод ирэхэд нөгөө эмэгтэй намайг цээж рүү жийгээд унагаасан. Тэгээд нөгөө буудлын ресепшин гэх эмэгтэй нөгөө хоёр эмэгтэйг хөөгөөд байсан бөгөөд намайг нөгөө тал руу нь холдох гэтэл нэг нь араас шилэн аяга аваад шидсэн. Тэгээд хоёр эмэгтэйг хөөж гаргаж байсан. Би нүүр ам аймар болсон байгааг мэдээд цагдаад дуудлага өгөөд байж байхад 103 ирсэн. Тэгээд ирж үзээд намайг Гэмтэл орж үзүүл гэсэн. Тэгээд би Гэмтэл орж үзүүлээд духан дээрээ оёдол хийлгээд маргааш нь цагдаад очиж гомдол санал гаргасан.

... Нөхөр нь намайг таньдаг бөгөөд нөхөр нь надтай чатлаад байдаг бөгөөд нэг өдөр зурган дээр нь time line дээр нь “хайр юмаа” гээд бичсэн юм. Гэтэл тэрнээс шалтгаалаад намайг хардсан юм байх. Надад уг залуутай ямар нэг өөр харилцаа холбоо байхгүй. Намайг зодох гэж орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн байсан бөгөөд царайг нь харж чадаагүй болохоор одоо харвал танихгүй байх. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд надад уг дүгнэлтийн хариу хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна. Миний хамар яс хугарсан байхад хөнгөн гэмтэл гэх хариу гарсан явдалд гайхаж байна. Би дахин шинжээч томилуулах хүсэлттэй байна. ...”гэсэн мэдүүлэг. /хэргийн 49-50 дугаар хуудас/

 

Гэрч Б.Б-“2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай найз Д- төрсөн өдөр болоод би жаахан юм аваад очсон юм. Намайг очих үед Д-, Г-, Д-, А- гээд хамт ажилладаг залуу нь А- гэх эмэгтэй хамт байсан. Би нэг юм задлаад байж байхад А- гээд нэг танихгүй эмэгтэй орж ирсэн. Тэгээд нөгөө эмэгтэй хоёр шил архи болон нэлээд их ундаа ус гээд баахан юм аваад орж ирсэн. Тэгээд сууж байхад манай найз Х- эхнэр С-, Д- эхнэр Б-нар ресепшин гэх хүнтэй хамт ороод ирсэн.

... Б- А- гээд хүүхнийг шууд үсдээд авсан бөгөөд салгах гэтэл Б- нь нөгөө хүүхнээ үсдээд доош нь дарсан байсан бөгөөд салгах үед нөгөө А- гэх эмэгтэйн духнаас нь цус гарсан байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад нэлээн маргаан болсон. Харин дахиж зодолдоогүй бөгөөд 103 дугаарт дуудлага өгсөн. Дараа нь цагдаа ирэхэд ресепшин дагуудаад орж ирсэн.

... Өөр хэн ч оролцоогүй. Ганцхан Б-болон тэр эмэгтэй хоёр л хоорондоо зууралдсан бөгөөд намайг салгахад нөгөө эмэгтэй нь буудлын нэг бор хайрцаг байсан бөгөөд тэрэн дээр үсдүүлж даруулахдаа мөргөөд гэмтсэн байх гэж бодож байна. Тэрнээс гартаа ямар нэг юм бариагүй байсан бөгөөд би хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Б.Х-“... Тэгээд байж байхад нэг мэдэхэд манай эхнэр ороод ирсэн. Намайг босооч энэ тэр гээд татаад байж байсан. Тэгээд сэрээд харахад Д- авгай нь ороод ирсэн. Сүүлд ирсэн эмэгтэй тэр хоёр зууралдаад үсдэлцсэн байсан бөгөөд нэг мэдэхнээ газар нэг нь унасан. Босоод ирэхэд нь харахад нөгөө эмэгтэйн духнаас цус гарсан байсан. Би сандраад 00-ын цаас аваад нөгөө цус гараад байсан хэсгийг дарж тогтоосон. ... Манай эхнэр болох хүн надтай маргаан хийгээд байсан ба зодоонд оролцоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.С-“Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр  гэртээ ирэхгүй хоёр хоносон байсан бөгөөд сураг нь сонсохоор хороололд байна гээд байсан юм. Тэгээд байж байхад манай нэг гэр бүлийн найз Д- төрсөн өдөр гээд гэртээ ирээгүй байна гээд Б- гээд манай найз надад утсаар ярьсан юм.

... Тэгээд бид хоёр ........ хойд талд байдаг ...... гээд зочид буудалд байгааг нь олж мэдээд орсон юм. Намайг Б-гийн хамт уг газар ороход манай нөхөр Х- нэг орон дээр хэвтсэн байдалтай хажууд нь өмнө нь явалдаад байсан Алтанцацрал гээд хүүхэн ард нь хэвтэж байсан. Тэгээд би ороод хэрүүл хийгээд та хоёр болиогүй юм уу, бид хоёр үр хүүхэдтэй болчихоод байхад хүртэл гээд хэлээд маргаан хийсэн. Харин нөгөө орон дээр Д- хэвтэж байсан ба харин өөр нэг танихгүй эмэгтэй урд талд нь сууж байсан. Харин С-, Б-нар ширээний хажууд суугаад байж байсан. Өөр нэг танихгүй залуу нар хамт байсан. Энэ үед манай хамт орж ирсэн хальт харахад Б-найз маань өрөөн дотор байсан гэх эмэгтэй хоёр маргаан хийгээд үсдэлцээд байгаа харагдсан. Тэгээд чи тавь гээд нэгнээсээ шаардаад байгаа харагдсан. Би энэ үед нөхөр Х-тэй хэрүүл хийж байгаад эргээд харсан чинь нөгөө эмэгтэй чи намайг цохисон уу гээд над руу дайраад байсан. Харин Б-гараад явсан байсан. Харин манай нөхөр Х- 00-ын цаас бариад цусыг нь арчаад байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Ч.М-“Би тухайн өдөр ............... дугаар чиглэлд ахлах ахлагч Э-ын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан.

 ... Тэгээд юу болсон талаар асуухад намайг энд сууж байхад гаднаас нэг танихгүй эмэгтэй орж ирээд зодсон гэх бөгөөд толгойн дух хэсгээс цус гарсан байдалтай байсан бөгөөд нэлээд их хэмжээний согтолттой байсан. Юу болсон талаар дахин тодруулахад гаднаас танихгүй эмэгтэй орж ирээд намайг үсдээд ширээний булан мөргүүлсэн. Харин би тэр эмэгтэйг танихгүй. Манай найз гэх залуугийн найз нь гэнэ, намайг зодоод гарсан гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Гэрч О.О-“Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ 18 цагт ирээд ажлаа хийгээд байж байхад 21 цагийн үед гаднаас хоёр эмэгтэй орж ирээд ... тоот өрөөнд орно гэхээр нь би шууд оруулахгүй, уг өрөөнд байгаа хүн рүүгээ яриад бууж ирээд хамт орж гэж хэлэхэд манай нөхөр над руу яриад би согтуу байна, намайг ирээд ав гэж дуудсан гээд яваад орсон. Тэгээд 5 орчим минутын дараа ... тоот өрөөнд түжигнээд хүмүүс шуугилдаад байхаар нь ресепшин эгч Д- түрүүлээд уг өрөө рүү орсон. Тэгээд би 3 орчим минутын дараа араас нь ороход толины хажууд нэг эмэгтэйн духнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-32 дугаар хуудас/

 

Гэрч М.Д-гийн “... Би араас нь дотор эмэгтэй хүн байгаа учир санаа зовоод дагаад гарсан чинь туранхай нь цаад орон дээр нэг эрэгтэй эмэгтэй хоёр байсан. Тэдэнтэй маргаан хийсэн. Харин хамт ирсэн том биетэй эмэгтэй нь өдөр орсон эмэгтэйг хараад шууд facebook хаягийг нь хэлээд мөн байна тэ гэж асуухад нөгөө эмэгтэй суудлаасаа босоод тийм байна, тэгээд яах гэж гээд өлгүүрээс хувцсаа аваад өмсөж байх үед нь нөгөө сүүлд ирсэн махлаг эмэгтэй нь шууд хоёр гараараа үсдээд хажуу тийш нь зайлаад татсан чинь нөгөө хүн орны хөлний орчим байсан жижиг шүүгээн дээр толгойгоороо мөргөөд уначихсан. Тэгээд өндийж босоход нь харахад духнаас нь нэлээд том хэмжээтэй язраад цус гарсан байсан. Би тухайн үед доошоо хамгаалагч, зохион байгуулагч хоёрыг дуудаад манай 2 орж ирэх үед хамт орж ирсэн жижиг биетэй эмэгтэй нь нөхрөө аваад гарсан. Харин хүн зодсон эмэгтэй гараад явсан бөгөөд араас нь харахад гадаа машиндаа сууж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-25 дугаар хуудас/

 

Гэрч Н.А-“... өдөр нэг залуугийн хамт орсон эмэгтэйн духнаас нь цус гарсан байдалтай харин өөр хараагүй хоёр эмэгтэй өрөөнд орсон байдалтай туранхай шар эмэгтэй нөхөр нь бололтой эрэгтэй хүнтэй маргаад, харин махлаг, том биетэй эмэгтэй нөгөө зодуулсан гэх эмэгтэй надад наад эмэгтэй чинь намайг зодсон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны .. дүгээр сарын ..-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №....дугаартай:

“1. Н.О-биед хамар ясны хугарал, духанд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 39-40 дүгээр хуудас/

 

Шинжээч Ш.Цэцэгмаагийн “Хүний эрүүл мэнд түр хугацаагаар сарниулах гэмтэл бөгөөд 28 хоногт эдгэрэх боломжтой  гэмтэл байх учир хөнгөн тогтоогдсон. Духны шарх, баруун зовхинд цус хуралт, нэг шүдний эмтрэл, гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Биед учирсан бүх гэмтэл нь  нийлээд хөнгөн зэрэгт хамаарна.  ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №... дугаартай:

“ Н.О-биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, духанд шарх, баруун нүдний дотор булан, доод зовхи, хамрын нуруу, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний эмтрэл гэмтлүүд учирчээ. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Н.О-нь 2020.01.30-ны өдөр Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт хамрын ясны хугарал, таславчийн мурийлт засуулах мэс ажилбар хийлгэсэн байна. Энэ нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 99-100 дугаар хуудас/

 

Улаанбаатар-Сонгдо эмнэлгийн 214141 дугаартай өвчний түүх. /хэргийн 106-125 дугаар хуудас/

 

Б.Б-яллагдагчаар өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхөр Д- төрсөн өдөр болоод урд өдөр нь гэрээсээ гараад ирээгүй байсан юм. Тэгээд намайг өдөр утсаар холбогдоход удахгүй гэртээ харина гээд надад хэлсэн. Тэгээд би ажил дээрээ байж байгаад С- холбогдоод С-гийн эхнэр Ука хороололд байдаг ......... гэх буудалд байна гэж хэлсэн. Тэгээд орой ажил тараад 19 цаг өнгөрч байхад уг байгаа буудалд нь С-гийн хамт очсон. ... Би наана байсан эмэгтэйг харахад өмнө нь манай нөхөртэй хайр юмаа гээд facebook хаяг дээр нь пост оруулсан байсан бөгөөд өмнө нь манай нөхрийн сарын түрээсээс төлж байсан бөгөөд энэ нь А- гэх нэрээр явуулсан байсан. Би уг хүнийг хараад тэр байхаар нь маш их гайхсан бөгөөд чи А- Н- гэдэг бөө эмэгтэй мөн биз дээ гэсэн. Гэтэл мөн гэж өөдөөс хэлсэн. Чи тэгээд манай нөхрийг танихгүй гээд байсан яасан бэ гээд асуутал өөдөөс тэгээд одоо яах гээд байгаа юм гээд босоод ирсэн. Тэгээд үүд рүү яваад гадуур хувцсаа аваад эргээд ирсэн. Тэгээд дахиад  одоо яах гээд байгаа юм гээд хэлэхээр нь би үснээс нь зуураад авсан юм. Гэтэл намайг өөдөөс зуураад авсан. Тэгэхээр нь би үснээс нь зуураад хажуу тийш зайлаад татсан чинь өмнө нь нөгөө эмэгтэй эхлээд сууж байсан шүүгээн дээрээ толгой хэсгээрээ  уначихсан. Гэтэл О- гэх эмэгтэйн духны орчмоос цус гарсан байдалтай өвдөглөөд суусан. Тэгээд С- буюу Б-нөгөө эмэгтэйг сугдаж босгоод сандал дээр суулгасан. Тэгээд толгой хэсгээс нь цус гараад байсан. Энэ үед гаднаас буудлын үйлчлэгч, хамгаалагч нар ороод ирсэн. Юу болоод байгаа юм гээд байсан. Тэр үед би сандраад шууд гадаа машин дээр очоод гадаа байсан бөгөөд 103 эмч нар ирсэн. Дараа нь цагдаа нар ирсэн бөгөөд би очиж уулзах гээд бодсон боловч айгаад очиж чадаагүй.

... Надад нэмж хэлэх зүйл гэвэл болсон явдалд харамсаж байгаа бөгөөд гарсан эмчилгээний бодит зардлыг нөхөн төлнө. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-60 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-нь өөрийн хамтран амьдрагч Б.Д-иргэн Н.О-эр эмийн хардалтын улмаас нүүрэн тус газар нь цохих, заамдаж үсдэн унагааж цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар хохирогч Н.О-т Med trauma эмнэлгийн үзлэг хийсэн 130.000 төгрөг, Дулаан хайрхан Трейдээс эм авсан 35.000 төгрөг, Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт эмчлүүлсэн 4.881.080 төгрөг, үзлэгийн 28.000 төгрөг нийт 5.074.080 төгрөгийн хохирол учирчээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Цэнд-Аюушаас гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгчээс хохирогч Н.О-т 1.800.000 төгрөг төлж барагдуулсан талаар хохирогч мэдүүлж байх тул уг төлбөрийг хасч үлдэгдэл 3.274.080 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Н.О-шүүх хуралдаанд гаргаж өгсөн 901.220 төгрөгийн нэмүү өртөгийн баримт байгаа боловч энэ нь ямар эмчилгээний баримт болох нь бусад баримтаар тогтоогдохгүй, энэ хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцох боломжгүй гэж үзэв.

Харин хохирогч Н.О-нь цаашид гарах эмчилгээний нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б-баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Түүнчлэн хэрэгт хавсарган ирүүлсэн хохирогч Н.О-Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт авхуулсан Комьпютерт томографийн 2 ширхэг зураг, 1 ширхэгийг компакт дискийг түүнд буцаан олгов.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Б.Б-хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн Улаанбаатар-Сонгдо эмнэлгийн комьпютерт томографийн 2 ширхэг зураг, 1 ширхэгийг компакт дискийг хохирогч Н.О-т буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Б- 3.274.080 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 41-1-3 оршин суух Н-ын О-т /РД:УП89090744/ олгосугай.

 

7. Хохирогч Н.О-нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ