Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 236

 

 “Монголын Санхүүгийн групп” ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01062 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Монголын Санхүүгийн групп” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Цэцэгээд холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 19а-03 тоотод байршилтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Цэцэгээгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мандахсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Бат-Оргил

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монголын Санхүүгийн групп ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Ч.Цэцэгээ нь 2014 оны 01дүгээр сарын 08-ны өдрийн 12000903 тоот зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлсэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан бөгөөд зээлдэгч Ч.Цэцэгээ нь 2015 оны 07 сарын 07-ны өдөр Я.Баярсайханд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байр 03 тоотод байршилтай, 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан олгосон. Энэхүү итгэмжлэлийн дагуу Ч.Цэцэгээтэй харилцан тохиролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт 171,000,000 төгрөгт тооцон 2015 оны 07 сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Монголын санхүүгийн групп ББСБ-д шилжүүлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийг хаасан. Иймд Монголын санхүүгийн групп ББСБ-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байр 03 тоот, УБД-2202020600 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс Ч.Цэцэгээг албадан нүүлгэж, байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Цэцэгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын хуульч Я.Баярсайхан нь 2015 оны 7 сарын 07-нд ядаж итгэмжлэл хийгээд өгчих гэхээр нь итгэмжлэл өгсөн. Дараа нь 2015 оны 10 сарын 22-ны өдөр Монголын санхүүгийн групп ЕБСБ-аас зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 10 сарын 25-ны дотор бүрэн суллаж өгнө үү гэсэн мэдэгдлийг өгөхөд барьцааны үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр, зах зээлийн үнээс хямдаар  тооцон бусдад шилжүүлж эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн болохыг мэдсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Цэцэгээ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монголын санхүүгийн групп ББСБ нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг 2015 оны 07 сарын 30-ны өдөр надтай байгуулсан мэтээр нэхэмжлэлдээ дурджээ. Нэхэмжлэгч нь  өөрийн ажилтан Я.Баярсайхантай худалдах худалдан авах гэрээ байгуулж барьцааны хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан тухайгаа огт мэдэгдээгүй нуусан байна. Итгэмжлэлд зээлийн төлбөрийн үнэд тооцон 171,000,000 төгрөгөөр худалдах болон зээлийн гэрээний үүрэгт тооцон худалдах хэлбэрээр шилжүүлэх эрх огт олгоогүй, итгэмжлэлд худалдах үнэ тогтоогоогүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа заавал үнийн санал авах ёстой байсан боловч надаас үнийн санал авалгүй өмчлөх эрхийг Монголын санхүүгийн групп ББСБ-д нууцаар шилжүүлсэн байна.

Иймд Монголын санхүүгийн групп ББСБ болон тус байгууллагын ажилтан Я.Баярсайхан нарын хооронд 2015 оны 07 сарын 30-ны өдөр хууль бусаар байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхнасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2014 оны 01 сарын 09-ний өдөр Салбар 2-ын эрхлэгч Б.Мөнхнасанд дээрх гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд үл маргах журмаар ББСБ-ын нэр дээр шилжүүлнэ гэсэн итгэмжлэлийг өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд төлөлт хийгдээгүй, мэдэгдэл амаар болон бичгээр удаа дараа өгч Б.Мөнхнасанд өгсөн итгэмжлэлийн дагуу худалдан борлуулах болсон тухай мэдэгдэж байсан. Я.Баярсайханд 261 тоот нотариатчийн гэрчилсэн хүчин төгөлдөр итгэмжлэлийг өгч худалдан борлуулж өгөхийг хүссэн бөгөөд энэхүү итгэмжлэлийн дагуу 2015 оны 07 сарын 30-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан Монголын санхүүгийн групп ББСБ-ын нэр дээр Чингэлтэй дүүрэг 4-р хороо, Бага тойруу, 19а байрны 03 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202020600 дугаарт бүртгэлтэй 104.5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, зээлдэгч Ч.Цэцэгээгийн 12000903 тоот зээлийг хаасан. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэцэгээд холбогдох нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүрэг, 4 хороо, Бага тойруу, 19А-03 тоот талбайтай 104.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс албадан нүүлгэж, байрыг чөлөөлж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-нд холбогдох Ч.Цэцэгээгийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,012,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цэцэгээгээс 1,012,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 1,012,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Цэцэгээ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ч.Цэцэгээгээс  итгэмжлэл авсан Я.Баярсайхан гэгч нь Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн хуулийн ажилтан, тус компанийн төлөөлөгч юм. Гэтэл Я.Баярсайхан нь 2015.07.07-ны өдөр ирээд "Та надад түр итгэмжлэл хийгээд өгчих. Би байрыг чинь бусдад шилжүүлэх бол танд заавал урьдчилан мэдэгдэнэ. Та зээлээ төлөх аргаа л бод. Би итгэмжлэлийг чинь аваад өөртөө байлгаж байя. Ингэхгүй бол намайг ажлаас халах гээд байна. Дарга нар ажил хийхгүй байна гээд байна" хэмээн ярьж, намайг хууран мэхлэх замаар итгэмжлэл хийлгэж авсан. Я.Баярсайхан нь итгэлийг эвдэж, байрыг маань өөрийн ажилладаг, өөрийнх нь ажил олгогч болох "Монголын санхүүгийн групп ББСБ" ХХК-д худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн байна. Миний бие 2015.07.30-ны өдөр "Монголын санхүүгийн групп ББСБ" ХХК-тай өөрийн байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Гэтэл  худалдах, худалдан авах гэрээнд намайг уг гэрээг байгуулсан мэтээр бичиж, минийхээс өөр гарын үсэг зурсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Я.Баярсайхан нь итгэмжлэлд миний байрыг зээлийн төлбөрт тооцон шилжүүлж өгөх тухай дурдаагүй байсан болохоор "Монголын санхүүгийн групп ББСБ" ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байж ч мэдэх юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч "Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Хариуцагч Ч.Цэцэгээ нь 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 150 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар нэхэмжлэгч “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-иас зээлж, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 19а-03 тоотод байрлах 104,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан тавьсан үйл баримт хэрэгт авагдсан зээл, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-ийн 5-9/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Цэцэгээ нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Я.Баярсайханд олгож, /хх-ийн 11/ Я.Баярсайхан нь уг барьцааны зүйлийг "Монголын санхүүгийн групп ББСБ" ХХК-д худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн нь зохигчдын тайлбар, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. Монголын санхүүгийн групп ББСБ ХХК дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхдээ олж авсан үндэслэлээ зээлийн гэрээний үүрэгт тооцон, барьцааны хөрөнгийг барьцаалуулагчийн зөвшөөрсөнөөр худалдан авсан гэж тайлбарлаж байна.

 

   Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулгаас үзэхэд хариуцагч Ч.Цэцэгээ нь нэхэмжлэгч "Монголын санхүүгийн групп ББСБ" ХХК-д төлбөл зохих үүрэгт барьцааны зүйлийг тооцон уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны гэрээний талуудын эдлэх эрх, үүрэг, барьцааны зүйлийн үнээр үүргийн гүйцэтгэлийг хангах журмыг гэрээнээс гадна хуулиар тухайлан зохицууулдаг.

 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах арга журмыг талууд гэрээндээ тодорхой тусгаж, нарийвчлан зохицуулах тухай заасан боловч талууд гэрээнд энэ талаар нарийвчлан тохиролцоогүй байх тул барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуульд заасан ердийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах учиртай.

 

Талууд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр эд хөрөнгө болон үнийг төлөх, асуудлаар тохиролцоогүй, харин барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон гэх үндэслэлийн талаар зохигчид маргаагүй байна. Нэхэмжлэгч байгууллагад хугацаа хэтэрсэн үүргийг барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс хангуулахаар шаардах эрх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан байх боловч 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хуулийн дээрх заалтыг зөрчиж, дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд хариуцагч Ч.Цэцэгээгийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй.

 

Хариуцагч Ч.Цэцэгээгээс итгэмжлэл авч хэлцэл хийсэн Я.Баярсайхан нь нэхэмжлэгч байгууллагын ажилтан байсан талаар зохигчид маргаагүй, өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан нэхэмжлэгч байгууллага нь өөрөө уг үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагч байсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчид өмчлөх эрх хууль ёсоор үүссэн гэж үзэхгүй.

 

Дээрх худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болсноор барьцааны зүйлийн өмчлөгч нь Ч.Цэцэгээ хэвээр байх тул түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн, хариуцагч Ч.Цэцэгээгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2016/01062 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэн “1” гэж дугаарлан, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу, 19а-03 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Ч.Цэцэгээгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Я.Баярсайхан, “Монголын санхүүгийн групп ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай гэж,

3 дах заалтыг “2” гэж дугаарлан “хариуцагч Ч.Цэцэгээгээс 1 012 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-д олгож” гэснийг “нэхэмжлэгч Монголын санхүүгийн групп ББСБ ХХК-иас 1 012 950 төгрөг гаргуулж, хариуцагч Ч.Цэцэгээд олгож” гэж

4 дэх заалтыг “3” гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 083 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                   Ш.ОЮУНХАНД