Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ХК” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ӨМАОНАГ/201812023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах захирамжийг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн спорт заал барих ажлын гэрээг шинээр байгуулах захирамж гаргахын аймгийн Засаг даргад, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б д  оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц  , Б.Б  нар шүүх оролцохгүй  тухайгаа бичгээр илэрхийлсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “ХК” ХХК нэхэмжлэлдээ: ”...ХК” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарлагдсан Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн спорт заал барих тендерт шалгарч, Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/820 дугаартай захирамжийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ӨМАОНӨГ/201812023 дугаартай гэрээг байгуулсан.

 Манай компанийн зүгээс гэрээнд заасны дагуу өөрийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгэж, эхний ээлжийн санхүүжилт болох 30%-тай тэнцэх хэмжээний

санхүүжилтээ авахаар хандсан боловч Өмнөговь аймгийн Төрийн сангаас Засаг даргын захирамж болон гэрээ нь Тендерийн хуульд заасан хугацаанд батлагдаагүй, хугацаа хэтэрч батлагдсан гэсэн үндэслэлээр санхүүжилт олгох боломжгүй тухай хариуг ирүүллээ. 

Манай компанийн зүгээс Засаг даргын захирамжийг үндэслэж гэрээ байгуулсан бөгөөд хугацаа хоцорч гэрээ байгуулсан нь “ХК” ХХК-д хамааралгүй бөгөөд харин Өмнөговь аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/820 дугаартай захирамж нь гэрээ байгуулах хугацаандаа гараагүйгээс үүдэлтэй гэж үзэж байна.

Засаг даргын дээрх буруутай үйлдлийг улмаас үүдэн манай компанийн санхүүжилт олгогдохгүй байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

 Иймд хуульд заасан хугацааг хэтрүүлж захирамж гаргасан засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, шинээр захирамж гаргахыг аймгийн засаг даргад мөн дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг аймгийн засаг даргын тамгын газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  хариу тайлбартаа: “Ханхонгор суманд спорт заал барих ажил”-ын тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээсэн ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж зааснаар 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөр тендерийн хүчинтэй хугацаа дуусах байсан ч Сангийн яамны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/4042 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг хуулийн 29.4-т зааны дагуу нэг удаа 30 хоногоор сунгаснаар хүчинтэй хугацаа 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болохоор байсан.

Захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газраас “Ханхонгор суманд спорт заал барих ажил”-ын гүйцэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны зөвлөмжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2-1708 дугаар албан бичгээр “ХК” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай тухай” мэдэгдлийг хүргүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 05, 06-нд аймгийн баяр наадам, үүний дараа улсын баяр наадмын амралтын өдрүүд тохиосон, гүйцэтгэгч “ХК” ХХК хүрэлцэн ирж гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй зэргээс шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулагдаагүй бөгөөд аймгийн Засаг даргын 2018 оны “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” 820 дугаар захирамж гарснаар 7 дугаар сарын 20-ны өдөр “Ханхонгор суманд спорт заал барих ажил”-ын ӨМАОНӨГ/201812023 дугаар ажил гүйцэтгэх гэрээг тус компанитай байгуулсан байна. Дээрх тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа Засаг даргын захирамж гарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйлдэл нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэснийг зөрчсөн байх тул аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/1063 дугаар захирамжаар 2018 оны А/820 дугаар захирамж болон ӨМАОНӨГ/201812023 дугаар ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгосон юм.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц   хариу тайлбартаа:  “...Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа Засаг даргын захирамж гарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйлдэл нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэснийг зөрчсөн байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсний дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/1063 дугаар захирамжаар 2018 оны А/820 дугаар захирамж болон ӨМАОНӨГ/201812023 дугаар ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгосон юм.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засаг даргын захирамж нь хугацаа хэтэрснээс болж манай гэрээг хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүчингүй болгосон.

 Аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулаад, өөрийн хөрөнгөөр ажлаа гүйцэтгээд 30% -д хүрсэн.

Гэрээ байгуулах мэдэгдэл аваад 5 хоног өнгөрсний дараа удаа дараа очиж, гэрээ хийе гэж хэлэхэд аймгийн баяр наадам, үргэлжлүүлээд улсын баяр наадам давхацсан тул дараалсан амралтын өдрүүдэд гэрээ хийх боломжгүй байна утсаар ярьж, буцааж байсан.

 Намайг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хотод явж байхад захирамж гарлаа гэж утсаар ярьж мэдэгдсэний дагуу ирж гэрээ байгуулсан.” гэв.                      

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХК”ХХК-иас Өмнөговь аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдуулан ӨМАОНАГ/201812023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах захирамжийг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн спорт заал барих ажлын гэрээг шинээр байгуулах захирамж гаргахын аймгийн Засаг даргад, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...тендер хүчинтэй байх хугацаа дууссаны дараа Засаг даргын захирамж гарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйлдэл нь ...тендер  хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна... гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн... гэж тайлбарлажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд ...бичгээр мэдэгдэнэ”, 29.3-д “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заажээ.

Мөн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд тендер шалгаруулалтыг багтаан зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд тендер хүчинтэй байх”-аар, 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах”-аар, 40 дүгээр зүйлийн 40.1-д “захиалагч, гүйцэтгэгчийн хооронд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах”-аар заасан ба тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нээсэн, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тендер хүчинтэй байсан бөгөөд Сангийн яамны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6-1/4042 дугаар албан бичгээр хугацааг 30 хоногоор сунгаж, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүчинтэй хугацаа дууссан байна.

Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “ХК” ХХК-д    2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлж 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу тендер хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа  аймгийн Засаг даргын а/820 дугаар захирамжаар “ХК” ХХК-тай гэрээ байгуулан ажил гүйцэтгэхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт  үүрэг болгож, “Ханхонгор суманд спорт заал барих” ӨМАОНАГ/201812023 дугаартай гэрээ байгуулагджээ.

Улмаар нэхэмжлэгч “ХК” ХХК 2018 оны 07 дугаар сарын 23-аас 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 479 698 994 төгрөгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, уг ажлын гүйцэтгэлийг аймгийн Засаг дарга болон захиалагч тал баталгаажуулсан үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Гэтэл   аймгийн Засаг даргын 2018 оны  09 дүгээр сарын 28-ны өдрийн а/1063 дугаар захирамжаар  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрсөн үндэслэлээр “ХК” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон 2018 оны а/820 дугаар захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагчаас тендер хүчинтэй байх хугацаа өнгөрсний дараа шийдвэр гаргасан үндэслэлээ ...2018 оны 07 дугаар сарын 05, 06-нд аймгийн баяр наадам болж, үргэлжилсэн амралтын өдрүүд тохиосон, гүйцэтгэгч ирж гэрээ байгуулаагүй...гэж тайлбарлаж байгааг зөвтгөх үндэслэлгүй, эдгээр тайлбар нь давагдашгүй хүчин зүйлийн талаарх тайлбар биш бөгөөд нөгөө талаар “хамгийн сайн” үнэлэгдсэн оролцогчийн гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй,  тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтийг тендерт оролцогч гаргахаар зохицуулаагүй, нэгэнт тендер хүчинтэй байх хугацаа өнгөрсөн байхад шийдвэр гаргах эсэх эрх нь гүйцэтгэгчээс үл хамаарах үндэслэл бөгөөд ялангуяа гүйцэтгэгчээс үл хамаарах үндэслэлээр худалдан авах ажиллагааг хууль бус байх нөхцөлийг захиргааны байгууллага, албан тушаалтан бүрдүүлсэн байгаа нь худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа гагцхүү хуульд заасан журмаар явагдах учиртай бөгөөд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, хохирол учрахаар бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцүүлэх нь зүйтэй.

Аймгийн Засаг даргаас “холбогдох хууль зөрчиж гарсан” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулан ажил гүйцэтгэх эрх олгосон Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/820 дугаар захирамжийг  хүчингүй болгож, тендерт шалгарсан нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх эрхийг хүчингүй болгосныг мэдэгдсэн нь сөрөг үйлчлэлтэй захиргааны актын шинжийг агуулж байх ба нэхэмжлэгчээс захиргааны байгууллагын энэ үйл ажиллагаанд маргаагүй болно.

Тендер хүчинтэй байх хугацаа өнгөрсний дараа захирамж гаргаж, гэрээ байгуулсан үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхээс ӨМАОНАГ/201812023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах захирамжийг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн спорт заал барих ажлын гэрээг шинээр байгуулах захирамж гаргахыг аймгийн Засаг даргад, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ХК” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “ӨМАОНАГ/201812023 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах захирамжийг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан аймгийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн спорт заал барих” ажлын гэрээг “ХК” ХХК-тай шинээр байгуулах захирамж гаргахыг аймгийн Засаг даргад, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХК” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.БАЯРМАА