Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/90

 

2020 оны 05 дугаар сарын 29 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/90                                                   Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Ц.Н  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Цэрэнгийн Нд холбогдох эрүүгийн 2029000650047  дугаартай  хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ц.Н нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Уурхайчин хорооллын гэр хороололд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Отгонзаяаг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н нь мэдүүлэхдээ: “Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Цэрэндолгорынд очсон. Тэгээд цагаан сар болно гээд гэрийг нь янзалчихаад дэлгүүр орж архи, пиво авч хамт уугаад сууж байхад охин нь орж ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь чи надтай хэрэлдэх гэж ирсэн юм уу гээд хувцаснаас нь чирч гаргах гэтэл муухай хашхирсан. Гэтэл гаднаас найз залуу нь орж ирээд намайг хэд хэдэн удаа цохисон” гэв.

Хохирогч Г.Отгонзаяагийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед ээжийгээ авах гээд Цэрэндолгор гэрт очтол гэр нь цоожтой хаалга нь түгжээтэй байхаар нь би хаалгыг нь тогшоод хаалгаа онгойлгохоор нь утасныхаа гэрлийг асаагаад орсон. Гэр дотор Н, Цэрэндолгор манай ээж 3 архи, пиво уусан байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “та нар битгий ингээд архи ууж бай лдаа гэж хэлээд байхад дандаа архи уугаад байх юм” гэж хэлтэл Н орноос босож ирээд намайг гэрийн хаалганы хажуу талруу шахаад толгойруу цохьсон. Тэгэхэд нь би орилтол манай найз залуу болох А.Отгонзолбоо гаднаас орж ирээд намайг өмөөрөөд Нг орлуу унагаагаад нүүрлүү нь цохьсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч А.Отгонзолбоогийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой найз охинтойгоо цуг найз охины ээжийг нь айлаас очиж авах гээд Цэций хорооллын урд талын гэр хороолол руу очсон юм. Тэгсэн манай найз Отгонзаяа “ээжийгээ айлруу ороод дагуулаад ирье” гэж хэлээд айлруу орсон. Тэгээд би гадаа нь үлдээд хүлээгэд байж байтал манай найз охин орсон айлдаа орилсон. Тэгэхээр нь би гүйгээд ортол манай найз охиныг Н гэх настай ах хананд шахчихсан боогоод байж байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч Б.Чинсүхийн өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын газрын Доогийн гэрт нь очиход Н, Догоо хоёр Догоогийн гэрт хулдаас дэвсэж байсан тэгэхээр нь би тэр ажлаас нь хийлцэж дуусаад байж байхад Догоо, Н бид гурав гэрээс гараад дэлгүүр орж 2 ширхэг лаазтай пиво авсан мөн нэг 0.5 граммтай архи авсан тэгээд бид гурав буцаад Догоогийн гэрт нь очоод Догоо бид хоёр пиво уугаад Н архи уусан. Тэгээд тэндээ байж байхад манай охин ирсэн. Тэгсэн Н манай охиныг цохиод ханаруу түлхсэн тэгэхэд манай хүүхэд орилоход гаднаас манай охины найз залуу орж ирж Нг болиулаад хэд хэд цохьсон тэгэхээр нь би Отгонзаяаг найз залуутай нь дагуулаад явсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 168 дугаартай:

  1. Г.Отгонзаяагийн биед тархины доргилт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 50-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Нгийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ц.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/,

            Шүүгдэгч Ц.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,  шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-ийн 64-68-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Г.Отгонзаяа нь мэдүүлэхдээ: “...надад одоо ямар нэгэн гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/ байх тул шүүгдэгч Ц.Нг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Ц.Нг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ц.Н нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.