| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0082/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/91 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/91
2020 оны 06 дугаар сарын 03-ны Дугаар 2020/ШЦТ/91 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Б.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагачин овгийн Болдбаатарын Тд холбогдох 2029000470069 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 11 дэх км-т 16-46 УАЕ улсын дугаартай, Муссо маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад нь аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 66-68 УНК улсын дугаартай Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Б.Батчимэг Б.Сарантуяа, Л.Шаарийбуу, А.Загдсүрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24-р хуудас/,
Хохирогч Б.Саранчимэгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цаг өнгөрч байхад Цогтцэций сумаас зүүн тийш 50 км зайд Таван толгойн төмөр замын кемп дээр байж байгаад жолооч Ганбаяр, менежер Азжаргал, Батчимэг бид 4 сумын төв орж би утсаа сунгуулахаар бусад нь бас хувийн ажилтай дэлгүүрээс юм авахаар Ланд-100 маркийн саарал өнгийн машинтай Ганбаяр жолоо бариад хажууд нь Азжаргал суугаад Батчимэг жолоочийн арын суудал дээр би хажуу талд нь суучихсан шороон замаар явж байтал урдаас нэг машины гэрэл гараад ирж байсан. Тэгсэн нөгөө урдаас ирж байсан машин эгц урдаас чиглээд ирсэн. Тэгээд Ганбаяр баруун дараад тэгсэн нөгөө машин манай машиныг дагуулж дараад урдаас мөргөөд тэгээд машинаас буусан чинь миний баруун гар өвдөөд байсан. Тэгээд харсан нөгөө машины хүмүүс машинаас буугаад газар хэвтчихсэн байсан. Тэгээд байж байсан чинь эмнэлэг цагдаа ирээд эмнэлэг рүү нэг машинд суугаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41-р хуудас/,
Хохирогч А.Загдсүрэнгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед сумын төвөөс Musso маркийн 16-46 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудалд суугаад сумын төвөөс зүүн тийш шороон замаар ойролцоогоор 10 гаран км явж байтал миний сууж явсан машины урдаас гэрэл гараад ойртоод ирсэн. Тэгсэн манай жолооч буцаж эгнээрүүгээ орох гэсэн чинь нөгөө машин дагуулаад дарах шиг болсон тэгээд жолооч буцаагаад зүүн тийшээ дараад нөгөө ирж явсан машины урдуур дараад гарах үед миний сууж байсан талаас нөгөө машин ирээд мөргөсөн. Тэгээд би нэг хэсэг ухаан алдаад сэргэсэн чинь миний хаалга онгойхгүй гацчихсан байсан. 4 хүн сууж явсан. Т машин бариад би хажууд нь баруун гар талд нь суугаад миний ард Шарийбуу, хажууд нь Пүрэвдорж сууж явсан. Тгийн хүзүү хугарч толгойдоо гэмтэл авсан, миний баруун сүүжний тогоо яс нь бяцарсан, толгойд нэг газар оёдол тавьсан, баруун талын нэг хавирга хугарсан, Шаарийбуугийн аарцаг нь гэмтсэн гэсэн. Пүрэвдорж гэмтээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,
Хохирогч Л.Шаарийбуугийн өгсөн: “....Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны 23 цаг 20 минутын үед сумын төвөөс Musso маркийн 16-46 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4-лээ явж байсан. Би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Тэгсэн гэнэт урдаас нэг хурц гэрэл гарч ирсэн. Тэгээд нөгөө машин гэнэт урдаас тулаад гарч ирээд тэгээл гэрэл хараад осол болж мөргөлдөөд машинаас буух гэсэн чинь бууж чадахгүй байсан. Тэгээд хажуу талд сууж явсан Пүүжээ гэж залуу намайг гаргасан. Би машинаас буугаад гишгэж чадахгүй байсан. Тэгээд байж байтал эмнэлэг ирээд сумын төврүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
Хохирогч А.Батчимэгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр жолооч Ганбаяр, кемп менежер Азжаргал, тогооч Саранчимэг бид 4 Цогтцэций сумаас зүүн тийш 40 гаран км-т байх кемпээс сумын төврүү орж хүүхэдрүүгээ мөнгө төгрөг шилжүүлэх, нөгөө 3 бас ажилтай л явж байсан. Тэгээд Цогтцэций сумаас зүүн тийш 10 гаран км-т ирж байтал өөдөөс нэг машин ирж байсан гэрэл нь харагдаж байсан. Тухайн үед би арын суудал дээр сууж явсан тэгсэн гэнэт л нэг машинтай мөргөлдөөд тэгээд миний зүүн гар унжчихсан. Тэгээд машинаас буусан. Тэгсэн Ганбаяр, Азжаргал хоёр зүгээр байсан, Саранчимэг гар өвдөж байна гэж уйлж байсан. Тэгээд нөгөө машины урд талын жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан хүн нь машинаасаа бууж чадахгүй хаалга нь онгойхгүй гацчихсан байсан. Тэгээд тэрийг Ганбаяр, Азжаргал хоёр татаж гаргалцаж байх шиг байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
Гэрч А.Азжаргалын өгсөн: “...Манай компанийн кемп Цогтцэций сумаас зүүн тийш 50 км-т байдаг. Тэгээд сумын төв орж Батчимэг, Саранчимэг хоёр хувийн ажилтай бас тэрний хажуугаар дэлгүүрээс ганц нэг ахуйн хэрэглээний юм авахаар кемпээс 21 цаг 40 минутын үед Саранчимэг, Батчимэг, Ганбаяр бид 4 хөдөлсөн. Ганбаяр Ланд-100 маркийн 66-68 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод би хажууд нь суугаад ннөгөө 2 эмэгтэй арын суудал дээр сууж явсан. Тэгээд сумаас 10 гаран км-ийн зайд шороон зам дээр явж байтал урдаас нэг машин чиглээд яваад байсан. Тэгээд би Ганбаярт хэлээд “баруун талруу нь шахаж явъя” гээд зорчих хэсгийн хамгийн баруун талаар явж байгаад өөдөөс ирж байсан машин урдуур дарж орж ирээд осол болсон. Тэгээд би “зүгээрүү” гэсэн Ганбаяр “зүгээр” гэсэн. Батчимэг “зүүн гар өвдөөд байна” гэж байсан. Саранчимэг нь “баруун гар өвдөж байна” гээд уйлаад байсан. Тэгээд Ганбаяр нөгөө машин руу явсан. Би араас нь очиход нөгөө машинаас хоёр залуу гараад хэвтчихсэн байсан. Нэг залуу нь зүгээр алхаж байсан. Нэг залуу нь жолоочийн хажуу талын сандал дээр ёолоод байж байсан. Тэгээд тэр залууг гаргах гэсэн чинь хаалга нь гацчихсан байсан. Тэгээд цонхоор нь гаргах гэсэн чинь “болохгүй байна” гэж байсан. Тэгээд Ганбаяр бид хоёр буцаж машин дээрээ очоод нөгөө хоёрыгоо ямархуу байгааг очиж хараад кемпрүүгээ хүн дуудсан. Тэгээд байж байтал кемпээс машин ирсэн. Нөгөө машин дээр бас компанийх нь машин ирсэн. Тэгээд эмнэлэг ирээд гэмтсэн хүмүүсийг авч явсан. Бид нарыг хөдөлж байхад цагдаа нар ирж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,
Гэрч Б.Ганбаярын өгсөн: “...Би Цогтцэций сумаас зүүн тийш 50 км-т манай компани байдаг тэндээс 21 цаг 40 минутын үед Азжаргал, Саранчимэг, Батчимэг бид 4 Цогтцэций сумын төв орж ахуйн хэрэглээний зүйлээ цуглуулахаар Ланд-100 маркийн 66-68 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тэгээд сумын төв ороход 10 орчим км зайд явж байтал өөдөөс 800 орчим метрийн зайд ирж яваа гэрэл харагдсан. Тэгээд зорчих хэсгийн замын баруун талын хэсгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж байсан. Тэгээд нөгөө машин ойртоход гэрлээ шилжүүлэхийг сануулсан. Тэгсэн нөгөө машин миний машины урдаас шахаад ороод ирсэн. Тэгэхээр нь зорчих хэсгээс баруун тийш гарахад нөгөө машин миний машины урдуур дарж орж ирээд осол болсон. Тэгээд машинаас буухад нөгөө машины 2 залуу нь машинаас гараад газар хэвтчихсэн, нэг залуу нь буучихсан, ахиад нэг залуу нь машин дотроо сууж байсан. Тэгээд би нөгөө машины нэг залуутай нөгөө машины жолоочийн хажуу талын суудал дээр байсан хүнийг буулгах гээд хаалгыг нь татахад хаалга нь онгойхгүй гацчихсан байсан. Тэгээд цонхоор нь гарах гэсэн чинь даагдахгүй өөрөө бас их зовиуртай байсан. Тэгээд би өөрийн машин дээрээ очоод өөрийн машинд байсан хүмүүсийн биеийн байдлыг асуусан тэгсэн Азжаргал “зүгээр” гэсэн. Харин Батчимэг “зүүн гараа өргөж дийлэхгүй байна” гээд баруун гараараа зүүн гараа барьчихсан зогсож байсан, Саранчимэг “баруун гараа хөдөлгөж чадахгүй байна” гээд орилоод зогсож байсан. Тэгээд эмнэлэг болон компаниас хүмүүс дуудсан. Тэгээд эргээд нөгөө мөргөлдсөн хар машин дээр очиход урд суусан хүнээ буулгаад газар хэвтүүлчихсэн байсан. Тэгээд байж байтал нөгөө машин дээр Арц суврага ХХК-иас нэг машин ирээд араас нь манай компаний нэг машин ирээд тэгээд эмнэлгийн түргэн тусламж ирээд нөгөө машины 3 залуу, манай машины 3 хүнийг аваад сумын эмнэлэгрүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 00-ны өдрийн 14477 дугаартай:
1. Б.Саранчимэгийн биед атгаалын доод, дунд хэсгийг хамарсан том хэмжээний сэлтэрхийт хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 81-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 00-ны өдрийн 14476 дугаартай:
1. А.Батчимэгийн биед зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 283 дугаартай:
1. Л.Шарийбуугийн биед баруун сүүжний умдаг ясны хугарал, ахар сүүлний ясны хугарал зэрэг гэмтэлтэй байсан байна.
2. Л.Шарийбуугийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Л.Шарийбуугийн биед учирсан гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно.
4. Л.Шарийбуугийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 85-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 282 дугаартай:
1. А.Загдсүрэнгийн биед баруун сүүжний тогооны ясны хугарал, тархины доргилт, баруун талын нэг хавирганы хугарал, хуйхан дахь ил шарх зэрэг гэмтэлтэй байсан байна.
2. А.Загдсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. А.Загдсүрэнгийн биед баруун сүүжний тогооны ясны хугарал гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно.
4. Тархины доргилт, хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл болно.
5. А.Загдсүрэнгийн баруун сүүжний тогооны ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
6. Бусад гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 87-р хуудас/,
Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Үүрдмандахын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаартай: “Musso маркийн 16-46 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болбаатар овогтой Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад нь аль болох ойр явах бөгөөд баруун гарын талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол Musso маркийн 16-46 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Болдбаатар овогтой Тгийн дээрх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдлээс болж гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт /хх-ийн 91-р хуудас/,
Яллагдагч Б.Тгийн мэдүүлэг /хх-ийн 117-119-р хуудас/,
Шүүгдэгч Б.Тгийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Тгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155-р хуудас/,
Шүүгдэгч Б.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, “үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК харилцагчийн дансны мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 120-127-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас зүүн тийш 11 дэх км-т 16-46 УАЕ улсын дугаартай, Муссо маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад нь аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ явна” гэсэн заалтуудыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Тд “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч А.Батчимэг, Б.Саранчимэг, Л.Шарийбуу, А.Загдсүрэн нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай тэмдэглэл /хх-ийн 223-228-р хуудас/ байх тул шүүгдэгч Б.Тг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
- шүүгдэгч Б.Т нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарын гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.