| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0085/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/93 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амармөрөн |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/93
2020 оны 06 дугаар сарын 10 өдөр Дугаар 2020/ШЦТ/93 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхтүвшингийн Эт холбогдох эрүүгийн 2029000000079 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Багабулагийн 13-07 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Одтой маргалдан нүүрэн тус газар нь өвдгөөрөө цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э нь мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хохирогч М.Одын өгсөн: “..2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тог тасраад ажил багатай байсан тул Мягмарсүрэн болон байшин бариулж байгаа Э гэх хүн бид гурав Эийн авчирсан Соёрхол нэртэй архийг хувааж уусан тэгээд Э гэх хүн дахиж яваад архи авчраад нийт 2 билүү 3 шил архийг хувааж уусан тэгээд нилээн орой болсон байсан гэнэт байшингаа бариулж байгаа Э гэх хүн гэнэт агсараад надруу дайрч эхэлсэн тэгсэнээ намайг сууж байсан чинь миний нүүр лүү өшиглөөд өвдөглөсөн тэгэхээр нь би та намайг яасан гэж ингэж байгаа юм бэ гэсэн чинь нээх юм хэлээгүй тэгээд миний уруулнаас их цус гараад байсан чинь Э эмнэлэг явж оёулъя гээд намайг Э ах Хуягаа дүү хоёр эмнэлэг хүргэж өгсөн. Уруул оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй... Надад Э эмчилгээний хохирол төлбөр гэж 500 000 төгрөг миний ээжийн 5748151589 дугаартай дансруу хийсэн. Надад одоо гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,
Гэрч Г.Мягмарсүрэнгийн өгсөн: “...Э гэх хүний авчирсан Соёрхол нэртэй архийг Э, Од бид 3 хувааж уусан. Сүхээ ах, Сүхээ ахын хүү Хуягаа нар огт архи уугаагүй. Тэгээд Э гэх хүн гэрээсээ авчирсан архинаас 2 шил архийг уучихаад би тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь хамт ажилдаг Одын уруул нь язарчихсан оёдол тавиулчихсан байсан. Юу болсоныг Одоос асуухад Э хөлөөрөө ч гэлүү өвдгөөрөө ч гэрлүү өшиглөсөн гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Гэрч С.Батсүхийн өгсөн: “...22 цагийн үед Мягмарсүрэн гэрээс гарч ирээд Одын уруулын Э цохичихлоо гээд гарч ирсэн. Тэгтэл Од, Э нар гэрээс гараад ирээд Э ах эмнэлэг явъя гэснээ Од байрлаж байгаа гэрлүүгээ орчихсон. Э ах бас гэрлүүгээ орчихоод удаагүй гарч ирээд би түргэн дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явъя гээд Э ах Одоос уучлалт гуйгаад байх шиг байсан. Э ах өөрийнхөө машиныг унаад Ханбогд сумын эмнэлэг дээр ирсэн. Тэгээд удалгүй 2 цагдаа ирээд Э ахын гэрлүү явцгаасан ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №326 дугаартай дүгнэлтээр: “...М.Одын биед доод уруул нийтдээ хавдсан, уг уруулын голын болон баруун хэсгийн арьс, салстад урагдсан шарх үүссэн гэмтэлтэй байна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. М.Одын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Яллагдагч Э.Эийн өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны 19 цагийн орчимд М.Одтой үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь өвдөглөж биед нь хөнгөн хохирол учруулсан. Би Одын нүүр буюу уруул хэсэгт нэг удаа баруун өвдгөөрөө өвдөглөж цохисон. Би Одыг сууж байхад нь өвдөглөж цохисон. Би ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,
Шүүгдэгч Э.Эийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Э.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,
Шүүгдэгч Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34-36-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Э.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирол төлбөрт 500 000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 39-р хуудас/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох саналыг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Э.Э нь тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэв.