Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 0891

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Ш овогт Э.Бд холбогдох 2008019991108 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа сантехникын ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Одонтын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э.Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Б 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүн салааны зуслангийн модон дотор эхнэр М.Уыг хардалтын улмаас зодож биед тархи доргилт, баруун 2-р хавирганы далд хугарал, баруун гуя бугалга, зүүн дал, цээж, баруун сарвуунд цус хуралт, баруун далны зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч М.Уын мэдүүлэг /хх-ийн 21-22х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5877 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-32х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 58-59х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 60-64х/, шүүгдэгч Э.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45х/, гэрлэлт бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 46х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-53х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 54х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 55-56х/, гэрч Ч.Дын мэдүүлэг /хх-ийн 28х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 80х/, хохирогч М.Уын хүсэлт /хх-ийн 83х/, шүүгдэгч Э.Бы мэдүүлэг /хх-ийн 72-74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүн салааны зуслангийн модон дотор эхнэр М.Уыг хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь:

Хохирогч М.Уын: “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэгт байрлах Х захын лангуун дээрээ сууж байсан чинь манай нөхөр Э.Б манай лангуун дээр ирээд шууд надад “чи энд хэрүүл хийх юм уу эсвэл хоёулаа гарах уу” гэхээр нь би лангуугаа хаагаад Э.Быг дагаад машинд нь суусан чинь Э.Б миний гар утсыг булаагаад авсан. Тэгээд Э.Б машинаа асаагаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүнсалааны зуслангийн зуслангаас хойш модонд очоод Э.Б нь “чи энэ утасныхаа кодыг гаргаад өг” гээд байсан. Тэгэхээр нь би гар утасныхаа кодыг гаргаад өгсөн чинь Э.Б миний гар утсыг үзэж байгаад миний бараа авдаг Өвөрмонгол залуу руу залгаад яриад байсан. Тэгснээ Э.Б шууд миний толгой руу гараа атгаж байгаад 1 удаа цохиод мөн миний баруун талын хавирга, баруун талын гуя, цээж, зүүн, баруун даланд гараараа цохиод байсан. Тэгээд Э.Б бид хоёр хоорондоо юм ярьж байгаад эвлэрээд Баянгол дүүрэгт байрлах зочид буудалд ороод амарсан. Тэгээд би тухайн зочид буудлаас өглөө эрт Э.Быг үлдээгээд гараад явсан. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаад өргөдлөөр хандсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5877 дугаартай: “...М.Уын биед тархи доргилт, баруун 2-р хавирганы далд хугарал, баруун гуя, бугалга, зүүн дал, цээж, баруун сарвуунд цус хуралт, баруун далны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 30-32х/,

Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 58-59х/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 60-64х/,

Шүүгдэгч Э.Бы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Уыг цохисон. Би хацар луу нь нэг удаа алгадаж бөгс хэсэг рүү нь мөн 1-2 удаа цохисон. ...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Б нь эхнэр М.Уыг зодож хөнгөн гэмтэл учруулсан идэвхитэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Б нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Иймд шүүгдэгч Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь “...Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 21-22х/, хүсэлт гаргасан /хх-ийн 83х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяа нь Э.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч Э.Бд танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, тухайлбал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, орлоготойг илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан зэргийг харгалзан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Э.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Ш овогт Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ