| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 101/2015/10867/И |
| Дугаар | 354 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 354
Жинст заан ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01103 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Жинст заан ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тэнгэрлэг бүтээмж ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 116 836 867 төгрөг гаргуулж, 21 419 000 төгрөгийн НӨАТ-ийн падаан бичиж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй, 93 257 014 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Тунгалаг
Хариуцагчийн төлөөлөгч: Д.Нямдорж
Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Цэцэгмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Бага тэнгэрийн аманд барих 3 ширхэг лигара загварын барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгэх, нөгөө талаас барилгын материал болон ажлын хөлс болох нийт 1.050.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Барилгын ажлыг гэрээнд заасны дагуу барьж хүлээлгэн өгсөн, гэрээнд заасан санхүүжилтаас 105.836.867 төгрөг орж ирээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дэх хэсэгт "Барьсан барилгын чанарын баталгаат хугацаа дуустал нийт үнийн дүнгийн 5 хувийг захиалагч талд хадгалуулна" гэж заасны дагуу бид нийт үнийн дүнгийн 5 хувь болох 52.500.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 53.336.867 төгрөгийг авах үлдэгдэлтэй байгаа. Иймд 53.336.867 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 1.000.000 төгрөг, нийт 54.336.867 төгрөгийг төлөх ёстой. Баталгааг 2 удаа авч "Жинст заан" ХХК-ийн эрхийг зөрчсөн байна. "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас "Жинст заан" ХХК –нд нийт 934,163,133 төгрөгийн санхүүжилтийг хийсэн байдаг ба 534,644,710 төгрөгийг дансаар, үлдэгдэл 408,174,810 төгрөгийг бараа материалаар нийлүүлсэн. Жинст заан ХХК нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-д НӨАТ-ын падааныг 748,835,710 төгрөгний 10 хувь болох 74 883 571 төгрөгт бичиж өгсөн байдаг. Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас худалдан авсан бараа материалд "Жинст заан" ХХК нь НӨАТ-ийн падаан бичих үндэслэлгүй юм. Харин "Жинст заан" ХХК нь "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас худалдан авсан барааны үнэ болох 408 174 810 төгрөгт 40 817 481 төгрөгийн НӨАТ-ийн падааныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д, 8.1.1-д,11.1-д заасныг үндэслэн гаргуулж авна. НӨАТ-ын падааны 10 хувь буюу 21 419 100 төгрөгийг буцаан шаардаж байна.
Иймд "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 53 336 867 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 1 000 000 төгрөг, бүгд 54.336.867 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага болох ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу өгсөн 52 500 000 төгрөг, өмгөөлөгчийн эрх зүйн туслалцааны төлбөр 10 000 000 төгрөг, бүгд 116 836 867 төгрөг гаргуулж, 21 419 000 төгрөгийн НӨАТ-ийн падаан бичиж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээний 2.3-д заасан нь барилгын хяналтын зардал, гэрээний 4.7-д заасан нь барилгын чанарын баталгаат хугацаа дуустал баталгаа болгон хадгалах мөнгө юм. Өөрөөр хэлбэл 2 өөр утга агуулга бүхий зардал, иймд нэг зардлыг давхардуулан авч үлдсэн гэж үзэхгүй. Тэнгэрлэг бүтээмж ХХК нь Жинст заан ХХК-нд ажлын хөлсөнд 39 568 133 төгрөгийг илүү шилжүүлсэн.
Иймд төлбөрийн ямар ч үлдэгдэлгүй тул 53 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, харин ч авлагатай. Манайх гэрээний дүн болох 1 005 000 000 төгрөгийн 10 хувь буюу 100 500 000 төгрөгийг гэрээний 2.3, мөн 4.7 дахь заалтуудад үндэслэн суутган өөртөө авч үлдээд, үлдэгдэл 904 500 000 төгрөгийг Жинст заан ХХК-нд шилжүүлэх ёстой байснаас бэлэн мөнгө бараа материалаар нийт 944 068 133 төгрөгийн санхүүжилт хийсэн. Бид зарим санхүүжилтийг барилгын бараа материалаар хийсэн болохоос Жинст заан ХХК-нд бараа материал худалдан борлуулаагүй тул НӨАТ-ын падааныг илүү бичүүлж авсан гэж үзэхгүй байна. Илүү бичигдсэн НӨАТ- ын падааны 10% гэх 21 419 100 төгрөгийг буцаан шаардах эрх Жинст заан ХХК-нд байхгүй. Өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Хариуцагч Тэнгэрлэг бүтээмж ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани анх барилгын захиалагч болох "Нью Тур" ХХК-иас зарласан тендерт шалгарч, уг компанитай 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэхээр лигара загварын 3 ширхэг барилга нэг бүрийг нь 335 000 000 төгрөг, виндсор загварын 6 ширхэг барилга нэг бүрийг нь 300 000 000 төгрөг, нийт 2 805 000 000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зочид буудлын зориулалттай 2 өөр загварын 9 ширхэг барилгын төмөр бетон карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тэнгэрлэг бүтээмж ХХК, дээрх гэрээнд тусгагдсан 9 барилгаас "VIР" зочид буудлын лигара загварын 3 ширхэг барилгын карказ угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр "Жинст заан" ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгож, харилцан тохиролцож, 2013.05.24-ний өдөр 2013/4 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр ажлын үнэ нь нийтдээ 1 005 000.000 төгрөгөөр төсөвлөгдсөн байсныг гэрээндээ 1.050.000.000 төгрөг гэж андуурч бичсэн, гэрээнд өөрчлөлт оруулах талаар "Жинст заан" ХХК-ны захирал М.Баярмагнайд анхнаасаа удаа дараа хэлж байсан. Захирал М.Баярмагнай нь анхнаасаа гэрээний нийт үнэ 1.005.000.000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байсан нь ХААН банкнаас зээл хүсч, манайхаас 2013 оны 12 дугаар сард албан бичиг гаргуулж авахдаа гэрээний үнийн дүнг 1.005.000.000 төгрөгөөр бичүүлэн авч банкинд хүргүүлж байснаар харагдаж байна. Манай компани гэрээний үнийн дүн болох 1.005.000.000 төгрөгийн 10 хувь буюу 100.500.000 төгрөгийг гэрээний 2.3, мөн 4.7 дахь заалтуудад үндэслэн суутган өөртөө авч үлдээд, үлдэгдэл 904.500.00 төгрөгийг "Жинст заан" ХХК-нд шилжүүлэх ёстой байснаас бэлэн мөнгө бараа материалаар нийт 944.068.133 төгрөгийн санхүүжилт хийж, 39.568.133 төгрөгийг илүү шилжүүлсэн. Жинст заан ХХК нь манай компанид 944.068.133 төгрөгний үнийн дүнтэй падаанаас үлдэгдэл 194.388.810 төгрөгийн НӨАТ падааныг өнөөдрийг хүртэл өгөөгүй тул 10 хувь буюу 19.388.811 бэлэн мөнгөөр нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Жинст заан ХХК нь 2013/4 тоот гэрээний 1.3 дахь заалтыг ноцтой зөрчиж, удаа дараа шаардсаар байхад гэрээгээ дүгнээгүй, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгөлгүй, ажлаа дутуу хаяж явсан, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйгээс уг барилгын гадна фасадны ажлыг хийж байсан "Дулаан нөмөр констракшн" ХХК-ын захирал Г.Мягмардорж "карказ угсралтын ажил дутуу алдаатай хийгдсэнээс манайх гадна фасадыг хийж болохгүй байна" гэж Жинс заан ХХК-ын захирал М.Баярмагнайтай уулзаж мэдэгдсэний үндсэн дээр хоорондоо тохиролцож 1 барилгын 4.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгний нэмэгдэл зардал М.Баярмагнай өгөхөөр болсон боловч уг мөнгөө өгөөгүйн улмаас ажил нь зогсож хүндрэл учирсан тул захиалагч компани болон "Дулаан нөмөр констракшн" ХХК-ны захирал Г.Мягмардорж нь ерөнхий гүйцэтгэгч болох манай компаниас удаа дараа шаардсаны үндсэн дээр манай компани "Дулаан нөмөр констракшн" ХХК-нд 15.000.000 төгрөгийг барилгын ажлын хөлс болон барилгын материалын үнэд төлж, мөн иргэн Цэрэнхүүд 4 500 000 төгрөг төлж түүний удирдсан бригадаар барилгын ажлын дараах цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Иймд эдгээр зардлыг Жинст заан ХХК-иас шаардах эрхтэй.
Иймд гэрээний үнийн дүнгээс илүү шилжүүлсэн 39.568.133 төгрөг, падаанаар төлөх ёстой байсан НӨАТ-ын дутуу 194.388.810 төгрөгийн 10 хувь болох 19.438.881 төгрөг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 5.000.000 төгрөг, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйгээс манай компани "Дулаан нөмөр констракшн" ХXK-нд төлсөн 15.000.000 төгрөг, иргэн Цэрэнхүүд төлсөн 4.500.000 төгрөг, нийт 84.082.499 төгрөгийг алданги 9.750.000 төгрөгийн хамт 93 257 14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч "Жинст Заан" ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид анхнаасаа 1 ширхэг лигара загварын барилгын карказ угсралтын ажлыг барилгын материал болон ажлын хөлс оруулан 350.000.000 төгрөгөөр нийт 3 барилгыг 1.050.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3 дахь хэсэгт заасан барилгын хяналт болох 5 % төлбөрийг "Тэнгэрлэг бүтээмж" ХХК нь суутган авч үлдэх ёсгүй. Иймд манай компаниас 39.568.133 төгрөгийг илүү шилжүүлсэн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
"Тэнгэрлэг бүтээмж" ХХК нь 194.388.810 төгрөгийн НӨАТ-ын падаан болох 19.388.811 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд НӨАТ төлөх үүрэг хүлээгээгүй. Манай компанийн нягтлан бодогч НӨАТ төлөхгүй гэдгийг мэдээгүйн улмаас андуурч бичиж өгсөн байсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Биднийг ажлаа хийж гүйцэтгэсний дараа 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр "Нью тур" ХХК-иас "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд нийт 3 ажлыг хийж дуусган хүлээлгэн өгөх талаар мэдэгдэл гаргасан байдаг. Энэхүү мэдэгдлийг дагуу манай компани инженер Наранбаярын бригадад 5.000.000 төгрөг төлж мэдэгдэлд заасан ажлыг хийж гүйцэтгүүлж хүлээлгэн өгсөн. Иймд Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас 53.336.867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Жинст заан" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 63.500.000 төгрөг, 21.419.000 төгрөгийн НӨАТ-ийн падаан бичиж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн "Жинст заан" ХХК-д холбогдуулан 93.257.014 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч "Жинст заан" ХХК-ийн 1.009.680 төгрөг, хариуцагч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн 746.435 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 424.634 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Жинст Заан" ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Жинст заан ХХК нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 05 сарын 22-ны өдрийн 2013\4 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д ...туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчид барилгын хяналт болгон нийт үнийн дүнгийн 5 хувийг төлнө..., 4 дүгээр зүйлийн 4.7 -д барьсан барилгын чанарын баталгаат хугацааг дуустал нийт үнийн дүнгийн 5 хувийг захиалагч талд хадгалуулна. Баталгаат хугацааг дуусаагүй байхад өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил илэрвэл түүнийг өрийн хөрөнгөөр засна гэж зааснаар Жинст заан ХХК нь гэрээний үнийн дүнгийн 5 хувийг Тэнгэрлэг бүтээмж ХХК-д төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208 .1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар 2 компаний хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар "Барилгын угсралт ажлыг барилгын тухай хууль тогтоомж барилгын норм ба дүрэм стандарт батлагдсан зургийн дагуу чанарын шаардлага хангасан барилгын материалаар ажлыг 2013 оны 05 сарын 13-ны өдрөөс эхэлж 2013 оны 07 сарын 05-ны өдөр дуусган ерөнхий гүйцэтгэгч байгууллагад хүлээлгэн өгөхөөр энэхүү гэрээг байгуулав" гэж гэрээний хугацааг тодорхой заасан байна. Гэтэл энэхүү гэрээнд заасан хугацаанд ерөнхий захиалагч ажлаа хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах үед туслан гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгээд 3 жил 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул гэрээний 2.3-д заасан мөнгийг 4.7-д зааснаар буцаан авах эрх үүссэн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэснийг үндэслэн Жинст заан ХХК нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс шүүхэд хандаж, хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлөгч хөлсөлсөн хөлсийг нэхэмжилсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182\ШШ2016\01103 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд 2013 оны 05 сарын 22 өдрийн 2013\4 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас 63 500 000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй дүгнэлтүүдийг хийсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн 182/ШШ2016/01103 тоот шийдвэрийн удиртгал хэсэгт ганцхан "Жинст заан" ХХК-иас "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн гэж бичиж, харин хариуцагч "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас "Жинст заан" ХХК-нд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжпэлийг хэлэлцээгүй мэт орхигдуулсаныг ИХШХШТХ-ийн 118 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт, шүүх "Жинст заан" ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн агуулга, шаардлагын мөнгөн дүнг буруу бичсэн. "Жинст заан" ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр огноолж /XX 100-р хуудас/ шүүхэд гаргасан хүсэлтдээ "илүү бичигдсэн 214.191.000 төгрөгийн НӨАТ-ын падааны 10% буюу 21.419.100 төгрөг" гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, "Жинст заан" ХХК-нд худалдан борлуулсан бараа материалын 408.174.810 төгрөгийн НӨАТ-ийн падаан бичиж өгөхийг "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд даалгаж өгнө үү гэж шаардлагаа өөрчилсөн байхад шүүх дээрх татгалзсан шаардлагыг нь хүлээн авч шийдвэрлээд, өөрчилсөн шаардлагыг нь орхигдуулсан байна.
Тэнгэрлэг бүтээмж ХХК-иас гаргаж өгсөн нотлох баримтууд болох Нью тур ХХК, Тэнгэрлэг бүтээмж ХХК-ны хооронд 2013-05-12-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, "Нью тур" ХХК-ны 2015-05-20-ны өдрийн 15/112 тоот албан бичиг зэргийг шүүх ямар нотлох баримтаар няцаагдаж байна гэж үзсэн талаараа дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл зүгээр хийсвэрээр гэрээний үнийн дүнг 1.050.000.000 төгрөг байсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мэдээж бид "Нью тур" ХХК-тай гэрээ хийхдээ нэг байшинг 335 000 000 төгрөгөөр барихаар тохирч гэрээ хийчихээд, туслан гүйцэтгэгчтэй гэрээ хийхдээ 1 байшинг 350 000 000 төгрөгөөр бариулахаар илт өөрийгөө хохироосон гэрээ хийхгүй нь хэнд ч ойлгомжтой, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөөр атал анхан шатны шүүх илт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. . "Жинст заан" ХХК-ны хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Энхтүвшин мэдүүлэхдээ , "2012 оны ажлын санхүүжилтийг Баярмагнай гаргаад ашиг аваагүй учраас үүнийг нөхөх зорилготойгоор нэг байшинг 350 саяар барихаар гэрээ хийсэн гэж мэдүүлсэн. Энэ нь 1 барилгын үнэ 335 000 000 төгрөг байсныг Баярмагнай өмнөх авлагаа шингээж нэмэгдүүлж хийсэн гэж мэдүүлсэн гэж ойлгож байна. Иймд гэрээний үнийн дүнг 1.050.000.000 төгрөг байсан байна гэж шүүх нотлох баримтгүйгээр дүгнэсэн. Гэрээний 2.3, 4.7-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд үлдээд байгаа талаар талууд маргаагүй. Шүүх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д ...туслан гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэгчид барилгын хяналт болгон нийт үнийн дүнгийн 5 хувийг төлнө..., 4 дүгээр зүйлийн 4.7-д барьсан барилгын чанарын баталгаат хугацааг дуустал нийт үнийн дүнгийн 5 хувийг захиалагч талд хадгалуулна. Баталгаат хугацааг дуусаагүй байхад өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчил илэрвэл түүнийг өөрийн хөрөнгөөр засна... гэж зааснаар "Жинст заан" ХХК нь гэрээний үнийн дүнгийн 5 хувийг "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд төлөхөөр тохиролцсон байна" гэж дүгнэсэн нь гэрээний заалтуудтай зөрчилдсөн худлаа дүгнэлт хийсэн байна.
Шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-иас 53.336.867 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ажил гүйцэтгэх гэрээний 4.7-д заасан барьсан барилгын чанарын баталгаат хугацааг дуустал нийт үнийн дүнгийн 5 хувийг захиалагч талд хадгалуулна гэсэн мөнгийг одоо төлүүлэхээр шүүх шийдвэрлэжээ гэж ойлгогдож байна. Барилгын тухай хуулийн 14, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа буюу гомдлын шаардлага гаргах хугацаа ажил хүлээн авснаас хойш 3 жил байхаар хуульчлагдсан. Иймд энэ 3 жилийн хугацаа дуусаагүй байхад шүүх мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэсгүй байна. Түүнчлэн шүүх "Жинст заан" ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн "Ньютур" ХХК, "Тэнгэрлэг бүтээмж" ХХК нарын хооронд хийгдсэн “Гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт"-ыг "Жинст заан" ХХК, "Тэнгэрлэг бүтээмж" ХХК нарын хоооронд байгуулагдсан, ажил хүлээлцсэн акт байна гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтээсээ зөрж дээрх шийдвэрийг гаргасан байна.Иймд "Жинст заан ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Анхан шатны шүүх манай компанийн гаргасан 93.257.014 төгрөгийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 10 хувь нь манай "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-нд үлдсэн талаар бид маргаагүй. 1.005.000.000 төгрөгнөөс авч үлдэх ёстой 10% буюу 100.500.000 төгрөгийг хасаад 904.500.000 төгрөгийг "Жинст заан" ХХК-нд шилжүүлэх ёстой байснаас дээрх 944.163.133 төгрөгийг шилжүүлсэн. Илүү шилжүүлсэн 39.568.133 төгрөгөө буцааж авахаар шаардсан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд манай компанид падаанаар төлөх ёстой байсан НӨАТ 194.388.810 төгрөгийн 10 хувь буюу 19.438.881 төгрөгийг "Жинст заан" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх "падаан олгосон эсэх нь тодорхойгүй, мөн хариуцагчаас 10 хувьтай тэнцэх НӨАТ-ыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно" гэсэн ямар ч тодорхойгүй, яагаад нэхэмжлэх үндэслэлгүй болохыг заагаагүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосон.
Хэрэгт "Жинст заан" ХХК-ний хийсэн ажил нь гологдол болоод тодорхой хэмжээний зардал гарч засаж өгөх шаардлагатай байгааг "Жинст заан" ХХК-ний захирал Баярмагнай өөрөө хүлээн зөвшөөрч 2014-11-11-ний өдөр "Дулаан нөмөр" ХХК, "Ньютур" ХХК-ний төлөөлөлтэй харилцан зөвшилцөж хийсэн гэрээ, "Нью тур" ХХК-ний 2014-04-24-ний өдрийн 14/215, 2014-12-24-ний өдрийн 14/508 тоот албан бичгүүд, "Дулаан нөмөр констракшн" ХХК-ниас "Жинст заан" ХХК-нд хүргүүлсэн 2014-12-22-ны өдрийн 23 тоот албан бичиг, "Тэнгэрлэг бүтээмж" ХХК, "Дулаан нөмөр констракшн" ХХК-ний хооронд 2015-01-06-нд хийгдсэн зөвшилцөл, нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлого зарлагын баримтууд, иргэн Цэрэнхүү, "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ний хооронд хийсэн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөөр атал шүүх дээрх худлаа дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
"Жинст заан" ХХК-тай маргаан үүссэний улмаас, өмгөөлөгч хөлсөлж эрх зүйн туслалцаа авсантай холбоотой үүссэн зардал 5 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Жинст заан” ХХК нь хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 116 836 867 төгрөг гаргуулах, 21 419 000 төгрөгийн НӨАТ-ын падаан бичиж өгөхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлсийг бүрэн төлсөн, 39 568 133 төгрөг илүү төлсөн гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлээр 93 257 014 төгрөгийг нэхэмжлэгчээс шаарджээ.
Хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК нь “Нью тур” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байхдаа туслан гүйцэтгэгчээр “Жинст Заан” ХХК-ийг авч ажиллуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Жинст заан ХХК нь Тэнгэрлэг бүтээмж ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр туслан гүйцэтгэгчийн хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Бага тэнгэрийн аманд баригдах 3 ширхэг Лигара загварын барилгын каркас угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
Зохигчид ажлын нийт төсөвт өртөг буюу гэрээний үнийн дүн 1 050 000 000 төгрөг, 1 005 000 000 төгрөгийн аль нь болох талаар маргажээ. Хариуцагч тал “гэрээг байгуулахад үнийн дүнг буруу бичиж техникийн алдаа гаргасан. Засвар оруулах талаар удаа дараа Жинст заан ХХК-ийн захирал Баярмагнайтай ярьсан боловч ойлголцохгүй, гэрээний хувь авч устгасан тул сүүлдээ цагдаад хүртэл өгч шалгууулсан” гэсэн тайлбарыг гаргасан бол нэхэмжлэгч нь гэрээнд заасан үнээр тохиролцсон, өмнө нь өөр үүргийн үлдэгдэлтэй байснаа харгалзан үнээ тогтоосон гэж маргаж байна.
Талууд гэрээний үнийн дүнгийн заалтын талаар маргаж байгаа нөхцөлд шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээний агуулгыг тайлбарлах шаардлагатай. Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудын гэрээний 2.1-д нэг барилгын материал болон ажлын хөлс 350 000 000 төгрөг, нийт 1 050 000 000 төгрөг гэж тоогоор бичээд хашилтад үгээр /гурван зуун сая төгрөг/ гэж бичжээ. Нэг барилгын үнэ 300 000 000 төгрөг гэж тооцвол 900 000 000 төгрөг болох бөгөөд талуудын хэн алиных нь тайлбартай нийцэхгүй, харин 350 000 000 төгрөгийг 3 барилгын тоонд үржүүлэхэд 1 050 000 000 төгрөг гарч байна. Хариуцагч нь уг барилгатай адил буюу байшин нэг бүрийг нь 335 000 000 төгрөгийн үнээр гэрээг байгуулж байсан гэж тайлбарлан Стандарт марк ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нотлох баримтаар гаргажээ. Уг гэрээнд заагдсан барилга байшин нь загварын хувьд нэхэмжлэгчийн барьсан Лигара загварын биш өөр загвар байх тул уг баримтыг үндэслэн хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байна. Иймд үгийн шууд утгаар тайлбарлаж талуудын хооронд лигара загварын 3 барилгын каркас угсралтын ажлыг 1 050 000 000 төгрөгөөр хийхээр ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ.
Гэрээгээр ажлын хөлс 1 050 000 000 төгрөг төлөхөөс хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК нь нэхэмжлэгч “Жинст заан” ХХК-нд 944 068 133 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.
Туслан гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Жинс заан ХХК нь гэрээний 2.3-т заасны дагуу ерөнхий гүйцэтгэгчид барилгын хяналт хэрэгжүүлсний төлбөрт гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзнэ. Иймд 1 050 000 000 төгрөгийн 5 хувь буюу 52 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрх үүсээгүй байна.
Түүнчлэн гэрээний 4.7-д заасан гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна. Учир нь талуудын байгуулсан гэрээнд чанарын баталгаат хугацаа дуусах хүртэл хугацаагаар уг мөнгөн хөрөнгийг өөртөө үлдээж, саатуулан барих эрхийг хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК эдлэхээр гэрээнд заажээ.
Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал захиалагч ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргахаар зохицуулжээ. Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний дагуу ажлыг хүлээлцсэн болох нь тогтоогдохгүй байх тул баталгаат хугацаа дууссан гэж үзэхгүй.
Мөн нэхэмжлэгчийн шаардсан өмгөөллийн хөлс, НӨАТ-ын падаан бичиж өгөхийг даалгах нэхэмжлэл нь хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлээс болсон гэх шалтгаант холбоогүй, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол болох нь тогтоогдохгүй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй
Хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан илүү төлсөн гэх 39 568 133 төгрөг нь гэрээний үнийн дүнгээр няцаагдсан, НӨАТ-т 19 438 881 төгрөгийг эсрэг талаасаа шаардаж буй үндэслэлээ нотлоогүй, “Жинст заан” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрсэн тул түүнийг засварлаж арилгасны зардалд "Дулаан нөмөр констракшн" ХХК-д төлсөн 15 000 000 төгрөг, иргэн н.Цэрэнхүүгээр барилгын хог цэвэрлүүлж төлсөн 4 500 000 төгрөгийн шаардлагыг мөн хангах боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлд зааснаар ажилд доголдол илэрвэл эхлээд ерөнхий захиалагч туслан гүйцэтгэгчид хандахаар байна. Тухайн тохиолдолд туслан гүйцэтгэгч “Дулаан нөмөр констракшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Жинст заан” ХХК-нд тавьсан шаардлагыг захиалагчийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт ажлын гүйцэтгэл болон доголдлын талаар шаардлага гаргах эрхийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 352.2.1, 352.2.2-т тус тус зааснаар доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч талдаа мэдэгдэх, хугацаа тогтоох, тогтоосон хугацаанд дүр дүн гараагүй бол бусдаар гүйцэтгүүлээд зардлаа гаргуулахаар зохицуулсан. “Тэнгэрлэг бүтээмж” ХХК нь доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгч “Жинст заан” ХХК-д хандаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, ажлын доголдолтой холбоотойгоор шаардлага гаргаж байсан болохоо баримтаар нотлоогүй байна. Харин цаашид ажил хүлээлцэх, доголдлын талаар шаардлага гаргах эрхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй юм. Талууд ажил хүлээлцэж, эцсийн тооцоо нийлээгүй тул хугацаа хэтэрсэн гэж дүгнэх, алданги тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг мөн бүхэлд хэрэгсэхгүй болгов.
Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Жинст заан ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 116 836 867 төгрөг гаргуулж, 21 419 000 төгрөгийн НӨХТ-ийн падаан бичиж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэл, Тэнгэрлэг бүтээмж ХХК-ийн 93 257 014 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч “Жинс заан” ХХК-ийн 475 450 төгрөг, хариуцагч “Тэнгэрлэг бүтээмж” ХХК-ийн 1 048 871 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Ш.ОЮУНХАНД