Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 74

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.О, П.Э нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Гансүлд,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1191 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн 1708015310208 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мандат овогт Баянжаргалын Б.О, 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 01010 дүгээр хороо, 24 дүгээр гудамжны задгай тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00003174/,

 

Айнь овогт Пүрэвдаваагийн П.Э, 1996 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр гудамжны задгай тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000061/.             

            Б.О нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн П.Эийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

             П.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн Б.Оыг “жолооны курст явуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: П.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байх боловч шүүх хуралдааны хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл хангагдаагүй гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг сайтар шалгаж тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж шүүгдэгч Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Харин шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зөрүүтэй байдлаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчжээ. Иймд шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын үйлдэл тус бүрд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хуулийн хүрээнд зөв тогтоох шаардлагатай гэж үзэж, ...хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.О, П.Э нарын холбогдох хэргийн шүүх хуралдаанаас Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, П.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна гэж хэргийг буцаасан. Хэргийг шалгах явцад Б.О нь хохирогч, яллагдагч П.Эийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг болон тухайн үйлдлийг эхлүүлж, гэр бүлд хүчирхийлэл үйлдэж, П.Эийг зодсон болох нь хавтаст хэрэгт хангалттай тогтоогдсон. Иймд Б.О гэр бүлийн хамаарал бүхий харилцаа эхнэр П.Эийн биед халдан зодож, цохисон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Харин П.Эийн хувьд Б.О нь тухайн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэмт хэргийг эхлүүлсэн. Үүний хариуд нь П.Э нь хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, яллагдагч Б.Оыг галын хайчаар нэг удаа цохисон. Энэ үйлдэл дээр нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гараад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. П.Эийн хувьд Б.Оын хууль бус үйлдлийн улмаас тухайн этгээдэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байгаа. Түүнээс биш П.Эийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, энэ гэмт хэргийг үйлдээгүй. Харин Б.Оын хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “жолооны курст явууллаа. Гэрээ цэвэрлэсэнгүй, хүүхдээ харсангүй” гэж тухайн үйлдлийг эхлүүлж гэмт хэрэг үйлдсэн. П.Эийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Б.Оыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1191 дугаартай шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсэгт “шүүгчийн захирамжид эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж заасныг зөрчсөн байна. Иймд яллагдагч Б.О, П.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1191 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү…” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.О нь хамтран амьдрагч П.Эийг “жолооны курст явуулахгүй” гэж түүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийж, бусадтай харилцахыг хязгаарласан байх ба улмаар тэдний хооронд хувийн таарамжгүй байдал үүсч, Б.О нь П.Эийн бие, эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, ийнхүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас П.Э нь хамтран амьдрагч Б.Оыг хүчирхийлэх санаа зорилго, сэдэлтгүйгээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байх учир Прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй тул Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид хийх ажиллагаа байхгүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, шүүгдэгч Б.О, П.Э нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн хэлэлцүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1191 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.О, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ