Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 29

 

 

                                  Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Их тойруу-93, Барилга Мега Стор төв, 301 тоотод байрлах “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох,

            “Б” ХХК-ийн эзэмшлийн XV-018415, XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал болон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанид Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дахь XV-018415 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 05-р сарын 26-ны өдөр, XV-020376 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 04-р сарын 19-ны өдөр тус тус Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс олгосон билээ. Ингээд 2015 ба 2016 онд бид Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3 дугаар заалтын дагуу 2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус сумын Засаг даргаар батлуулан, ажлаа танилцуулж, хээрийн судалгааны ажил гүйцэтгэсэн. Харин 2017 оны 10-р сарын 14-нд 5 хүний бүрэлдэхүүнтэй манай судалгааны баг дээрх талбайнуудад хээрийн судалгааны ажил гүйцэтгэхээр очиход 2016 онд шинээр сонгогдсон Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С "Би өмнө нь Засаг даргаар ажиллаж байхдаа сумынхаа нутагт байсан бүх хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг устгуулсан юм. Харин өнгөрсөн 4 жилд манай суманд 10 гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Би тэднийг ажил хийлгэхгүй, цаашид бүгдийг нь устгуулж, хүчингүй болгуулна" гэх мэт илтээр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн, Монгол Улсын хууль тогтоолуудтай харш зүйлийг ярьж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзан, судалгааны ажил хийхийг хориглолоо.

Манай компани нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 18 ба 19 дүгээр заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг авч, түүнээс хойш хуулийн дагуу ажиллаж ирсэн ба ямар нэгэн байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж байгаагүй болно. Ийнхүү Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас хуулийн үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж, ажил хийлгэхгүй байгаагаас улбаалан манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 33.1.1 дүгээр заалтын дагуу өөрийн эзэмшиж буй 2 талбай дээр 2017 онд 37.4 сая төгрөгөөс доошгүй хайгуулын ажил гүйцэтгэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, улмаар манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд цуцлагдах нөхцөл бүрдээд байна.

Улмаар Өндөрхангай сумын Засаг даргын Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлогод харшилсан энэхүү үйл ажиллагаанаас болоод манай компанийн 2 жил гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашлаад тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаас эхлээд тусгай зөвшөөрлүүдийн 2-3 жилийн төлбөр төлөх, 2015-2016 оны судалгааны ажлын зардал, 2017 онд талбайд очих ба буцаж ирэх зардал зэрэг 70.0 сая гаруй төгрөгийн алдагдалд орж, мөн судалгааны ажил гүйцэтгэх 1 жилийг үр дүнгүй өнгөрүүлж байгаа зэрэг биет болон биет бус хохирол амсаж байна.

Иймээс манай компани нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд уг шүүхийн шүүгч Д.Алтанцэцэгээс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөр гаргасан 04 тоот "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүгчийн захирамжийг ирүүлсэн билээ. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу бид Увс аймгийн Засаг дарга Д.Б-д албан бичиг илгээж, дэмжлэг хүссэн юм. Энэхүү бичгийн хариуг Увс аймгийн ЗДТГ- ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Б ирүүлэхдээ "...сумын засаг дарга нарт мэдэгдсэн боловч, өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй байна. ...сумын удирдлага, иргэдтэй ойлголцож ажиллахад онцгой анхаарах нь зүйтэй." гэсэн байна. Ингээд 2018 он болж, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлагатай болж ирсэн ба он гарсанаас хойш бид Өндөрхангай сумын дарга Ц.С-тай удаа дараа утсаар холбоо барьж, 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар явуулахад 2018 онд дээрх талбайнууд дээр хайгуулын ажил хийхийг хориглосон албан бичгүүд ирүүллээ. Манай компани энэхүү татгалзсан хариуг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Увс аймгийн Засаг даргад мөн гомдол гаргаад байгаа боловч өнөөдрийг болтол бидэнд хариу ирүүлээгүй байна.

Улмаар XV-018415 хайгуулын тусгай зөвшөөрлийн эхний 3 жилийн хугацаа 2018 оны 5 дугаар сарын 26-нд дуусч байгаа бөгөөд, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С-ийн хууль бус ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийг сунгуулахад гол шаардлагатай байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүйгээс болж уг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болох маш том эрсдэл үүсээд байна. Иймээс манай компани өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаад байгаа болно.

            Иймд "Б" ХХК-ийн эзэмшлийн ХҮ-018415, ХҮ-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ХҮ-018415, ХҮ-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.”Боролзой” ХХК-ийн эзэмшлийн XV-018415,XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал буюу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV-018415,XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах болно.Миний бие нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байгаа тул өмгөөлөгчөө оролцуулан хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна” гэжээ.

             Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Тухайн үед буюу 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дүгээр заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед аймгийн зүгээс сумаас санал авч ажиллаагүй, бидэнд ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас тухайн төлөвлөгөө нь баталж өгөх боломжгүй юм.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн е/ нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх/ гэж заасан заалтыг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй.Учир нь орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж, энэ талаар гарын үсгээ зурж өгсөн. Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээс эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцож, төлөвлөгөөг батлах ёс зүй надад байхгүй. Мөн уг компани нь 2017 онд ямар нэгэн ажил хийгээгүй болно.

Хууль ёсны дагуу сум,аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар санал оруулж, батлуулж ашигт малтмалын хайгуулын лиценз авсан тохиолдолд би хуулийн дагуу үйл ажиллагаанд оролцоно. Хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл авсан гэдгийг дахин хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхгүйгээр тодруулсан байгаа. Үүнд: “Боролзой” ХХК-ийн эзэмшлийн XV-018415,XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал буюу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, XV-018415,XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2015, 2016 онуудад Ашигт малтмалын өргөдлийн сонгон шалгаруулалтад шалгарч авсан 2 тусгай зөвшөөрөл байгаа ба эдгээр 2 тусгай зөвшөөрлийн тус бүрийн 3 жилийн төлбөрийг бүрэн төлсөн. Эхний тусгай зөвшөөрөл болох ХV018415 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дууссан. ХV020376 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 онд дуусаж байгаа. “Б” ХХК-аас 2017 онд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад 2017 оны Байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөө батлуулахаар очиход татгалзсан хариу бичгээр өгсөн. Тухайн үед Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Байгаль орчин нөхөн сэргээх зардлыг 50 хувиар нь тооцож орон нутгийн дансанд байршуулсан боловч татгалзсан хариу өгсөн. “Боролзой” ХХК нь шүүхэд хандахад шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “Боролзой” ХХК нь Увс аймгийн Засаг даргад хандахад Увс аймгийн Засаг дарга нь орон нутагтай ойлголцож ажиллах хариу өгсөн ба буцаад орон нутагт хандахад хүлээн авах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн байгаа. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзлын гол шалтгаан нь малчдын өвөлжөө, хаваржаа болон бэлчээрийн нутаг дэвсгэр давхцаж байгаа тул иргэдийн хүсэлтээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчин хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлахгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү “ гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд ”XV-018415, XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах талаар тайлбар ирүүлсэн бөгөөд  “менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал буюу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон,төлөвлөгөөг батлахыг даалгуулах “ гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй ба тодруулсан тайлбарыг ирүүлсэн талаар тайлбар гаргав.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “ Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байхад сумын Засаг дарга үндэслэлгүйгээр байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахгүй байна“ гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс “Тусгай зөвшөөрөл анх олгогдохдоо сумын удирдлагаас санал аваагүй,нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгохгүй тухай саналаа илэрхийлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Б” ХХК-д  Ашигт малтмалын газраас Увс аймгийн Өндөрхангай сумын Баян нэртэй газарт орших 15089.01 гектор талбайг хамарсан XV-018415 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл хугацаатайгаар, мөн сумын Өлзийт нэртэй газарт орших 14822.21 гектор тайлбаг хамарсан XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл хугацаатайгаар тус тус олгожээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Өндөрхангай сумын Засаг даргад удаа дараа хандаж байсан талаар тайлбар гаргаж, хариуцагч энэ талаар маргаагүй ба Өндөрхангай сумын Засаг дарга 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 43 дугаартай, 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 50 дугаартай албан бичгээр “Баян,Өлзийт нэртэй хайгуулын талбай нь тус сумын малчдын өвөлжөө,хаваржааны бэлчээр бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу 2018 онд геологи хайгуулын ажил хийхгүй байхыг хүсье” гэсэн агуулга бүхий татгалзсан шийдвэрийг тус тус өгч байсан байх ба 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагчийн зүгээс батлаагүй байна.

            Нэхэмжлэгч нь Өндөрхангай сумын Засаг дарга 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  батлахгүй байгаа талаар Увс аймгийн Засаг даргад хандсан байх ба Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтсийн даргын 2018.02.05-ны өдрийн 8/185 дугаартай албан бичгээр “тухайн сумын удирдлага,багийн иргэдтэй ойлголцож ажиллахад анхаарах нь зүйтэй” талаар хариу өгсөн байх ба Өндөрхангай сумын Засаг даргатай ойлголцож чадаагүй учир дахин Увс аймгийн Засаг даргад 2018 оны 05 сарын 07-ны өдөр хандаж өргөдөл гаргажээ.

Увс аймгийн Засаг даргын тамгын газраас “Б” ХХК-ийн 2018 оны 5 сарын өргөдөл нь урьд ирүүлсэн өргөдөлтэй адил агуулгатай байсан учир утсаар өмнөхтэй адил хариу өгсөн талаар шүүхэд ирүүлсэн 2018 оны 9 сарын 17-ны өдрийн 8/1267 дугаартай албан бичигт дурджээ.

            Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж,дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхаар заажээ.

            Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан ба 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.

            Хариуцагчийн  хувьд тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, тухайн газар нутагт иргэдийн өвөлжөө, хаваржаа байгаа,нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль  хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.

            Тусгай зөвшөөрөл олгогдох  үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулж байсан байх эрх бүхий захиргааны байгууллагаас  “Боролзой” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна.

            Харин Өндөрхангай сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын зүгээс “Б” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хүчингүй болгуулах өргөдөл гаргаагүй,шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

            Нэгэнт аж ахуйн нэгж хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлахыг үүрэгжүүлсэн заалтын хүрээнд төлөвлөгөөг батлах нь зүйтэй юм.

            Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д заасантай нийцээгүй байна.

            Иймд Өндөрхангай сумын Засаг даргын “Б” ХХК-ийн XV-018415, XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж, төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болно.

            Өнөөдрийн байдлаар “Б” ХХК-д “Баян” нэртэй газарт олгогдсон хайгуулын XV-018415 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 547 дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй гэх үндэслэлээр сунгахаас татгалзсанаар тус тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна.

            Шүүхээс хариуцагчийн татгалзал, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь зүйтэй боловч нэхэмжлэгчийн хайгуулын XV-018415 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон,хугацааг сунгахаас татгалзсан байх тул уг тусгай зөвшөөрлийн 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгах үндэслэлгүй байна.

            Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 206 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатайн зэрэгцээ шүүхийн шийдвэр биелэгдэх боломж бүхий байх ёстой бөгөөд нэгэнт хугацаа дуусгавар болсон тусгай зөвшөөрөлд 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх шууд сэргэх боломжгүй, “Боролзой” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлөөр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

            Харин тухайн тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс холбогдох төрийн захиргааны байгууллагад хандах боломжтой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь өөрөө төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм.

            Харин XV-020376 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болоогүй байх тул тухайн тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөг  батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Б” ХХК-ийн эзэмшлийн XV-018415, XV-020376 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж төлөвлөгөөг батлахгүй байгаа Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, XV-020376 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх XV-018415 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбар ирүүлэхдээ хариуцагчийн “төлөвлөгөөг батлахгүй байгаа татгалзал буюу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж найруулгыг өөрчилсөн нь агуулгаараа нэг ойлголтыг буюу “эс үйлдэхүйг” тодорхойлж тодруулсан байгааг тэмдэглэв.

            Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.13,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Б” ХХК-ийн XV-018415,XV-020376 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн XV-020376 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Б” ХХК-ийн XV-018415  тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.